• Өнөөдөр 2024-04-27

Ж.ТЭГШЗАЯА: Би уран зохиолын орчуулагч болсондоо харамсаж байгаагүй

2022-12-05,   1708

           Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман, Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэг” номыг эх хэлнээ буулгасан орчуулагч Ж.Тэгшзаяатай ярилцлаа. Тэрбээр орчуулга гэх уран зохиолын “хар ажил”-д эргэлт буцалтгүй дурлаж, өөрийгөө бүрэн зориулан яваа эмэгтэй билээ. Бид түүний үүсгэн “Нил” паблишингийн шинэ уран бүтээлийн талаар яриагаа эхлүүллээ.

БИ ХИЙЖ, БҮТЭЭЖ БУЙ ҮНЭ ЦЭН, УТГА УЧРЫНХАА ТӨЛӨӨ ШААРДЛАГАТАЙ ЗОЛИОСУУДЫГ ГАРГАХАД БЭЛЭН ТӨРЛИЙН ИДЕАЛИСТ ХҮН

-Амралт, зугаалгын сар дуусаж, намрын ажил эхэлж байгаа энэ үед “Нил” паблишинг ч мөн уншигчдадаа бэлэг барихаар зэхэж байгаа болов уу гэж тааж байна. Хүлээж суугаа уншигчдад сайхан мэдээ бий болов уу?

      -“Нил”-ийн зүгээс одоо болох намрын номын баяраар хоёр ном шинээр гаргахаар төлөвлөж байна. Нэг нь дуу зохиогч, дуучин Лана Дел Рейн шүлгийн ном. Яруу найраг, хөгжим хоёрын уулзсан цэгт нэг ном заавал гаргана гэж санаж явснаа энэ номоор ийн гүйцэлдүүлж байгаа. Лана гэж дуучны гунигтай, зоргоор дуунуудаар хань хийн амаргүй өдрүүдийг давдаг Ланагийн фэнүүд болон яруу найрагт дурлагчдад тун ч сонирхолтой ном байх болов уу гэж тааж байна. Уншигчдын зүгээс тун их хүлээлттэй байсан ч зун гаргалгүй хойшлуулсаар ийнхүү намар гарч байна. Нөгөөх нь Японы зохиолч Рю Мүракамигийн “Бараг л нэвт харагдах цэнхэр” хэмээх роман. Японы ид хөгжил цэцэглэлтийн үеийг тэс өөр агуулгаар бичиж, огт өөр Японыг харуулдгаараа Рю алдартай. Хөгжим, секс, хар тамхи гээд 1980-аад оны Америкийн цэргийн бааз дагасан жижиг хотын залуусын назгай, чөлөөтэй амьдрал гардаг, зарим газраа дэндүү гэмээр хэрцгий, хүнд болохоор тун цочирдмоор бүтээл. Энэ бүтээлээр Рю Мүраками Японы утга зохиолын дээд шагнал болох Акутагавагийн шагналыг хүртсэн. “Нил”-ээс ийм сонирхолтой, хүчтэй хоёр номоор уншигч залуустайгаа уулзах гэж байна.

 -“Нил”-ийг байгуулсан тухайгаа та хэвлэлд ярьсан байна лээ. Орчуулгын энэ хүнд хөдөлмөрт дурласан болохоор хүнд гэж боддоггүй  байх. Ер та эхэлсэн цэгээсээ хэр ахиж, урагшилж байгаа гэж өөрийгөө хардаг бол?

        -Анхны цэг бол уран зохиолын орчуулга хийж чадна гэж огт бодоогүй, өөртөө итгэлгүй охин байсан. “Тагтаа”-г байгуулахаас өмнө “Монсудар” хэвлэлийн газарт хэд хэдэн арилжааны, адал явдалт зохиол орчуулж, гараагаа эхлүүлж байсан. Тэгээд Баясаа бид хоёр өөрсдийн уран зохиолын таашаал, үнэлэмжид нийцэх, уран зохиолын чансаатай ном гаргана гэсэн хүсэл сонирхлоо албан ёсжуулж, эхлүүлэхийн тулд “Тагтаа”-г байгуулсан. Өөртөө итгэлгүй охиноос хэвлэлийн газрын хамтран үүсгэн байгуулагч болж, цаашлаад уран зохиолын орчуулагч, одоо бол “Нил” гээд дан ганц өөрийнхөө паблишингийг аваад явж байгаа энэ хүрсэн зам заримдаа гайхмаар, итгэмээргүй, өөртөө бол их л хол явсан юм шиг санагддаг. Хэдэн жилийн дараа уран зохиолын ажлаа орхиж, өөр салбарт шилжиж, бас нэг зүйлийг шинээр эхлэх цаг ирэх байх гэж боддог.

 -Эхлэлийг ярихгүйгээр өрнөлийг ярихгүй байх. Үүнтэй адил орчуулагч Б.Баясгалантай дөрөө харшуулсан “Таг­таа” паблишингийг ярихгүй байж болохгүй. Хэдийгээр одоо орчуулагч Баясгалан та хоёр тус тусдаа бүтээлээ гаргаж байгаа ч орчуулгын салбартаа бол хамт л яваа. Та нэг зүйлд адилхан дурлаж яваа найзынхаа тухай, ер уран бүтээлчийнх нь хувьд яриа дэлгэж болох уу?

          -Баясаа бид хоёр анх “Тагтаа”-г байгуулаад зүтгэж явахдаа бизнесийн хамтрагчид байгаагүй, найзууд байсан. Бас бид уран зохиолоор ашиг олж, бизнес болгоё гэж зориогүй. Үнэ цэнтэй, чансаатай, сайн орчуулга, сайн сонголттой ном гаргаж уншигчдадаа хүргэхийг голчилж, тэрний дараа үр дүн нь аяндаа ирнэ гэсэн тайван маягийн зарчимтай байсан. Өөр өөрийн хэвлэлийн газрыг аваад явж байгаа одоо ч энэ л зарчмаа барьж байгаа. Баясаа бид хоёр “Найз нөхдийн нандин хормоос авхуулаад хожим үлдэх үнэ цэнтэй зүйл хийж байвал өнөөдрийн өл хоосон хамаагүй” гэж шатаж, зүтгэж явсан сайхан хором, залуу насныхаа хамгийн үр бүтээлтэй, дэврүүн он жилүүдийг “Тагтаа”-г босголцохдоо хамтдаа зориулсан хүмүүс. Уран бүтээлчийн хувьд Баясаа хэр чадвартай, ямар авьяастай, ямар өргөн цар хүрээнд зорьдог хүн болохыг “Тагтаа”-гийн уншигчид сайн мэдэх байх. Тэгэхээр би ярих илүүц биз. Хувь хүнийх нь үүднээс Баясаагийнхаа талаарх бодол, дурсамжаа өөртөө л хадгалж үлдмээр байна.

 -Уншигчийнхаа хувьд та болон Б.Баясгалан орчуулагч гэж байхгүй байсан бол бидний өдгөө уншиж байгаа сайхан орчуулгуудын цөөнгүй нь байхгүй байх байсан. Магад хэн нэгэн орчуулах л байсан байх. Гэхдээ чансаатай, шүүлтүүртэй нь ховор шүү дээ?

          -Монголын орчуулгын уран зохиол болон үндэсний уран зохиолд хэр чансаатай бүтээлүүд төрж байгааг, тэрний хэдэн хувийг “Тагтаа” гаргаж байгаа, одоо “Нил” гаргахыг уншигчид ил цагаан орилж, хөөргөдөөд илэрхийлээд байдаггүй ч чимээгүй дэмжлэг, сонголтоороо ямагт мэдрүүлдэг гэж боддог. Тэр тухайд уншигчдадаа их баярладаг. Өөр би юу хэлэх билээ.

 -Шинэ орчуулгын газрын тань анхны бүтээл “Гоо үзэс­гэлэн бол шарх” ном. Таны өмнөх бүтээл ч тэр, одоогийн бүтээл ч тэр өөрийн гэсэн өнгө төрхтэй харагддаг. Ун­шигчийн хувьд анзаарахад нэг тийм оршихуйн өнгө аяс зонхилж байна уу гэмээр санагдсан. Орчуулгын бүтээлээ хэрхэн сонгодог вэ?

        -Миний орчуулгын сонголтууд хэвлэлийн газар удирдаж, бодлогыг нь тодорхойлж байгаа хүний хувьд л олдох боломж байх. Түүнээс захиалгын ажлууд авбал тухайн хэвлэлийн газраас сонгосон номыг л орчуулж таарах болдог. Уран зохиолын таашаал, үнэлэмжээ дагаад яг хүссэн зохиолоо орчуулж гаргадаг болохоор Ж.Тэгшзаяа гэж хүний таашаал, сонголт илүү тод үзэгддэг байх. Орчуулагчийнхаа сонголтоор дамжуулж уншигчидтайгаа харилцдаг гэх юм уу.

-Сүүлийн орчуулга тань өмнөх бүтээлийг бодоход таны сэтгэлийн хүнд үеийн дараа “мэндэлж” байгаа бүтээл. Ямар нэгэн утга учиргүй зүйл гэж үгүй. Энэ тухайд өгүүлбэл?

            -Тийм ээ, хэдэн жил хүнд сэтгэл гутралтайгаа тэмцсэний эцэст, “Тагтаа”-гаасаа ч гарч, уран зохиолын амьдралаас хэсэг холдсоны дараа эргэн ирсэн бүтээл маань. “Гоо үзэсгэлэн бол шарх” дэлхийн шилмэл хайрын өгүүллэгийн түүвэр гэхээр нэрнээсээ ч тэр, хайрын өгүүллэгүүд гэдэг концепцоосоо ч тэр юуны тайлал болгон энэ номыг гаргасан нь ойлгогдох байх. Тэгээд сонгосон өгүүллэгүүд, орчуулгыг маань уншвал утга учир нь бүр ч ойлгомжтой болох болов уу.

-Орчуулж байгаа зохиолынхоо баатруудын баяр, гуниг, шаналанг орчуулагч л хамаг бүхнээрээ мэдэрч, адилхан зовж, шаналж, баярлан хөөрч суудаг болов уу гэж боддог юм. Танд ч мөн олон өнгө аястайгаар хөрвүүлсэн тохиолдол бий болов уу?

              -Орчуулж байх явцдаа уншиж байгаа уншигчаас илүү гүнзгий мэдэрдэг гэж шууд хэлж болохгүй. Нэг ялгаа нь орчуулагч тухайн зохиолоороо хэдэн сар, зарим нь хэдэн жил ч амьдрах, автах, амьсгалах шаардлага гардаг. Өөр хэл дээр байгаа зохиолыг үг нэг бүрчлэн монгол хэл рүүгээ зөөвөрлөн буулгаж, эх хэл дээрээ барьж босгоно гэсэн үг. Тиймдээ ч орчуулж буй зохиолтойгоо илүү гүнзгий холбогдож, магад бүр ухамсаргүйн түвшиндээ ч нөлөөллийг нь авдаг байхыг үгүйсгэхгүй. Надад бол орчуулсан зохиолууд маань хувь тавиланд маань хүртэл нөлөөлсөн юм шиг санагддаг.

       Нэг хэсэг “Хувирал”-ын Замза шиг эгээ л орноосоо босохгүй хорхой болчихоод тэлчилж буй мэт өдрүүдийг ч тууллаа, “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-н Тереза шиг зүүдэндээ хүртэл шаналж, шархирсан гаслантай өдрүүдийг ч туулсан, бие болоод сэтгэлдээ зэрэг шархалж, шархдах, зовохын хэцүүг ч амссан, гэвч тэрийгээ туулж гарсны дараа, гэтлэн давах гэж хичээж байхдаа “Гоо үзэсгэлэн бол шарх” гэж өөртөө ойлгосон. Энэ мэтээр амьдрал минь эгээ л сэтгэлээ зориулж орчуулсан зохиолуудын их нөлөөн дор өрнөж буй юм шиг жигтэй мэдрэмж үнэхээр төрдөг.

-Нөгөө талаар тухайн зохиолчийн санаа, зохиолын агуулгыг алдагдуулахгүй хөрвүүлэх учиртай байх. Ингээд ирэхээр орчуулагчийн өнгө аяс хаанаа шингэдэг юм бол?

       Орчуулагч хүний хамгийн чухал чадвар бол найруулгаа хувьсгаж чаддаг байх явдал. Энэ бол нэлээд удаан хугацааны чармайлт, туршлага, бас ч гэж чамгүй мэдрэмж, авьяастай байж бий болдог чадвар. Тухайн зохиолчоо сайн мэдэрч тэрийг нь алдалгүй буулгана гэсэн үг. Ахиад өөр зохиолчтой таарлаа гэхэд өмнөхөөсөө тэс эсрэг байсан ч яг тэр уур амьсгал, өнгө аясанд хувирна л гэсэн үг.  Тэр дунд чиний эго, чиний гэсэн зүйл байх ёсгүй. Энэ нэлээд адармаатай зүйл боловч сайн орчуулагч бүрийн хийдэг зүйл. Энэ дээр л чи утга зохиолын мэргэжлийн орчуулагч юм уу, сонирхогч юм уу гэдэг нь ялгарна гэсэн үг.

 -Уран зохиол гэдэг хүнийг яавч зүгээр оршихгүй болгодог нэг тийм сонин ертөнц. Үүнээс ч юм уу бодоод үзэхээр уран зохиолын орчуулагч шууд л орчуулгаа хийдэггүй байх. Танд орчуулгаа хийх үедээ хийдэг ямар нэгэн зуршил бий юү?

             -Орчуулга хийж байхдаа дуртай зохиолуудаа, найруулга сайтай орчуулга, монгол бүтээлүүдээ л их уншдаг даа. Тэгж урам зоригоо бадрааж, формдоо ордог гэх үү.

-Утга зохиол, орчуулга таны дурласан зүйл гэдгийг та өөрөө ч хэлдэг. Тэгвэл алив зүйлд автах, дурлах гэдэг таныхаар ямар зүйл юм бэ. Төсөөлж хэлбэл, сонин буух болов уу гэж санаж байна?

       -Автах, дурлах гэдэг товчоор өөрийгөө бүрэн зориулна гэсэн үг.

-Эмэгтэй хүн уран бүтээлч, орчуулагч байна гэдэг бол хувь амьдралаа орхино гэсэн үг л гэж боддог. Хамт аваад явдаг нь ховор байх. Таны хувьд орчуулга гэх ертөнц рүү орсноор оносон нь, мөнхүү алдсан нь юу байдаг бол. Эсвэл заавал, оноо, алдаа хайхгүйгээр явж байгаа юу?

       -Би хувь хүнийхээ хувьд сэтгэлийн савчаа ихтэй, сэтгэл хөдлөлөө удирдаж сайн чаддаггүй гэмтэй хүн л дээ. Энэ байдлыг маань уран зохиол, урлаг бас их сэдрээнэ, зовооно. Тэр савчаан дунд өөрийгөө чанд барьж хэдэн сараар орчуулга хийгээд суух хүчийг өөрөөсөө олж, өөрөө өөртэйгөө учраа олоход амаргүй байдаг. Ажил мэргэжил, амьдралын хэв маяг, хувь хүний маань энэ онцлог хамт байгаа хүнд маань хүнд тусах магадлалтайг үгүйсгэхгүй ээ. Миний хийж буй зүйлийг үнэлдэг, ойлгодог, намайг хувь хүнийх нь хувьд сэтгэл хөдлөл, зориулал, алдаа оноо, шарх, сорвитой нь хүлээж авч хайрлаж чадах хүнтэй бол хамт байгаад, амьдрал бүтээж чадах байх. Үгүй бол нэлээд хэцүү болов уу. Орчуулгын уран зохиол руу орсноороо, уран зохиолын орчуулагч болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Энэ амьдралаасаа алдаа, оноо хайх тийм увайгүй сэтгэл надад байхгүй. Учир нь, энэ бол миний мөрөөдөл байсан.

-Бие даасан орчуулгын газар толгойлоод явна гэдэг манайх цөөн хүн амтай оронд санхүүгээс эхлээд хүндрэл бишгүй тулгардаг байх. Үүнээс үүдэн урам хугарах, шантарч няцах үе гарсан болов уу?

           -Өмнө “Тагтаа”-г эхлүүлээд хамтдаа зүтгэж байхдаа Баясаа бид хоёр ялгаагүй л санхүүгийн асуудлуудтай байнга тулдаг байсан. Шууд утгаар тарчиг, хомс амьдарч байсан үе ч бий. Тэгсэн ч бид шантарч, мохож үзээгүй. Хамтдаа байсан болохоор бас ч гэж ханьтай, тэр хэрийн хүчтэй байсан байх. Одоо “Нил”-ээ ганцаараа толгойлоод явж байхад ганцаардах нь л хэцүү санагддаг. Байр сууриа олоод тогтночихсон хэвлэлийн газар биш, ахиад шинээр бүхнийг ганцаараа эхлүүлэх болж байгаа нь заримдаа хэцүү. Гэхдээ л тийм амар шантарч мохох хүн би биш байх аа. Энэ бүхнийг даагаад гарахыг, шаардлагатай золиосуудыг хийж бүтээж буй үнэ цэн, утга учрынхаа төлөө гаргахад бэлэн төрлийн идеалист хүн байх. (Инээв)

-Эхэнд асуусан асуултынхаа үргэлжлэлийг энд ав­маар байна. Та хаа хүрэхээр, аль цэгт очихоор яваа вэ?

            -Эргэж хараад энэ хүртэл явж ирсэн үр дүн, нэг цэгийг хараад утга учир олох биш, энэ хүртэл явж ирсэн зам маань бүхэлдээ утга учиртай байгаасай л гэж бодож байна. Миний хайртай зохиолч Хорхе Луйс Борхесийн маань нэг үг байдаг юм. “Зам өөрөө чулуу юм. Замд гарах цэг ч мөн чулуу юм” гэж.

 


Ж.ТЭГШЗАЯА: Би уран зохиолын орчуулагч болсондоо харамсаж байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188