• Өнөөдөр 2024-04-26

ЖҮЖИГЧИН Т.БАТТУЛГА: Жүжигчний мэргэжилд оргил гэж байхгүй

2022-09-26,   2508

     Тэр даруухан мөртлөө өөрт оногдсон дүрдээ чамбайхан тоглодог уран бүтээлч. Хошин урлаг ид хүчээ авч байх үед дөнгөж сургуулиа төгссөн залуус аль нэг продакшнд хувиарлагдан, мундаг ах, эгч нараа даган уран бүтээлийн замд орж байсан нь саяхан. СТА жүжигчин Т.Баттулга буюу Батушка ч мөн тэдний л нэгэн адил "Шинэ үе" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө Мөрөөдлийн театрт ажиллаж буй. Тайзан дээр цэрэг, цагдаа, хүү, дурлалт залуугийн дүрд тоглож, дэлгэцэд ч мөн ялгаагүй хайр дурлалын романсийн гол дүрд оноогддог тэрбээр урлагийн халуун залуу жүжигчдийн нэг бол яах аргагүй мөн. Нэг тийм зөөлөн өнгө төрхтэй. Түүнийг урлагийн нөхөд нь адтай сэргэлэн, хөгжилтэй гэж ярих нь  ч бий. Бид түүнтэй тун удахгүй нээлтээ хийхээр зэхэж буй "Гадны нөлөөгүй" киноболон бусад уран бүтээлийнх нь талаар ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-“ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ” КИНОНД ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧ ТУЛГААГИЙН ДҮРД ТОГЛОСОН-

-Сайн байна уу. "Гадны нөлөөгүй" гэх шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авах гэж байгаад нь баяр хүргэе. Таны хувьд өмнө уран бүтээлийн гол болон туслах дүрийн рольд явдаг байсан. Харин энэ удаагийн кино арай өөр онцлогтой болов уу гэж таамаглаж байна?

            -Баярлалаа. Мэдээж өмнөх уран бүтээлүүдээс өөр. Учир нь, анхны бие даан хийсэн уран бүтээл болох  “Гадны нөлөөгүй” кино есдүгээр сарын 30-нд үзэгчдийн хүртээл болохоор зэхэж байна. Өөрөөр хэлбэл, үзэгчиддээ анх удаа өөрийн бие даасан бүтээлээ хүргэж, дүнгээ тавиулахад бэлэн болоод байна. Анхны бүтээл болохоор тэр юм уу айдас, догдлол зэрэгцэж байна. Тэр дундаа үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн бодлоор дүүрэн нээлтийн бэлтгэл ажлаа хийгээд л  явж байна даа. Жүжигчин асан Ц.Ганбаяр найзтайгаа хамтарч хийсэн сүүлийн уран бүтээл болохоор дутуудуулчихгүй юм сан гэх бодол сэтгэлийн мухарт эргэлдээд байж байна даа.

-"Гадны нөлөөгүй" киноны триллер буюу богино рекламыг үзэхэд нэг тийм тагнуултай, гэмт хэргийн тухай өгүүлсэн кино юм уу гэсэн бодол төрсөн. Тэгэхээр киноны утга агуулгын тухайд товч мэдээлж болох уу?

      -Энэ уран бүтээлээрээ  бид сэтгэлгээний өөр өнцгийг  харуулахыг зорьсон. Сүүлийн үед нийгэмд гадны нөлөөтэй, нөлөөлөөгүй гэх маргаан дагуулсан маш олон хэрэг гарч байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор өгүүлэх гэмт хэрэг, сэтгэхүйн адал явдалт кино гэж хэлж болно. Киноны зохиолыг найруулагч, зохиолч, жүжигчин СТА Д.Галбаяр ах бичсэн. Үндсэндээ зураг авалт нь 2020 онд хийгдэж эхэлсэн ч цар тахал, бусад шалтгааны улмаас хойшилоод одоо харин үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Д.Галбаяр найруулагчийн хувьд  анхны адал явдалт төрлийн кино болж байгаа. "Гадны нөлөөгүй" киноны гол дүрд  МУГЖ С.Болд-Эрдэнэ,  МУАЖ С.Сарантуяа, МУСТА Ц.Ганбаяр, МУСТА Э.Батхүү,   МУСТА Ш.Мөнхбаяр нар тоглосон. Сонирхолтой баг бүрэлдэхүүнтэй сайн бүтээл болсон гэж хувьдаа бодож байгаа. Мэдээж бүтээлийн минь алдаа, оноог үзэгчид тунгаан бодож, шүүнэ биз ээ.

-Таныг бид ихэвчлэн дурлалт залуу, хүү, найзын дүрээр мэднэ. Харин энэхүү кинонд ямар дүрд ажилласан бэ. Дээр өгүүлсэнчлэн арай өөр дүр бий болов уу?

            -Би Тулгаа гэх эрэн сурвалжлах сэтгүүлчийн дүрийг бүтээсэн. Сэтгүүлч нар хэргийн араас явахдаа өөрийн болон гэр бүлийнхээ амь насыг дэнчинд тавьж, мэдээллийн араас явдаг. Эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажил ямар чухал, хэцүү болохыг Тулгаагийн дүрээр дамжуулан нийгэмд харуулахыг зорьсон доо. Мөн сэтгүүлчид аливаа мэдээ мэдээллийг хэвлэн нийтлэхдээ ёс суртахуунтай, эх сурвалж болон  гэр бүлийг нь бага гэсэн ч хүндэлж байгаасай гэх өнцгийг харуулахыг хүссэн. Бүх сэтгүүлчийг тийм гэж хэлэхгүй ч,  бидний дунд худал мэдээлэл зоргоороо цацдаг сэтгүүлч цөөнгүй байдаг шүү дээ. Үндсэндээ ёс суртахуунтай, үнэн шударга ажилладаг сэтгүүлчийн дүрийг гаргахыг зорьсон. Дүрдээ хэрхэн ажилласныг харин үзэгчид хэлэх байх аа.

-Найзтайгаа тоглосон сүүлийн уран бүтээл нь. Нэгэнт энэхүү уран бүтээлийн тухай ярьж байгаа болохоор эрхэм уран бүтээлчийг дурсахгүй өнгөрч болохгүй болов уу. Түүний талаар ярьж болох уу?

            -Миний амьдралын түүх бүхэн түүнтэй салшгүй холбоотой. Үнэндээ би найзынхаа тухай одоо нэг их яриад баймааргүй байна. Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг санагддаг. Гэхдээ энэ уран бүтээлд түүнийг дурсахгүй байж болохгүй,  нөхөрлөж явсан нөхрөө дурсах нь зүйн хэрэг байх. Хүмүүс маркетинг гэж битгий бодоосой гэж хүсэж байна. Найз минь энэ киног санаачлаад, чин сэтгэлээ зориулан бүтээсэн. Мөн хамгийн анхны бөгөөд сүүлийн удаа драма дүрд тоглож, гэгээн дүр, халуун амьсгал нь үгүй ч өөрийгөө өөр өнцгөөс харуулаад дүрээ мөнхлөөд одсон доо. 

    Ингэж ярихдаа тэр дуу нь намсаж байлаа. Уран бүтээлийн замд дөрөө харшуулж, хамт ажиллаж, нөхөрлөж явсан сайн найзыгаа тэр энэ мөчид үгүйлж байгаа нь мэдрэгдсэн юм. Түүний хувьд энэ л уран бүтээлийн турш хөндүүр байгаа нь лавтай ч найзтайгаа хамт тоглосон сүүлийн, өөрийн бие даасан анхны уран бүтээлээ хүмүүст хүргэх гэсэн чин сэтгэл л бүгдийг давахад нь тусалж байх шиг санагдсныг энд өгүүлье.

-“ШИНЭ ҮЕ” ПРОДАКШНД АНХ ХУВЦАСНЫ ЭРХЛЭГЧЭЭР АЖИЛД ОРЖ БАЙЛАА-

-Энэ хүрээд бид тун удахгүй нээх гэж буй киноных нь талаар энэ хүрээд өндөрлөж, хувь Батушкаг уншигч танд хүргэхээр яриагаа үргэлжлүүлсэн юм. Хүн бүрт л эхлэл бий. Магад бид хаанаас эхэлснээ мэдэж гэмээнэ цааш алхдаг байх. Энэ ч утгаар та яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ. Хэн нэгэн хөтөлсөн болов уу?

. -Багадаа  хип хоп бүжиг бүжиглэдэг, дуулдаг урлаг уран сайхан гээд гэртээ тогтдоггүй хөдөлгөөнтэй хүү байлаа. Тэгээд арван жилийн сургуулиа төгсөхдөө урлаг надад ээлтэй санагдаж, Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр Н.Ганхуяг багшийнхаа удирдлагад суралцаж төгссөн. Одоо эргээд харахад, ямар зөв шийдвэр гаргасан юм бэ гээд өөртөө талархмаар санагддаг.

-Ихэнх уран бүтээлч тайзны хэрэглэл зөөж, арын албаны туслах хийж эхэлсэн түүх ярьдаг. Таны хувьд мэдээж мэргэжлээр төгссөн ч гэсэн продакшнд анх ажилд ороход шууд дүр авахгүй нь мэдээж байх.  Анх уран бүтээлч болохоор эхэлж байсан үеийн дурсамжаас хуваалцаж болох уу?

            -Би төгсөх курсийн оюутан байхдаа санамсаргүй байдлаар “Шинэ үе” продакшнд хувцасны эрхлэгчээр ажилд орж, агуулахад тоглолтын хувцас янзлахаас эхэлсэн. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ “Шинэ үе“ продакшндаа ажиллаж, тайзны уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах болсон доо. Намайг оюутан байхад  хошин урлаг эд хүчээ авч, хүмүүс тоглолт үзэхийн тулд урт  дараалал үүсгэдэг байлаа. Зарим нь бүр тасалбараа авч чадахгүй буцдаг байсан үе шүү дээ. Дөнгөж тайзан дээр гарч эхэлж байхдаа мэдээж арын эгнээнд зогсоно. Тэгээд жүжиг дуусахад үзэгчид босоод алга ташихад зөвхөн надад зориулсан юм шиг их баярладаг байж билээ. Үнэндээ үзэгчид намайг байгаа үгүйг ч мэдэхгүй шүү дээ.

 

-Таны тоглосон киноноос "Буруу эргэлт" киноны Цэнгэлийн дүрийг асуумаар байна. Найзуудтайгаа тоглосон уран бүтээл болохоор тухайн үеийн дурсамж их бий байх. Нөгөө талаар уран бүтээлч болохоор дөнгөж эхэлж байсан үеийн Батушкагийн дүр шиг санагддаг?

            -“Буруу эргэлт” кино миний анхны тоглосон дэлгэцийн уран бүтээл болохоор ч тэр үү хамгийн хайртай дүр минь. Тус киноны зургийг өвөл авсан. Гэтэл  би яагаад ч юм ганган харагдмаар санагдсан юм уу бүү мэд борооны  цувтай зураг авалтад орчихсон. Нэгэнт зураг аваад эхэлсэн болохоор дуусах хүртэл нь идэр есийн хүйтэнд цастай ууланд борооны цувтай зураг авалтад орсон доо. Сүүлдээ нөгөө цув маань дарайж хөлдөөд, голдоо ортол даараад, тэгсэн ч огт даараагүй юм шиг жүжиглэж байснаа одоо бодохоор инээд хүрээд, хөөрхөн санагдаад байдаг. Тухайн үед фэйсбүүк байхгүй, ухаалаг утас ховор байлаа шүү дээ. “Буруу эргэлт” кино гарсны дараа танихгүй дугаараас “Кино нь гоё болсон байна лээ шүү, амжилт хүсье” гэх зурвас их ирдэг. Хаанаас ч миний дугаарыг олдог юм бүү мэд. Хэрвээ тэр үед фейсбүүк, инстаграм хөгжсөн байсан бол тоймгүй олон зурагтай л байх байсан байх.

-"Буруу эргэлт" кино найз, нөхөрлөлийн сайхан бүтээл. Нэг тийм үзэх бүрт л үзэгчдэд нэг санааг хэлж өгдөг. Хааяа бүтээлээ үзэж, найзуудаа санаж, боддог болов уу?

            -Шинэ үе продакшн, MERGEN студийн хамтын бүтээл Буруу эргэлт уран сайхны киног бүтээж байлаа. Тухайн үед анхны бүтээл болохоор айж эмээх, сандрах үе байсан ч найзуудтайгаа хамт тоглож байгаа учир түшигтэй, жүжиглэхэд дөхөм амар байсан. Манай киноны дууны үгт гардаг даа.

"...Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа

 Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнэ..." гээд МУГЖ Н.Ариунболд ах бичсэн байдаг. Бидний нөхөрлөл яг энэ дууны үг шиг байсан даа. Найзуудаа үргэлж санаж, үгүйлж орон зайгаар нь  дутаж л явна даа.

-Та урлагт ороод арав гаруй жил болжээ. Оргил өөд өгсөж яваа залуу уран бүтээлчийн хувьд дүр болоод уран бүтээлийн хязгаар байдаггүй болов уу. Өгсөх тусмаа өөрийн алдаа, оноог олж харж, урагшилдаг байх?

            -Жүжигчний мэргэжилд хүрэх оргил гэж байдаггүй гэж би хувьдаа боддог. Харин хувь уран бүтээлчийн бодол сэтгэлдээ төсөөлсөн оргил л гэж байдаг байх. "Би боллоо" гээд сэтгэл ханаад ирвэл тэр хүн уналт руу тэмүүлж байна аа гэсэн үг шүү дээ.

-Цаашид юунд зорьж, тэмүүлж явна. Үзэгчид магад Батушкагаас уран бүтээлийн тэсрэлт, дүрийн өөр хувилбарыг хүлээж байж мэдэх юм?

            -Одоогоор "Гадны нөлөөгүй" уран бүтээлээ амжилттай нээгээд, үзэгчдэдээ хүргэхийг л зорьж байна даа. Цаашдаа бие даан уран бүтээл хийх төлөвлөгөө байгаа. Мөн манай “Мөрөөдлийн театр” тайз болон дэлгэцийн уран  бүтээлдээ эргэн эрчимтэйгээр орно. Ер нь тайз, дэлгэц хоёр намайг голоогүй цагт урлагаасаа хөндийрөхгүй уран бүтээлээ хийсээр байх болно гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

           Түүнтэй бид энэ удаад ийн ярилцлаа. Мэдээж уншигч танд Т.Баттулга гэх залуу жүжигчнийг илүү нээж, хүргэх өдөр олон байгаа. Тэр уран бүтээлдээ илүү өсөж, өөрийгөө илүү үзэгч олондоо өөр өнцгөөр нээж, өөрчлөлт, тэсрэлтийг хийх тэр цаг хугацаанд бид дахин уулзаж, өөрийгөө өнөөдрөөс илүү хөгжүүлж, урагшуулсан Батушкатай уулзуулах болно. "Гадны нөлөөгүй" кино бол түүний дөнгөж эхлэл. Тэр одоо л эхэлж байна.


ЖҮЖИГЧИН Т.БАТТУЛГА: Жүжигчний мэргэжилд оргил гэж байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-26 17:24:38
    zochin: Saixan zaluu sain jujigchin shuu Uran buteeliin olon saixan amjiltuudiig xusie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188