• Өнөөдөр 2024-04-27

Т.ХАШЦЭЦЭГ: Сайн дурын ажил хийж байсан минь Ажиа гэгээний тэтгэлэгт тэнцэхэд том түлхэц болсон

2022-08-26,   2747

   “...Тэтгэлэг бол аав, ээжийгээ санхүүгийн их дарамтаас хөнгөлж байгаа зүйл...” гэж ярих нэгэн бол Ажиа гэгээний тэтгэлэгт тэнцсэн Т.Хашцэцэг. Тэрбээр энэ жил Дорноговь аймгийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийг төгсөөд, Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуульд элсэн оржээ. Бид түүнтэй Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн бэлдсэн болон ямар шалгуурт тэнцэн тэтгэлэг авсан тухай нь ийн ярилцлаа.

    -Сайн байна уу. Юуны өмнө Ажиа гэгээний тэтгэлэгт тэнцсэнд баяр хүргэе. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн шалтгаанаа хэлж өгөөч?

     -"Арванхоёрдугаар ангиа төгсөөд ямар нэгэн тэтгэлэгт хамрагдана" гэж бодож байсан. Тэтгэлгийн хувьд өөртөө болон гэр бүлдээ санхүүгийн дарамт бага учруулж, суралцах боломж гэж хардаг. Тэтгэлгүүдийг судлаад үзэхэд жилийн төлбөр, эсвэл сая төгрөгийн мөнгөн тэтгэмж өгдөг юм билээ. Харин Ажиа гэгээний нэрэмжит Зөв тэтгэлэгт хөтөлбөр нь нэгдүгээр курсээс төгсөх хүртэл жил бүр сургалтын төлбөр, байр, бусад зардал гэдгийг өгнө. Түүнээс гадна дөрвөн жилийн хугацаанд сайн дурын нийгмийн ажилд оролцох, багаар ажиллах зэрэг чадварыг хөгжүүлэнгээ, мэргэжлийнхээ чиглэлээр ментортай болох хөтөлбөрт хамруулдагаараа давуу талтай.

Энэхүү сан Ажиа гэгээнд залбирсан, сүсэглэсэн хүмүүсийн хандиваар бүтдэг. Зөвхөн тэтгэлэг олгохоос гадна Ажиа гэгээн сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандиваар ЭХЭМҮТ-д Хүүхдийн хавдарын эсрэг үндэсний төв байгуулсан гээд сайн үйлсийн олон ажлыг Монголд зориулж хийсэн хүн.

  -Тэтгэлэгт хамрагдахын тулд хэрхэн бэлдсэн бэ. Ажиа гэгээн зөв тэтгэлэг ямар шалгуур тавьсан байв?

     -Энэхүү тэтгэлэг нь гурван шаттайгаар явдаг. Эхний шат нь өргөдлөө, эсээтэй хамт явуулаад, тэнцсэн оролцогчид нь хоёрдугаар шатандаа багт хуваагдан сайн дурын ажил хийж, гэрийн зочлол гэж явдаг. Энэ нь өссөн орчин, хүмүүжлийг нь харах үүднээс гэрээр нь зочлох шат. Гуравдугаар шатанд нь эцэг, эхтэйгээ хамт очиж, ярилцлагад орсноор, эцсийн байдлаар хариу нь гардаг. Мөн анхны тавих шалгуурын хувьд 17-18 настай Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, 80-аас дээш дүнтэй байх ёстой. Сүүлийн хоёр жил нийгэм, сайн дурын ажилд идэвхтэй оролцсон байх зэрэг шалгууртай. Сайн дурын ажил хийснээр нь хувь хүний хандлага, харилцааг харна.

-Арван жилд байхдаа ямар ямар сайн дурын ажил хийж байсан бэ?

    -Би наймдугаар ангиас хойш Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагын дэргэдэх хүүхдийн оролцооны байгууллагад идэвхтэй ажиллаж эхэлсэн. Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад, 2019 онд аймгийн хүүхдийн есдүгээр чуулганаар аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон. 2022 он хүртэл сайн дурын ажил хийсэн. Энэ хугацаанд гурван хандивын аян, сургалт семинар, үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан. Тухайлбал, зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн өвчтэй 10 настай охинд хандивын үйл ажиллагааг зохион байгуулж, 1.6 сая төгрөг хандивласан. Тэтгэлгийн хоёрдугаар шатны шалгаруулалтын сайн дурын ажлаар Ид шидийн оронд манайх багаараа очиж, ажилчдад нь тусалсан.

  -Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн бэлдсэн бэ. Төгсөх анги байх үед шалгалт, бусад ажил гээд 24 цаг хүрэлцдэггүй байсан. Тэгэхээр өөрийн чинь хувьд цаг заваа хэрхэн зохицуулдаг байсан бэ?

        -Арванхоёрдугаар ангид ороход нь завгүй болж байгаа нь илт мэдрэгддэг юм байна лээ. Хичээлээс гадна олон ажилтай. Түүнээс гадна дөрвөн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлдэж байсан болохоор ачаалалтай байсан. Сонгон хичээлийн цагт өмнөх оны тестээ хийгээд явдаг байсан. Өнгөрсөн оны хичээлийн тест ЭЕШ-д их хэрэг болдог юм байна лээ. Элсэлтийн ерөнхий шалгалт тухайн өдрийн сэтгэл зүй, бэлтгэлтэй холбоотой байдаг болохоор улайрч бэлдээд дэмий санагдсан. Би дөхөөд ирэхэд нь, математик, физикийн хичээлдээ их бэлдсэн. Харин монгол хэлээ нэг их бэлдэхгүй, тухайн үеийн хичээлээ ойлгоод л яваад байсан. Гэтэл монгол хэлдээ 800 оноо аваад, бэлдсэн хичээлдээ сайн оноо аваагүй. Тэгэхээр хэт улайрахгүйгээр өөрийнхөө хэмжээнд бэлдээд явбал зүгээр санагдсан.

-Одоо оюутан болох гэж байна. Ямар мэдрэмж төрж байна вэ?

         -Хичээл сонголтоо хийгээд сургуульдаа ороход бэлэн болно. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бэлэн биш байна. "Сурагч байхаа болиод, оюутан болж байгаа юм уу" гээд итгэдэггүй юм байна лээ. Нэг л эвгүй, шинэ юм шиг санагдаад байгаа. Догдлол гэхээс илүү бага зэрэг айдастай байна. Гэрээсээ хол байгаа болохоор яаж сурч, амьдрах бол гэсэн бодол төрж байгаа. Гэхдээ шинэ амьдралд орж байгаа болохоор сонирхолтой санагдаж байна.

   -Ямар мэргэжил сонгох гэж байна вэ. Цаашид ямар хүн болно гэж боддог вэ?

              -Энэ жил ерөнхий эрдмийн хичээлээ үзээд дараа жил “Сэргээгдэх эрчим хүч” хөтөлбөр рүү орох хүсэлтэй байгаа. Сургуулиа төгсөөд илүү сайн суралцаад, Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний газар ажиллана. Энэ нь байгаль орчинд болон ирээдүйд ч хэрэгтэй, эрэлттэй мэргэжил учраас сэргээгдэх эрчим хүчний инженер гэдэг мэргэжил сонгосон. Ер нь дотоодын эрчим хүчний салбар, байгаль орчиндоо хувь нэмрээ оруулах, мундаг инженер болно гэж бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа

   -Баярлалаа.


Т.ХАШЦЭЦЭГ: Сайн дурын ажил хийж байсан минь Ажиа гэгээний тэтгэлэгт тэнцэхэд том түлхэц болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-28 00:12:07
    Solongo: Mundg egch shyy ta cdnaa ania amjilt ❤️
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-26 22:19:24
    Эрдэнэбилэг: Хашцэцэг дүүдээ амжилт улам их амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-26 14:20:40
    Б. Энхтуул: Хашаа маань багаасаа л гоц хүүхэд байсан юм даа. Мундаг дүүгийнхээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-26 14:11:20
    Насанжаргал : Сайн уу ? Миний дүү мундаг шүү. Дүүдээ сурлагын өндөр амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-26 13:08:03
    Oyunbold: Vnheer mundag ehc bn Amjilt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188