• Өнөөдөр 2024-04-26

Б.БОЛОРТУЯА: ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ, АЛС ХОЛ МЭТ БАЙСАН ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬ ХҮРТЭХ МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРСЭН

2022-11-26,   1671

   Олимп, дэлхийн хос медальтан тамирчин  Монгол Улсад хуруу дарам цөөн. Тэдний нэг Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяа юм. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан хоёр дахь эмэгтэй тамирчин болсон тэрбээр 2019 онд Казахстаны дэвжээнд шуугиулж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, “Женко” клуб, “Цаст тайга” компанийн тамирчин, “Токио-2020” олимпын хүрэл медальт Бат-Очирын Болортуяатай  ярилцлаа.

    -Сайн уу. Хоёулаа ярилцлагаа он цагийн хувьд нэлээд эртнээс эхэлбэл дургүйцэхгүй биз дээ. “Токио 2020” олимпын наадамд анх оролцож үзлээ. Олимпын дэвжээнд барилдах мэдрэмж ямар байсан тухайгаас нь ярилцлагаа эхэлбэл гэж боддог байлаа?

    -Хүн болж төрсний, тамирчин болсны мөрөөдөл бол олимпын наадам. Гэхдээ маш их хариуцлага, ард түмнийхээ итгэлийг хүлээн, тээж байгаа болохоор нэлээд түгшиж байснаа санаж байна. Аль болох элдэв юм бодохгүй барилдахыг хичээсэн. Дараа, дараагийнхаа барилдаанд л хамаг анхаарлаа хандуулахыг өөртөө сануулж байсан.

-Т.Сүхбаатар багштайгаа цуг Токиогийн олимпод явсан бол илүү амжилт гаргах боломж байсан гэж боддог уу?

     -Ковидын улмаас багийн тамирчид, дасгалжуулагчдын тоог заасан учраас багш маань явж чадаагүй. Хэрэв Т.Сүхбаатар багш хамт явсан бол байдал өөр байх боломж байсан. Гэхдээ багштайгаа цаг тутамд онлайнаар холбогдож, зөвлөгөө авч, техник, тактикаа ярьсаар л байсан.

-Дэлхийн аваргын хошой алт, мөнгөн медальтай Японы бөх Майя Макүйдатай 3:6-аар боломжийн барилдаан хийж ялагдсан. Ер нь Макүйдатай хамгийн сайн барилдсан нь та яах аргагүй мөн. Макүйда өөрөөс чинь бусад өрсөлдөгчдийг маш богино хугацаанд илүүрхэн цэвэр дараад л байсан. Түүнтэй урьд өмнө нь таарч барилдаж байсан уу?

    -Майя Макүйдайтай анх удаа олимпын дэвжээн дээр таарсан. 2016 онд “Женко” клуб, Японы “Ичиши” клуб руу хоёр сарын хугацаатай хамтарсан бэлтгэл хийх хугацаанд Японы шигшээ дээр бэлтгэл хийж байсан.

-Токиогийн олимпын дараа олон улсын хоёр ч том тэмцээнд түрүүлсэн. Дэлхийн 53 кг-ын чансааг 56200 оноогоор тэргүүлж явсан. Одоо энэ чансаанд өөрчлөлт орсон болов уу?

    -Дэлхийн чансаанд одоогоор өөрчлөлт ороогүй л байгаа. Дэлхийн 53 кг-ын жингээ тэргүүлсэн хэвээр байгаа.

-Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр бэртэл авсан гэсэн. Хэр хүнд бэртэл вэ. Өмнө нь авсан гэмтэл сэдэрсэн үү?

    -Тамирчны хамгийн том “дайсан” бол бэртэл, гэмтэл юм байна аа. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шиг хүн болгонд бэртэл, гэмтлээ тоочиж яриад байлтай биш. Битүү гэмтэл, хугаралт, няцралт бусдын нүдэнд ил харагдахгүй. Тэр бүх зовлон, хүндрэл бэршээлийг тоочиж баршгүй. Одоо ч эмчилгээ хийлгээд л явж байна.

-Таныг дэлхийн аваргаас медаль хүртэхэд битүү морь наадамд түрүүлсэн шиг хүмүүс их баярласан. Олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн олимп, дэлхийн хос медальтан залуу тамирчин спорт сонирхогчдод өөрийгөө танилцуулахгүй юу?

    -Би Ховд аймгийн Булган суманд төрсөн. Намайг гурван настай байхад, 2001 онд манайх Улаанбаатар хотын Ногоон толгойд гэр бүлээрээ шилжиж  ирсэн. Тэнд хоёр жил болоод Нисэх рүү нүүж, буурь сэлгэсэн. Одоо хүртэл Нисэхдээ амьдарч байна. Аав, ээжийн хамт, ам бүл зургуулаа. Би айлын гурав дахь охин, дээрээ хоёр эгч, доороо нэг охин дүүтэй. Нэг эгч минь нягтлан бодогч, нөгөөх нь эмч мэргэжилтэй. Тэр хоёр спортоор хичээллэж байгаагүй, их даруухан, эмэгтэйлэг. Харин дүү спортод их дуртай. Өмнө нь чөлөөт бөхөөр барилдаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болоод хөндийрсөн. Миний бага нас Туул голын эрэг дээр л өнгөрсөн. Зун, намар Туул голд сэлж, голын зүлгэн дээр үеийн охид, хөвгүүдтэй тоглож, хөвгүүдтэй ноцолдож өссөн. Би их эршүүд өссөн болохоор хөвгүүдтэй их барилддаг байлаа. Мэх мэдэхгүй болохоор хөвгүүдийг гуд татаж унагадаг ганцхан мэхтэй байв.  Нисэхийн VII  сургуульд I ангид ороод, III ангид ордог жилээ 114 дүгээр сургууль руу шилжиж XI  ангиа төгстөл суралцсан

-Багадаа спортоор хичээллэж байсан уу?

      -Манайх дөрвөн охинтой айл болохоор гэрийн хар бор ажил, ус, нүүрс зөөх, мод хагалах, хашаа, хороо цэвэрлэх ажлыг би аавтайгаа хийдэг байлаа. Харин хоёр эгч гэр орны ажил хийнэ. Би ер нь гүйж, харайж, дэгдсэн их хөдөлгөөнтэй охин байсан л даа. Энэ бүхэн миний спортоор хичээллэх үндсэн суурь болж өгсөн болов уу. Манай сургуулийн биеийн тамирын багш 2010 онд намайг Хан-Уул дүүргийн самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан. Самбо бөхөөр дүүргийн аваргад 43 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн минь бөх болох хүсэл, мөрөөдлийг өдөөж өгсөн. Тэр тэмцээний дараа жүдо бөхөд татагдаж, хэсэг хугацаанд Спортын төв ордны секцэнд явж үзэв. Нисэхээс хотын төв рүү секцэнд явах их хүндрэлтэй байсан л даа. Бэлтгэл хийчихээд автобусанд чихэлдэн, замын түгжрэлд олон цаг явахаар их ядардаг байлаа. Тэгээд Нисэхэд ойр бөхийн секц, дугуйлан хайж эхэлсэн. “Буян-Ухаа” ордон баригдаж ашиглалтад орсны дараа чөлөөт бөхийн секц нээгдсэн. Ангийнхаа таван охины хамт секцэнд бүртгүүлсэн юм. Одоо харин  59 кг-д барилддаг манай ангийн охин П.Отгонбаяр бид хоёр л үлдсэн. Нөгөө дөрвөн охин сургууль соёлд ороод, амьдралын  мөрөө хөөгөөд,  өөр өөрийн замыг сонгоод явсан.

-Анх секцэнд ороод Т.Сүхбаатар багшийн шавь болсон юм уу?

     -П.Отгонбаяр бид хоёрын анхны чөлөөт бөхийн суурийг “Женко” клубийн С.Мөнхсүх, Б.Мөнхтуяа багш нар тавьж өгсөн. Түүний дараа дэлхийн аваргын мөнгөн медаль ОУХМ Б.Оюунсүрэн багш,  гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багш “Женко” клубт ирсэн юм. Одоо Т.Сүхбаатар багшийнхаа удирдлага доор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.

-Мартагдашгүй дурсамж үлдээсэн анхны тэмцээнээ дурсвал?

      -Чөлөөтийн анхны тэмцээн төдийлөн дурсамжтай санагдаггүй. Харин 2013 онд залуучуудын олимпын аварга “Баавгай” хэмээх Б.Батцэцэг эгчийн нэрэмжит тэмцээн Налайхад болсон юм. Тэр тэмцээн хамгийн дурсамжтай, мартагдашгүй санагддаг. Зооны аваргын төлөөх барилдаан их өрсөлдөөнтэй болж, ялагдал хүлээгээд, хүрэл медаль хүртсэн. Тэр барилдааны үеэр Мөнхсүх багш дэвжээний буланд ирчихсэн “Мост сайн хий, ахиад сайн мостол” гээд бараг миний урдаас барилдах нь холгүй байж билээ.

-Тэр тэмцээний хүрэл медалиас хойш амжилт чинь тогтмол өссөн үү?

       -Би 2011 оноос чөлөөт бөхөөр хичээллээд 2013 оноос нэрэмжит тэмцээнүүдээс медаль хүртэж эхэлсэн. Улмаар 2013 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Дараа жил нь 2014 онд улсын аваргад түрүүлсэн боловч замын зардал олоогүйн улмаас Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж чадаагүй. Харин 2016 оны залуучуудын улсын аваргад түрүүлээд дэлхийн аваргад Т.Сүхбаатар багштайгаа явсан. Миний анхны гадаадад оролцсон тэмцээн тэр байлаа. Эхний тойргийн барилдаанд Норвегийн бөхөд ялагдаад сэтгэлээр жаахан унасан. Харин Т.Сүхбаатар багш “Зүгээр дээ, охин минь, сэтгэлээр унах хэрэггүй. Чиний анхны гадаадын тэмцээн шүү дээ. Дэлхийн аваргын тэмцээн гэж ийм байдаг юм. Ялагдалдаа сайн дүгнэлт хий. Яагаад хожигдов гэдгээ бод. Муу ялалтаас илүү сайн ялагдал чамд туршлага болно шүү” гэж билээ. Багшийн тэр үг сэтгэл сэргээж, урам зориг, эрч хүч өгөх шиг болсон. Хамт явсан тамирчид медаль хүртэхэд их баярласан. Би бэлтгэлээ сайн хийвэл эд нар шиг медаль хүртэж чадна шүү дээ гэж сэтгэлээ тайтгаруулсан ч хор шар их хөдөлсөн.

Тэр дэлхийн аваргаас хойш ер нь сэтгэлд багтаад явчихсан л даа. Сэтгэл зүйн хувьд тогтвортой, бага зэрэг туршлагатай болж эхэлсэн гэж хэлж болох байх.

 -Тамирчин бүхэн ялна, хожно гэсэн бодолтой тэмцээн, уралдаанд оролцдог. Дэлхийн аваргаас медаль хүртэнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

      -Дэлхийн аваргын медалийн төлөө барилдах зорилготой ч  яг тийм, ийм медаль хүртэж чадна гэсэн бодол байгаагүй. Сэтгэл зүйгээ сайн бэлдэж, том зорилго тавьж зүтгэхэд болохгүй, чадахгүй зүйл байдаггүй юм байна. Хэзээ ч бүтэхгүй мэт, алс хол байсан олимп, дэлхийн медаль хүртэх мөрөөдөлдөө хүрсэн. Дэлхийн аваргын өмнө Б.Оюунсүрэн багштай Польшийн тэмцээнд явсан юм. Тэр тэмцээнд хожиж яваад хожигдлоо. Багш намайг зэмлэж, зөвлөгөө өгсөн. “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход сарын хугацаа бий. Чи аварга болно гэж бодож байгаа бол өөртөө итгэ. Чамд боломж, чадвар байгаа. Ганцхан сэтгэл зүй дутагдаж байна. Би чадна, ялна гэж өөрийгөө зоригжуулан, сэтгэлээ өргөж, биеэ дайчил, хамаг чадах бүхнээ гаргаж сур” гэсэн. Түүнээс хойш дэлхийн аварга хүртэлх 30 хоногт дотор хүнтэйгээ, дотоод сэтгэлтэйгээ их тэмцэлдсэн. Толгойд дэлхийн аваргын тэмцээн бодогдоод,  дэлхийн аварга болчихлоо гэж хүртэл зүүдэлсэн гээд бод доо.

-Нарийн шилбээр хөл аваад хэрээст мэхэнд шилждэг нь өөрийн тань гаршсан дархан мэх үү?

       -Миний чөлөөт бөхийн суурийг С.Мөнхсүх багш анх тавьж өгөхдөө баруун хөл аваад цацах мэхийг зааж өгсөн. Б.Оюунсүрэн багш нарийн шилбээр авч, шагайгаар дамжуулан гаргаж ирэхийг заасан. Харин Т.Сүхбаатар багш өөрөө хөнгөн жингийн бөх байсан болохоор хурдтай хөл авахыг сургасан. Энэ гурван багшийнхаа зааж өгсөн мэхийг хийж барилддаг. 2016 онд Японд очиж “Ичиши” клуб дээр Японы шигшээ багийн бөхчүүдтэй хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхэд хөл авах мэхийн арга техникийг сайн ойлгож авсан. Японы бөхчүүд золгосон барилдааныг биш хөл авах олон хувилбарт барилдааныг өдөр болгон давтдаг юм билээ. “Ичиши” клубийн Хикун буюу Хидёотоши багшийн бэлтгэлийн үр өгөөж  олимп, дэлхийн аваргын хоёр тэмцээнд гарлаа. Би Японд байхдаа тэдний барилдааны арга барил, ур чадвар, техникийг сайн харж, бага боловч тэднээс суралцахыг хичээсэн.

-Өөрийг тань Японд байхад Саори Ёшида ахынхаа клуб дээр ирж байв уу?

     -Саори Ёшида аварга ирсэн, бүр хамтдаа бэлтгэл хийж, барилдсан. Тэр 30 гарсан бөх гэхэд хөнгөн, уян хатан, техниктэй, их хурдтай юм билээ. Их найрсаг, уриалагхан уян зөөлөн ааш зантай хүн шиг санагдсан шүү. Олимп, дэлхийн аварга тэр том бөх гэхэд дэндүү энгийн даруухан харагдсан.

-Т.Сүхбаатар багшийнхаа шавь, бөмбөрцгийн шилдэг бөх хоёр Бурмаа эгчээсээ хэр их юм сурч байна вэ?

      -О.Бурмаа, О.Насанбурмаа эгчээс олон зүйл сурч, заалгаж байгаа. Миний хувьд О.Насанбурмаа эгчтэй илүү ойр дотно байдаг. Зөвхөн бэлтгэл, сургуулилалт гэлтгүй амьдралын минь хамгийн чухал зөвлөгч, түшиг тулгуур болдог хүн. Манай клубийн миний үеийн тамирчдад дэлхийн медальтай мундаг эгч нар байгаа учраас тэднээс үлгэр дуурайлал, эрч хүч авдаг. Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Оюунсүрэн гээд эгч нарынхаа амжилтыг бид  л үргэлжлүүлэх үүрэг хүлээж байгаа. Хичээж зүтгэнэ ээ.

-Ярилцсанд баярлалаа.


Б.БОЛОРТУЯА: ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ, АЛС ХОЛ МЭТ БАЙСАН ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬ ХҮРТЭХ МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 22:48:30
    Batbold: Mundag shvv amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 21:29:31
    bolortsetseg: mundag shvv my dvv tsaashdiin temtseend ne ilvv amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 17:52:46
    Б.Бадамцэцэг: Чи минь бахархалтай дайчин шүү.Улам их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 12:28:24
    Эгч. Эрднэцэцэг: Миний охин мундаг аа. Ахин олон амжилтууд хүлээж байгаа. Багш нарт нь баярладаг шүү. Та бүгддээ амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 12:28:23
    Эгч. Эрднэцэцэг: Миний охин мундаг аа. Ахин олон амжилтууд хүлээж байгаа. Багш нарт нь баярладаг шүү. Та бүгддээ амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 12:28:23
    Эгч. Эрднэцэцэг: Миний охин мундаг аа. Ахин олон амжилтууд хүлээж байгаа. Багш нарт нь баярладаг шүү. Та бүгддээ амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 10:04:27
    Bolorchimeg: Mundag shvv minii dvv ❤❤
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188