-Сайн байна уу. Комедиан болсон түүхээс нь яриагаа эхлэх үү?
-Би хятад хэлний орчуулагч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд, телевизэд маркетингийн менежерээр ажиллаад энэ салбарт дурлаж байлаа. Одоо “Таван богд” ХХК-д маркетингийн менежерээр ажиллахынхаа зэрэгцээ комедиан, хөтлөгч хийдэг. Цар тахлын үед гэртээ уйдаж байх үедээ “Юу хийж болох вэ” гэж бодож байгаад “BIG SISTAS” комеди клубын “Open mic”-д оролцоод, азаар түрүүлсэн. Тэгээд клубынхан маань дадлагаар ажиллах санал тавьж, зургаан сар ажилласны эцэст үндсэн комедиан болж байлаа.
Би багаасаа л урлаг, спортод дуртай хүүхэд байсан. Дуучин болохыг хүсээд “Universe Best Songs” тэмцээнд хүртэл орж байлаа. Сургуулийнхаа урлагийн үзлэгт гайгүй оролцдог байснаа “Би дуучин болж чадна” гээд итгэчихсэн хэрэг л дээ. Одоо бол караокены дуучин болсон доо.
-Комеди хийх амархан гэж зарим нь ярьдаг. Таныхаар?
- Комедид арын хаалга гэж байдаггүй, чадаж байгаа нь л үлддэг. Бас ухаан, мэдрэмж их шаарддаг. Анх “Өөртөө тохиолдсон түүхээ ярихад болно” гэж боддог байлаа. Гэтэл юу хэлэх, ямар сэдэв барьж авах, үзэгчид ямар зүйлс сонирхох талаар бодож, бэлтгэлээ хангах хэрэгтэй байдаг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд аялан тоглолт, хөтлөлт гээд 1400 гаруй хүний өмнө гарч, инээлгэсэн байна. Тэгээд “Ямар сонин юм бэ, би ийм юм хийдэг болох гэж” гэж бодсон. Намайг үзээд заал дүүрэн хүмүүс нирхийтэл инээх мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Дахин дахин мэдрээд л баймаар тийм гоё. Энэ бүхнийг надад бэлэглэсэн “BIG SISTAS” комеди клубийнхэндээ маш их баярлаж явдаг даа. Бас би “Миний хүүхдүүд том болоод үзнэ шүү дээ” гэж бодож, аль болох хараал хэлэхгүй, ёс зүйтэй комедиан байхыг хичээдэг.
-Таны хувьд хамгийн чадварлаг эмэгтэй комедиан гэвэл хэнийг нэрлэх вэ?
-“Ub Comedy” клубийн Цэнгэлийг хэр хэмжээгээ, хаана юу ярихаа мэддэг чадварлаг комедиан гэж боддог. Бас клубынхээ Доориг сонсох дуртай.
-Таны “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр 20 настай охидын талаар ярьсан комеди байдаг шүү дээ. Харин таны 20 нас хэрхэн өнгөрч байв?
-Би 20 настай охидтой их найзалдаг. Тэдэнтэйгээ байхдаа надад ямар мэдрэмж төрдөг түүнээсээ сэдэвлэж, тэр комедиг хийсэн. Харин миний 20 нас одоогийнхоос тэс ондоо, гунигтай байсан. Би чинь дөнгөж төрсөн, үсээ хусчихсан царай муутай, бүх зүйл хайр гэдэгт итгэсэн охин л байлаа шүү дээ. Найзууд минь ид мандаж байхад би хүүхдээ тэврээд, нөхрөө хүлээгээд уйлаад сууж байдаг байлаа.
-Хэрвээ 20 насандаа эргэж очвол өөрчлөхийг хүсдэг зүйл бий юү?
-Үгүй ээ, байхгүй. Гэхдээ тухайн үед надаас бусад нь жаргаж байгаа юм шиг санагддаг байлаа. “Шинэ жилээр гэртээ харих юм сан” гэдэг л мөрөөдөлтэй байдаг байлаа. Тухайн үед том охин минь өвдөөд, таван хагалгаанд ороод, зүрх нь хүртэл зогсож байсан. Миний амьдралын хамгийн аймшигтай мөч байлаа. Сүүлд ихэр хүүхэдтэй болоход хүмүүс надаас “Ихэр хүүхэд өсгөх ямар байна вэ” гэж их асууж байсан. Би чинь анх удаа гэртээ хүүхдээ харж үзсэн болохоор үнэхээр сайхан байсан. Эрүүл хүүхэд олон байсан ч амар байдаг юм билээ. Гэртээ харахаар гэр бүл, нөхөр бүгд туслаад байдаг юм билээ. Энэ бүхнийг давж гарсандаа маш их баярлаж явдаг болохоор юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна.
-Тэгвэл өнөөдрийн Баамаа тэр үеийнхээс хэр өөр болсон байна вэ?
-Би айлын дундах болохоор бүх зүйлийг амжуулдаг хүүхэд байсан. Аав минь “Эгч, дүү нар чинь биш чи чадна” гэдэг байсан. Тэр үедээ гомддог байсан ч намайг ачаалал даах, амьдралаа өөрөө авч явах хүчтэй болгож өгсөнд баярлаж явдаг. Анх хүүхэдтэй болоод “Би ээж, эхнэр болсон. Бүх амьдралаа тэдний төлөө зориулна. Надад мөрөөдөл гэж байхгүй” гэж боддог байсан. Гэтэл үгүй юм билээ. Одоо би мөрөөдөлтэй, өөртөө хайртай болсон. Өөрийгөө олж авна гэдэг нь өөрийгөө хайрлана гэсэн үг шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд бүсгүйчүүддээ хандаж юу хэлэх вэ?
-“Зовлон, жаргал аль аль нь түр зуурынх шүү. Өөртөө хайртай байгаарай” гэж хүн бүхэнд хэлмээр байна.
А.БАЯРМАА: Хүүхдүүд минь намайг харах учраас ёс зүйтэй комедиан байхыг хичээдэг |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |