Байлдагч А.Амарыг ромбо, дипломоо гардаж аваад гарч ирэхийг нь хүлээсэн хүн олон. Ээж, эгч, ахаас нь эхлүүлээд ерөнхий боловсролын сургуулийн багш, цэргийн анги нэгтгэлийнх нь төлөөлөл ч ирсэн байх. Бүгдийг нь дотночлон тэвэрсэн А.Амар их сургуулийн ангидаа очихыг хүсэж байгаа тухайгаа хэлж, биднийг дагуулан ШУТИС-ийн төв байрнаас гарлаа.
Эрчим хүчний сургууль руу явж байхдаа А.Амар дипломын ажлынхаа тухай ярьж байна. Тэрбээр 15 давхар дөрвөн блок орон сууц, зургаан давхар үйлчилгээний төвийн цахилгаан хангамжаар дипломын ажлаа бичжээ. Байлдагч А.Амарын анги төв байрнаас нь нэлээд зайтай. ШУТИС-ийн төв байраараа дамжин хоёрдугаар байр руу орлоо. Түүний анги уг байрны хамгийн дээд давхарт байдаг гэнэ. Лифт хүлээн зогсонгоо А.Амар хөгшин цэрэг байсан тухайгаа ярих. Тэрбээр өмнө нь их сургуулиасаа чөлөө авч байсан бөгөөд 25 насандаа цэргийн албанд мордсон аж.
Байлдагч А.Амарт цэргийн албанд татагдаад гурван сар болоход нь нийт 10 хоногийн чөлөө олгосон гэнэ. Энэ тухай тэрбээр "Арванхоёрдугаар сарын 21-нд дипломын урьдчилсан хамгаалалтдаа ороход Хуурай замын ерөнхий командлалаас надад 96 цагийн чөлөө өгсөн. Харин энэ сарын 4-ний өдрийн диплом хамгаалалтад Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн зүгээс 72 цагийн чөлөө олгосон. Төгсөлтийн баяртаа оролцож, ромбо, дипломоо авахад минь зориулж мөн 72 цагийн чөлөө өгсөн юм" гэлээ. А.Амарын анги цахилгааны утас, хаалтаар дүүрэн байх аж. Тэр ч хэрээрээ самбар нь томьёогоор дүүрчээ. Биднийг очих үед ангийнхан нь хэдийнэ цуглачихаж. Ангийн багш нь сандруу гэгч нь оюутнууддаа баяр хүргэж, төгсөгчдийн нүдэнд нулимс цийлэгнэн байгаа харагдах.
А.Амар бид хоёр ангийнх нь нэг ширээг зайчилж суугаад ийн ярилцсан юм.
-Цэргийн албанд татагдахдаа хэдийнэ дипломын ажлаа эхлүүлсэн байсан гэж сонссон. Их сургуулийн төгсөх курс, мэргэжлээ эзэмшихийн даваан дээр цэрэгт татагдах болсон тухайн үед юу бодогдож байв?
-Харамсах сэтгэл төрж байлаа. Би өнгөрсөн 2022 оны аравдугаар сард цэргийн албанд татагдсан. Тухайн үед дипломын ажлынхаа 50 хувийг нь биччихсэн байсан.
-Дипломын ажлаа гүйцээж, хамгаалж, их сургуулиа төгсөх боломжтой талаар хэрхэн мэдсэн бэ?
-Намайг цэрэгт татагдах үед хариуцаж байсан ахлагчдаа дипломын ажлаа бичиж байсан тухайгаа хэлтэл "Анги дээрээ очоод захирагч, удирдлагууддаа энэ тухайгаа учирлаарай. Боломжтой гэвэл дипломыг чинь хамгаалуулж, их сургуулиа төгсөх боломж олгож мэднэ" гэсэн юм. Тэгээд би цэрэгт татагдаж очсоныхоо дараа ангийн удирдлагууддаа дипломоо хамгаалж, их сургуулиа төгсөх боломж олгох хүсэлт гаргасан. Гэр бүлийнхэн маань ч үүнтэй ижил хүсэлт гаргаж байсан учир анги нэгтгэлээс зөвшөөрсөн.
-Цэргийн ангид байхдаа хэрхэн дипломоо бичсэн. Чухал хэрэгтэй сурах бичиг, материалаа хэрхэн бүрдүүлэв?
-Анх цэргийн ангидаа дипломоо бичих хэцүү санагдаж байсан. Мэдэхгүй, ойлгохгүй зүйл гарвал багш нар руугаа яриад асууж болохгүй. Гэсэн ч тэр хүндрэлтэй байдлыг арилгаж, дипломоо бичих боломжийг Зэвсэгт хүчний 120 дугаар анги надад олгосон. Нэг өдөрт нийт дөрвөн цагийн турш дипломын ажилдаа төвлөрч, бичих, мөн хэрэгтэй сурах бичгүүдээр ч хангаж байсан.
-Алба хааж дууссаныхаа дараа юу хийхээр төлөвлөж байгаа вэ. Эсвэл цэргийн албанд улирч үлдэх сонирхолтой байна уу?
-Надад цэрэгт улирч үлдэх сонирхол байхгүй. Харин гаднын орон руу явж, сурч боловсрох хүсэл бий. Би өөрөө хятад хэлтэй. Үүнийгээ ч ашиглан эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн болохыг хүсэж байна. Би Монгол Улсын зөвлөх инженер болохыг мөрөөддөг.
Байлдагч А.Амарыг ангийнхан, багштайгаа уулзаж байх үеэр түүний ээж Агиймаатай ярилцсан юм. Тэрбээр "Хүүг минь их сургуулиа амжилттай төгсөх боломжоор бүрэн хангахсан Зэвсэгт хүчний 120 дугаар анги, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хуурай замын цэргийн командлалын удирдлагуудад маш их баярлаж байна. Цэргийн албаа хаангаа их сургуульдаа сурч, төгсөж болдгийг миний хүү амжилтаараа харууллаа" гэв.
Харин түүний ерөнхий боловсролын сургуулийн багш Нарандулам "Манай А.Амар ерөнхий боловсролын сургуульд байхын л их амар хүүхэд байлаа. Тэр ч утгаараа их сургуулийг цэргийн алба хаах хугацаандаа амархаан дүүргэж чадсанд ангийн багшийн зүгээс уншиж мэдээд ихэд баярлаж сэтгэл тогтож ядан шавиараа бахархаж сууна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн ирээдүйн сайн боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаад эргэлзэх зүйл алга. Эр хүний бахархал, үүрэг гэдгийг ухамсарлаж, үеийн нөхдөдөө үлгэр болж байгаа А.Амартаа халуун баяр хүргэж байна" гэсэн юм.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хугацаат цэргийн алба хаасан иргэдэд төрийн албанд орох, шатлан дэвших, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх давуу эрх олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилт оруулсан байдаг. Үүний хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Цэргийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 48 дугаар зарлигаар байгуулагдсан Ажлын хэсэгтэй хамтарч ажиллах шийдвэр гарсан. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд "Хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэл”-ийн судалгааны даалгаврыг 2023 оны эхний улиралд багтаан боловсруулахаар даалгаад байгаа аж. Тогтолцооны шинэчлэлийн утга учир нь цэргийн эрдэм эзэмшихийн зэрэгцээ, нийгэмд тус болох мэдлэг, мэргэжил, тодорхой мөнгөн хуримтлал, цэрэг, эх оронч үзэл хандлагаар төлөвшсөн эр цэрэг, эр хүн бэлдэх юм.
Байлдагч А.Амарын үзүүлсэн амжилтаас гадна маш олон цэрэг сурч, боловсорч байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эргийн албанд татагдсан залуусаас улсын шалгалтаа амжилттай өгч, их сургуульд орох, их сургуулийн хичээлээ цахимаар үзэх, гаднын оронд суралцах тэтгэлэг авч байсныг дурдах нь зүйтэй.
Дипломоо хамгаалж, их сургуулиа төгссөн байлдагч А.АМАР: Монгол Улсын зөвлөх инженер болохыг мөрөөддөг |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |