• Өнөөдөр 2024-04-27

“ОДНЫ ӨВӨӨ” САВАДА НОБОРҮ: Анх Монголд ирэхэд юу юугүй дээрээс од унах гэж байгаа юм шиг санагдаж байлаа

2022-09-17,   726

Монгол, Япон Улс найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн “Гамма” агентлаг Гадаад харилцааны яамтай хамтран энэ сарын 14-нийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Японы гэрэл зурагчин Шимизү Тэцүро, Мацумото Ёшико, Асакура Ясунори, Савада Ноборү нарын “Хөх тэнгэрт мандсан наран” үзэсгэлэнг дэлгээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 25 жилийн турш Монголд ирж, тэнгэр, од, эрхэсийг гэрэл зургийн хуудсанд буулгаж, монгол зурагчид дундаа “Одны өвөө” хэмээн нэрлэгдэх болсон өдгөө 90 настай гэрэл зурагчин Савада Ноборүтэй ярилцлаа.

-БИ МОНГОЛ ХҮН-

-Таныг анх 1997 онд Монгол Улсад ирж байсан тухай сонссон. 25 жилийн дараах Монгол ч их өөрчлөгдсөн. Харин танд өгч байсан мэдрэмжээ хадгалж, үлдэж чадав уу?

                        -Анх Японы Шибарү Ётаро гэх зохиолчийн “Монгол диваажинд амьдардаг улс” номыг уншаад “Тэр оронд л очих юм сан” гэж бодож байлаа. Бодож, хүсэж явсаар 1997 онд Монголд ирсэн. Тэр үед өнөөгийнх шиг хөгжилгүй. Гэхдээ зах зээлд шилжээд удаагүй ч надтай учирсан бүх л хүн цайлганаараа байсан даа. Анхны сэтгэгдэл “Уншсан ном шиг маань л байна” гэж бодож байсан. 25 жилийн өмнө Монголд газардаж, хөл тавихад л төрсөн нутагтаа ирсэн юм шиг сайхан санагдаж байлаа.

-Энгийн дотно ч бус бүр төрсөн нутаг шиг тань санагдсан гэж үү. Одоо ч энэ мэдрэмж хэвээрээ юү?

                        -Би хэдий Япон Улсын иргэн ч, өөрийгөө монгол хүн гэж боддог. Цар тахлын өнгөрсөн хоёр жилд ирж чадаагүйгээс бус 1997 оноос хойш жил бүр Монголд ирсэн. Жил алгасалгүй ирэхдээ бүгдэд нь л төрсөн нутагтаа ирж байгаа юм шиг мэдрэмж авсан. Нэг удаа “XIII зуун” гэх амралтын газарт байсан бөөд үзүүлтэл “Танай ээжийн тал чинь монгол хүмүүс юм биш үү” гэж хэлсэн юм. Бөөд үзүүлж дуусаад бусад монгол хүний адил ташуурдуулахад ч дотроо цэвэрлэж, сэтгэлээ ариусгасан юм шиг болсон. Надад ч хөх толбо байдаг юм. Тиймээс ч би тэр бөөгийн хэлснийг худал гэж боддоггүй. Заримдаа Монголд явж байхад залуус ирээд “Өвөө энэ автобус хаашаа явдаг вэ”, “Автобусны буудал хаана байгаа вэ” гэхчилэн асуудаг. Одоог хүртэл манай хүүхэд, ач, гуч нар “Та 90 нас хүрчихээд байнга л Монгол руу явна гэж байх юм” гэхээр нь би өөдөөс нь “Монгол хүн нутагтаа очих гээд дотроос юм хатгаад байна аа” гэдэг (инээв).

-Нөгөөтээгүүр Монголд ирсэн, өөрийгөө монгол хүн гэж бодох болсон цагаасаа дахин төрсөн юм шиг мэдрэмж авч ээ?

                        -Би анх Монголд ирэхдээ 65 настай байлаа. Японд 65 нас гэдэг өөрийн хувийн компаниа байгуулж, үргэлжлүүлэн ажиллах үе. Харин би Монголд ирэхийн тулд компаниа дараагийн үедээ өвлүүлж, үр хойчдоо ч өөртөө ч шинэ үүдийг нээж өгсөн. Монголчууд хүүхдээ багаас нь бие даалгаж, том болоход нь тусдаа гэр барьж өгөөд гаргадаг. Үүний адил би ч хүүхдээ биеийг нь даалгаж, өөрөө 65 насандаа шинийг сурч, мэдэх гэж Монголд ирсэн. Монголд ирснээр миний амьдралд олон өөрчлөлт гарсан. Эхэндээ Монголд ирээд байгалиар аялж, үзэж байгаад л буцдаг байсан бол, сүүлдээ тэр сайхан байгалийг Японд байгаа бусдадаа харуулахыг хүссэн. Жил бүр Монголд ирж, гэрэл зургаа дараад Японд очоод өөрийнхөө зургуудаар үзэсгэлэн дэлгэдэг юм.

-Таныг монгол гэрэл зурагчид од, тэнгэрийн зураг их дардаг болохоор “Одны өвөө” гэх юм билээ. Анх хэрхэн од, тэнгэрийн зураг дарахаар шийдсэн юм бэ. Эсвэл зүгээр л “дотроос хатгаад” гэсэн шиг өөрөө л дараад эхлэв үү?

                        -Анх Монголд ирэхээс л од маш том харагдсан. Японд тийм жижигхэн харагддаг од Монголоос харахад маш том байдаг. Аппаратаа гаргаад зураг дарахын хооронд л юу юугүй дээрээс унах гэж байгаа юм шииг санагдаж байлаа (инээв).

-Монгол, Япон Улс найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Хөх тэнгэрт мандсан наран” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээхээр ирэхдээ хөгтэй адал явдалтай тулгарсан тухай сонссон юм. Нууц биш бол адал явдалтай басхүү хөгтэй тэр түүхээсээ уншигчидтай хуваалцахгүй юу?

                        -Үзэсгэлэнгийнхээ тухай дуулаад яг Монгол руу гарах гэтэл ач, гуч гээд гэр бүлийнхэн дургүйцэж, хориглосон. Харин манай охин дүү “Монголыг гэсэн сэтгэлтэй энэ хүн хоёр орны найрамдалт харилцааны түүхэн ойд зориулсан тэр том үзэсгэлэнд оролцох гэж байхад нь явуулах хэрэгтэй” гэж хүүхдүүдэд маань хэлсэн юм. Тэгээд нисэх өдрөө би өглөө 06:00 цаг гээд хүүхдүүд сэрэхээс өмнө босов оо. Хирошимагаас метронд суугаад Токиод ирлээ. Гэтэл цар тахлын хугацаанд Японоос Монгол руу нисдэг терминалууд өөрчлөгдсөн байж таараад гурван терминалын хооронд гүйж явсаар онгоц нисэх цаг ч өнгөрдөг юм байна. “Хоцорчихлоо доо” гэж гүйж явсаар хоёр дахь терминал дээр нь ирэхэд миний нэрийг асуусан болоод л шууд татаж гаргаад нисэв ээ. Гэтэл онгоц нисэх цагаасаа 20 минут өнгөрчихөөд намайг хүлээж байж л дээ. Монголд ирээд шууд л ач охин руугаа яриад “Би Монголд ирсэн. Надад санаа зовох хэрэггүй шүү” гэсэн (гэсэн).

-Монгол ирж, суурьшин амьдрах талаар бодож байгаагүй гэж үү. Эсвэл боломж, нөхцөл нь бүрдсэнгүй юү?

                        -Монголд амьдрах тухай бодож байсан. Гэтэл тэр үеэр эмгэн маань альгеймер өвчинтэй болсон. Мартах өвчтэй болсон ханиа намайг дуудахад дэргэд нь байхгүй байх вий гэж бодоод Монголд ирж суурьшилгүй тэндээ амьдрах болсон. Хань минь одоо эмнэлгийн асаргаанд байдаг. Японд байхаараа би эмнэлэгт байж асардаг юм.

-Өнөө үеийн монгол залуусын талаар юу гэж боддог вэ. Жишээ нь, Японы залуу үетэй харьцуулахад ямар байх бол?

                        -Монгол залуус ахмад настнаа их хүндэлдэг. Ер нь бүх л монгол хүн маш их хүндлэлтэй санагддаг юм. Харин япон залуусыг сайтар ажвал харц доогуур. Ирээдүй рүү тэмүүлэхгүй, юу ч хүсэж хүлээхгүй, тэмүүлэлгүй байгаа нь харцнаас нь ажиглагддаг. Харин монгол залуус цэх алхаад тэртээ холыг харж явдаг даа. Тиймээс ч би тэгж яваа монгол залуусын ирээдүй гэрэлтэй байхад итгэлтэй байдаг.

-Монголд ирээд авсан зургуудаараа жил бүр Хирошима хотод гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэдэг гэсэн. Харин зургуудаа эмхэтгэж, Монголын тухай бичиж, ном болгох тухай бодож байв уу?

                        -Монголын тухай, Монголд ирээд авсан гэрэл зургуудаараа нэг ном хэвлүүлсэн. Харин жил бүр дэлгэдэг гэрэл зургийн үзэсгэлэнгээ цаашид үргэлжлүүлнэ. Миний үзэсгэлэнг үзсэн хүмүүс “Өдий насны хүн гадаад руу явахгүй байх ёстой” гэж хэлэх бус бүр ч “Дахиад яваад гоё зургууд дараад ирээрэй” гэдэг юм.

-Одоо Япон руу очоод ямар төрлийн гэрэл зургуудаар үзэсгэлэн дэлгэх гэж байна вэ. Зургуудаа авч амжив уу?

                        -“Хөх тэнгэрт мандсан наран” үзэсгэлэнгээ дууссаны дараа зургуудаа авах бодолтой байна. Дамбадаржаад байдаг япон цэргийн дурсгалын цэцэрлэгт очиж хүндэтгэл үзүүлээд зургийн ажлаа эхлүүлнэ дээ.

 

-Ярилцлагынхаа төгсгөлд монгол залуус хандаж хэлэх үг, захих захиас бий юү?

-Хүн бүр алдаа гаргадаг. Гэсэн ч алдаагаа ухаарахгүй амьдарна гэдэг хамгийн хэцүү зүйл. Харин амьд байгаадаа гаргасан алдаагаа ухаарч түүнийг засаж залруулахад анхаарах хэрэгтэй.

 

 


“ОДНЫ ӨВӨӨ” САВАДА НОБОРҮ: Анх Монголд ирэхэд юу юугүй дээрээс од унах гэж байгаа юм шиг санагдаж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-14 16:10:20
    zochin: 90 nastai ene buural japan ongotsond suugaad uzesgelendee oroltsood unendee amidraliig tsetsegluulj baina daa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188