• Өнөөдөр 2024-04-26

“MOON DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧИН Р.НОМИНЗАЯА: Би бүжгийн урлаггүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй

2022-08-31,   789

     “Moon dance” хамтлагийн бүжигчин, УАШТ-ний долоон удаагийн аварга Р.Номинзаяатай ярилцлаа.

-Сайн байна уу.  Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

       -Сайн байна уу? Намайг Ренчиндоржийн Номинзаяа гэдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж өссөн. “СУИС”-ийг бүжигчин, дэглээч найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо “Dance chance” энтертайнментад  бүжигчнээр ажилладаг.

-Хүүхэд байхаасаа бүжиглэсэн үү, яагаад бүжигчин гэх мэргэжлийг сонгосон юм бэ?

       -Бараг л ухаан орох цагаасаа эхлээд бүжиглэсэн гэхэд хилсдэхгүй. Би урлагийн гэр бүлд төрж, өссөн. Хүүхэд байхаасаа эхлээд л Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт эмээ, ээж, эгч нарынхаа бүжиглэхийг нь хараад  л өнждөг байсан. Тэр үеэс урлагтай амьдрал минь салшгүй холбогдсон гэж боддог.

-Таны бодлоор бүжгийн урлагийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

           -Бүжгийн урлаг нь цаг хугацаа, орон зай, мэдрэмж зэргийг нэгтгэн хүнийг хамгийн хүчирхэг, хамгийн үзэсгэлэнтэйгээр илэрхийлж чаддаг. Мөн бүжгийн урлаг хүнээс маш их сэтгэлийн тэнхээ, тэвчээрийг шаарддаг. Хэн тууштай, тэвчээртэй нь амжилтад хүрч, хүн бүрийн мэдрээд байдаггүй тэр гайхалтай мэдрэмжийг мэдэрдэг.

-Улсын аваргад хэзээнээс оролцож эхэлсэн бэ?                               

-“Moon dance” хамтлаг 2013 онд байгуулагдсан жилдээ улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож,  хоёрдугаар байранд орж байсан. Үүнээс хойш тасралтгүй оролцсоор,  долоон удаагийн Монгол Улсын аварга болсон байна даа.

 -Дараагийн тэмцээндээ хэзээ оролцох вэ?

         -Манай хамтлаг латин америк бүжгийн формейшн буюу хамтлаг бүжгийн төрлөөр тэмцээнүүдэд оролцог. УАШТ-д нэг болон хоёрдугаар байр эзэлсэн баг ДАШТ-д оролцох эрхээ авдаг. Одоогоор  дэлхийн аваргынхаа эрхийг аваад,  бэлтгэлээ эхлээд явж байгаа. Энэ жилийн ДАШТ Герман улсад аравдугаар сарын 15-нд болно.

-Өөр ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?

            -Манай хамтлагийн хувьд 2014 оноос эхлэн дэлхийн аваргын тэмцээнд оролцож эхэлсэн. Миний хувьд хамтлаг бүжгээс гадна хосын төрлөөр тэмцээнүүдэд оролцож УАШТ, ААШТ-д оролцож байсан. Мөн хүүхэд байхаасаа эхлээд Монгол үндэснийхээ бүжгээр хичээллэж байнгын тэмцээн уралдаанд тогтмол оролцож ирсэн.

-Танай гэр бүлийнхэн ихэнх нь урлагийн хүмүүс гэсэн шүү дээ. Аль салбарт ихэвчлэн ажилладаг вэ?

         -Манай гэр бүлийн хувьд аав, өвөө бусад нь урлагийн хүмүүс байдаг.  Эмээ маань насаараа Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчин хийж байгаад, тэтгэвэртээ гарсан. Манай ээжийн хувьд жүжигчин мэргэжилтэй ч  давхар бүжиглэдэг. Гэр бүлээрээ бүжгийн урлагтай амьдралаа холбоод л явж байна даа.

-Урлагийн хүн болохоор шийдээд, мэргэжлээ сонгоод ирхэд аав, ээж тань эсэргүүцэж байв уу?

      -Анхандаа намайг урлагийн хүн болоод хэрэггүй гэдэг байсан. Гэхдээ урлагийн гэр бүлд өссөн хүүхэд мэдээж урлагийн хүн болно шүү дээ. Хүн ер нь өөрийнхөө дуртай зүйлийг л хийж байж, жаргалтай амьдарна шүү дээ. Намайг урлагийн болно гэхэд гэр бүл минь хамгийн их дэмжсэн. Манай гэр бүл хоорондоо маш их нээлттэй харилцдаг. Тэр тусмаа ээж бид хоёрын дунд бараг нууц байдаггүй.  Надтай хамгийн сайн найзаас маань илүү ярилцдаг.

-Эмээтэйгээ хамт өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжаасаа хуваалцаач?

       -Эмээг маань Дамбасүрэнгийн Нарантуяа гэдэг. Одоо 70 настай  мөртлөө надаас гоё биеэ авч явж, бүжиглэсээр байгаа. Би чинь ер нь эмээ, өвөөгийн хүүхэд шүү дээ. Ээж намайг жоохон байхад аялан тоглолтоор их явдаг байсан. Олон хоног тоглолтод яваад ирэхэд нь би хэлд  орчихсон. Дахиад яваад ирэхэд нь хөлд орчихсон байсан гэсэн.

-Танд эмээ тань анх бүжиг зааж  өгч  байсан уу?

            - Эмээ маань казах, вальс зэрэг  бүжгийг залуудаа  их бүжиглэдэг байсан.  Тэр бүжгүүдийг эмээгээрээ заалгаад, анхныхаа тэмцээндээ оролцож,  алтан медаль хүртэж  байлаа. Би  аливаа зүйлийг хурдан хугацаанд тогтоодог төрлийн хүн л дээ. Тиймдээ ч ихэнх бүжгийг хараад л сурчихдаг байсан. Тэгээд сурчхаад  эмээдээ бүжгээ бүжиглэж үзүүлэхээр эмээ маань буруу хийж буй хөдөлгөөнийг засаж өгнө. “Алив миний охин ингэдэг юм” гээд л өөрөө бүжиглэж харуулдаг байсан.  Эмээ “Миний охин ёстой мундаг, хамгийн гоё нь шүү эмээ нь охиндоо зөндөө хайртай шүү” гэж байнга хэлдэг.

 

 


“MOON DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧИН Р.НОМИНЗАЯА: Би бүжгийн урлаггүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188