• Өнөөдөр 2024-04-25

Сүхбаатарын талбайд хичээл заасан багш Д.СЭРДАРАМ: Оюутнууддаа 1990 оны жагсаалыг одоогийн жагсаалтай харьцуулан тайлбарлаж, хичээлээ заасан

2022-12-16,   560

         ШУТИС-ийн багш Д.Сэрдарам арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд хичээлээ заасан. Үүнийг Төв талбайд жагсаж буй жагсагчид бүү хэл орон даяар харсан биз ээ. Тэгвэл бид  Монголчуудын түүх, соёлыг оюутнуудаа зааж, танин мэдүүлж яваа түүнтэй жагсаалын эргэн тойронд цөөн хором ярилцсан юм.

     Д.Сэрдарамтай уулзахад тэрбээр “Би 27 дахь жилдээ багшилж байна. Анх багш болж байхдаа эх орон минь архинд живсэн ч хөгжинө. Итгэлтэй бай гэж шавь нартаа хэлдэг байсан. Харин одоо биднийг уучлаарай гэхээс өөр үггүй болсон байна даагэсэн юм.

 -Сайн байна уу. Та магадгүй Нийслэл хотынхоо төв талбай дээр хичээл заасан анхны багш болж буй байх.  Яагаад заавал жагсагчдын  дунд хичээл заах болсон бэ. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

      -Тухайн өдөр их сургуулийнхаа тэнхимд 20 минут лекцээ ороод, оюутнууддаа талбай орж хичээлээ үргэлжлүүлэх саналыг тавьсан. Тэгэхдээ зөвхөн сайн дураараа очихыг л уриалсан. Хичээлийнхээ агуулгыг хэвлэж, бэлтгээд оюутнууддаа тараасан. Үүний дараа жагсаал дээр очиж, 1990 оны жагсаалыг одоогийн жагсаалтай харьцуулан практик дээр тайлбарлаж, хичээлээ заасан. Энэ долоо хоногийн хувьд их дээд сургуулийн оюутнуудын дүн гаргах долоо хоног. Тиймээс оюутнууд маань жагсаалд оролцох хүсэл эрмэлзэлтэй байсан ч яах аргагүй хичээлдээ суух болоод байгаа.

 -Цахим сүлжээнд оюутнуудыг юу ч мэдэхгүй байж жагслаа гэх маргаан нэлээд гараад байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

       -Оюутнууд бол Монгол Улсын ирээдүйн сэхээтнүүд шүү дээ. 1990 оны Ардчилсан хувьсгал амжилттай болоход оюутнуудын оролцоо маш их байсан. Магадгүй тухайн үед оюутнууд байгаагүй бол өнөөдрийн нийгэм байх эсэх эргэлзээтэй. Ажилчид жагсаалд оролцох боломжгүй. Харин оюутнууд оролцох боломжтой байсан үе л дээ. Хэрэв өнөөдөр Сүхбаатарын талбайг тойрон байрлах арав гаруй их, дээд сургуулийн оюутнууд жагсаалд оролцвол дахин нэг эргэлт хийх боломж бий. Үнэндээ оюутнууд бол өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлэх ч эрхтэй гэдгийг эрх баригчид мэдрэхгүй байгаа бололтой. Миний хувьд хэзээ ч оюутнуудыгаа доромжлохыг хүсдэггүй. Багш, оюутан гээд өөр түвшнээс харилцахгүй, найз шигээ хүлээж авах дуртай. Энэ нь ч оюутнуудад таалагддаг. Анх 18 настай хүү байхдаа дурлан байж, энэ мэргэжлийг сонгож байсан. Тэр цагаас хойш нэг ч удаа 27 жил мэргэжлээсээ залхаж байгаагүй. Тэнхимдээ оюутнуудтайгаа бужигналдаж байх хэдий сайхан ч одоо бол тэтгэвэртээ гарахыг л хүсэж байна.

-Таныг цагдаагийн байгууллагаас дуудсан гэсэн. Ямар шалтгаанаар юм бол?

 -Өнгөрсөн дөрөвдүгээр сард жагсаалд оролцоход цагдаагаас дуудаж байцаалт авч байсан. Энэ удаа оюутнуудыг өдөөн турхирсан гэж дуудсан. Жагсаал бол буцалсан ус юм. Органикаараа жагсаж байгаа залуучуудын жагсаалыг "цэвэр ус" пор пор хийтэл буцалж байна гэж төсөөл. Ийм ус дөрөвдүгээр сард, энэ жагсаалын эхэнд жинхэнээсээ буцалсан. Энэ удаагийн жагсаалыг тийм цэвэр тунгалаг буцлаасай л гэж хүсэж байна. Багш нар яагаад оюутнуудаа манлайлж, жагсах ёстой вэ гэдэгт тайлбар хийе. Зорилгод нь хүргэхийн тулд жагсагчдад мэдлэг, мэдээлэл өгөх. ШУТИС-ийн нэг багш уурхай гэж юу вэ, яаж бүтээгдэхүүнээ гардаг тухай тайлбарлаж өгөх. Эдийн засаг, санхүүгийн багш нар энэ хулгай яагаад гарсан, яаж хаах уу. Хуулийн багш асуудлыг шийдэх хуулийн гарц нь юу вэ гээд яриад жагсаалыг эрүүл уур амьсгалтай болгоно. Тэнд хэдэн минут хичээлээ ярихад олон хүн чих тавин сонсож, хүндэтгэлтэй хандаж байсны учир нь монгол хүн мэдлэг, мэдээлэл хаана байна түүнийг амтархан сонсдог нь төрөлх чанартай явдалд юм. Энэ сайхан чанар арилаагүй үед жинхэнэ сэхээтнүүд гудамжинд гарвал наадамд цугласан монголчууд мэт олон хүн ирнэ. Сэхээтнүүд гудамжинд гарахгүй бол жагсаал зурагдсан пянз, "бөөлжис мэт" бухимдал, гомдлоор дүүрэн нийтийн бөөгнөрөл хэвээр байна. Ийм зүйлийг ойрын өдрүүдэд сонслоо. Бөө зайрангуудын балайрахыг харж, бүр их гутарлаа. Цахим хуудасны цаана нүүрээ нуугаад, бэртэгчин амьдарч байснаас залуу үедээ нэг удаа ч болов үлгэр дуурайлал болохыг уриалсан төдий.

-Таны хувьд сайн багш гэж ямар хүнийг хэлэх вэ?

            -Зөвхөн онол заагаад, дүн тавьдаг хүнийг багш гэж хэлэхгүй байх. Харин багш хүн оюутныхаа сэтгэлд байгаа хүсэл эрмэлзлийн бамбар нь байх ёстой. Багш хүн ямар ч зан араншинтай байж болно. Хамгийн гол нь өөрийг нь зорьж ирээд, мөнгө, цаг хугацаагаа зарж байгаа залуучуудад хэрэгтэй зүйлийг нь өгч чаддаг л байх хэрэгтэй. Үнэндээ дүн бол диплом дээр тавигдаж, тэтгэлэг авахад л хэрэг болох зүйл шүү дээ.

-Та шавь нартайгаа хамт мод тарьдаг юм билээ. Жил бүр тарьдаг уу?

     -Би оюутнуудаа шавь гэж дуудах дургүй. Бүх цагийн оюутнуудтайгаа найз шиг нь байж, сайн сайхан зүйлд уриалахыг хүсдэг. Би сайн дурын байгууллагад ажилладаг. Энэ хугацаанд 50 гаруй сая төгрөгийн хандив босгосон. Одоогийн байдлаар 16 байршилд хоёр гаруй мод тарьсан байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

        -Баярлалаа.

 


Сүхбаатарын талбайд хичээл заасан багш Д.СЭРДАРАМ: Оюутнууддаа 1990 оны жагсаалыг одоогийн жагсаалтай харьцуулан тайлбарлаж, хичээлээ заасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188