• Өнөөдөр 2024-04-24

Зурхайч Ч.ОЧИРБАТ: Туулай жилд түүхэн үйл явдал болдог онцлогтой

2023-02-20,   1359

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өнгө ямар байх талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн ерөнхий шинж ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юү?

                -Жилийн өнгийг хоёр аргаар шинждэг. Шинийн нэгний өглөөний байдлаар тухайн жилийн өнгийг шинждэг. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 21-нд шинийн нэгэн тохиож байгаа. Тус өдөр нь цагаан нохой өдөр, есөн улаан мэнгэтэй, мод суудалтай, арвидах барилдлагатай. Сайхан өдөр гарч байгаа. Мөн шороон үхэр жилийн зурлагаар шинжиж, мал ахуй, ургамал амьтан, хүн зоны байдлыг шинждэг. Үхэр нь байгалийн ургац, улирлын цаг агаарын шинж, тариалангийн гарц зэргийн шинжийг агуулдаг. Энэ жил зурлагад ногоон өнгө голлосон байгаа нь өвс ногоо элбэг, цэцэг алагласан сайхан жил байхыг илтгэдэг. Эвэр сүүл нь цэнхэр байгаа нь хур бороо цагтаа орохыг илэрхийлдэг. Дөрвөн шийр нь улаан байгаа нь эерэг дулаан жил болохыг харуулж байна.

      Үхэр хариулаач нь эрэгтэй, яарсан байдалтай алхаж байгаа настай хүний дүрээр зурагджээ. Өнгөрч буй бар жилд хөл нүцгэн хүн үхрийн хажууд байсан. Энэ жилийн хувьд гутлаа өмссөн хүн яаруу алхаж явна. Хариулаач нь настай хүн байгаа учир өвгөд хөгшдөд ээлтэй, залууст дунд зэрэг, нялхаст буюу түмэн олонд энхрийлүүштэй жил гарах нь ээ. Хүн гутал байгаа нь хөдөлмөрлөсөн, иргэд хол ойр зорчих ажил ихтэй байхыг харуулдаг.

-Усан туулай жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх хэрэгтэй вэ?

                -Харш жил, ивээл жил, цагаан жил, гүймэг, суудлын засал гээд олон засал бий. Суудал өнцөгдөж байгаа шороо, огторгуй, уул, хий дээр суусан хүмүүн суудлын засал хийлгэнэ. Туулай жилтэй, тахиа жил их харш, хулгана, морь жил бага харш байгаа учир харш жилийн засал хийлгэнэ. Үүнээс гадна ивээл гурван жил буюу хонь, гахай жилтнүүд ивээл жилийн засал хийлгэнэ. Цагаан жилийн засал гэж бий. Туулай хулганыг хөөнө гэж зурхай дээр гардаг. Хулгана жилтэй хүмүүсийн цагаан жил буюу логар жил тохиож байгаа учир засал хийлгэх хэрэгтэй.

-Харш жилтэйн заавал засал хийлгэх хэрэгтэй байдаг уу?

                -Их харшийн заслыг заавал хийлгэх ёстой. Бага харш, дотоод засал зэргийг хийлгэх хэрэгтэй. Үүнээс болоод сэтгэл санаа хямрах, хийморь доройтож мэднэ. Мөн 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүсийн  жил  гарч байгаа учир жилийн засал хийлгэнэ.

-Газар тариалангийн хувьд энэ жилийн зурлага ямар байгаа вэ?

                Газар тариалангийн хувьд сайн байна. Цагийн хур цагтаа бууна. Улирал бүрийн эхээр хуртай. Харин хур тунадас ихтэй байх учир бадган өвчин дэлгэрч болзошгүй.

-Шинийн 15-нд багтааж жилийн заслаа хийлгэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Хэзээ заслаа хийлгэх ёстой байдаг вэ?

                -Арванхоёрдугаар сарын 22 буюу нар буцах өдрөөс шинийн 15-ны хооронд засал хийлгэх хэрэгтэй. Эрэгтэй хүн жил угтаж, эмэгтэй хүн жилээ дагадаг гэдэг. Шинийн 15-нд багтааж засал хийлгэвэл сайн."Цагаан сар өнгөрчихлөө засал хийлгэж болохгүй" гэсэн юм байхгүй ээ. Хаврын сардаа багтаж засал хийлгэсэн ч болно.

-Өрхийн тэргүүн нь мөрөө гаргасан байхад болно гэсэн ойлголт байдаг. Мөрийг хүн бүр гаргах хэрэгтэй байдаг уу. Мөр гаргах ёсны талаар ярихгүй юү?

                -Жил солигдож, хүний амьдралын нэг цаг хугацаа шинээр гарч байгаа юм. Шинээр гарч байгаа цаг хугацаанд хүн учир зовлон, жаргал тохионо. Зовлон, бэрхшээлээс холуур байх гэж мөр гаргадаг. Тиймээс шинийг нэгний өдөр сайн зүг буюу цог хийморийнхоо гарч хорлолын зүг рүүгээ суудлынхаа цээрийг гаргаж, буян хишгийнхээ зүгээс гэртээ орж ирдэг. Жишээ нь энэ төмөр дээр сууж төмөр зүйлээс гэмтэл авах байсан бол мөр гаргаснаас тухайн аюулыг өөрөөсөө холуур өнгөрүүлж байна гэсэн үг л дээ.

-Туулай жилийн онцлог нь юу байдаг вэ?

                -Жилийн онцлогийг яривал туулай жилд сайн зүйл болж байсан түүхтэй. Энэ жилийн туулай жил ч “Үзэсгэлэн болгогч” гэсэн нэртэй гарч байгаа тул сайн жил гарч байгаа байх гэж бодож байна.

  • 1915 оны модон туулай жилд Монгол, ОХУ, БНХАУ-ын хиагтын гэрээ байгуулагдаж байсан.
  • 1939 оны шороон туулай жилд Халх голын дайн эхэлж, тухайн жилдээ дууссан.
  • 1951 оны төмөр туулай жилд Ардын хувьсгалын 30 жилийн түүхэн ой тохиож байсан. Мөн тэр жил үйлдвэрлэл эхэлсэн байдаг.

-Ярилцсанд баярлалаа.              

                -Баярлалаа.

 


Зурхайч Ч.ОЧИРБАТ: Туулай жилд түүхэн үйл явдал болдог онцлогтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188