• Өнөөдөр 2024-03-29

Тамирчин Б.БАЯРСАЙХАН: Амжилтад хүрэх тусгай нууц гэж үгүй, зөвхөн уйгагүй хөдөлмөр л чухал

2022-09-30,   662

      БНСУ-д эх орныхоо нэрийг өндөрт өргөн олон орны залуучууд дунд цойлон яваа залуу тамирчин Батсүхийн Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр “INHA UNIVERSITY”-д спортын шинжлэх ухаан судлалын мэргэжлээр суралцаж, оюутны лигт сургуулиа төлөөлөн оролцож байна. Тэр зүгээр ч нэг оролцоогүй багаа алтан медаль авахад нь үнэтэй хувь нэмэр оруулж, “Шилдэг хаагч”-аар шалгарчээ. Б.Баярсайхан Дархан хотын уугуул бөгөөд спортын гэр бүлд төрсөн нэгэн билээ. Түүнийг спорт хүмүүжүүлсэн гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тэр ухаан орсон цагаасаа гэр бүлийнхнээ даган спорт зааланд очдог байжээ. Тэгж явсаар нэг л мэдэхэд волейболын анхны элементүүдийг сурч, спортод дурлах болсон гэнэ. 18 насандаа тив, дэлхий, олимпын медальтан болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд БНСУ-ыг зорьсон хүсэл тэмүүлэл дүүрэн залуу тамирчны яриаг хүргэж байна.

-БИ ТИВ ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ-

-Волейболын спортод анх хөл тавьсан үеэс тань яриагаа эхлэх үү?

         -Манай гэр бүлийнхэн спортод маш их хайртай хүмүүс байдаг. Би спорт зааланд хөлд орж, ухаан орсон гэж хэлж болно. Монголын шигшээ багийн ахлагч, ОУХМ Л. Баатархүрээ  миний авга ах л даа.  Хүүхэд насны минь үлгэр дуурайлал, бахархал байсан. Монголд түүнийг мэдэхгүй тоглогч гэж бараг үгүй. Маш олон мундаг тамирчныг бэлтгэн гаргаж, монголын волейболын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагч, тамирчин юм. Одоо харин ах шигээ монголын түүхэнд үлдсэн тамирчин болохоор бэлтгэлээ хийгээд, бага багаар урагшлаад явж байна даа. Тиймдээ ч ахынхаа домогт 12 дугаартай тоглодог.

-Монголд хэн багшийн удирдлага дор ямар багт тоглож байв?

          -“Эрдмийн өргөө цогцолбор сургууль”-ийн биеийн тамирын багш  Ч.Түвшинжаргал багшийнхаа удирдан явуулдаг волейболын дугуйланд анхлан суралцаж, системтэйгээр хичээллэж эхэлсэн. Үүний дараа “Хасуй” клубт Монгол Улсын ОУХМ Д.Солонго багшийнхаа шавь болон орж, “Хасуй” клубээр овоглож, амьдралаа холбоод аль хэдийнээ есөн жилийг ардаа үдсэн байна.

-Та спортын шинжлэх ухаан судлалын мэргэжлээр суралцаж байгаа гэсэн. Энэ мэргэжлээрээ цаашид ажиллах уу, эсвэл дан ганц тамирчин байх уу?

          -Хэрэв өөр мэргэжил сонгосон бол спортод өөрийгөө бүрэн  зориулж чадахгүй учир энэ мэргэжлийг сонгож байсан. Залуу байхдаа тамирчны замналаар яваад, нас тогтоод ирэхээрээ мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа. Ер нь бүх амьдралаа энэ спортод зориулах болно.

-Амьдралын тань хамгийн том зорилго, мөрөөдөл юу вэ?

          -БНСУ-ын дээд лигийн тамирчин болох миний эхний зорилго болоод байна. Би анх БНСУ-д ирэхдээ дэлхий хэмжээний томоохон тэмцээнд оролцох мөрөөдөлтэйгөөр ирсэн. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд бага багаар урагшлаад явж байна.  

-Волейболыг оюуны спорт гэх хандлага ажиглагддаг. Та харин  мэргэжлийн тамирчны хувьд юу гэж хэлэх вэ?

          -Мэдээж спортоор хичээллэснээр бие бялдараа хөгжүүлж, олон төрлийн техник сурна. Гэхдээ үүнийгээ талбай дээр гараад ашиглаж чадах ухаан, мэдрэмж байж л тамирчин хүн амжилтад хүрнэ шүү дээ.

-Энэ спортоор амжилт гаргах үндэс нь юу вэ? Волейболын техникийг хэрхэн жигд эзэмшихийг тайлбарлаж өгөөч?

          -Тамирчин болгон өөр өөр хариултыг хэлэх байх. Миний хувьд бол хийж буй бэлтгэлийн техникээ өөрийн  болтлоо давтах хэрэгтэй гэж боддог.  Амжилт гаргахад тусгай нууц жор гэж үгүй шүү дээ. Зөвхөн уйгагүй хөдөлмөр л чухал. Бүх л сэтгэлээ зүрхээ зориулан биеэ дайчлан хийх хэрэгтэй. Шинэ техник сурахад хүндрэлтэй сурч чадахгүй байх үедээ заза надад тохирохгүй юм байна гээд хаях бус суртлаа давтах нь чухал юм. Олон удаагийн давтамжийн дараа нэг л мэдэхэд сурсан байх болно.

- Энэ спортын юунд дурлаж сонгосон бэ. Волейболоор хичээллээд амьдрал тань гарсан өөрчлөлтүүд юу вэ ?

          -Волейболын спорт бол маш цэвэрхэн спорт шүү дээ тэр нь надад хамгийн их таалагддаг. Мөн бэртэл гэмтэл авах нь бусад спортыг бодвол бага  байдаг. Спорт хүнд хүмүүжил олгодог гэдэг. Тиймдээ ч энэ спортоор хичээллээд элдэв муу зуршлаас ангид байж, бусдыг хүндэлж, мэндэлж сурсан. Бас тэсвэр хатуужил, тууштай байдлыг олж авсан нь амьдралд минь эерэг өөрчлөлтүүдийг авчирсан.

-Тамирчин хүний чөлөөт цаг хэрхэн өнгөрдөг вэ?

          -Тамирчин хүнд чөлөөт цаг хомс байдаг. Тэмцээн ойртсон үед бэлтгэл улам ихэснэ. Тэмцээнгүй үед ч байнгын формтой байхын тулд бэлтгэлээ тогтмол хийдэг. Хажуугаар нь сургуульдаа сайн суралцахын тулд хичээлдээ анхаарна. Зөвхөн амралтын өдрөөр бэлтгэлээ хийхгүй амардаг. Тэр үедээ найзууддаа гадуур гарч, тархиа сэргээдэг. Эсвэл гэртээ бичлэг үзэж өдрийг өнгөрүүлдэг дээ.

-МОНГОЛ УЛСААС ХОЁР ТАМИРЧИН БНСУ-ЫН ОЮУТНЫ ЛИГТ ТОГЛОДОГ-

-Хэзээнээс БНСУ-ын лигт тоглох болов. Манай улсаас өөр тамирчид байдаг уу?

     -Манай улсаас дээд лигт тоглодог тамирчин байдаггүй. Харин оюутны лигт Ж.Энх-Эрдэнэ бид хоёр тоглодог. Хэдхэн өдрийн өмнө болсон тэмцээнд бид хоёр өрсөлдөж, манай баг ялсан. Хэдий өрсөлдөгч ч гэлээ хамтдаа гадны орны лигт тоглох сайхан байлаа.

-Сүүлийн тэмцээн ямархуу болж өндөрлөв. Гадны орны лигт тоглох ямар байна вэ?

          -БНСУ-ын оюутны лигийн тэмцээн гурав хоногийн өмнө болж, өндөрлөлөө. Аваргын төлөөх тоглолт таван үе үргэлжилсэн маш хүнд тоглолт байсан. Эцсийн мөчид манай “INHA UNIVERSITY”-ийн бага ялалт байгуулсан. Гадны орны лигт тоглоход илүүтэйгээр шинэ зүйлийг байнга сурч мэддэг.

-Заал дүүрэн үзэгчдийн алга ташилт, халуун энерги дунд тоглох мэдрэмж ямар байдаг вэ ?

          -Заал дүүрэн үзэгчдийг харахаар догдлох, сандрах мэдрэмж төрдөг. Оноо авсны дараа үзэгчид дэмжиж, алга таших чимээг сонсох мэдрэмж үнэхээр сайхан. Үүнээс л илүү хичээж тоглох урам зоригийг авдаг.  Мөн нөгөө талаараа алдачихвий олны өмнө нь эвгүй байдалд орохгүй байхсан гэсэн бодол толгойд эргэлддэг дээ.

-Тоглолтын үеэр сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ. Багийн сэтгэл зүйч байдаг уу?

          -Яг байнгын сэтгэл зүйч байдаггүй. Гэхдээ дасгалжуулагч нар маань давхар сэтгэл зүй дээр маш сайн ажилладаг. Тухайн өдрийн тоглолтын өмнө тамирчдынхаа биеийн байдал болон сэтгэл зүй дээр нь төвлөрч ажиллаж, зөвлөгөө өгдөг болохоор хүндрэл гардаггүй. Миний хувьд бэлтгэл дээрээ дасгалаа хийж байх үедээ сэтгэл зүйгээ сайн бэлддэг.

-Мэргэжлийн тамирчин гэх ойлголт манай улсад ямар байдаг вэ. Таны бодлоор?

    -Миний бодлоор бусад орнуудтай харьцуулахад манай улс тамирчдаа мэргэжлийн түвшинд дэмжиж, орчныг нь бүрдүүлж чаддаггүй.  Манай тамирчид ур чадварын хувьд гадаадын мэргэжлийн тоглогч нартай эн дүйцэхүйц өндөр байдаг. Мөн тэсвэр тэвчээр, оюуны чадамжийн хувьд илүү гэж  би хэлнэ. Багахан хэмжээний дэмжлэг байвал тив дэлхийд монголын нэр мандах өдөр ойрхон. Гэхдээ манай улс багийн спортоо төдийлөн дэмждэггүй шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцвал?

          -Ямарваа нэгэн зүйлээр хичээллэж, түүндээ амьдралаа зориулахад маш их золиос шаарддаг. Хүнд хэцүү бууж өгмөөр үе гарна. Гэхдээ үүнийг даваад, биеэ жаахан зовоочих юм бол амжилт ойрхон байдаг.  Хамгийн гол нь бэлтгэлээ зүрх сэтгэлээсээ хийгээрэй. Битгий шантраарай гэж хэлмээр байна.

          Түүнтэй бид энэ удаад ийн ярилцлаа. Эх орноосоо хол суралцах хэцүү хэдий ч тэр БНСУ-ын оюутны лигт од болон гялалзаж байна. Дараа түүнийг дэлхийд нэрээ дуурсгах үед эргэн энэ цагийг дурсан ярилцах өдөр ирэх байх. Уншигч та бүхэн удахгүй түүнийг олимпд оролцож, монгол хүний ур чадвар, ухааныг дэлхийд гайхуулахыг харна гэдэгт итгэлтэй байна.

 

 


Тамирчин Б.БАЯРСАЙХАН: Амжилтад хүрэх тусгай нууц гэж үгүй, зөвхөн уйгагүй хөдөлмөр л чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-30 08:23:02
    М: Баяр хүргэж амжилт хүсье. Өвөө нь Эрдэнэт, Дархан хотын прокуророор олон жил ажилласан С.Пүрэв гэж мундаг хүн байсан даа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188