• Өнөөдөр 2024-04-29

Б.ЦАЦРАЛ: Шавь нараа шагнал авч байхыг харах багш хүний хамгийн бахархалт мөч байлаа

2023-07-07,   945

   “Brahms international music competition 2023” олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд бага насны долоон хөгжимчин оролцож нэг алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Шагнал хүртсэн долоон хөгжимчний багш, төгөлдөр хуурч Б.Цацралтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бэлдсэн шавь нар нь бүгд шагналт байрт шалгарчээ, баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Удаан хугацааны бэлтгэл, хөдөлмөрийн үр дүнд шагнал хүртэж байгаа шавь нараа харах үнэхээр жаргалтай байлаа.

-Тэмцээнд оролцсон хүүхдүүд хэр удаан төгөлдөр хуураар хичээллэж байгаа вэ?

                -Тэмцээнд зургаан сараас таван жилийн хугацаанд төгөлдөр хуураар хичээллэсэн хүүхдүүд оролцсон. Зургаан сар хичээллэсэн шавь минь дэд байрт орж мөнгөн медаль хүртсэн. Тухайн хүүхдийн хичээл зүтгэл болон ээжийнх нь байнгын давтлага, шургуу хөдөлмөр нөлөөлсөн. Тэмцээний бэлтгэлийн хувьд нэгдүгээр шатандаа дүрс бичлэг явуулж шалгараад, хоёрдугаар шатанд оролцох зохиолуудыг нэг сарын хугацаанд бэлдсэн. Хүүхдүүд богино хугацаанд зохиолуудаа сайн өөрийн болгосон.

- Хөгжимтэй холбогдож байсан үе нь хэзээ вэ. Яагаад хөгжимчин болов?

                -Төгөлдөр хууртай танилцаж, тоглоод 29 жил болж байна. Суралцаж, хөгжимчин болоод 21 жил болжээ. Ээж минь урлагийн хүн байсан юм. Гэрт хуучны төгөлдөр хуур байдаг. Ээж цөөн тооны хүүхдүүдэд төгөлдөр хуурын хичээл орно. Тэр бүрийг хажуугаас нь сонсоод цээжлээд тоглочихдог байсан. Намайг дөрвөн настай байхад ээж маань н.Саатунгаалаг багш дээр төгөлдөр хуураар хичээллүүлж эхэлсэн. Анхны төгөлдөр хуурын хичээлийг минь заасан хүн. Дараа нь Т.Цолмон багшаар хичээл заалгасан. Тэгж л төгөлдөр хууртай анх танилцсан. Ээж миний төгөлдөр хуурын хичээл бүр дээр хамт сууж, тэмдэглэл хөтөлдөг байсан. Тэр утгаараа миний мэргэжлийн хөгжимчин болох суурыг үнэхээр сайн тавьсан юм шиг санагддаг.

- Яагаад төгөлдөр хуураар багшлах болсон бэ. Хэдэн жил багшилж байна?

                - ОХУ-д төгөлдөр хуурчаар суралцаж төгссөн юм. Тус улсад төгөлдөр хуурын багшлах дадлага гэж хичээл ордог. Шалгаруулалтад орж байгаа хүүхдүүдээс сонгож хичээл заадаг. Тэгэхээр нэлээн эртнээс багшилж эхэлсэн юм байна. Албан ёсоор 2014 оноос Монгол Улсын Консерваторт мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн багшилсаар байгаа.

-Төгөлдөр хуурын багш байхын юу нь танд хамгийн сайхан санагддаг вэ. Анхны хичээл зааж байсан үеэ дурсвал?

                -Хүүхдэд юм заах хамгийн дуртай. Багшлах дадлагын хичээл дээр хамгийн өндөр үнэлгээ авч байлаа. Хүүхдэд юм заах, миний заасан хичээлийн үр дүн гарахад хамгийн дуртай. Анхны хичээлээ заахдаа багшлах туршлагагүй хүн санаа зовсондоо шөнөжин нойр хулжиж хоносон юм. “Анхны алхмыг хэрхэн заах уу” гэж санаа зовсноо санадаг. Хөгжимд дургүй хүүхэд ч суралцахаар орж ирдэг. Тухайн хүүхдэд багшилж, эцэг эхийнх нь оролцоотойгоор төгөлдөр хуур зааснаар хүүхдийн хөгжмийг хайрладаг, дуртай болж байгаар харах сайхан байдаг.

-Хэдээс хэдэн насны хүмүүст хичээл заадаг вэ?

                -Анх 4-5 насны хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Бага насны хүүхдүүд хичээл авч байгаад дундаас нь шантрах тохиолдол цөөнгүй. Хичээл хүндрэхээр ачааллаа дийлэхээ больж, төгөлдөр хуураа орхидог. Тиймээс одоо зургаагаас дээш насны хүүхдүүдэд хичээл зааж байгаа. Миний хагийн ахмад шавь 35 настай, төгөлдөр хуурыг мэргэжлийн түвшинд тоглож сурахыг хүсэж, хичээж байгаа бүсгүй бий. Өмнө нь төгөлдөр хуураар сурч байсан юм. Би үргэлжлүүлэн зааж байгаа. Төгөлдөр хуур сурахад 7-9 нас хамгийн тохиромжтой юм шиг санагддаг. Завтай үедээ сурах бус цаг гаргаж сурч байгаа хүүхэд илүү зүйл сурдаг.

-Та төгөлдөр хуур тоглож байхдаа, төгөлдөр хуураас ямар мэдрэмж авдаг вэ?

                -Төгөлдөр хуур тоглож байхдаа ямар ч зохиол тоглосон дотор нь уусаж, мэдэрч тоглодог. Тухайн зохиолдоо бүрэн автаж, хэзээ хэдэн онд бичигдсэн, ямар үед зохиогдсон, ямар мэдрэмжүүд шингэснийг сонсогчдод хүргэхийг хичээдэг.

-Төгөлдөр хуураас өөр хөгжмөөр хичээллэж байсан уу. Тоглодог уу?

                -Оюутан байхдаа хийл хөгжим сурч байсан. Гэхдээ хичээлийн ачааллаас болоод гүнзгийрүүлэн судалж чадаагүй ээ. Төгөлдөр хууртай ижил цаг зав, сэтгэл зүрхээ зориулж сурах ёстой шүү дээ.

- Хөгжимдөө хамгийн их татагдаж байсан үе нь хэзээ вэ. Ямар нөхцөлд хөгжмөөсөө хайр мэдэрч байв?   

                -Энэ хөгжмөөр хичээллэж эхэлсэн үеэс хойш 21 жилийн турш өдөр бүр хөгжимд дурлаж, хайрладаг. Хар цагаан товчлуур, жаргал зовлон хоёр ээлжилж байж амьдрал үргэлжилдэг. Төгөлдөр хуургүйгээр амьдарлаа төсөөлөхийн аргагүй. Төгөлдөр хуурч болгонд тоглодог урсгал бий. Би романтик урсгалаар хөгжмөө тоглох дуртай.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                - Сергей Васильевич Рахманинов хөгжмийн зохиолчийн 150 жилийн ой болох гэж байгаа. Энэ он дуусахаас өмнө бие даасан тоглолтоо, шавьтайгаа хамтран хийх зорилготой байгаа. Мөн шавь нартаа анхаарал хандуулж, дараагийнх нь тэмцээнд бэлдэхээр ярилцаж байна. Мөн хувиараа хөгжмийн сургалтын төв ажиллуулж байгаа учир салбар нээх зорилготой байна.


 

 


Б.ЦАЦРАЛ: Шавь нараа шагнал авч байхыг харах багш хүний хамгийн бахархалт мөч байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188