• Өнөөдөр 2024-05-05

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АНХНЫ ШИЛДЭГ УНААЧ Ж.ДЭНСМАА: 2000 КИЛОМЕТР МОРИОР УРАЛДСАН ГУРВАН МОНГОЛ ЭМЭГТЭЙН НЭГ НЬ БИ

2023-09-24,   2749

      Есөн настайдаа Говь-Алтай аймгийн анхны шилдэг эмэгтэй уначаар шалгарч байсан Ж.Дэнсмаатай ярилцлаа. Тэрбээр "Монгол-Брэнд-Морин өртөө" уралдаанд хоёр жил оролцож, 20000 километрийг мориор туулсан гурван монгол эмэгтэйн нэг болсон чадварлаг, хичээнгүй, зоригтой нэгэн. 

-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

    -Би Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат. Аймгийнхаа АШУҮИС-ийн эм найруулагчийн ангид нэгдүгээр дамжаанд суралцдаг. Айлын бага охин.

-Энэ жил “Монгол-Брэнд-Морин өртөө” уралдаанд оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан байсан. Хэд дэх жилээ тус уралдаанд оролцож байна вэ. Өөрийнхөө амжилтаас ярьж өгнө үү?

    -“Монгол-Брэнд-Морин өртөө” уралдаанд аймгаа төлөөлж хоёр жил оролцсон. 2022 онд 27 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, тавдугаар байрт шалгарсан.  40 цаг 22 минут 16 секунтын амжилт тогтоож 1000 километр замыг туулсан. Мөн  тухайн жилийн уралдаан маш  сонирхолтой болж, Тавйань, Америкийн хоёр иргэн уралдсан. Харин 2023 онд 13 хүн уралдсанаас дөрөвдүгээрт байрт орж, 44 цаг 30 мин хоёр секунтын рекорд тогтоосон. 19 насандаа 2000 километр мориор туулна гэдэг миний хувьд маш их тэсвэр, тэвчээр шаардсан.

-“Морин өртөө” уралдаанд оролцоход юуг илүүтэй анхаарах ёстой байдаг вэ. Тэмцээнийхээ талаар ярьж өгнө үү?

    -Монгол Улсад 2000 километр мориор туулсан гурван эмэгтэйн нэг нь би. Манай уралдаан маш сайхан болдог. Тус уралдаанд орж байхдаа монгол хүн болж өсөж, төрснөөрөө дахин бахархаж, ихийг ойлгож, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хаттай болсон. Тиймээс морио мэдэрч унах хамгийн чухал нь. Хаана нь морио амраах уу, хэдийд нь давхуулах уу  гэдэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ер нь мэдрэмжтэй хүн л морь унадаг, уралддаг гэж боддог доо.

-Тус тэмцээнд оролцохдоо хэчнээн морь сэлгэдэг вэ?

    -Хоёр жил уралдахдаа унасан морьдоо ямар ч асуудалгүй авчирдаг байсан. Морио аюулгүй унаж эдэлнэ гэдэг том амжилт: 1000 километр уралдахдаа нийт 34 морь сольж буюу морио сугалаагаар сугалж унадаг.

-Хэдэн настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн бэ. Хурдны морь унаад хурдалж байсан амжилт, тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

    -Би зургаан настайгаасаа хурдын морь унаж сурсан. Морь унадаг унаач дагасаар байгаад л морь унаж сурсан. Хурдан морь унана гэдэг хүн болгонд олдоод байдаг зүйл биш. Бас л мэдрэмж шаардана, уяачнынхаа итгэл, найдварыг өвөртлөөд л морио унаад наадамдаа морддог доо. Уралдааны үед морь минь түрүүлж, өнгөлөөд% ганцаараа давхих тэр мэдрэмж үнэхээр сайхан.

-Таны аав уяач гэсэн. Аавынхаа сонирхлыг өвлөж, үргэлжлүүлнэ гэж боддог уу?

    -Аав удам дамжсан уяач. Одоогоор аймгийн алдарт уяач цолтой байгаа. Би аавынхаа сонирхлыг үргэлжлүүлнэ гэж боддог. Үүнийг бодох бүрдээ аавийнхаа хүрээгүй цолонд хүрэх юм сан гэж мөрөөддөг дөө.

-Хэдэн настайдаа Говь-Алтай аймгийн анхны шилдэг унач болж байсан бэ?

     -Есөн настайдаа аймгийнхаа анхны эмэгтэй шилдэг унаач болж байсан. Тухайн үед баярлаж л байсан байх. Яг хэрхэн баярлаж байснаа санаддаггүй юм.  Анхны гэх тодотголтой болохоор сайхан санагддаг. Энэ бол миний амьдралдаа үлдээсэн гоё дурсамжуудын минь нэг.

-Монгол морины гайхамшгийг хэрхэн биширдэг вэ. Морьтой ойр байдаг хүний хувьд морины тухай ярьж өгөөч?

     -Монгол морь гэдэг үнэхээр тэсвэр хатуужлийн туйл. 1000 километр уралдахдаа “Хүрэх газар чинь хол шүү хүлэгтээ итгээрэй. Зорьсон зорилго чинь том шүү зорилгодоо хүрээрэй” гэх үгийг бодоод л явдаг даа. Монгол морь монгол хүний тэвчээрт хязгаар гэж үгүй.


ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АНХНЫ ШИЛДЭГ УНААЧ Ж.ДЭНСМАА: 2000 КИЛОМЕТР МОРИОР УРАЛДСАН ГУРВАН МОНГОЛ ЭМЭГТЭЙН НЭГ НЬ БИ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-03 22:13:32
    Баатар Түмэннаст: Мундаг дүүдээ хойшдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсие.Бас дашрамд нь өөрөөрөө нэг онгирмоор санагдаад.Яг 2000-км морио эцээж машинд суулгүй уралдсан нь Баатарын Түмэннаст миний бие юм шүү.Дэнсмаа ,Дуламжав хоёр машинд суусан учраас 2000- км арай л хүрдэгүйм бналээ л дээ.Гэхдээ л мундаг охидууд даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-03 12:45:01
    Амжилт: Баатарын Түмэннаст, Түвшинбаярын Дуламжав, Жаргалсайханы Дэнсмаа гээд 2000 км мориор туулсан мундаг эмэгтэй байна даа. Бас 3 мундаг эрэгтэй бий.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-03 11:17:09
    Boogii bbt: Mundag. Amjilt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188