• Өнөөдөр 2024-04-24

ТҮҮХ ӨРТӨӨЛӨГЧ

2023-05-03,   862

       Түүнийг “Түүх өртөөлөгч” гэж бичсэн минь учиртай. Тэр монголчуудын сүүлийн 22 жилийн түүхийг гэрэл зургийн хальснаа буулгаж, сэтгүүл зүйн салбарт чамгүй олон жил гэрэл зурагчин хийж буй он цагийн гэрч юм. Тэр бол “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Цэдэнбалын Баярбаатар билээ. Түүнтэй түүхэн он цагийг гэрчлэх гэрэл зургуудынх нь бүтсэн түүх хийгээд хэвлэл мэдээллийн салбарын жаргал, зовлонгийн талаар ярилцсанаа уншигч та бүхэнд сийрүүлэн хүргэе.

    Тэрбээр хүүхэд байхын гэрэл зурагт дуртай, кино үзэхдээ дүрсийг нь ажигладаг, хамаатны эгчийнхээ камерыг сонирхон хаа нэг зураг дарчихдаг гэрэл зурагт хорхойссон байсан гэнэ. Ц.Баярбаатар айлын ууган хүү бөгөөд хүүхэд ахуй насаа Увс аймгийн Зүүнхангай  суманд өвөө, эмээтэйгээ хамт өнгөрөөжээ. Аав нь механик инженерийн мэргэжилтэй, харин ээж нь “Улсын их дэлгүүр”-т ажилладаг байжээ. "Би чинь хөдөө өвөө, эмээгийндээ эрх бага хүүхэд, гэртээ айлын том нь байлаа" гэж бага насныхаа тухай дурсан ярьсан. 

        Ц.Баярбаатар 1996 онд арван жилийн сургуулиа төгсөөд хүүхэд насны сонирхлоо дагаж “Үйлдвэр урлалын дээд сургууль”-д элсэж, мэргэжлийн гэрэл зурагчин болохоор сэтгэл шулууджээ. Ингээд л гэрэл зургийг үүссэн түүхээс нь эхэлж судалж, суралцаж эхэлсэн байна. Оюутан ахуй цагаасаа “Коника” гэрэл зургийн студид ажиллаж, нэг ч удаа хүүхэд насныхаа мөрөөдлөөс урвалгүйгээр өнөөдрийг хүртэл түүхийг өртөөлж явна.

Ажлын гараагаа “Ардчилал” сонины гэрэл зурагчнаар эхлүүлснээс хойш хэвлэл мэдээллийн гэрэл зурагчнаар тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байгаа аж.

- Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин болсон түүх, сонинд нийтлүүлсэн хамгийн анхны зургийн тань талаар яриагаа эхлэх үү?

            -“Коника” гэрэл зургийн студид хамт ажиллаж байсан ах маань “Манай сонинд зурагчнаар орооч” гэх саналыг анх тавьж хэвлэлийн гэрэл зурагчин болох зам руу минь хөтөлсөн юм даа.  Сонинд орсон анхны өдөр Сонгинохайрхан дүүрэг Баянхошуунд байрлах олны нэрлэж заншсанаар 70 давхар руу зурагт явах даалгавар авч байлаа. Ажлын гараагаа их өвөрмөц зургаас эхэлсэн гэх үү дээ. Тухайн үед хүмүүс оршуулга дээрх зүйлсийг авч, ухаж байна гэх яриа гэх гарч байсан юм. Үнэхээр газар дээр нь яваад очиход нүдэндээ ч итгэмээргүй хачин дүр зураг угтсан. Түүнийг нь гэрэл зурагт буулгаж, хачин баяртай ажил руугаа буцаад л алхсан. Ингэж л анхны зургаа сониндоо оруулаад, гэрэл зургийг Ц.Баярбаатар гэдэг нэрээ бичүүлэхэд хэчнээн их баяртай байсан гэж санана. Баяр дүүрэн гэр рүүгээ явж байх үе одоо ч тодхон яг өчигдөрхөн болсон юм шиг санагддаг даа.

-Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин бусад гэрэл зурагчдаас юугаараа ялгаатай гэж боддог вэ. Сүүлд таны буулгасан зураг олны сонирхлыг ихэд татаад байгаа шүү дээ?

            -Монгол Улсад болж буй жаргалтай, зовлонтой бүхий л үйл явдлыг архив болгон хадгалдгаараа хэвлэл мэдээллийн гэрэл зураг ялгаатай байх.  Уран сайхны гэрэл зурагчин зохиомжлон зургаа дардаг бол хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин тухайн үйл явдлыг яг байгаагаар нь буулгадгаараа онцлог. Тэр өдөр төрийн ордонд зураг дарж явахдаа дээд давхарт хурал болж байгаад сонсоод, зураг дарахаар очсон юм. Хаалганы дэргэд зогсоод, зураг авахаар зэхэж байх үед сэтгүүлч н.Ариунаагийн нүдний шилний тусгалд фокус таарчихсан юм. ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан дээр фокусаа тааруулж нэг дараад, эргээд өмнөх өнцгөөсөө дарж үзмээр санагдаад тэр зургийг буулгасан. Би хувьдаа тэр зургийнхаа утга санааг сэтгүүлч бол ард түмний нүд чих учир сэтгүүлчийн шилээр улс төрчдийг хараасай л гэж бодож дарсан юм.

- Гэрэл зураг аливаа үйл явдлын баримт болдог шүү дээ.  Түүхэн үйл явдлын зураг дарж байсан тухай дурсамжаасаа хуваалцаач?

            -Өдөр бүрийн энгийн үйл явдал ч цаг хугацаа өнгөрөх тусам дурсамж түүх болдог шүү дээ. Энэ 29 жилд дарсан зургуудаасаа тэр энэ гээд нэрлэхэд ч хэцүү. Тод санаж байгаа гэвэл 2008 оны долдугаар сарын нэгний өдөр байна. Өглөөнөөс эхлээд зургаа дарсан даа. Үймээн дунд зураг дарах, өөрийгөө болон камер хэрэгслээ хамгаалах хүндхэн байсан.

2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал

-Та зургуудаа архив болгон хадгалдаг гэсэн шүү дээ, тэр талаараа яриач?

            -Хуучин цагт хальсаар зураг дардаг байх үеийн зургуудаа зургийн цомогт хадгалдаг. Нэлээн хэдэн зургийн цомог бий. Одоо харин цахим байдлаар л хадгалдаг даа. Анхны камерыг маань аав, ээж хоёр маань авч өгч байлаа. Камер ховор үед шинэ камертай болно гэдэг чинь үгээр хэлэхийн аргагүй сайхан шүү дээ. Өөрөө гэсэн камертай болоод хамгийн анх гэр бүлийнхээ зургийг дарж билээ.

 -Хальсаар гэрэл зураг авч байсан үеэ дурсаач?

            -Хальсаа их гамнаж зураг дардаг байсан даа. Зургаа дарахдаа энэ хүн яг нүдээ аньчихлаа даа гэхэд яг л аньсан байдаг байлаа. Бүтэлгүйтэх үе олон байсан ч сүүлдээ мэдэрч аваад сурчихсан. Одоогийнх шиг олон дарна, фокусаа тааруулна, зургаа шууд харна гэсэн юм байхгүй шүү дээ.

"МОНГОЛ ДОПИНГ"

-Одоо техник технологи хурдацтай хөгжиж жил ирэх тусам л шинэ камерууд, дагалдах хэрэгслүүд гарч байна. Гэрэл зурагчдад энэ нь их сайхан байдаг байх даа?

            -Камер илүү хурдтай зураг дардаг болсон болохоор алдаж болохгүй агшныг дарахад илүү хялбар сайхан байна. Гэрэл зургийн чанар ч сайжирч, ажиллахад илүү амар болсон доо.

-Буулгахад хамгийн хэцүү байсан зураг гэвэл?

            -Үхэл хагацал, хар бараан зүйлсийн зургийг дарах  л хамгийн хэцүү дээ. Ажил гэж бодоод л дармааргүй байсан ч дарж байсан үе ч бий. МИ-8 онгоцны ослоор нас барсан алба хаагчдын оршуулах ёслолын зургийг дарах хамгийн хэцүү байсан даа.

-Та гэрэл зурагчин гэж ямар хүнийг хэлэх вэ?

            -Гэрэл зургийн камер бариад хэдэн кадр буулгахыг хэн ч чадна. Харин тухайн зургаараа дамжуулан ямар нэгэн зүйлийг илэрхийлж, бусдад мэдээлэл хүргэж чадах хүн ховор шүү дээ.  Сүүлийн үед хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид ховордож байна. Сэтгүүлчид маань өөрсдөө гар утсаараа зургаа дарчихдаг эсвэл бичлэгээр мэдээгээ бэлтгэдэг болсон байна. Би хувьдаа хэвлэл мэдээллийн гэрэл зургаар дагнасан гэрэл зурагчид олон байгаасай л гэж хүсдэг. Сайхан зураг дараад, тэр зурагт тохирох бичвэрийг сэтгүүлч маань бичсэн байхыг харах ч гоё шүү.

"Н.АЛТАНХУЯГ САЙДААСАА ОГЦОРЛОО"

-Танд гэрэл зургийн үзэсгэлэн гаргах бодол бий юү?

            -Зарим буулгасан ч хэвлэлд нийтлэгдээгүй зургууд бий. Тэр зургуудаа нийтэд дэлгэхийг хүсдэг ч үзэсгэлэн гаргана гэдэг хэцүү шүү дээ. Цаг хугацааны тохироо нь бүрдвэл нэг өдөр үзэсгэлэнгээ дэлгэх өдөр ирэх байх. Хуучны зургуудаа одоо эргээд харахад тухайн үеийн дурсамжууд сэргэж, энэ онд ийм үйл явдал болж байсан даа гээд шууд санаанд буудаг. Ер нь зураг л түүх болж үлддэг шүү дээ.  Би 2008 оноос хойш улс төрийн зураг дарж эхэлсэн. Үе үеийн гишүүд, сайд нарын зурагтай хамт Монгол Улсын түүх бүтээн байгуулалт, ололт, уналтын түүх гэрчлэгдэн хадгалагдаж байна даа.

"Х.ТЭМҮҮЖИН СУУДАЛТАЙГАА ҮЛДЛЭЭ"

"ШИЙДВЭРЭЭ ЗӨРЧИГЧ ГИШҮҮД"

"УТААНЫ ЭСРЭГ"

"МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ"

"ЦАСТАЙ ӨДӨР"


ТҮҮХ ӨРТӨӨЛӨГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188