• Өнөөдөр 2024-04-25

Монголын хамгийн урт үстэй бүсгүй Ө.Айгүль: Сонин дээрээс урт үстэй бүсгүйн зураг хараад түүн шиг үстэй болохыг мөрөөдөж байлаа

2023-05-17,   560

    Эмэгтэй хүний гоо сайхныг хамгийн сайхнаар тодотгодог зүйлийнх нь нэг үс билээ. Хоёр метр 30 сантиметр буюу Монголын хамгийн урт гэзэгтэй бүсгүй Ө.Айгүльтэй ярилцсанаа танд хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

                -Сайн байна уу, намайг Өнөрханы Айгүль гэдэг. Эмч мэргэжилтэй, өнөр бүлийн эзэгтэй байна.

-Та Монголын хамгийн урт үстэй эмэгтэй юм билээ. Таны үс одоо хэдэн метр вэ? 

                -Монголын хамгийн урт гэзэгтэй бүсгүйг шалгаруулах тэмцээн 2019 онд болж байсан юм. Тухайн үед үсийг нь хамгийн урт болон хэр эрүүл ургаснаар нь шалгаруулж байсан. Тэр үед миний үс хоёр метр 14 сантиметр урттайгаар хамгийн урт үстэй бүсгүйгээр шалгарч байлаа. Одоо миний үс хоёр метр 30 сантиметрийг давсан.

-Хэдэн оноос хойш үсээ ургуулж байгаа вэ?

                -Би таван настайгаасаа үсээ ургуулж байгаа. Ер нь багаасаа урт үстэй болно гэж мөрөөддөг байсан.

-Үсээ яагаад ургуулах болсон бэ?

                -Жаахан байхдаа сонин дээрээс урт үстэй бүсгүйн зураг хараад “Ямар үзэсгэлэнтэй юм бэ” гэж бодсон. Тэр бүсгүйн зургийг хайчилж аваад хадгалж, хардаг болсон доо.

-Урт нь төвөгтэй санагдаж байсан уу?

                -Үсээ байнга шууж боодог. Хоёр метр гаран урт үс болохоор газар шүргэх учраас задгай тавьдаггүй ээ. Багаасаа урт үстэй байсан учраас дасчихсан, төвөгтэй санагдаж байсан удаа байхгүй.

-Үсээ хэрхэн арчилдаг вэ?

                -Хүмүүсээс өөр тусгай арчилгаа хийдэггүй. Намайг бага байхад ээж үсийг минь цагаан будааны шүүсээр нь угааж өгдөг байсан юм. Тэрнээс өөрөөр үсээ тусгай аргаар арчлаад байдаггүй ээ.

-Багын мөрөөдлөө биелүүлж “Монголын хамгийн урт гэзэгтэй бүсгүй” болох ямар байсан бэ?

                -Хүн хүүхэд байхдаа олон зүйл мөрөөддөг шүү дээ. Тэр л гэгээлэг  мөрөөдлүүдийнхээ нэгийг биелүүлсэндээ  хамгийн их баярласан. “Монголын хамгийн урт гэзэгтэй бүсгүй гэх цолоор гайхуулж бас, бахархаж явдаг.

-Үсээ тайруулах талаар бодож байсан уу?

                -Үсээ тайруулах талаар бодож байгаагүй. Багаасаа л урт үстэй болохыг мөрөөддөг байсан болохоор тэр юм болов уу. Би таван настайдаа л тайрмал үстэй байж үзсэн. Тэрнээс хойш үсэндээ хайч огт хүргээгүй. Миний үсийг харсан хүмүүс ч битгий тайруул гэдэг. Үсээ богино болгож боосон зургаа цахим хуудаст оруулахаар хүмүүс, найзууд маань “ Яагаад тайрчихав аа, хайран үс” гэж зэмлэх тохиолдол байдаг.

-Хүүхдүүд нь ээжийгээ дуурайж үсээ ургуулдаг уу?

                -Би хоёр охинтой.  “Ээж шигээ урт үстэй болно” гэж их ярина. Том охин маань үсээ ургуулаад удаж байна. Хөөрхөн урт үстэй. Бага охин үсээ тайрахгүй ээж, эгч шигээ ургуулна гэдэг ч хүссэнээр нь урт ургахгүй байгаа юм. Бас миний ээж их урт үстэй. Одоо нас дээр гараад үс нь шингэрээд байгаа ч урт хэвээрээ.

-Таны хувьд ямар мэргэжилтэй вэ?

                -Би эмч мэргэжилтэй. Ажлын шаардлагаар байнга шуугаад боочихдог. Үсээ задгай тавих тохиолдол тун ховор шүү.

-Урт үстэй нь холбоотой сонирхолтой, хөгжилтэй дурсамж бий юү?

                -Намайг оюутан байхад ангийнхан маань “Өглөө хэдэн цагт босож үсээ самнадаг вэ, хэдэн шампуниар үсээ угаадаг вэ, хэр их усаар үсээ угаадаг вэ” гэж их асуудаг байлаа. Гэхдээ үсээ байнга задгай тавьдаггүй болохоор намайг урт үстэй гэдгийг хүмүүс  төдийлөн анзаардаггүй байх.

-Цаашид үсээ хэр урт ургуулах бодолтой байгаа вэ. Тавьсан зорилго байгаа юу?

                -Тайруулахгүй ургуулна даа. Хэр урт ургахыг нь мэдэхгүй ч ургахаа болих хүртэл нь ургуулна даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.


 

 


Монголын хамгийн урт үстэй бүсгүй Ө.Айгүль: Сонин дээрээс урт үстэй бүсгүйн зураг хараад түүн шиг үстэй болохыг мөрөөдөж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188