• Өнөөдөр 2024-05-06

Б.ЭНХМАНДАХ: МОНГОЛ УЛС ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ 1200 ГАРУЙ ХҮҮХЭДТЭЙ Ч 120 НЬ Л БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙНА

2023-10-01,   622

           “Хүний ээж” уран сайхны кинонд харааны бэрхшээлтэй Гэрэл бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин А.Ганчимэгт зөвлөхөөр ажилласан “Оюунлаг” төвийн үүсгэн байгуулагч Б.Энхмандахтай ярилцлаа. Тэрбээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд атом, эмчилгээний бариа заслын багшаар ажиллаж байсан билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хүний ээж” кинонд дүрийн зөвлөхөөр ажилласан юм билээ. Санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

                -Өмнө нь энэ төрлийн санал огт ирж байгаагүй. Хүний ээж кино харааны бэрхшээлтэй хүний бага, өсвөр, залуу насны амьдралыг харуулсан кино байсан. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг нэлээд хөндсөн кино шиг санагдсан. Харааны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд зөвөөр ойлгуулсан кино хийгээсэй гэж хүссэн учраас зөвлөхөөр ажиллах саналыг баяртай хүлээж авсан.  Харааны бэрхшээлтэй гэж ямар хүнийг хэлэх үү, тэд юу чаддаг, юу чаддаггүй гэдгийг зааж, зөвлөгөө өгсөн.

-Хэр удаан хугацаанд зөвлөгөө өгч хамтран ажилласан бэ?

                -Ганчимэг жүжигчинд 2-3 өдөр зөвлөгөө өгсөн. Харааны бэрхшээлтэй хүн яаж таягаа барьдаг вэ гэдгээс зөвлөгөө маань эхэлсэн. Таягтай алхаж байх үед харааны бэрхшээлтэй хүний биеийн хэлэмж нь ямар байдаг, ном хэрхэн уншиж, бичдэг гээд зааж, зөвлөсөн. Жүжигчин маань зөвлөгөө хурдан авч сурсан.

-Хараагүйчүүдийн төвийн дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшилж байсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

                -Би 2009 онд Япон Улсын хараагүйчүүдийн сургуульд зүү төөнүүр, бариа заслын чиглэлээр сурч, төгссөн. Монголын хараагүйчүүдийн төвийн дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд атом, эмчилгээний бариа заслын ангид багшилдаг байсан.

-Таны хувьд Монгол Улс харааны бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй улс вэ?

                -Бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан орчин огт байдаггүй гэж хэлэхэд буруудахгүй. Би харааны бэрхшээлтэй учраас ядаж зориулалтын замтай болох юм сан. Тэр замын зөв, сэтгэлээсээ хүн алхана гэж бодоод тавьдаг болоосой гэж боддог. Мөн автобуснууд гадагшаа чиглэлээ зарладаг болоосой гэж хүсдэг. Автобусны буудал дээр олон автобус ирж, явж байгаа ч ямар автобус ирснийг нь хараан бэрхшээлтэй хүн мэдэж чаддаггүй.  Хэрэв автобуснууд чиглэлээ зарладаг болчихвол харааны бэрхшээлтэй хүмүүс хүний тусламжгүйгээр нийтийн тээвэрт зорчиж, ажил хөдөлмөр эрхэлж, сурах боломжтой болно шүү дээ.

-Харааны бэрхшээлтэй хүмүүст ажил хөдөлмөр эрхлэх боломж хэр нээлттэй байдаг вэ?

                -Хүн учраас бусад хүмүүстэй адилхан ажил хөдөлмөр эрхэлж,нийгмийн харилцаанд орохыг хүснэ шүү дээ. Гэвч бидний хүссэн ажлын байрыг нийгэм бий болгож байгаа эсэх нь асуудал болж байдаг. Миний хувьд 10 гаруй жил багшилсан. Массаж гэдэг бол гарын мэдрэхүйгээр хийдэг ажил. Харааны бэрхшээлтэй хүмүүс энгийн хараатай хүнтэй харьцуулахад хэд дахин илүү сайн гарын мэдрэхүйтэй байдаг. Тэмтрэх мэдрэмж сайн хөгжсөн учраас үйлчлүүлэгчийнхээ биеийн өвчин сайн мэдэрч бариа заслаа сайн хийдэг. Чадвартай ажилчин олон бий. Боловсролтой иргэн гарч байж л нийгэм хүлээж авна. Зориулалтынх нь замыг тавьж,орчныг  бүрдүүлэх ёстой ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боловсролыг нь олгох хэрэгтэй.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх нийгэмд нийтлэг байдаг буруу ойлголт би юү?

                -Хүний харах өнцөг, боловсролын түвшнээс шалтгаалж байгаа юм шиг санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөрлөж чаддаг гэдгийг мэддэг хүмүүс “Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн хөөрхий минь” гэж эвийлсэн хандлага гаргадаггүй. Ийм хандлага авахгүй байхын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд зөв үзэл санааг төлөвшүүлэх хэрэгтэй санагддаг.

-“Ухсан нүхэнд унаж үзээгүй харааны бэрхшээлтэй хүн байдаггүй” гэдэг яриа байдаг шүү дээ. Энэ хэр үнэний ортой үг вэ?

                -Харамсалтай нь үнэн шүү. Би багадаа 2-3 удаа ухсан нүх, траншейны нүхэнд унаж байсан. Намайг багад траншейны таг онгорхой байдаг учраас санаандгүй явж байгаад уначихдаг байлаа. Сүүлийн жилүүдэд траншейны нүхэнд унах эрсдэл багассан ч барилгын ажил хийх гэж ухсан нүхээ дүүргээгүй тохиолдол, шугам хоолойн засвар хийх гэж ухсан нүхээ хаагаагүйгээс болж унаж бэртэх тохиолдол гардаг.  

-Одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?

                -Би 2013 онд Япон Улсад суралцаж байхдаа харааны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих “Оюунлаг” ТББ байгуулсан. Үүний дагуу 2018 онд Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зуслан байгуулсан юм. Хөдөө орон нутагт байгаа харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг Монгол Улсад ганцхан байдаг 116 дугаар сургуульд сургадаг. Тус сургуульд сурахад тухайн хүүхдэд хэрэгтэй бүх зардлыг дэмжиж, бусад асуудал дээр нь шийдэл хайдаг.  Зуслангийн хувьд 40 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай зуны гурван сар үйл ажиллагаа явуулдаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй орон нутгийн хүүхдүүд аймаг, сумандаа боловсрол эзэмших боломжгүй байдаг юм уу?

                -Тийм ээ, орон нутгийн харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсрол эрхээ хангахын тулд Улаанбаатар хотод ирж суралцах ёстой болдог. Үүнээс гадна тусгай хэрэгцээт боловсрол олгох чиглэлээр сурсан багш цөөн бий. Зарим тохиолдолд багш нар сурагчдаасаа брайл үсэг, дохионы хэлээ сурдаг. Харамсалтай ч бодит асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах эрхээ тодорхой хэмжээгээр хязгаарлуулж байгаа юм. Монгол Улс харааны бэрхшээлтэй 1200 гаруй хүүхэдтэй. Гэхдээ боловсрол эзэмшихээр суралцаж байгаа 120 хүүхэд бий.

-Таны мөрөөдөл, зорилго юу вэ?

                -Миний болон “Оюунлаг” ТББ-ын зорилго нэг. Энэ яваа насны минь мөрөөдөл бол орон нутагт дахин нэг харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсрох сургууль барьж, байгуулах. Боловсролын яам сургууль барьж, ашиглалтад оруулж байна л гэдэг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орхигдоод байна шүү дээ.


Б.ЭНХМАНДАХ: МОНГОЛ УЛС ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ 1200 ГАРУЙ ХҮҮХЭДТЭЙ Ч 120 НЬ Л БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188