• Өнөөдөр 2024-05-05

Э.ЦЭЕН: БНСУ-ЫН АЛДАРТНУУДААС ХАЙР ШИНГЭСЭН ИЛГЭЭМЖ АВАХ МӨЧ ҮЛГЭР ШИГ БАЙСАН

2023-09-24,   5651

           БНСУ-ын "Шуурхай хүргэлт Монголд" шоу нэвтрүүлгийн оролцогчдын хамгийн анхны хүргэлтийг авсан Э.Цэентэй ярилцлаа. Алдартнуудаас анхны  "Хүргэлт ирлээ" гэх үгийг сонсож, анхны хүргэсэн илгээмжийнх нь эзэн болсон бүсгүйд тэд дулаахан, сэтгэлд дотно мэдрэмж өгсөн гэнэ. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

                -Сайн байна  уу, намайг Энхзоригтын Цэен гэдэг. Нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг.

-БНСУ-ын “Шуурхай хүргэлт Монголд” нэвтрүүлгийн хамгийн анхны илгээмжийг хүлээж авсан шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                 -Үнэхээр сонин хэрнээ гайхалтай мэдрэмж авсан үйл явдал байсан. Тийм их алдартай хүмүүс надад илгээмж авчирч өгнө гэж мөрөөдөх нь битгий хэл бодож ч байгаагүй. Ховорхон тохиох гайхалтай дурсамж болсон доо.

-Алдартай хүмүүс ирнэ гэж урьдчилж хэлсэн үү. Уулзаад юуны талаар ярилцсан бэ?

              -Хүргэлт ирнэ гэж үнэхээр мэдээгүй байсан. Тулгамдаад, сандраад юм ярихад хэцүү болсон. Гэхдээ бүүр чимээгүй байж болохгүй гэж бодсон учраас асуусан асуулт болгонд нь хариулаад л байсан. Ерөнхийдөө манай гэр бүл, амьдралын талаар их сонирхсон. “Яагаад тусдаа амьдарч байгаа, нөхөр чинь юу хийдэг, ямар мэргэжилтэй” гээд асуусан асуулт бүрд нь хариулж, багахан хугацаанд ч гэсэн ярилцсан.

-Зурагтаар хардаг  уран бүтээлчдээ ойроос харах ямар байсан бэ?

               -Үнэхээр үгээр илэрхийлэх боломжгүй мөч. Харчхаад бүр үнэхээр гайхсан. Маш алдартай, БНСУ-д амьдардаг байсан ч байнга хараад байх боломжгүй хүмүүс манай гэрийн гадаа надад хүргэлт өгөх гээд зогсож байгааг хараад нүдэндээ ч итгээгүй.

-Солонгос хэл мэддэг нь нэвтрүүлэгт тус болсон уу. Тэдэнтэй эх хэлээр нь ярилцахад  хэрхэн хүлээж авсан бэ?

                -Би тийм солонгосоор тийм ч сайн ярьж чадахгүй учраас удаан ярилцаагүй ээ. Нэвтрүүлгийн багийнхан манай гэр болон хашаан доторх зүйлсийг сайн судалсан,хаана юу байгааг нь мэдэж байсан. Тэдэнтэй хэсэг хугацаанд цагийг өнгөрүүлсэн хэр нь маш элгэмсэг, дотно санагдсан. Манай хүүхэдтэй тоглож, тэвэрч байгааг нь хараад сайхан сэтгэлтэй хүмүүс шиг санагдсан.

-Гэр бүлийнх нь хүн илгээмж явуулсан юм билээ. Бэлэгээ авах ямар байсан бэ?

               -Сайхан шүү дээ. Өөрөөс нь бэлэг авах гоё байдаг л даа. Гэхдээ надад зориулж явуулсан хайр шингэсэн бэлгийг өөр хүнээр тэр дундаа алдартай хүмүүсээр дамжуулж авна гэдэг үлгэр шиг л байсан даа.

-Нэвтрүүлэг гарахаас өмнө цахим сүлжээнд эерэг болон сөрөг сэтгэгдэл их гарсан байсан. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

            -Сайн, муугаар хэлсэн хүмүүс байсан. Би тэр бүрийг төдийлөн их тоогоогүй ээ. Илгээмж авч байх мөч, тэр хэсэг хугацаа надад гайхалтай байсан нь хангалттай шүү дээ. Бусад хүмүүсийн хэлэх үг надад нөлөөлөөгүй ээ.

-Нэвтрүүлэг албан ёсоор цацагдсаны дараа өөрийнхөө оролцсон ангийг үзэх ямар байсан бэ. Нэвтрүүлгээ догдолж хүлээсэн үү?

              -Зураг авалтад орсон өдрөөсөө хойш л гарах өдрийг нь их хүлээсэн. Догдлохын хажуугаар бага зэрэг айдастай өдрүүдийг өнгөрүүлсэн. “Яаж гарах бол, хүмүүст таалагдах болов уу” гэх мэт сандрал, айдас байлаа. Гэхдээ нэвтрүүлгээ үзээд тайвширсан. Төсөөлснөөс илүү хөгжилтэй гоё болсон байна лээ. Хүмүүст ч их таалагдсан байх.

-Нэвтрүүлгийн нэг дүр болсныг эргэн тойрных нь хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

               -Найзууд, хамаатан, таньдаг хүмүүс “Одууд ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ, намайг дуудахгүй яасан юм” гэж их асууж, хэлсэн. Үнэндээ би  ч тэднийг ирнэ гэж мэдээгүй шүү дээ. Мэдээгүй байхад ирсэн гэдгийг нь хэлж тайлбарласан. Миний таньдаг хүмүүс нэвтрүүлгийг их эергээр хүлээж авсан байсан.

-Илгээмж явуулсан ханийнхаа талаар ярихгүй юу. Тухайн үед нөхөр нь БНСУ-д амьдарч байгаа гэж байсан шүү дээ?

                 -Бид хоёр танилцаад таван жил болж байж, албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Нөхөртэйгөө анх БНСУ-д танилцаж, амьдралаа эхлүүлсэн. Анхны хүүхдээ Солонгос Улсад төрүүлсэн. Нөхөр маань одоогоор тус улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа оюутан л даа. Ингээд харахаар манай гэр бүл БНСУ-тай салшгүй холбоотой юм байна.

 


Э.ЦЭЕН: БНСУ-ЫН АЛДАРТНУУДААС ХАЙР ШИНГЭСЭН ИЛГЭЭМЖ АВАХ МӨЧ ҮЛГЭР ШИГ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188