• Өнөөдөр 2024-04-26

Х.БАТЦЭЦЭГ: Шавь нарынхаа хайран дунд умбаад л байж байна даа

2022-12-27,   2576

   Цахим сүлжээнд нэгдүгээр сургуулийн 2011 оны төгсөгч н.Бат-Эрдэнэ дунд болон ахлах ангийн багш нартаа хоёр өрөө байр бэлэглэсэн гэх мэдээлэл цацагдсан. Бид түүний ахлах ангийн багш Х.Батцэцэгтэй баярын сэтгэгдэл, шавь нар, багшийн амьдралын талаар цөөн хором ярилцлаа.

 -Сайн байна уу. Та боловсролын салбарт хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

    -Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Х.Батцэцэг гэдэг, боловсролын байгууллагад 35 жил ажиллаж байгаад, тэтгэвэртээ гараад таван жил болж байна. Анх их сургуулиа төгсөөд нэгдүгээр сургуульдаа математикийн багшаар ажиллаж эхэлсэн. Ер нь миний амьдралын хамгийн сайхан бүхий л мөч энэ сургуульд үе үеийн шавь нар, хамт олонтой бужигналдаж л өнгөрсөн дөө. Хэдий тэтгэвэртээ гарсан ч сургуулийнхаа халуун дулаан орчин хүүхдийн сайхан энергиэ санаад үе үе сургуульдаа очдог.

 -Таны шавь танд хоёр өрөө байр бэлэглэсэн байсан. Одоо цагт хүнд байр бэлэглэх байтугай өөрөө ч байр худалдахад авахад бэрх цаг шүү дээ. Энэ мэдээг сонсоод яаж хүлээж авсан бэ?

    -Манай сургуулийн ойн баяр болж, үе үеийн төгсөгчид, багш, ажилчдыг урьсан юм. Өдөр тоолон догдолсоор баярт очиход гэнэт н.Бат-Эрдэнэ шавь маань тайзан дээр гараад, намайг дуудсан. Тэгээд надад байр бэлэглэхэд нь гайхаад, яах аа мэдэхгүй сонин мэдрэмж авсан. Танхим дүүрэн 500 гаруй хүний өмнө тийм мэдээ сонсоход хүн чинь таг гацдаг юм билээ. Нэг үе багшилж байсан хамт олон миний өмнөөс уйлаад, баярлаад ямар сайхан байсан гэж санана. Одоо ч тэр мэдрэмж арилаагүй байна. Мөн над руу “Ямар мундаг шавьтай юм бэ, баяр хүргэе” гэж залгах хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа.

-Шавийнхаа тухай яриач, ямар зан ааштай хүүхэд байсан бэ?

     -Анх бага ангиа төгсөөд, дунд ангид элсэн суралцахад нь анги удирсан багш нь болж шавьтай анх танилцаж байлаа. Тэр үед 11 настай сэргэлэн жаахан хүү “Багш аа” гээд л гүйдэг байсан. Одоо сайхан том залуу болжээ. Арван жилээ төгссөнөөс нь хойш хэдэн жилийн өмнө л ганц удаа уулзсан. Харин цахимаар хааяа мэнд мэнддэг байлаа. Гэнэт л багшдаа ийм гэнэтийн бэлэг барьж, уулзана гэж санаанд ердөө ороогүй. Үр хүүхэд эцэг эхийнхээ ачийг хариулахыг хичээдэг шиг шавь минь намайг баярлууллаа. Баярлах, шавиараа бахрахаас өөр хэлэх үг алга даа.

 -Сайн багшийн гар дээр маргаашийн наран манддаг гэх сайхан үг байдаг. Та энэ салбарт 35 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүний хувьд сайн багш гэж ямар хүнийг хэлэх вэ?

   -Багш хүн бүх шавь нартайгаа ижил тэгш харьцаж, өөрийн хүүхэд мэт хайрлах ёстой гэж би хувьдаа бодож явдаг. Багш хүн шавьдаа төрүүлсэн ээж, аав шиг нь чин сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэйг залуу багш нартаа үргэлж захиж явахыг л хүсдэг дээ. Багш, шавь хоёр эх үр шиг холбоотой байдаг гэдгийг нийгэм ойлгоосой. Шавийн минь энэ үйлдэл үүнийг батлалаа. Шавь нарынхаа хайран дунд умбаад, тойрсон олон цэцэгс дунд жаргаад л сууж байна даа.

-Та яагаад энэ олон мэргэжил дундаас багшийн мэргэжлийг сонгосон юм бэ?

   -Би хүүхдэд маш их хайртай, яагаад ч юм хүүхэд харахаар л жаргалтай болчихдог. Тэгээд л багшийн мэргэжлийг сонгож байлаа. Өнгөрсөн хугацаанд мэргэжлээсээ уйдаж, шантарч байсан бараг л үгүй. Намайг сургуулиа төгсөхөд манай улсад математикийн багш тун ховор байлаа. Төгсөөд шууд л сургуулиуд л руу хувиарлагддаг байсан. Нэгдүгээр сургууль гэх сайхан эрдмийн өргөөтэй амьдралаа холбосноо хувь тавилан, аз гэж боддог доо. Энэ хугацаанд зургаан анги удирдаж төгсгөсөн. Дөнгөж дунд ангид орж ирж буй жоохон шавь нараа хараад тэднийхээ амьдралын суурийг одоо л зөв тавьж, сайн зам руу чиглүүлэх юм сан гэж боддог. Тэгж явсаар нэг л мэдэхэд тэд минь сайхан залуус болж өсөөд, сургуулиа төгсөөд, өөр өөрийн замаар жигүүрээ дэвээд л нисдэг байсан даа. Шинэ анги төгсгөх бүрд л сайхан мэдрэмжийг авдаг байлаа. Одоо хааяа шавь нараа их санаж, хэн нь хаана яваа бол гэж үгүйлдэг. Анхны шавь нараа төгсөхөд манай сургуулийн 70 жилийн ой болж байлаа. Тэгээд СТӨ-д ойн тоглолтын үеэр шавь нартаа “Амьдарлаа би чамд хайртай” гэх дууг зориулан дуулж байсан. Шавь нар минь ижилхэн хувцас өмсчихсөн, багшийгаа хоёр давхраас үзээд зогсож, байсан үеийг одоо ч тод санадаг. Ер нь багшийн мэргэжил дурлахгүй байхын аргагүй сайхан шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа. Чамтай ярилцаад өнгөрсөн түүхээрээ аялах сайхан байлаа.

 


Х.БАТЦЭЦЭГ: Шавь нарынхаа хайран дунд умбаад л байж байна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-28 15:44:54
    Н. Тогоохүү: Найз. Батцэцэгтээ сайн шавь. Бат. Эрдэнэд нь халуун баяр хүргэе. Батцэцэг найзтайгаа 1986 онд. МУИС ийн математикийн ангийг хамт төгссөн. Манай. Цэцгээ оюутаэ байхын л нийтэч өгөөмөр урлаг спортоор манлайлагч мэдрэмж өндөр мэдээлэл харилцаа сайтай хөгжилтэй сайн оюутан байсан Хотын 1- р сургуульд үлдэх ч амаргүй даваа Тууштай тогтвор суурьшилтай ажилласан хамгийн сайн багш хүүхэд багшдаа их баярлаж явдаг илэрхийлэл нь юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-28 11:40:07
    А.Мөнхчимэг: Цэцэгээ бид 2 МУИС-н математикийн нэг ангийн оюутнууд. Багш шавийн харилцан хүндлэл, ойлголцол, насан туршийн барилдлагын талаар олонтоо уншиж, сонсож явсан ч багшийн ачийг ингэж үнэлж хүндэлж баярлуулсан тухайд төсөөлсөнгүй явлаа. Үнэхээр миний найз ямар ч хүүхэдтэй адил тэгш хүндэтгэлтэй харьцаж, тэднийг байгаагаар нь ойлгож, ирээдүйд нь залж чиглүүлдэг онцлогтой багш хүн. Сайн шавьд нь маш их баярлалаа. Найздаа баяр хүргэж ярьхад сайхан байсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 20:02:44
    Г.Энхболд: Х.Батцэцэг багштай 2000 оноос хойш хамтарч ажиллаж байлаа. Удирдан зохион байгуулах авьяастай, төрөлхийн мэдрэмжтэй, шавь нараа зөв чиглүүлэх, шинийг санаачлахдаа гойд авьяастай багш даа.... Аз жаргал хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 15:46:35
    Болормаа: Юуны өмнө хайрт найздаа чин сэтгэлийн баяр хүргэе. Би Батцэцэг багштай анх 1988 онд Эрхүүгийн их сургуулийн математикийн анги төгсөөд 1-р сургуульдаа багшлахаар ирсэн тэр үеэс одоог хүртэл найзалж жаргал зовлонгоо хуваалцаж явна. Миний найз намайг ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан тэр мөчид эхийн, эгчийн, найзын сэтгэлээр гар сунган авсан билээ. Сайн багш байсан учраас сайхан шавь нартай байгаа нь аргагүй бөгөөд тэд нартаа эхийн сэтгэлээр ханддаг болохоор тэд бас үрийн сэтгэлээр ханджээ гэж би бодож байна. Сайхан сэтгэлт найздаа болон шавь нарт нь аз жаргал хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 14:45:48
    Гүррагчаа: Багш бүр шавьдаа сайн сайхан бүхнийг зааж сургахыг зорьдог. Батцэцэг багш бол шавь нарынхаа үзэл бодол, сэтгэлийг ойлгох, удирдан чиглүүлэхдээ төрөлхийн гэмээр авьяастай багш даа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188