• Өнөөдөр 2024-05-14

Б.ГАНЗОРИГ: Намайг "Гацуурт" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, Л.Чинбат захирлын нэр төрд халдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан, хуулийнхныг шударга ажиллаасай гэж хүсэж байна

2023-07-27,   1130

    “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг өнгөрсөн зургадугаар сард цахим орчинд цацагдсан. Тодруулбал, Л.Чинбат зөвшөөрөлгүй, хууль бусаар 300 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн байдаг. Адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг Л.Чинбат машинаараа хөөж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригийг яллагдагчаар татжээ.  Ингэхдээ түүнийг “Гацуурт" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, "Гацуурт" ХХК-ийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худлаа мэдээллийг цахим орчинд тараасан гэх хоёр зүйл ангиар  яллагдагчаар татсан байна.

   Энэ талаар бид Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн дарга Б.Ганзориг болон түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нартаа ярилцлаа.

-Та зургадугаар сард “Гацуурт” ХХК-ийн захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай холбоотой бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан байдаг. Тухайн үйл явдлын талаар дэлгэрэнгүй яриад өгөөч?

            -Тухайн өдөр орой ажлаа тараад, гэртээ амарч байхад иргэдээс “”Гацуурт” ХХК 300 гаруй адуу оруулж ирэх гэж байна. Тэдгээр адуу нь хорио цээрийн дэглэмтэй газраас ирсэн” гэх мэдээлэл ирсэн.  Тэгээд би сумынхаа цагдаагийн хамт тухай газар хоносон, адуу орж ирээгүй. Харин маргаашийнх нв 16:00 цагийн орчимд цагаан  өнгийн ачааны машин унаганууд ачиж орж ирсэн. Тэгээд манай Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн улсын байцаагч н.Алтаннавч аймгийн засаг даргын захирамжийн дагуу шалгалт хийсэн. Тэгэхэд тэдгээр унага гарал үүслийн бичиггүй учир “Хаанаас ирж байгаа вэ” гэж асуухад “Сүхбаатар, Дорнод аймгаас ирсэн” гэсэн.  Мөн  газар нутгийн талаар эргэлзээтэй мэдээлэл өгсөн.  Манай зүгээс “Малын гоц халдварын голомттой бүсээс ирсэн байна. Мөн гарал үүслийн бичиггүй учир оруулахгүй” гэх шаардлагыг тавьсан. Тэгэхэд “Гацуурт” ХХК-ийн ажилчид шаардлага биелүүлээгүй. Мөн машин нь цагдаагаас зугтааж, торгуулах арга хэмжээ авхуулсан.  Тэгээд бид “Маргааш асуудлыг шийдье, ажлын цаг дууслаа. Аймгийн ажлын хэсэг мэдэгдэнэ” гэж хэлээд сум руугаа буцсан. 

    Тэгтэл “Адуугаа хүчээр оруулах гээд байна” гэж иргэд залгасан. Намайг очиход Цагааннуур сумын багийн ИТХ-ын дарга н.Ганцэцэгийн биед халдсан байсан.  Тэгээд маргаан үүссэн. Маргааш өдөр нь адууг нь гаргахаар зогсож байхад Л.Чинбат захирал саарал өнгийн Ланд-200 машинтай давхиж орж ирсэн. Тэгэхээр нь би  фэйсбүүк дээрээ шууд дамжуулалт хийсэн.

  Уг бичлэг дээр эхлээд мотоциклтой, дараа нь морьтой хүнийг мөргөж унагаж байгаа нь гарна.

   Бид тухайн үед Цагааннуур сумын III багийн ИНТХ-ын дарга Г.Ганцэцэгээс уг асуудлын талаар тодруулж байсан билээ. Эндээс уншина уу https://ergelt.mn/news/123/single/34158

-Тухайн үед мөргүүлсэн иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ?

            -Л.Чинбатад мөргүүлсэн иргэд тухайн үед гомдлоо гаргасан. Гэхдээ бүгд гомдлоо буцаасан байна лээ. Биеийн байдлынх нь дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Үнэнээс буцсан хүмүүсийг үнэхээр гайхаж байна.

-Таныг “Гацуурт” ХХК-ийн ажилтны биед халдсан гэх үндэслэлээр шалгаж байгаа шүү дээ. Та биед нь халдсан уу?

      -Намайг н. Ичинноров гэх хүний хурууг хугалсан хэрэгт яллагдагчаар татсан. Тухайн үед энэ хүн малчдын бичлэгийг хийж, дарамталсан.  Үүнийг  нь зогсоохын тулд утсыг нь л авч, сумынхаа цагдаад өгсөн. Тэрнээс биш би хуруугаа  хугалуулсан гэж байгаа хүний хурууг хугалаагүй. Цагдаагийн газраас хөнгөн бэртэл гэсэн эмнэлгийн магадалгаа гарсан. Миний эргэн тойронд хүмүүс, гэрч олон бий. Хуруу, гарт нь хүрээгүй байхад эрүүл мэндийн байгууллагаас хөнгөн гэсэн магадалгаа гарсанд гайхаж байна. Би тэр эрүүл мэндийн байгууллагад гомдол гаргана. Мөн мөргөснийг нь харсан гэрчүүд олон байхад намайг худал ярьсан гэж гүтгэж байгаа бүх шатанд нь гомдол гаргана.

-Тухайн Л.Чинбат өөрийн цахим хуудастаа таны бичлэгийн тайлбар болгож “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” гэж байсан.  Энэ талаар мэдээлэл өгвөл?

            -Энэ талаар бид гомдол гаргана. Улс орон даяар биднийг “Малын хулгайч” гэж зарласандаа хариуцлага хүлээх ёстой.  Бид “Гацуурт” ХХК-ийн оруулж ирж байгаа малыг тоолоод явж байсан, баримт ч бий.  Тэгэхэд иргэд болон төрийн албан хаагчдын нэр төрд халдсан.

-Л.Чинбат уг асуудлын талаар мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

            -Мэдэгдэлдээ намайг “Ардчилсан намын захиалгаар над руу дайрч байна” гэсэн байна лээ. Би ямар нэг намын харьяанд байхгүй. Мөн намайг “Ахаа намайг дэмжээч, би таны төлөө явъя” гэж өөрөөс нь гуйж байсан гэж хэлсэн. Энэ нь  миний нэр төрд халдсан  үйлдэл юм.   Би Л.Чинбат гэх хүнтэй хоёр удаа л уулзаж байсан. Ашиг сонирхлын зөрчил байхгүй.  Компанийнх нь буруутай үйлдэлтэй л тэмцэж ирсэн.   Хоёр удаа уулзахдаа ч мал хашиж, малчдын эрхийг зөрчихгүй бай гэдэг талаар ч маргаж байсан.  

 Бид үргэлжлүүлэн түүний өмгөөлөгч “Өмгөөлөгчдийн холбоо”-ны гишүүн Б.Балжидмаатай ярилцлаа.

-Таны үйлчлүүлэгч хоёр хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

            -Миний Батсүх овогтой Ганзоригтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж байна. Түүнийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын газраас хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж долдугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гарсан. Бид хавтас хэрэгтэй ирэх долоо хоногт танилцана. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Өмгөөлөгчийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах вэ?  

      -Хүний биед халдсан гэх хэрэгт ахин шинжээчийн дүгнэлт гаргуулж, эргэлзээтэй эсэх талаар судална. Тухайн үед гарсан гэмтэл үү, хуучин бэртэл үү гэдгийг тодруулна. Шүүх хуралдаан эцэслэн зарлагдаагүй, прокурорын яллах дүгнэлт гараагүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс “Гэм буруутай, үгүй” гэх мэдэгдэл гаргахгүй.

-Б.Ганзоригийн зүгээс гомдол гаргахаар төлөвлөж байгаа юу?

            -Л.Чинбат манай үйлчлүүлэгчийн талаар мэдэгдэл хийсэн. Үүнд илт худал мэдээлэл түгээсэн буюу Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл ангид заасны дагуу цагдаагийн байгууллагад шалгуулна.

 

 

 

 

 


Б.ГАНЗОРИГ: Намайг "Гацуурт" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, Л.Чинбат захирлын нэр төрд халдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан, хуулийнхныг шударга ажиллаасай гэж хүсэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-27 15:48:20
    Зочин: Зоригтой бай залуу минь бид хохирогч ял авдаг шүүхтэй шүү мөнгөтэй хүнд худалдагддаг шүүхийг яалтай вэ нянбаатараа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-27 11:45:23
    irgen: Selengiinheen naad emhii hulhi baatar hulgaichaa Govi Altai ruu n ambaardaad huugeech.Selenged baih ymar undeslel bga uom.Nutag usandaa bga hun.mal huugeed.yraglaad bh yasan ******** mal ve.724 tb aar n shorond hii.******** ohinoo said bolgoson uom chin ed muusainiig yasan ch yahav gj doromjloj bn MAN.Shuuh prokurortoigoo doromjluulj bn.Il tsagaan heregt duugarch chadahgui bool bolj bh shig.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188