• Өнөөдөр 2024-05-02

УЛСЫН НАЧИН Д.ТОГТОХЖАРГАЛЫН ААВ Ж.ДАМДИН: Хүүгээ начин цолны болзол хангахад нь гүйж очоод тэвэрмээр байсан ч тэвчээд, холхон зогсож байлаа

2024-02-13,   10988

 -Хүүгээ галынхаа наадамд сайн барилдаж байгааг нь сонсоод уяж байсан морьдоо тавьчихаад Төв цэнгэлдэх рүү давхиад ирлээ. Морь, бөх хоёр нэг саванд багтдаггүй гэдэг шүү дээ-

 Улсын начин Д.Тогтохжаргалын аав, олноо оодон хээрийн Дамдин хэмээн алдаршсан Монгол Улсын алдарт уяач Жамъяны Дамдинтай ярилцлаа.

ХҮҮ МИНЬ 29 ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА УЛСЫН ЦОЛ АВЧИРЛАА

-Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойн үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрч, таны хүү улсын начин цол хүртлээ. Баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

     -Наадмын оройноос  хойш  утас минь тасралтгүй дуугарч, аймаг, сумынхан, найз нөхөд минь нь бүгд л баяр  хүргэж,  хүүгээрээ бахархах, баярлах, догдлох мэдрэмжээр дүүрэн л өдөр хоног өнгөрч байна даа.

    Ах нь хүүгээ сүүлийн гурван жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнд гарахад нь дэргэдээс нь үзэж, дээлийнх нь захыг мушгиж байна даа. Начингийн даваанд гарахад нь “Яадаг билээ” гэж бодоод, тогтож сууж чадахгүй л  байлаа. Хүүгээ С.Мөнхбат аваргаар тав давж, улсын начин цолны болзол хангахад эрхгүй огшиж, нулимс цийлгэнээд л ирсэн. Хүмүүс “Тав даваад ирэхэд нь битгий баяр хүргээрэй, цаана нь даваа бий шүү” гэсэн.  Хүүгээ гүйж очоод тэвэрмээр байсан ч тэвчээд, холхон зогсож байлаа. Зургаагийн давааны дараа Ерөнхийлөгчийн зарлиг гарахад нь хүүгээ тэврээд л авсан даа.

-Тогтохжаргал начин багадаа ямархуу хүүхэд байв?

      -Манайх ам бүл долуулаа. Гурван хүү, хоёр охинтой, ханийг минь Жавзанхорлоо гэдэг. Тогтохжаргал айлын бага хэдий ч хэт эрхэлж, буруу явсан удаа үгүй. Зөөлөн, даруу зантай, өрөөлд тусархуу, багаасаа л хичээлдээ сайн, тоонд гаргууд хүүхэд байлаа. Нийслэлийн 84 дүгээр сургуулийг төгсөөд, урилгаар Техникийн их сургуульд суралцаж байсан. Дараа нь ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.

            Манайх гэдэг айл хүүхдүүдээ эрдэм номын мөр хөөлгөх гэж хотод суурьшиж, зундаа хөдөө гардаг байлаа. Гурван хүү минь хоорондоо барилдах, ноцолдох их дуртай. Доод айл “Хүүхдүүдээ зүгээр байлга" гээд л паараа нүддэг байсан шүү дээ. Тогтохжаргал хоёр ахаасаа насаар зөрүүтэй учир дийлэхгүй. Тэгээд унахаараа шар нь хөдлөөд л дахин дахин “Барилдъя”  гээд ер бууж өгч, няцахгүй. Тухайн үед гайгүй сайн бөх болох байх гэж л харж явлаа.

-Та хүүдээ юу гэж захидаг байв?

            -Хүүдээ “Үнэнч шударга, хүмүүжилтэй, ах дүү, найз нөхөдтэйгөө эвтэй, ажилч, хичээнгүй яваарай” гэж захидаг даа.

-Хүү нь хэзээнээс улсынхаа баяр наадамд  барилдаж эхэлсэн юм бэ?

            -Их сургуулиа төгссөнийх нь дараахан би С.Мөнхбат аваргыг улсын харцага цолтой байхад нь анхны гарынх нь шавь болгож байлаа шүү дээ. Багшийгаа хаа явсан газар нь дагаад л аав, хүү хоёр шиг л ижилсэж явдаг байлаа даа.

  Тэр цагаас хойш хүү минь идэвхтэй барилдаж, Өндөрхангай сумандаа 70 жилийн дараа аймгийн арслан цол авчирсан.Мөн Увс аймгийн анхны Даншиг наадмын начин болж байлаа. Харин улсын наадамд сүүлийн зургаан жил барилдаж, гурван удаа дөрвийн даваанд, хоёр удаа тавын даваанд  өвдөг шороодож байсан удаатай.

     Энэ жил Өндөрхангай сумандаа 29 жилийн дараа улсын цол авчирч, аймгийнхаа 61 дэх улсын цолтон боллоо. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.  Хожуу барилдаж эхэлсэн ч олон сайхан барилдааныг ард түмэндээ үзүүлж, баясгаж явааг нь хараад аав хүний хувьд сэтгэл тэнэгэр хорвоог туулж байна. Хүү минь ид залуу 33 насандаа яваа юм чинь “Цаашид илүү дээгүүр барилдана даа” гэж л бодож явна даа.

-Танай удамд өөр барилддаг хүн бий юү?

    -Тогтохжаргалын ах аймгийн начин Галбадрах гэж бий. Би өөрөө сумын заан цолтой, миний хоёр ах ч барилддаг байсан. Дээд үеэсээ гэвэл миний буурай аав Ханхөхий хошууны Бөхдүүрэн гэж Увс аймгийн халхын гурван суманд цуутай, их том биетэй бөх байсан юм гэдэг. Харин эхнэрийн минь талаас Хаазай заан гэж нутаг усандаа алдартай бөх байсан юм билээ.

ХҮҮ МИНЬ АЛДАРТ ООДОН ХЭЭР МОРИО ОЛОН Ч НААДАМД УНАЖ, ТҮРҮҮЛЖ БАЙЛАА

-Таныг оодон хээрийн Дамдин гэж ард түмэн дууддаг гэж сонссон. Оодон хээрийнхээ тухай яриа дэлгэхгүй юү. Тогтохжаргал начин багадаа унадаг байв уу?

    -Ах нь 2002 онд улсын алдарт уяач цол хүртэж байлаа. Би зүгээр бизнес хийж морь уяж явсангүй. Хүүхэд байхаасаа л морьтой ноцолдож өссөн дөө. Хүүхдүүд минь тэр л замаар явсан. Анх 1997 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Ганбат гэх хүнээс Оодон хээр морио худалдаж авч байлаа. Тэр жилдээ гурван наадамд түрүүлж, дараа нь 1998, 1999 оны улсын баяр наадамд уралдаж, түрүүлсэн ч харамсалтай нь их насны морь будилж байсан юм.

     Оодон хээр минь угтаа 1999 онд эх орноо тойроод, нийтдээ 6000 километр газар уралдаж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар анхны түмний эх цолыг авч байсан. Дараа  нэлээд хөгшин байхдаа Завхан аймгийн 80 жилийн ойд түрүүлж, даян түмний эх цол хүртэж байлаа. Монгол Улсад даян түмний эх цолтой гуравхан л морь байдаг. Оодон хээрийн талаар цааш дурдаад байвал их зүйл бий, бий.

        Ингэж уралдахдаа би "УАЗ-460" машинаар морио ачаад, хоёр хүүгээ дагуулаад Улаанбаатарт ирж байлаа. Тухайн үед морио ачиж явдаггүй байсан учир хүмүүс ихэд гайхаж л байсан байх. Бид гурав тавдугаар сард нутгаасаа гараад, наадам хэсэж явсаар наймдугаар сард гэртээ харьж байлаа шүү дээ.

       Оодон хээрийг эхний хоёр жил том ах нь унаж, дараа нь Тогтохжаргал унасан. Ер нь моринд эрэмгий хүүхэд байсан даа. Одоо ч завтай үедээ мориныхоо уяа  сойлгыг тааруулдаг.

-Одоо танайх хаагуур нутаглаж байна. Та энэ жил улсын наадамдаа морьдоо сойв уу?

   -Манайх Увс аймгийн Өндөрхангай сумандаа нутаглаж, Төв аймгийн аймгийн Эрдэнэ суманд хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж амьдарч байна даа. Энэ жил хүүгээ гал дээрээ сайн барилдаж байгааг сонсоод, уяж байсан морьдоо тавьчихаад хүүгээ дэмжихээр хотод орж ирсэн. “Бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй” гэдэг шүү дээ.

   Хань минь өглөө болгон тэнгэртээ хүүгээ даатгаж, цацлаа өргөж, дээлийг нь бэлдэнэ. Бэр минь бүхий л ар гэрийн ажлаа хийж, дээлийнх захыг мушгиж, цайныхаа дээжийг өргөж суудаг даа. Ах нь ч сүүлийн жилүүдэд морь гэхээсээ илүүтэй хүүгийнхээ захыг л мушгиж, суух болсон доо.

-Ярилцсанд баярлалаа.

            -Танай хамт олонд болон бөхөд хайртай  нийт монголчууддаа баярлалаа.

 

 


УЛСЫН НАЧИН Д.ТОГТОХЖАРГАЛЫН ААВ Ж.ДАМДИН: Хүүгээ начин цолны болзол хангахад нь гүйж очоод тэвэрмээр байсан ч тэвчээд, холхон зогсож байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-18 07:12:57
    Ц. Цэдэнбал: Сайхан ярилцлагыг сэтгэл хөдлөн уншлаа. Улсын начин болсон хүүд нь аав ээжид нь баяр хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-17 20:37:43
    зочин: Ханхөхий гэж бичнэ шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-17 19:57:24
    Tvmend tvgee: Saihan nachin turjee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-17 19:52:20
    Zochin: Caйхан зусаж бна уу. Сайхан хүү төрүүлж өсгөсөн аав ээжид нь нутгийн зүгээс баяр хүргэн мэндчилж бнаа. Оодон хээрийн онгироо хар хэмээн нутаг усандаа нэрлэгдэх Дамдин нь цагтаа машины кабинд сайхан дуулж явдаг жаргалтай нэгэн ч, сумын уран сайханч урлагийн тайзнаа урлан дуулж үзэгч олны талархал хүлээсэн эгэл жирийн ардын хүү билээ. ...цааш үргэлжлэнэ дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-17 10:51:45
    Halh: Ulsiin tsoltoi buhiin Aav bolsond bayar hurgiy Uvsaas tursun 61dahi Ulsiin toltonii Aav yum bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-17 10:40:17
    Сайнжаргал: Баяр хүргэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188