• Өнөөдөр 2024-04-20

Т.ЦАЦРАЛ: Сүүлийн дөрвөн жилд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед гэмтэл учруулсан 38846 тохиолдол бүртгэгдсэн

2023-03-30,   366

     “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”  жил бүрийн энэ сард хамгийн олон тоогоор үйлдэгддэг бөгөөд сэрэмжлүүлэг болгох үүднээс Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т. Цацралтай ярилцлаа.

- “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” юунаас болж үүсдэг вэ?

                -Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, уур бухимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгддэг.

-Тус хэргийн бүртгэл  сүүлийн жилүүдэд хэр нэмэгдсэн бэ. Насны бүлгээр хувааж үздэг үү?

-Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь 2018-2022 онд 38.846 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.1 хувийг дангаар эзэлдэг. 2018-2019 онд 9.3 хувь, 2019-2020 онд 8.5 хувь, 2020-2021 онд 0.56 хувь тус тус бууралттай, 2021-2022 онд 23.9 хувиар өссөн байна. Энэ гэмт хэргийн дийлэнх хувийг 18-39 насны залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж байна. Мөн нийт 6999 этгээд холбогдсоноос 764 буюу 11.0 хувь эмэгтэй хүн, 270 буюу 3.8 хувийг насанд хүрээгүй хүн, 3710 буюу 53.0 хувийг 18-34 насныхан эзэллэдэг.

-Энэ төрлийн гэмт хэрэг хаана хамгийн их үйлдэгддэг вэ?

                -Нийт бүртгэгдсэн хэргийн 3878 буюу 50.7 хувь нь ахуйн хүрээнд бүртгэгдсэн үүнээс монгол гэрт 22.6 хувь, орон сууцанд 11.9 хувь, гудамж талбайд 26.5 хувь, олон нийтийн газарт 6.8 хувь, баар, ресторанд 1.8 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.Хэрэг үйлдэгдэж буй цаг хугацааны хувьд авч үзвэл 19-22 цагийн хооронд 1554, 14-19 цагийн хооронд 1825, 06-14 цагийн хооронд 1432, 22-06 цагийн хооронд 2826 буюу 37.0 хувь буюу хамгийн өндөр хувийг дангаар эзэлж байна.

-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

                Цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг нь  арилгах, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр гардаг гуравдугаар сарыг сонгож, энэ оны  гуравдугаар сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа.

Иймд иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.


Т.ЦАЦРАЛ: Сүүлийн дөрвөн жилд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед гэмтэл учруулсан 38846 тохиолдол бүртгэгдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188