• Өнөөдөр 2024-04-20

З.ДҮВЧИН: Б.Хулан нас бага болохоор жаахан дутуу барьцнаас том мэх хийгээд оноо алдчихлаа

2022-09-19,   763

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, 53 кг-ын мөнгөн медаль хүртсэн Б.Хулангийн багш,  Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Зэвэгийн Дүвчин багштай ярилцлаа.

    -Танд баяр хүргэе. Таны шавь Б.Хулан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Алтан медаль их л ойрхон байлаа даа, багш аа?

     -Баярлалаа. Хулан нас бага болохоор жаахан дутуу барьцнаас том мэх хийгээд оноо алдчихлаа. Зүгээр дээ, залуу хүүхдэд цаг хугацаа байна. Өөрт нь том сургамж, туршлага болсон байх. Цаашдаа сайн хичээгээд хичээллээд байвал юмыг яаж мэдэх вэ. Юм дуулгаж мэдэх л охин байгаа юм.

-Б.Хулангийн анх удаа оролцож байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн биз дээ?

     -Тийм ээ. Ер нь бараг л анх удаа гадагшаа гарч, хилийн дээс алхаж байгаа тэмцээн нь байх шүү. Гаднынханд одоогоор төдийлөн судлагдаагүй байгаа. Тэр эрчээрээ нэлээн сайн барилдлаа.

-Таны гарын шавь болоод хэр удаж байгаа юм бэ?

    -Миний шавь болж над дээр ирээд таван жил болж байна. Их зоримог.

Б.Хулан их өвөрмөц дайчин барилдаантай юм. Хөл, гар, дөрвөн мөчөөрөө тэнцүүхэн барилдах юм. Харин хөлөө хамгаалалт нь жаахан сул байна. Хөлдөө л оноо алдаад байх шиг харагдлаа?

     -Хулан өөрийн гэсэн төрөлхийн барилдааны эсвэл, онцлог, мэдрэмжтэй хүүхэд л дээ. Сурах зүйл их бий. Дутуу зүйлүүд, засаж сайжруулах, нарийн барилдааны мэдрэмж суух яагаач үгүй байгаа. Цаашдаа хичээж зүтгэвэл болох л байх.

-Б.Хулан алтан медалийн төлөө барилдахынхаа  өмнө тантай утсаар ярьж зөвлөгөө авсан юм уу?

    -Тэр ч тийм чухал зүйл биш л дээ. Надтай ярьсан. Хулан бид хоёрын хооронд үлдэх ганц нэг зүйлийг хэлж, захисан. Тийм сүртэй нарийн ширийн зөвлөгөө биш ээ. Анхааралтай хичээж, барилдахыг л захисан.

-Б.Хулангийн барилдааныг шөнө сууж үзэв үү?

    -Үзсэн, үзсэн. Хулан маань боломжийн сайн л барилдлаа.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг хүссэн бөх болгон хүртээд байдаг юм биш. Үүнээс илүү яах вэ. Анх удаа дэлхийн аваргад ороод мөнгөн медаль хүртсэн гэдэг маш том амжилт юм аа.


З.ДҮВЧИН: Б.Хулан нас бага болохоор жаахан дутуу барьцнаас том мэх хийгээд оноо алдчихлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188