• Өнөөдөр 2024-05-14

МУГЖ Ц.ЧИМЭДЦЭРЭН: Миний амьдралын 45 жил урлагийн тайзанд “уягдаж” жаргалтай өнгөрсөн

2023-07-30,   3378

       МУГЖ, бүжигчин, мастер оюуны дасгалжуулагч, “70 насандаа дахин “төрсөн” нь хуудсыг хөтлөгч Ц.Чимэдцэрэнтэй залуу насны дурсамж, эрүүл амьдралын хэв маягийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг “Улаанбаатар марафон”-ны үеэр харсан юм.Та залуугийн л “хөнгөн” биетэй байв уу ?

               -Сайн байна уу.  Би одоо 71 настай, найман хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд, 1970 онд Нийслэлийн 23-р сургуулийг төгссөн. Тухайн үед одоогийн АШУИС-д суралцах зорилготой байлаа. Тэгээд хувь тавилангаар Улсын ардын дуу бүжгийн чуулга мэргэжлийн бүжигчин бэлтгэх курс нээж, Ц.Сэвжид багшийнхаа шавь болж бүжгийн урлагтай амьдарлаа холбосон доо. Тэр цагаас хойш “алтан” тайзан дээр 24 жил бүжиглэж, дараа нь 21 жил багшилсан даа. Миний амьдрал бүхий л цаг хугацаа Улаанбаатар хотод л өнгөрсөн дөө. Одоо хань, хүү, охин, гурван сайхан ач, зээтэйгээ жаргалтай амьдарч байна. Тэдэндээ илүү олон жил хамт байж, эрүүл байхын тулд эрүүл амьдралын хэв маягийг өдөр тутамдаа хэрэгжүүлээд л явна.Би өдий наслахдаа нэг ч удаа эм ууж үзээгүй. 

Ц.Сэвжид багшийнхаа шавь болж бүжгийн урлагтай амьдарлаа холбосон доо. Тэр цагаас хойш “алтан” тайзан дээр 24 жил бүжиглэж, дараа нь 21 жил багшилсан даа

        Миний хувьд  таван  километрт гүйж жигд намуухан гүйлтээр барианд орсон. Өөрийнхөө чадах чинээгээрээ хурдаа нэмээд, “Би чадлаа шүү дээ” гээд өөртөө баярлаж, аз жаргалтай байсан. Нээх их амьсгаадсангүй их гоё хөнгөн байлаа. Урьд нь 21 километрт надаас ахмад хүн уралдаад бариандаа орж ирэхийг хараад бахархан баярлаж байлаа. Мөн сайхан хүнээ ийм насан дээрээ энэ хүн ийм агуу байхад “Би энэ хүний насан дээр ийм байж болох юм байна” гэж өөртөө урам авч заавал гүйж үзэхийг хүсэж, мөрөөдлөө биелүүлсэн дээ. Гэхдээ н.Раднаа гуай шиг тэгж хурдан гүйж чадталаа маш олон жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэл тууштай тэвчээртэй, мятаршгүй байх хэрэгтэй. Тэр хүн хэдэн мянган литр хөлс гарган бэлтгэл хийдэг байсныг нь  би тэр жоохон зайд хурд авснаар мэдэрсэн. Дараа жил 10  километрт  сайхан бэлтгэл хийж байгаад тайван жигд намуун гүйж оролцохыг хичээх болно.

-Арван хэдхэн настай охин их зүйл сурч, багш болж,  МУГЖ хэмээх эрхэм цолыг хүртжээ. Залуу насныхаа дурсамжаас нэхэн дурсаач?

               -АДБЧуулгад буюу /одоогийн ҮУИТ/ дагалдан бүжигчнээр АЖ, Төрийн соёрхолт, Зууны манлай бүжиг дэглээч Ц. Сэвжид багшийнхаа удирдсан агуу хамт олны дунд ажиллах алтан боломж гарч 1970 онд багш минь халамжлан хүмүүжүүлэгчээр тосон авч мэргэжлийн бүжигчин болоход минь гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн дөө. Багшийн минь  бүжиглэсэн бүтээл бүхэн, бүжигчин хүн ямар их хатуужил тэвчээртэй, тууштай, мэдрэмжтэй, оюун ухааны өргөн цараатай, хүнлэг шударга, сэтгэлийн их тэнхээтэй, хүн чанартай, зөв бодолтой ухаалаг байх бүх зүйлийг өөрийн биеэрээ бодитоор үлгэрлэн дагуулсан домогт байсан гэж би хувьдаа боддог юм. Би багшийнхаа сургаал, зөвлөмжийг нь чандлан биелүүлж, сурч, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн нь МУГЖ хэмээх эрхэм алдрыг хүртсэн. Монгол улсаа дэлхийд таниулж ардын бүжгийн урлагт 45 жил авьяас билгээ дайчлан ажилласан даа.

               1971 онд Төрийн ордонд “Урлагийн мастеруудын концерт” гэх уран бүтээлд Хатад бүжгийг бүжиглэж анхны тайзан дээрээ гарч байлаа. Анхны бүхэн л сэтгэлд л тод үлддэг шүү дээ. Гэрийнхээ минь “Охиноо зурагтаар харсан” гээд бөөн хөөрч болж байж билээ.

-Тайзаа их санаж байгаа байх даа?

               -“Ардын бүжгийн урлагт 45 жил биеэр мэтгэсэн угалз” гэх тайлан тоглолтоо хийгээд тайзнаасаа бууж байлаа. Мэдээж тайзаа санах үе их шүү дээ. Хааяа залуу насны зургуудаа харах сайхан байдаг юм.  

Ардын бүжгийн урлагт 45 жил биеэр мэтгэсэн угалз” гэх тайлан тоглолтоо хийгээд тайзнаасаа бууж байлаа.

-Та “70 насандаа дахин “төрсөн” нь” хуудсыг хөтөлж байгаа шүү дээ. Энэ талаараа яриа дэлгээч?

     -Анх 38 насандаа тэтгэвэртээ гараад “Гэртээ сайхан хүүхдүүдээ хараад амарна” гээд  би чинь их баясгалантай байсан даа. Энд тэнд очиж хэвтээд л гэрээсээ холдохгүй.  Нэг мэдэхэд үргэлж “Маргааш” гээд л суудаг, залхуу хүн болсон байсан. Тэгсээр байгаад хөл минь өвдөж, гэдсээрээ таргалж эхэлсэн. Залхуурал хүнийг эрт хөгшрүүлж, жаргалгүй амьдруулдаг юм билээ. Тэгээд л Түмэн эх чуулгадаа багшилж байлаа даа. Түүний дараа 55 хүрээд багшийнхаа ажлыг өгч, өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлс сурч эхэлсэн дээ. Хаана л дасгал хөдөлгөөн, бясалгал, иог байна тэр бүхэнд явсан.

     Насаараа идэвхтэй хөдөлгөөнтэй байж байгаад, зогсонги болоод тэгсэн үү бүү мэд. Хөл минь улам ихээр өвдөж, шатаар ч өгсөж чадахгүй болсон. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд “Үе солиулах мэс засал хийлгэ”гэсэн. Хагалгааныхаа дарааллыг хүлээж байх зуураа 108 мөргөл хийж эхэлснээр хөл минь зүгээр болж байлаа. Тийм учраас бүх насныхныг эрүүл, урт удаан  амьдраасай гэж хүсэж, өөрөөрөө үлгэрлэхийн тулд энэ хуудсаа хөтөлж байна даа. Зорилго минь бага багаар биелж байгаа гэж бодож байгаа.

-Хэзээнээс мастер оюуны дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бэ?

               -Ц.Зэс-Эрдэнэ багшийгаа оны шилдэг бизнесмен эмэгтэй болоход харж, бахархаж байлаа. Тэгээд онлайн сургалтад нь сууж, мастер оюуны дасгалжуулагч мэргэжлийг эзэмшиж, ажиллаж байна даа.

-Та яг хорин хэдэн настай бүсгүй шиг сайхан харагдах юм. Залуугийн дэгжин байсан байх даа?

               -Баярлалаа, урлагийн хүн гоё л байх ёстой гэсэн бичигдээгүй “хууль” бий. Залуу байхдаа Hollywood- ийн жүжигчдийн зургийг гэрийнхээ модон шүүгээний хаалган дээр наагаад, “Ийм л гоё болно” гээд дуурайж, хувцасладаг байлаа. Наснаасаа 10 насаар залуу хувцаслаж ирсэн дээ.

-Ярилцлагын төгсгөлд залуучуудад хандаж үг хэлээч?

      -Буяны тарга гэж байдаггүй юм шүү. Хэзээ ч битгий шалтаг хайгаарай. Эрүүл амьдраарай л гэж хэлмээр байна.

 

 


МУГЖ Ц.ЧИМЭДЦЭРЭН: Миний амьдралын 45 жил урлагийн тайзанд “уягдаж” жаргалтай өнгөрсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-09 09:52:55
    Зочин: МПС-ын ордны бүжгийн дугуйланд Тонтор багшийн шавь байсныг мэдэх юм байэа. Сайн бүжигчин, өдий 70 насанд сайхан байна. Өөрийнхөө төлөө анхаарал тавьж үлгэр дууриал болж байгаад талархаж байнаа. Эрүүл энхийг хүсье нөхөр нь бас ингэж джглэм барьдаг болов уу.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-07 14:16:53
    zochin: Mongoliin ardiin bujgiin urlagiig delxiin olon orond olon jil surtalchilj yavsan mundag bujigchdiin neg shuu Denduu goe denduu tansag denduu baxarxamaar emegtei shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188