• Өнөөдөр 2024-04-29

ХӨВСГӨЛ аймгийн жолооч Ж.ЭЛБЭГЗАЯА: Жолоо барьж чадахгүй болох хүртлээ хүүхдүүдийг ЭЕШ-д нь үнэгүй хүргэж өгөхийг хичээнэ

2023-06-19,   2849

           Хөвсгөл аймгийн Их-Уул сумын жолооч Ж.Элбэгзаяа гурван жил сумынхаа хүүхдүүдийг элсэлтийн ерөнхий шалгалтад нь үнэгүй хүргэж өгч, амжилт гаргасан багш, сурагчдыг хувиасаа шагнаж, урамшуулж байгаа гэнэ. Сурагчдыг уралдаан, тэмцээнд нь хамгийн бага зардлаар хүргэж өгөхийг хичээдэг тэрбээр төрсөн өдрөөрөө тээвэрлэсэн хүн бүрээ үнэгүй хүргэж өгдөг. Тэрбээр сургуулиа  шинэ автобустай болгохоор хандивын аян зохион байгуулж байгаа юм. 17 жил жолоо барьж байгаа Ж.Элбэгзаяа “Миний машинд дөрвөн үеэрээ суусан гэр бүл хүртэл бий” хэмээн хуучилсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Их-Уул сумын элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүдийг гурван жил үнэгүй тээвэрлэж байгаа юм билээ. Тус ажлынхаа талаар ярихгүй юу?

                -Сайн байна уу, намайг Ж.Элбэгзаяа гэдэг, Хөвсгөл аймгийн Эрдэнбулган сумын уугуул, Их-Уул сумандаа ажиллаж, амьдраад арав гаруй жил болж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа сумынхаа хүүхдүүдийг аймаг руу үнэгүй тээвэрлээд гурван жил болж байна. Сайхан сэтгэлээр хийдэг ажил минь олон нийтийн таалалд нийцэж байгаад баяртай байгаа. Энэхүү ажил маань “Ардын хувьсгалын 100 жил”, “Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90 жил”, “Их-Уул сум үүсгэн байгуулагдсаны 90 жил” гээд гурван тэгш ойд зориулсан  300 зорчигч үнэгүй тээвэрлэх  сайн үйлсийн аян зохион байгуулсантай минь холбоотой. 300 зорчигч үнэгүй тээвэрлэсний дараа сэтгэл үнэхээр сайхан болсон. Тэр үед хэрхэн зорчигч үнэгүй тээвэрлэх ажлаа үргэлжлүүлэх талаар бодсон. Тэгээд өөрийнхөө төрсөн өдрөөр үнэгүй тээвэрлэх болсон. Мөн ЭЕШ өгөх өдөр аймаг руу олон сурагч явдаг учир шалгалтынх нь үеэр зорчигчдоо үнэгүй тээвэрлэхээр болсон. Сурагчийн ширээний араас амьдралд хөл тавихад нь дэмжих хэрэгтэй гэж бодсон хэрэг.

-Алтан шар замтай ажил, амьдралаа холбоод хэр удаж байгаа вэ?

                -Би угтаа төрийн удирдлагаар их сургууль төгссөн. Мэргэжилээрээ ажиллаагүй ээ. Зорчигч тээврийн ажил хийгээд арав гаруй жил болж байна. 2006 оноос такси үйлчилгээ эрхэлсэн.Тэгэхээр алтан шар замтай амьдралаа холбоод 17 жил болсон байна.  Аймаг, сумын хооронд хүн тээвэр хийгээд 12 жил болж байна.

-Гурван жилийн хугацаанд хэдэн хүүхдийг ЭЕШ-д нь хүргэж өгсөн бэ?

                -Ойролцоогоор 100 гаруй хүүхдийг шалгалтад нь хүргэж өгч, авчирсан байна. Жилд дунджаар 30-40 хүүхэд тээвэрлэдэг.

-Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр явж байгаа хүүхдүүд замдаа тантай юу ярьдаг вэ. Та зөвлөгөө өгдөг үү?

                -Багаас нь уралдаан, тэмцээнд нь хүргэж өгдөг учраас бид хэд чинь нэгэндээ дасчихсан, найз шиг нь л байдаг юм. Аймаг явах замдаа дуулна, сонин содон юм ярьцгаана. Өндөр оноо аваад, шалгалтаа амжилттай өгсөн хүүхдүүдийн нүд андашгүй, гэрэлтээд л баяр баясалтай гараад ирнэ. Хүүхдийн нүд олон юм хэлдэг шүү. Хүссэнээсээ бага оноо авсан хүүхдүүд  ирээд “ Уг нь тэр хэсгийг тэгээд хийсэн бол” гээд харамссан сэтгэлээ илэрхийлж, ярилцах үед  сэтгэлийг нь дээш өгөхийг хичээдэг.

-Шалгалтаа амжилттай өгсөн сурагч, бэлдсэн багш, уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг хувиасаа урамшуулдаг гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

                -Тийм ээ, өндөр оноо авсан сурагч, бэлдсэн багш нарыг хувиасаа багахан урамшуулдаг юм. Хүүхдийн сэтгэлийг баярлуулах л хэрэгтэй. 2014 оноос эхлэн хүмүүсийг баярлуулах юм сан, сэтгэл санааг нь дэмжих юм сан гэж бодож амжилт гаргасан нэгнийг урамшуулж эхэлсэн.

-Хүүхдүүд танд баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлдэг вэ?

                -Талархсан сэтгэгдлээ олон төрлөөр л илэрхийлнэ. Бэлэг бариад ирнэ, халааснаасаа чихэр гаргаад өгнө. Хөөрхөн, хөөрхөн бэлэг дурсгалын зүйл өгнө. Заримдаа машины тааз дээр “Хөөрхөн Заяа, Заяа ах хөөрхөн” гээд биччихнэ. Хамгийн хөөрхөн, хамгийн гэгээлэг хүмүүс бол хүүхдүүд шүү дээ. Ер нь хүүхдүүд надад их сайн байдаг юм. Тэдний жолооч гэхээс илүү найз, ах шиг нь байдаг.

-Гурван жилийн хугацаанд хүүхэд тээвэрлэхэд тохиолдсон гэгээлэг дурсамжаасаа хуваалцахгүй юу?

                -Хүүхдүүдийг уралдаан тэмцээн, ЭЕШ-нд хүргэж өгөхдөө аймаг явах замд байдаг суваргын хажууд хэсэг зогсоод хүүхдүүдийг арц уугиулж, сүсэглэх боломж олгодог. Гандан орж ном уншуулна, бид хэд чинь. ЭЕШ-ын шалгалт өгөх хүүхдүүдийг тээвэрлэсэн хоёрдох жил цар тахлын хөл хориотой үе байсан юм. Тэр үед олон хүүхдийг нэг машинд тээвэрлээд өвчин тусгачих вий гэж их айж, эмээсэн дээ.

-Сургуулийг автобустай болно хандивын аян зохион байгуулж байгаа юм билээ. Яагаад энэ хандивыг зохион байгуулах болсон юм бэ?

                -Сургууль тодорхой хэмжээний зардал гараад хүүхдүүдээ тэмцээнд нь явуулдаг ч төсөв нь бага учраас хүссэн тэмцээн бүрдээ явж чаддаггүй байх гэж боддог. Хэдий би бага зардлаар хүүхдүүдийг тэмцээнд нь зөөдөг ч байнга яваад байж чадахгүй шүү дээ. Тиймээс сургууль өөрсдийн гэснэ автобустай болбол хүссэн тэмцээндээ оролцохоор явж чаддаг болно. Хандивын аян үргэлжилж байгаа. Сум, орон нутгийн иргэд, удирдлагууд маань дэмжиж, Засаг дарга маань нэг сарын цалин, н.Мөнхбат захиралтай Их-Уул зоогийн газрын захирал нэг сая төгрөг хандивлахаар болсон. Энэ ажлын би ганцаараа санаачлаагүй ээ. Өгөөмөр дэлгүүрийн эзэн Наранцогт ахын хүү Мөнх-очиртой ярилцаж байгаад хандивын аян эхлүүлсэн. Шинэ сургуулийн нээлтээр шинэ машинтай болох төлөвлөгөөтэй байгаа. Олны хандив цугларч  байгаа, зорилгодоо хүрнэ гэж өөдрөгөөр бодож сууна.

-Замд гарахдаа баримталдаг зарчим бий юү?

                -Нэг хүний бус нийтийн эрх ашиг хамгийн чухал гэж боддог. Олон хүний амь насыг хариуцаж явдаг учраас хариуцлагатай байх хэрэгтэй. Хүнд хэлсэн, тохирсон цагтаа байж цаг сайн барихыг эрхэмлэдэг.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад нь хүргэж өгч байсан хүүхдүүд нь нутагтаа ирэхдээ тань дээр ирж уулзах тохиолдол бий юү?

                -Хүргэж өгч байсан хүүхдүүдийн дийлэнх нь хүссэн сургуульдаа тэнцээнд Улаанбаатар хотод суралцаж байна. Ирэх жил эхнээсээ төгсөөд ирнэ дээ. Сум орон нутаг, улс орондоо хэрэгтэй хүн болоосой л гэж хүсдэг юм. Уралдаан тэмцээнд нь хүргэж өгсөн, урамшуулж байсан хүүхдүүд ирж, талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Б.Даваа-Очир начин надтай холбогдож, олон хүүхэд баярлуулж, урамшуулсан намайг баярлуулмаар байгаа хэлж машинд минь бензин хийж өгч байсан.

-Таны дараагийн төлөвлөгөө, зорилго юу байгаа вэ?

                -Энэ жилийн сурагчдадаа зөөж байхдаа багш нараас нь дараа жилийн төгсөлтийн анги удирдсан багш, хэдэн хүүхэд ЭЕШ өгөх талаар нь асуусан. Учир нь, хүүхдийнхээ тоонд тааруулж машинаа бэлдэх, багш нартай нь холбоо тогтоох зорилготой. Дараа жил, тэрний дараа жил гээд машин барьж чадахгүй болтлоо хүүхдүүдээ шалгалтад нь хүргэж өгнө.

                Амьдрал үргэлж дардан байсангүй алдаатай, оноотой л амьдарч байна. Би ойрын хугацаанд 1000 зорчигч тээвэрлэхээр зорьж байгаа. 1000 гэдэг нь манай сумын нийт өрхийн тоо байгаа юм. Харин энэ тоог 5000 хүргэх мөрөөдөл, зорилготой амьдарч байна. Тэтгэвэрт гарсны дараа надаас "юу хийж амьдарсан бэ" гэж асуувал “Аймаг сумынхаа хооронд 5000 хүн тээвэрлэсэн. Сумынхаа иргэдийг нэг удаа ч гэсэн зорьсон газарт нь үнэгүй хүргэж өгсөн байна” гэж хэлэхийг хүсдэг дээ.

 

 


ХӨВСГӨЛ аймгийн жолооч Ж.ЭЛБЭГЗАЯА: Жолоо барьж чадахгүй болох хүртлээ хүүхдүүдийг ЭЕШ-д нь үнэгүй хүргэж өгөхийг хичээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-19 17:58:07
    Зочин : Хийсэн буян чинь дэлгэрэх болтугай амьдрал тань аз жаргал эрүүл энхийг хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188