• Өнөөдөр 2024-04-24

Д.Хишигбаяр: Хүүхдийнхээ зургийг хараад баярлаж байгаа ээж, аавыг харах хамгийн жаргалтай

2023-05-23,   1094

      Нярайн зураг авдаг гэрэл зургийн студи цаанаасаа л гэрэлтэй, хамгийн ариун нандин санагдана.  Алгын чинээ жаахан хувцсанд нь хүрэхээс ч хайран санагдаж, жижигхэн ор, сандал дээр нь хүүхэд багтдаг болов уу гэж бодогдоно. “Miss k Mongolia” монголын анхны нярайн гэрэл зургийн студи бөгөөд үүсгэн байгуулагч нь Д.Хишигбаяр бүсгүй.  Тэр өдөр бүр 0-8 настай нярайн арга эвийг олж, дараагийн 100 жил хадгалагдах гэрэл зургийг нь дарж өгдөг. Өдөр өдрөөс өсөж буй нялсхийн хамгийн нандин үеийг тэр зургийн хальснаа мөнхлөн үлдээдгээрээ онцлог. Ингээд нярайн гэрэл зурагчин Д.Хишигбаяртай ярилцсанаа хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын анхны нярай хүүхдийн гэрэл зургийн студийг  үүсгэн байгуулаад таван жил болжээ. Яагаад нярай хүүхдийн гэрэл зургийн студи нээхээр болсон болсон юм бэ?

                -Охиныгоо төрсний дараа зургийг нь даруул гэсэн хүүхэд зориулсан төрөлжсөн гэрэл зургийн студи байгаагүй. Тэгэхээр нь өөрөө төсөөлснөөрөө зургийг нь дарсан гоё болчихсон. Тэгж л анх нярайн зураг авах санаа төрч, ажил хэрэг болгосон доо.

-Ер нь гэрэл зураг дарах сонирхолтой байсан уу?

                -Би арван жилээсээ гэрэл зурагт сонирхдог байсан. Их сургуульд ороод 2013 хамгийн анх гэрэл зургийн камертай болсон. Анхандаа байгалийн гэрэл зураг их авдаг байлаа. Тэгээд гэрэл зураг дардаг байх хугацаандаа нөхөртэйгөө танилцаж, хүүхэдтэй болсон. Тэр үед гэрэл зурагт бүр их дуртай болсон доо.

-Таны үйлчлүүлэгчид бяцхан нярай шүү дээ. Зургийг нь гоё дарахын тулд ямар арга хэрэглэдэг вэ?

                -Таван жил нярай хүүхдийн гэрэл зургаар дагнан ажилласан болохоор туршлагатай болсон. Насанд хүрсэн хүн шиг биш учраас эцэг эхтэй нь ямар зураг авах талаар зөвлөлдөг. “Та унтаж байх үед дарсан зураг хүсэж байна уу, сэрүүн байх үед нь даруулах уу” гэж ярилцана. Ингээд ямар зураг авахаас шалтгаалж, эцэг эхтэйд нь нярайн нойрыг зохицуулж ирэхийг зөвлөдөг. Ингээд зураг авалт эхлэх үед гоё зураг дарахын тулд сурсан мэдсэн бүх л аргаа хэрэглэнэ дээ. Анх зураг авхуулж буй нярайгаа тайвшруулж унтуулах их хэцүү байсан. Одоо бол өөрийгөө тухайн хүүхдийн ээж мэтээр мэдэрч, чин сэтгэлээсээ хайрлаж, энхрийлэхээр хүүхдүүд тайвширч хурдан унтдаг. Хэтэрхий гоёор төсөөлж, өндөр хүлээлт тавихаар бүтэлгүйтэж, хүүхэд уйлсаар байгаад зураг авалт цуцлагдах тохиолдол байдаг. Нэг ч зураг даруулахгүй байх тохиолдол цөөнгүй бий. Тэгээд би зураг авхуулах нярайгаа хараад “Эгчийн дүү хоёулаа байж болох хамгийн сайнаараа хичээцгээе” гэж хэлдэг.

-Нэг хүүхдийн зураг дарахад хэр хугацаа шаарддаг вэ?

                -Хэдэн сартай хүүхэд зураг авалтаа хийлгэж байгаагаас шалтгаалж зураг авалтын цаг өөрчлөгдөг. Жишээ нь, нэг сартай хүүхдийн зураг дарахад 2-3 цаг шаардлагатай. Нэгээс дээш сартай хүүхдийн зураг дарах цаг багасаж, бага цаг зарцуулдаг.

-Анх студиэ нээж байх үед туслах хэрэглэлүүдээ хэрхэн шийдэж байсан бэ. Хүүхдийн хувцас хэрэгслийг хаанаас авдаг вэ?

                -Анх гэрийнхээ нэг өрөөнд өрөөнд студиэ нээж байлаа.  Дараа нь 30 м/кв өрөө түрээлдэг байсан. Одоо бол 80 м/кв студид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анх эхэлж байх үетэйгээ харьцуулахад хувцас хэрэглэл тун сайжирсан. Таван жилийн хугацаанд Монголдоо захим хувцсыг нь хийлгэсэн. Ер нь дэлхийн өнцөг булан бүрээс хувцас, хэрэглэгдэхүүнээ цуглуулсан даа.

-Байнгын захилгатай ажилладаг уу. Одоогоор хэдэн хүүхдийн зурсан дарсан байна вэ?

                -Байнгын захиалгатай, цаг авсан дарааллынх нь дагуу дуудаж, зураг авалтаа хийдэг. Би ер дарсан хүүхдүүдийнхээ зургийг тоолж байгаагүй юм билээ. Дараа завтай болоод тоолох төлөвлөгөөтэй байгаа.

-Та юунаас хамгийн их урам зориг авч ажилладаг вэ?

                -Хүүхдийнхээ зургийг авсан эцэг эхчүүд их сэтгэл хангалуун байдаг. Нүд нь гэрэлтээд, баяр хөөр аз жаргалтайгаар студиэс гардаг. Нярайн зураг засварт ороод эцэг эхийн гар дээр очих хүртэл 14-18 хонодог юм. Тэр хугацаанд эцэг эхүүд байж ядан, байнга асууна. Догдолж хүлээсэн зураг нь бэлэн болж, хүлээж аваад хэлдэг талархлын үгс хамгийн сайхан байдаг. Үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байдлаас нь урам авна. Төсөөлсөн шигээ гоё зураг дарчихвал, дарсан зургаасаа баяр хөөр мэдэрнэ. Гэхдээ хамгийн их урам зоригийн нөхөр, хүүхдүүд, гэр бүлийнхэнээсээ авдаг даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.

Цахим хаяг: "Miss k mongolia"

 


Д.Хишигбаяр: Хүүхдийнхээ зургийг хараад баярлаж байгаа ээж, аавыг харах хамгийн жаргалтай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188