• Өнөөдөр 2024-04-24

СЭТГЭЛ ЗҮЙЧ Ж.ҮЙЛСТ: Залуус сэтгэл гутралд орсноо мэдэхгүй явсаар хорт зуршилд автдаг

2023-03-30,   673

     Олон улсын судалгаагаар сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн гутралд орсон залуучуудын тоо хоёр нэмэгдсэн гэх үзүүлэлт гараад буй. Энэ нь зөвхөн мэргэжлийн сэтгэл зүйчд хандсан тоо юм. Тиймээс бид Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй залуусын сэтгэл зүйн онцлог, сэтгэл гутралын талаар ярилцлаа.  

Сэтгэл гутрал цаг хугацааны эрхээр эмчлэгддэг зүйл биш. Хүн зүгээр л тухайн асуудалтайгаа амьдарч сурсан байдаг

-Сайн байна уу. Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд хэр түвшинд байгаа талаар яриагаа эхлэх үү?

           -Сүүлийн гурван жил үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийнхээ тоог гаргахад 25-аас доош насныхан  сэтгэл зүйн зөвлөгөө тун бага авсан гэх статистик гарсан. Энэ насныхан сэтгэл зүйчд хандахгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Стрессээ согтууруулах ундаа, тамхи зэргээр гадагшлуулдаг. Мөн сэтгэл гутралд орсноо анзаардаггүй.

-Сэтгэл гутрал үүсгэдэг хүчин зүйлс юу байдаг вэ?

          -Өсвөр насанд бүх зүйл итгэл найдвараар дүүрэн байдаг. Харин насанд хүрээд ирэхээр тухайн оргилсон их хүсэл мөрөөдөл, итгэл найдвар бага багаар багасаж, бодит байдалтай нүүр тулдаг. Дийлэнх хүмүүс үүнийг эергээр хүлээн авч, амьдралын шинэ мөчлөг, сорилт гэж хүлээж авдаг. Гэвч зарим нь гэнэтийн өөрчлөлтөд стресстэж, үүнийгээ даван туулж чадахгүй явсаар сэтгэл гутралд ордог. Гэнэтийн өөрчлөлтөд гэр бүл зохиох, хүүхэдтэй болох, салах, ажил хөдөлмөр хийж эхлэх, ажлаас халагдах. Хэн нэгэн ойр дотны хүнээсээ хагацах зэрэг орно. Мөн 20-25 насанд давхардсан үүргийн харилцаанд орсноор ажил, амьдралын тэнцвэртэй байдал алдагддаг. Энэ сэтгэл гутралд ороход хүчтэй нөлөөлдөг.

 -Давхардсан үүргийн харилцааг дэлгэрэнгүй тайлбарлавал?

          -Хоёр давхар ажил хийх, суралцангаа ажиллах. Хүүхдээ харахын хажуугаар суралцах, ажиллах зэрэг ажил үүрэг давхцахыг давхардсан үүргийн харилцаа гэнэ. Мөн ажлын газар, сургууль, гэр бүлд нь давхар асуудал үүссэн тохиолдлыг хэлнэ. Олон асуудал нэг дор давхцах нь амьдралыг тэнцвэргүй байдалд хүргэдэг.  

Ажил, амьдралын тэнцвэргүй байдал, гэнэтийн өөрчлөлт сэтгэл гутралд хүчтэй нөлөөлдөг

-Тэгвэл яаж сэтгэл зүйн асуудал, өөрчлөлтөд орсноо хүлээн зөвшөөрч шийдвэрлэх вэ?

          -Тухайн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, өөртөө ирэх ачааллаа багасгах хэрэгтэй. Мөн сэтгэл хөндүүрлээд байгаа асуудлаа олохын тулд өөртөөгөө ярилцах, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь нэн түрүүнд авах арга хэмжээ юм.

-Сэтгэл зүйн хямрал, сэтгэл гутрал хоёрыг ялгаа нь юу вэ?

 -Өдөрт тутамд бидэнд тохиолддог  асуудал, стресс биднийг байнгын тавгүй байдалд  оруулбал сэтгэл зүйн эмгэг болно. Харин сэтгэл хямрал нь хэвийн зүйл бөгөөд түр зуурынх байдаг. Хэрэв сэтгэл хямрал 14 хоногоос дээш  үргэлжилбэл “Энэ зүйл асуудал юм байна” гэж хүлээн зөвшөөрч, шийдвэрлэх хэрэгтэй.  

-Олны танил хүмүүсийг даган дуурайх, бусдад таалагдах хүсэл нь нэг төрлийн дарамт үүсгэдэг үү?

          -Биднээс гэр бүл, ажил, нийгэм их зүйл хүлээдэг. Таныг алдахыг, сул дорой байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Дандаа гоё сайхан, хүчтэй, хичээж байх ёстой юм шиг хэн нэгэнтэй харьцуулдаг. Энэ үгүйсгэгдсэн, харьцуулагдсан мэдрэмж дунд амьдрах нь сэтгэл зүйн дарамт болдог. Тиймээс эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлаж сурах, хааяа сул дорой байх эрхийг өөртөө өгөх хэрэгтэй. Ингэснээр эргэн тойрны хүмүүстэй үргэлж инээж, хичээж, сайн байж чадахгүй гэдгээ ойлгуулна.

-Гацаанд орсон мэт мэдрэмж төрж, ур чадвар болон амьдралын хувьд дээшлэхгүй байгаа мэт байх үе бий. Тэр үед яах хэрэгтэй вэ?

          -Хүн нэг зүйлээ, нэг арга барилаараа хийгээд л байвал хэдий дуртай зүйл нь байсан ч зугтаамаар, болимоор санагддаг. Магадгүй маш их дарамт мэдэрдэг. Тиймээс нөгөө л ажил, амьдралын тэнцвэр хэр байгааг ажиглах хэрэгтэй. Өөртөө, гэр бүлдээ, ажилдаа хэр цаг зарцуулж байна, тэнцвэртэй байна уу гэдгийг анзаарч эхлэхэд асуудал, гарц хаана байгааг олж, урагшилдаг.

-Заавал хэн нэгэнтэй ярилцахгүйгээр сэтгэл зүйгээ эмчилж болдог уу?

          -Хувь хүний онцлогоос хамаарч мэдрэмжээ илэрхийлэх хэлбэр нь өөр байдаг.Нийгмийн харилцаанд орж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлж, ярилцаж эдгэрдэг хүн гэж бий. Мөн өөртөөгөө ярилцаж, ганцаараа асуудлаа давах туулж чаддаг хүн ч бий. Энэ мэдээж хувь хүний онцлог. Заавал ярь гэж хүчлэх хэрэггүй.

-Сэтгэл гутралын хамгийн хүнд хэлбэр амиа хорлолт байх. Энэ талаар яривал?

          -Хүмүүс амиа хорлолтыг гэнэтийн хүчтэй шийдвэр гэж хараад байдаг. Гэвч урт хугацааны сэтгэл гутрал болон сэтгэл цочрол  хавсарсан тохиолдолд ийм байдалд хүргэдэг. Тиймээс өөрийгөө тайвшруулах эерэг аргыг олох хэрэгтэй.

-“Цаг хугацаа бүхнийг эмчилдэг” гэдэг. Хэрэв сэтгэл зүйчд хандахгүй, асуудлаа шийдэхгүй байвал цаг хугацааны эрхээр сэтгэл зүй хэвийн  байдалдаа орох уу?

          -Өмнө нь тухайн зүйлээс өвдөлт мэдэрдэг байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудалтайгаа амьдарч сурдаг. Биефизиологиор яривал мэдээ алдаж эхэлснийг илтгэнэ. Тэрнээс сэтгэл зүйн асуудал нь шийдэгдээгүй байдаг. Олон шийдээгүй асуудалтай байх, удаан хугацаанд сэтгэл гутралтай байх нь хүний амьдрах чадварт сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ тухайн сэтгэл түгшүүр үүсгэж буй асуудлаа шийдэхгүй бол ахиад тийм зүйл гарч ирэхэд илүү хүнд хэлбэрийн гутралд орж, сэтгэл зүйн эмгэгтэй болно гэсэн үг. Хосуудын харилцаанд энэ нь түгээмэл ажигладаг. Энэ зовлонтой харилцаа байна, салаад өөр хүнтэй үерхэж, гэрлэхэд болно гэж боддог. Тэгээд шинэ харилцаа эхэлж, зөрчил үүсэхэд ахиад л салсаар нэг мэдэхэд олон салж, нийлдэг. Угтаа тэр хүн хосын харилцаанд суралцах, өмнөх сэтгэл зүйн шаналлаа эмчлэх хэрэгтэй. Тэгэхээр шийдэгдээгүй зүйл цаг хугацааны аясаар  эмчлэгддэг зүйл биш.

-Ярилцлагын төгсгөлд сэтгэл хямралыг даамжруулахгүй байх энгийн аргыг хэлж өгөөч?

          -Хамгийн энгийн арга бол байгальд алхах, зөв амьсгалах, хооллох, амьдралын зөв хэвшилтэй, дасгал хөдөлгөөн хийдэг байх хэрэгтэй.

         

 

 

 

 


СЭТГЭЛ ЗҮЙЧ Ж.ҮЙЛСТ: Залуус сэтгэл гутралд орсноо мэдэхгүй явсаар хорт зуршилд автдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188