• Өнөөдөр 2024-04-26

MАКЕ UP АРТИСТ Ц.АРИУНЗАЯА: ЭНЭ ЖИЛ КОНТУРАН БУЮУ ДАВХРААТАЙ НҮДТЭЙ ХАРАГДУУЛДАГ БУДАЛТ ТРЕНД БОЛЖ БАЙНА

2022-12-08,   1724

    Албан байгууллага, найз нөхөд, хамт олны хүрээн дэх шинэ жилийн баяр эхэлсэн эл өдрүүдэд бид уншигч танд энэ жилийн тренд нүүр будалтын талаар хүргэхээр Make Up артист Ц.Ариунзаяатай ярилцлаа. Тэрбээр OMC -HairWorld  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2021, 2022 оны  нүүр будалтын аварга юм.

-Энэ жил ямар будаг тренд болж байгаа вэ. Сүүлийн үед хүмүүс гял цал биш, энгийн будалт хийлгэдэг болоод байгаа ажиглагддаг?

      -Тиймээ. Тухайн хүнээсээ хамаараад янз бүрийн будалт хийгддэг. Жил бүр тренд болдог будалт гэж бий. Өнгөрсөн жил гэхэд шигтгээтэй тод будалт илүү их тренд болж байсан бол энэ жил контуран буюу давхраатай, том нүдтэй болгодог будалт тренд болж байгаа. Тухайн хүний баярт өмсөж байгаа хувцсанд нь тохируулан нүдний тенийг аль болох натурал тавиад цагаан, хар контураар давхраа хийх, нүдний хонхор гаргах зэрэг будалт илүү тренд болж байна.

-Нүүр будахад тухай хүний нас, арьсны өнгө гээд нарийн байдаг шиг санагддаг.  Хүмүүс артистийн будалтыг хэр хүлээж авдаг вэ?

      -Будалт ямар хүнд илүү тохиромжтой вэ гэвэл артист хүний хийж өгөх гэж байгаа өөрчлөлтийг хүлээж авдаг, өөрчлөлтөд дуртай, тухайн хүний сэтгэлгээ нь энгийн болон гоёлын будалт зэрэг янз бүрийн хувирлыг хүлээж авдаг байх нь артист хүнд чухал байхаас гадна илүү урам өгдөг.

-Үйлчлүүлэгчийнхээ нүүрийг сэтгэлд нь хүртэл будаад гаргах сайхан мэдрэмж байх. Нөгөө талаар алдаа гаргах тохиолдол ч байсан болов уу?

      -Үйлчлүүлэгч сэтгэлдээ хүртэл будуулаад  “Хөөх би ийм хөөрхөн юм байна шүү дээ” гэх үгийг хэлж, хөөр баяртай байгааг нь харах хамгийн сайхан. Ямар ч үйлчлүүлэгчид будалт нь таалагдсан л бол энэ үгийг хэлж, баярлаад, өөртөө итгэлтэйгээр инээмсэглээд толинд хардаг. Нөгөө талаар нүүр будалт хийдэг артист хүний бусад ажил, мэргэжлээс ялгаатай нэг зүйл нь үр дүн нь тэр дороо илэрдэг. Учир нь тухайн үйлчлүүлэгч сэтгэл дүүрэн байгаа эсвэл таалагдахгүй байгаагаа шууд илэрхийлэхэд ажлаа дүгнээд, илүү сайн будалт хийх урам зориг авдаг.

-Хүмүүс тэр бүр мэргэжлийн хүнээр нүүрээ будуулаад байх цаг зав бага байдаг. Иймээс өөрсдөө будалт хийх нь их. Өдөр тутмынхаа будалтыг өөрсдөө хийдэг хүмүүст  ямар зөвлөгөө өгөх вэ. Мөн хүмүүс нүүрээ будахдаа юун дээр анхаарах ёстой вэ?

      -Make Up артист гэх мэргэжлийг хүн бүр эзэмших албагүй ч хүн бүр өөрөө өөртөө артист байх хэрэгтэй гэж боддог. Баяр ёслол, өдөр тутамдаа ч  цаг заваа хэмнэх үүднээс өөрийгөө ямар ч нөхцөлд хөөрхөн болгоод сурчихвал эмэгтэй хүнд хамгийн чухал залшгүй хийх ёстой мэдлэг болдог. Анхнаасаа нүүр будах бүтээгдэхүүнээ зөв сонгохоос эхэлнэ. Бүтээгдэхүүнээ зөв сонгож, зөв багс авч байж зөв будалт хийгдэх суурь болдог. Эсвэл нүдний тенээр хамраа өндөрлөх, хөмсөгний харандаагаар нүдээ будах зэрэг зориулалтын бус зүйлээс будалт ямар байх нь шалтгаалдаг. Тиймээс мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байгаад нүүрний будгаа хийдэг жижиг цүнхийг дүүргэх нь зөв. Хүмүүс нүдээ тод будахад их ач холбогдол өгдөг. Угтаа бол нүүр будалт цэвэрхэн байхын тулд нүүрний өө сэв дарах үндсэн суурь, нүүрний хэлбэржүүлэлт хийх, хөмсөгийг гоё цэгцтэй будах нь тухайн хүний нүүрийг хамгийн түрүүнд зөв хэлбэртэй харагдуулдаг тул мэргэжлийн артистаас зөвлөгөө авах нь чухал.

-MАКЕ UP артист мэргэжлийг яагаад сонгох болсон юм бэ. Магад сонирхлоо дагасан болов уу гэж бодож байна. Анх юунаас санаа сэдэл, урам зориг авч энэ ажлыг эхлүүлсэн бэ? 

        -Би  геологич мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байсан. Тэгээд өөрийгөө нүүр хувиргал, будалт талдаа сонирхолтой байснаа илүү мэдэрсэн. Сонирхлоороо анх ютүүб хуудсаас нүүр будалтын бичлэг үзээд, сурч байсан. Нүүр будалтын сайхан зүйл нь гудамжны самбар дээрээс, сэтгүүлийн нүүрэн дээрээс, телевизээр гарч байгаа рекламны жүжигчдийн нүүр хувиргалт дээрээс өөрийн хийсэн ажлаа тэр дор нь харж, дүгнэдэг мэдрэмж хамгийн сайхан санагддаг. Хийсэн бүтээл минь олон сэтгүүл болоод хэвлэгдэх бүр сайхан. Эдгээрээс урам авч цааш илүү ихийг хийх хүсэл зорилго бий болдог. Мөн юунд дээрээ илүү суралцаж, өөрийгөө хөгжүүлэх ёстойгоо мэдэж авдаг. Артист хүний хувьд тухайн будаж байгаа моделио тултал нь будаж, тухайн ажил захиалж байгаа хүнд ажлыг нь гүйцэт сайн хийж өгөөд, сэтгэл дүүрэн байгааг нь харах хамгийн гоё мэдрэмж.

-Нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд он дараалан орж аварга болсон юм билээ?

         -2019 оноос хойш OMC-HairWorld дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй орсон байна. Гоо сайхны олимп гэж нэрлэгддэг энэхүү тэмцээнд гурван жил ороод сүүлийн хоёр жил дараалан аварга болсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол зорилго нь орон, орны шилдэг нүүр будалт хийдэг хүмүүсээс суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд байдаг. Бидний ажиллаж байгаа салбарын оргил цэг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрнөдөг. Тайзан дээр гараад 30 минутад дэлхийн 50-60 орны 5000 гаруй оролцогчтой өрсөлдөөд буугаад ирэхдээ нэг их сургууль төгссөн хэмжээний зүйл мэдэж авна. Улс, улсын хүмүүстэй өөрийнхөө ур чадварын харьцуулалтыг гаргаж авна. Артист хүн өөрийнхөө чадварт сайн шинэчлэл хийж, хурдан суралцах ёстой гэж боддог. Нүүр будалтын дэлхийн аваргын тэмцээнд орсон жилээ би ур чадварын хувьд илүү ахисан гэж боддог.  Дараа нь International Brilliant Cup Dubai, International Brilliant Cup -Hollywood USA тэмцээнүүдэд оролцсон. Мөн өнгөрсөн есдүгээр сард  Европ Улсын аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажилласан. Одоо арванхоёрдугаар сарын  15нд Las Vegas-t  болох олон улсын тэмцээний шүүгч хийхээр сонгогдсон байгаа.

    -Байнгын үйлчлүүлэгч хэчнээн хүн бий вэ. Нүүрний хэлбэр нүүр будахад мөн их нөлөөлдөг байх?

     -Make Up артистаар ажиллаад 10 жил болж байна. Арван жилийн турш тасралтгүй үйлчлүүлж байгаа хүмүүс бий. Нүүр будалтын мэргэжлийн нэг гоё зүйл нь хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчийг нь илүү өнгөлөг, тодотгож өгч байгаа нь. Сүйт бүсгүй, одонтой ээж, шинэ жил, модель болж байгаа хүн зэрэг тухайн хүний хамгийн сайхан мөчид нь будалт хийнэ. Арван жилийн өмнө хуримаа хийж байхдаа нүүр будалт хийлгэсэн хүн одоо хүртэл холбоотой байдаг. Тэр үед “Та намайг үнэхээр хөөрхөн будаж өгсөн шүү. Их баярлаж явдаг” гэж баярласнаа илэрхийлнэ. Мөн зарим тохиолдолд сэтгэлээр унасан үедээ нүүрээ будуулж сэтгэлээ засах гэж ирэх хүн ч бий. Эсвэл царай төрхөндөө жаахан сэтгэл дундуур байвал илүү хөөрхөн болгох боломж эрэлхийлж ирэх үйлчлүүлэгч ч байдаг. Түүнийг нь тухайн үйлчлүүлэгчтэгээ ярилцаж байж хамтдаа сайхан будалтыг бий болгодог.  Хамгийн гол нь артист хүн хэр хүлээж авч байгаа нь хамгийн чухал.

-Арьсаа арчлах тал дээр зөвлөгөө өгөөч. Будалтад арьс хамгийн чухал байдаг болов уу?

      -Арьс арчилгаа бол нүүр будалтын хамгийн чухал хэсэг. Ихэнх хүн нүүрээ цэвэрхэн буудуулья гэдэг. Цэвэрхэн будалт арьс цэвэр байхаас эхэлдэг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай орчинд амьдардаг хүмүүсийн арьс, бусад орныхны арьсыг бодоход илүү хурдан хөгшрөх, сулрах, унжих ханадлагатай байдаг. Тиймээс арьсыг шөнөдөө маш сайн амрааж, өдөртөө сайн хамгаалж явж байх нь зүйтэй. Арьсыг хамгаалахад нэгдүгээрт, өөртөө тохирох хэмжээний шингэн зүйл ууж, уур амьсгалдаа тохирсон арьсны ком бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Мөн унтахын өмнө тухайн бүтээгдэхүүнийг арьсандаа хэрэглэх, арьсаа гуужуулах нь хамгийн чухал. Үхэжсэн арьсыг гуужуулсны дараа бүтээгдэхүүнээ хэрэглэвэл арьсанд сайн. Тиймээс эхлээд арьсны төрлөө тодорхойлоод, түүнд тохирсон арьс арчилгааг хийхийг зөвлөж байна.

-Нүүр будалтыг нэг өгүүлбэрээр илэрхийл гэвэл юу гэх бол?

     -Нүүр будалтыг хоёр янзаар илэрхийлмээр санагдаж байна. Нүүр будалт  гэдэг бол дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн, дотоод ертөнцийн гадаад илрэл гэж бодож байна. Мөн нүүр будалт бол урлаг. Учир нь сэтгэл нь тавгүй хүн нүүрээ гоё будуулахад сэргэдэг. Тухайн хүний сэтгэл санаа, дотоод ертөнц ямар байгаа нь хүний нүүр будалтаас эхэлдэг юм шиг санагддаг.

-Та цаашдын зорилго, мөрөөдлөөс бидэнтэй хуваалцаж болох уу?

       -2021, 2022 оны нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг улсаас нэг оролцогч анх удаагаа дараалан түрүүлсэн амжилт байлаа. Үндсэндээ үс, гоо заслын энэ салбартаа дэлхийн бүх оронд Монгол орноо сурталчилж байгаа хамгийн том ажил болсон. Иймээс үргэлжлүүлэн энэхүү нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчдын тоог нэмэх, энэ тэмцээнд хэрхэн, яаж өрсөлдөх талаар өөрийн мэдэх, чадах бүхнээ зөвлөж, энэхүү тэмцээнд оролцох сонирхолтой залуусын гүүр болохыг хүсэж байна. Ирэх жилийн тэмцээнд илүү олуулаа оролцох зорилго тавьсан. Мөн Ерөнхий боловсролын сургуульд артист чиглэлийн мэргэжил сонгох талаар зөвлөгөө мэдээлэл өгч, уулзалт, ярилцлага хийж, лекц унших ажил явагдаж байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

             -Баярлалаа.


MАКЕ UP АРТИСТ Ц.АРИУНЗАЯА: ЭНЭ ЖИЛ КОНТУРАН БУЮУ ДАВХРААТАЙ НҮДТЭЙ ХАРАГДУУЛДАГ БУДАЛТ ТРЕНД БОЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188