• Өнөөдөр 2024-04-25

Б.ЭНХБАЯР: “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” эрдэм шинжилгээний хуралд хүүхдийн чиглэлээр ажилладаг байгууллага болон эрдэмтэн, судлаачид оролцоно

2023-04-19,   752

        “Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 21-нд буюу баасан гарагт Улаанбаатар зочид буудалд зохион байгуулахаар товложээ. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар "Отгонтэнгэр" их сургууль ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид "Отгонтэнгэр" их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Энхбаяртай ярилцлаа.

-“Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 21-нд болох гэж байгаа юм байна. Энэ удаагийн хурлын хамрах хүрээ, онцлог юу байна вэ?

                      -"Отгонтэнгэр" их сургууль “Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жил “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” үндэсний эрдэм шинжилгээний бага хурал дөрөвдүгээр сарын 21-нд болоход бэлэн болоод байна. Тус хуралд Отгонтэнгэр Их Сургууль ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа бөгөөд  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газар, мөн JCI олон улсын байгууллага, Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциаци гэх байгууллага хамтран зохион байгуулж байна.

-Хурлын гол ач холбогдол юу вэ?

                    -Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хангах чиглэлд өндөр ач холбогдолтой хурал юм. Хүүхдийн чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг хэлэлцүүлэх, нийгэм олон нийтэд танилцуулах, төрийн болон хувийн байгууллагын судлаачдыг судалгааны ажлыг тойрч, ямар асуудал, тухайн гарч байгаа асуудлыг шийдэх ямар шийдэл байгааг хэлэлцэдгээрээ ач холбогдолтой. Манай улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн төлөвшил, хөгжлийн асуудал нэлээд чухал асуудлын нэг. Нэг ёсондоо улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлыг өнөөдөр ярилцаж байна гэдэг өндөр ач холбогдолтой.

-Хуралдааны бүтцийн хувьд ямар байгаа вэ, хэдэн салбар хуралдаан болох вэ?

                    -Энэ удаагийн үндсэн хуралдаанд илтгэл хэлэлцүүлэхээс гадна гурван салбар хуралдааныг зохион байгуулж байна. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сургуулийн өмнөх боловсролд сурч байгаа хүүхдийн хөгжил, төлөвшил, хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа боловсролын байгууллагын чиглэлээр хүүхдийн хөгжил төлөвшил хамгааллын талаар бодлого шийдвэр, тогтолцооны талаарх асуудлыг салбар хуралдаанд авч үзэж байна. Нэмээд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудал нэг салбар хуралдаан болон өрнөж байна. Энэ хүрээнд үндэсний хэмжээний бага насны хүүхэд, хүүхдийн сэтгэц, танин мэдэхүйн онцлогийг судалсан суурь судалгааны үр дүнг танилцуулах, Монгол Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн судалгааны ажлыг хэлэлцэх дүн хуралдаан юм.

-Энэ хурлыг зохион байгуулснаараа хэр үр дүнтэй байдаг вэ?

                 -Хүүхдийн хөгжил, төлөвшлийн тухай хурал өнгөрсөн арав гаруй жил байгуулагдахдаа жил бүр онцлогтойгоор зохион байгуулагддаг. Тухайлбал, 2017 онд олон улсын хэмжээнд зохиогдож байсан. Олон улсын түвшинд хүүхдийн хөгжил хамгаалалын асуудал хэрхэн яригддаг вэ гэсэн асуудлыг хэлэлцүүлж, хурал бүрийн ард эмхэтгэл хийхийг холбогдох байгууллагуудад хүргэдэг. Мөн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын түвшинд ч зохион байгуулж байлаа. Үндэсний хэмжээний эрдэмтдийн хэмжээнд ч зохион байгуулж байсан. Хурал зохион байгуулагдсанаараа төрийн байгууллагын хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал, том судалгаа болж байна гэдгээрээ давуу талтай байна. Нөгөө талаар эрдэмтэд судалгааны ажлаа тойрч суугаад хэлэлцэж, нэгдсэн тодорхой шийдэлд хүрч, бие биенийхээ судалгааны ажлыг танин мэдэж, дараа нь судлаачдад чухал сурвалж, эмхэтгэл болон гардгаараа давуу талтай.

      -Хүүхдийн хөгжил, төлөвшил гээд ярьдаг. Гэсэн ч хүүхдүүд сэтгэл зүй, гэр бүлийн орчин гээд хүүхэд тойрсон асуудал их байна. Хурлаар энэ бүхнийг багтаан авч үздэг үү?

                 -Өсвөр насны хүүхдийн гэмт хэрэгтэй холбоотой, сэтгэлзүйтэй холбоотой асуудал, сэтгэц, танин мэдэхүйн тухай асуудал гээд өргөн цар хүрээг хамарч яригддаг. Дээрээс нь хамгийн чухал нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудал байна. Тэдгээрийг хамгаалж байгаа эрхзүй, дэд бүтцийн асуудлыг мөн хөндөн ярьна.

-Хүүхдийн чиглэлээр ажилладаг байгууллагаас гадна эрдэмтэн судлаач, багш нар оролцох юм байна. Отгонтэнгэр Их Сургуулийн хувьд хэдийгээр зохион байгуулан ажиллаж байгаа ч таны хувьд хүүхдийн чиглэлээр ямар судалгааны ажил хийдэг вэ?

                     -Миний судалгааны чиглэл гэвэл сэтгэл судлал, тэр дундаа сэтгэл хөдлөлийн асуудлаар судалгаа хийдэг. Хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой, багаас нь сэтгэл хөдлөлд анхаарах чиглэлийн судалга бий. Миний хувьд энэ удаад зохион байгуулагчаар оролцож байгаа учир илтгэл хэлэлцүүлээгүй. Гэхдээ "Отгонтэнгэр" их сургуулийн судлаачид бол тус эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж оролцож байна. Судлаачдаас гадна хүүхдийн чиглэлээр  судалгаа хийж байгаа магистрант, докторантууд мөн энэ хуралд оролцдог.

-Хүүхдүүд ихэнхдээ их сэтгэл хөдлөлдөө автаж, сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байдлаасаа үүдэн сөрөг үр дагавар гарах тохиолдол их байдаг. Тэгэхээр хүүхдийн сэтгэл хөдлөлийн тал дээр ямар судалгаа бий вэ?

                 -Хүүхдийн хөгжлийн асуудал нэг талаасаа танин мэдэхүйн асуудал байна. Тухайлбал, онц сурдаг, хүлээж, ойлгох чадварын асуудал. Нөгөө талаас харилцаатай холбоотой асуудал бий. Тэгэхээр сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал хамгийн том байр суурийг илэрхийлнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж байгаа гэхээр таатай орчин, сурч хөдөлмөрлөх орчин хэрэгцээг нь хангачихаар л хүүхдээ хангалттай өсгөж, хүмүүжүүлэх хандлага их байна. Одоо бол эдгээр хэрэгцээнээс гадна дараагийн чухал зүйл нь амьдрах чадвар, бусадтай харилцаж сурах, өөрөө өөрийгөө ойлгож сурах нь хамгийн чухал асуудал байна. Тэгэхээр бага залууд нь гэр бүл, эцэг, эх нь илүү ач холбогдол өгч, анхаарч, системтэйгээр ажиллаж чадвал ирээдүйд бие хүн болж төлөвших суурийг тавих боломж бүрдэж байгаа. Амьдралд өрнөж буй маргаан, гэр бүл салалт, гэмт хэрэг зэрэг олон асуудлын цаана сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал байна. Сэтгэл хөдлөлөө удирдаж чадаагүйн улмаас амьдралд ирж байгаа олон асуудал урган гарч байгаа.

-“Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний хуралд тусгай хэрэгцээт хүүхдийн асуудал нэг салбар хуралдаан болж орно гэсэн. Тусгай хэрэгцээт хүүхдийн асуудалд хэр анхаарч ажиллаж байгаа бол?

               -Эцэг, эхчүүд энэ талын мэдлэг багатай байдаг. Иймээс энэ чиглэлээр эцэг, эхчүүдийг сургах, хүмүүжлийн ажил явагдаж байна.Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байгаа сургуулийн багш нар нөлөөллийн ажил хийгдэж байгаа. Манайд нэг үеэ бодоход харьцангуй болсон. Энэ чиглэлийн сургалт судалгаа нэлээд хийгддэг болсон. Монгол Улс тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудалд чухал анхаарч, ач холбогдол өгөх хэрэгцээ, шаардлага байна. Дэд бүтцийн хувьд хүртэл бэрхшээлтэй зүйл байна. Эдгээрийг шийдвэрлэх хандлага өөрчлөх асуудлаас эхэлж байна. Тэгэхээр үүнд хувь нэмрээ оруулаад, судалгааг нь нийлээд хэлэлцэж байна гэдэг чухал зүйл юм байна.

 -Хүүхдийн хөгжилд, төлөвшилд хамгийн гол анхаарах нь хэн бэ. Хаанаас бид эхлэх ёстой вэ?

              -Хүүхэд гэх асуудалд дан ганц хүн гэхэд хэцүү. Эцэг, эх, багш нар болон үе тэнгийнхэн мөн анхаарах нь чухал. Хамгийн гол нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд, хүүхэд рүү чиглэсэн бодлого шийдвэр гээд олон асуудал байна. Хүүхдээс гадуур хариуцлага хүлээдэг иргэн, аж ахуй нэгж байхгүй. Эрэмбэлэх юм бол эцэг, эх, багш нараас эхэлнэ. Хамгийн гол нь бүгд хүүхдийн төлөө анхаарал хандуулдаг байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

      -Баярлалаа.


Б.ЭНХБАЯР: “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” эрдэм шинжилгээний хуралд хүүхдийн чиглэлээр ажилладаг байгууллага болон эрдэмтэн, судлаачид оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-21 00:22:31
    Сонирхолтой: Энд очоод сонсож болох болов уу? Маш чухал асуудлыг хөнджээ. Live хийж болох болов уу? Олонд хүнд хүрээсэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188