• Өнөөдөр 2024-04-29

ИЛТГЭГЧ П.НЯМЦЭЦЭГ: Хүний потенциал, чадварт хил хязгаар байдаггүйг өөртөө баталлаа

2023-07-06,   1535

      Олон улсын уран илтгэгчийн тэмцээнд 15 улсын 127 илтгэгчтэй өрсөлдсөн Пүрэвсүрэнгийн Нямцэцэг “Хариу нэхээгүй хайр” илтгэлээрээ шалгарч, цомын эзэн болжээ. Тэрбээр тус илтгэлийг өөрийн амьдралаас сэдэвлэн, герман хэлэн дээр тавьсан юм. Түүний илтгэлийг сонссон шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч  Жосуа Лауфер  “Үзэгчдийг хайрын тухай гүн бодолд автуулж, нулимсаа арчих хүртэл  сэтгэлийг нь хөндөж,  уран үгийн сангаар баяжуулж,  амьдралыг бүхэлд нь ухааруулж чадлаа” хэмээн дүгнэжээ. Zezge Life and Love Coach буюу П.Нямцэцэг нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд хараат бус, нүдний түвшний харилцааны соёлд суралцсан хүчирхэг эмэгтэй байх сургалт зохион байгуулдаг билээ.

-Танд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

         -Сайн байна уу,  уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, хүний потенциал чадварт ямар ч хил хэмжээ хязгаар байдаггүйг өөртөө баталлаа. Учир нь илтгэх урлагт хүчээ сорьж байхдаа хэзээ ч гадаад хэл дээр илтгэл тавина гэж бодож, төлөвлөж байгаагүй. Тиймээс хүн хүсвэл бүх юмыг хийх чадвар чиний дотор бий гэдгээ олж мэдэрсэн онцгой үйл явдал боллоо.

-Ажил, мэргэжлийнхээ талаар ярихгүй юу?

        -Миний үндсэн мэргэжил эдийн засагч, энэ мэргэжлээрээ Герман Улсад их сургуулиа төгссөнөөс хойш 16 жил тасралтгүй ажиллаж байна. Харин сүүлийн дөрвөн жил ажлынхаа хажуугаар өөрийн зүрх сэтгэлийн дуудлагын  дагуу  “Life and Love Coach” чиглэлээр суралцан, ажиллаж байна.

-Илтгэлийн урлагаар хичээллээд хэр удаж байгаа вэ. Яагаад илтгэлээр хичээллэх болов?

          -Үнэндээ нэг их удаагүй шүү, өнгөрсөн жилээс эхлэн илтгэх урлагийн сургуульд сурч байна. Хэрвээ чи хорвоо ертөнцөд өөрийн хэлэхийг хүссэн зүйлийг түгээж дэлгэрүүлэхийг хүсэж л байгаа бол хүн төрөлхтөнд хэрхэн хүргэхээ мэдэх хэрэгтэй. Бидний чихэнд хэлсэн үгс биш, бидний сэтгэлийг хөндөж чадсан үг, үйлдэл л тархи, оюун ухаанд хадагдан үлдсэн байдаг шүү дээ. Тэр утгаараа бизнес ментор маань “Дараагийн алхам чинь илтгэгч болох” гэж надад зөвлөсөн л дөө. Түүнээс гадна миний дасгалжуулалтын ажлын нэлээн том хэсгийг харилцаа эзэлдэг, ялангуяа хүн хоорондын харилцааны хувьд тухайн хүний хэрэгцээ шаардлагыг олж мэдэрсний үндсэн дээр тэр хүнд шаардлагатай тусламжийг цагийг нь олж үгийн зөв сонголтоор хариу үйлдэл үзүүлэх нь маш чухал байдаг. Багш, амьдралын дасгалжуулагч гэхээр үргэлж хэн нэгэнд зөвлөгөө өгөөд л сууж байдаг гэж хүн бодож магад, гэтэл эсрэгээрээ шүү дээ “Хүсээгүй зөвлөгөө хэн нэгнийг хүлж байгаад хутгаар сийчихтэй” адилтгаж зүйрлэдэг. Тиймээс тухайн хүнээ ойлгож, түүнд бас өөрийгөө зөвөөр илэрхийлж сурахад илтгэх урлаг чухал үүрэг гүйцэтгэнэ.

-“Хариу нэхээгүй хайр”  илтгэлийнхээ талаар ярихгүй юу. Бодит амьдралаас сэдэвлэсэн  талаар дурдсан байсан.

        -Тиймээ, үнэндээ би хайр гэдгийг авч сурснаас өөрөө өгч сураагүй байсан тухайгаа л ярьсан юм. Миний хүү миний үгэнд орох ЁСТОЙ, ээжийнхээ үгийг сонсох ЁСТОЙ гэсэндээ жаахан хүүгээсээ хүртэл би хайр нэхэж харьцдаг байсан юм билээ. Нэг л өдөр 14 настай хүү маань би ийм ээжтэй байхыг хүсэхгүй байна гэдэг шийдвэр гаргасан. Хүү маань төрөхөд би түүний хөөрхөн жижигхэн чихэнд нь “Миний амьдралд юу ч тохиолдсон ээж нь үргэлж чамайг хайрлах болно, хэзээ ч орхихгүй” гэж амласан байсан юм. Гэтэл яг энэ амлалтыг аав нь ч гэсэн хүүдээ нэрийг нь чихэнд нь шивнэхдээ өгсөн л байж таараа шүү дээ. Харамсалтай нь надтай таараагүй учраас аав нь хүүгээ аль эрт орхичихсон байдаг. Гэтэл миний хүү ээжийн хайраас татгалзаад миний ээж байх эрх үүргийг зогсоож намайг орхих шийдвэр гаргалаа шүү дээ. Миний хүүд одоо хэн ч байхгүй. Миний хүү миний хайр гэж бодож, ойлгож өссөн тэр хайрыг авахыг хүсээгүй энэ үеэс “Би хүүгээ хайрлаж үнэхээр чадсан уу” гэдгээ өөрөөсөө асууж эхэлсэн юм. Маш олон ээж аавууд “Би чиний төлөө бүхнийг хийсэн ингэж байхад даанч яав даа” хэмээн хариу нэхдэг, хамгийн харамсалтай нь больё гээд буугаад өгөх нь элбэг байдаг. Аав нь аль эрт буугаад өгчихсөн байдаг одоо би бас бууж өгөх үү, жинхэнэ хайр хэзээ ч хариу нэхдэггүй шүү дээ. Тиймээс би хайрыг цоо шинээр сурч эхэлсэн. Энэ л хүү бид хоёрын харилцааг жинхэнэ бат бөх болгож өгч чадсан тухайгаа л би илтгэлийн арга барилыг ашиглан сэтгэл хөдлөл оруулан ярьсан юм.

       Гэрэл зургийг Christina Poersch, Justin Bockey

-Та эмэгтэйчүүд рүү чиглэсэн сургалт, илтгэл тавьдаг шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?

         -Хайрын жинхэнэ мөн чанарыг олж мэдээгүй хүмүүс амьдралдаа маш их донсолгоотой явдаг. Тиймээс эмэгтэйчүүдийг жинхэнэ хайрын мөн чанарт л сургадаг. Энэ бүхэн өөрийгөө хайрлахаас л эхэлдэг. Хайр бол жинхэнэ өөртөө болон бусдад өгч буй эрх чөлөө гэдгийг би тэдэнд ойлгуулахыг хичээдэг. Өөрийгөө хайрлаж өөртөө энэ эрх чөлөөг өгч байгаа бүсгүйчүүд хажууд байгаа бусад хүмүүсийг амар амгалан байлгаж адилхан эрх чөлөөг мэдрэхэд нь тусалж нөлөөлж чаддаг. Гайхамшигтай зүйл шүү.

- “Love Coach”-өөр ажилладаг шүү дээ. Тус  ажлын онцлогийн талаар яривал?

-Тиймээ, миний бүх ажил ХАЙР дээр суурилдаг, тэр утгаараа би хайрын амьдралын коуч. Миний бүсгүйчүүдэд зориулсан гишүүнчлэлийн хөтөлбөр маань гурван үе шаттай:

  • Хэрхэн өөрийгөө хайрлаж өөртөө итгэлтэй хүчирхэг бүсгүй болох вэ?
  • Хэрхэн хайран дээр суурилсан мөнгө санхүүгийн баян сэтгэлгээнд суралцсанаар санхүүгийн хараат бус байдлыг өөртөө бий болгох вэ?
  • Хэрхэн хайрыг эрхэмлэсэн нүдний түвшний харилцаанд суралцах вэ?

Ингээд харахаар би хайрыг амьдралын бүхий л талбарт хэрхэн ашиглаж болохыг заадаг .

-Илтгэл тавихад хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ. Энэ чиглэлээр хичээллэснээр гарах эерэг өөрчлөлтүүд нь юу байдаг бол?

            -Илтгэл тавихын тулд өөрийн дотоод сэтгэлийг илүүтэй тольдож чаддаг байх хэрэгтэй, учир нь сайн илтгэл чиний дотоод сэтгэлийн илрэл болж гардаг учир өөрийгөө олж чадаагүй хүн тавьж буй илтгэлийнхээ гүн рүү орж чадахгүй байх талтай. Илтгэгч болсноор гарах хамгийн эерэг өөрчлөлт чи бусдыг өвтгөлгүйгээр өөрийгөө бүрэн илэрхийлэх чадварт суралцах юм даа.

 


ИЛТГЭГЧ П.НЯМЦЭЦЭГ: Хүний потенциал, чадварт хил хязгаар байдаггүйг өөртөө баталлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-07 21:56:27
    Нарантуяа: Гайхалтай эмэгтэйдээ баяр хүргэе ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-07 06:04:12
    Цэнгэл: Юуны түрүүнд баяр хүргэе. Үнэхээр үр хүүхэддээ хариу нэхэлгүй хайрыг өгсөн билүү гэж бодогдлоо. Агуу хайрыг өгсөн хүн аз жаргалаар дүүрэн байг. Өөрийн чинь зөвлагөөг үе үе сонсдог маш их таалагддаг. Баярлалаа. Илтгэх урлагт нь амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-06 18:39:28
    Содномжамц Дээдээ: Мундаг охин шүү.Багын сэргэлэн цовоо, үнэнч хүүхэд байсан. Амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-06 14:01:35
    zochin: Xairiin tuxai unexeer baxarmaar oilgomjtoi todorxoi engiineer gaixamshigtai saixan tailbarlajee Xunii nutagt erdem bolovsrol medelg chadvaraaraa olon ulsiin temtseend amjilttai oroltsson erxemseg mongol busuguidee bayar xurgej amjilt xusie Erdemtei xun daruu Ix murun dulguun
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188