• Өнөөдөр 2024-04-24

УДАМ ДАМЖСАН БАРИАЧ Г.ШОМБО: Тугалын нэг хөл нь хэвлийдээ гацчихсан татаж гаргахаас өөр арга байгаагүй

2022-08-18,   1366

  “Нүүдэлчин Монгол 2022” наадмын үеэр сарлаг төллөж чадахгүй тугал нь бүтчихсэн байхад Ховд аймгийн нэрт бариач, өвлөн уламжлагч, Ард түмний гавьяат Г.Шомбо уламжлалт аргаар төрүүлсэн юм. Тэрбээр гурав дахь үеийн бариач бөгөөд өөрийн өвлөн уламжлан авсан арга ухаанаар ард түмэндээ гайхагдсан хүн нэгэн аж. 

                             -Ард түмний гавьяат цол тийм ч амар олдоогүй-

-Сайн байна уу. Цахим орчинд та амьгүй болох шахсан тугалыг энх амаржуулсан талаарх дүрс бичлэг түгээд байна. Тэр өдөр юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

        -Сайн байна уу. Тэр өдөр баяр ёслол өрнөж байхад сайд нар гэнэт ёслолыг зогсоосон. Тэгээд гайхаад байж байтал “Сарлаг төрж чадахгүй байна” гээд хүмүүс хорондоо яриад байхаар нь юу болж байгааг нь хараад цаг гаруй боллоо. Тусламж хэрэгтэй юм шиг байхаар нь очтол тугалын нэг хөл гарсан байж байна. Тэгсэн “Хоёр, гурван хүн очоод босгох гээд хөөгөөд байхаар нь би уурласан. Эх нь бол яах ч үгүй, тугал нь бүтээд эндэх магадлалтай байсан. Нөгөө сарлаг маань ахиад хэвтчихээр нь очоод цохисон чинь өрөөсөн хөл нь тугалынхаа хошуутай гараад ирсэн. Нэг хөл нь цаанаа гацчихсан байв. Татаж гаргахаас өөр замгүй боллоо. Тэгээд цааш нь хошууг нь буцааж оруулж байгаад хүзүүн доогуур нь дээшээ өргөж байгаад гацсан хөлийг нь гаргаж авсан. Үргэлжлүүлээд хошуун дээр нь дараад гаргаад иртэл тугал нь амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь ихсийг нь таслахгүй барьж байгаад хоёр чих рүү нь үлээгээд байтал хөдөлсөн. Тэгээд эрүүг нь ангайлгаж бариад байтал толгойгоо сэгсэрээд босоод ирсэн  дээ.

-Та анх хэрхэн бариа заслын эрдмийг сурч байсан бэ. Энэ тухайгаа сонирхуулаач?

    -Би аавынхаа өвчтэй хүний биеийг барьж байгааг нь харж, дагаж бариа засал хийх аргыг сурч байлаа. Манай аав, ээжийн талд аль алинд бариа заслын удам бий. Иймээс би төрөхөөсөө л хүнийг анагаах мэдрэмжтэй төрсөн юм шиг санагддаг. Түүнээс биш надад мэргэжлийн багш байхгүй. “Тархи минь ажиллаж, гар маань мэдэрч байгаа цагт би хүнийг барьж, эдгээж чадна” гэж боддог доо. Хамгийн анх 13 настайдаа хүүхдийн хөлийн мултарсан шагайг барьж эдгээж байсан.

-Таны аав ээжийн тал аль, аль нь бариа заслын удамтай гэсэн шүү дээ. Энэ талаар та дэлгэрэнгүй яриа дэлгэж болох уу?

      -Манай аавын  талаас ерөнхий ноён нуруутай буюу гурав дахь үеийн бариа засалч болж, өвөг дээдсийн өвийг үргэлжлүүлж байна. Аавын талаас отно, домноно гэдэг зүйлийг өвлөсөн. Тухайлбал, отно гэдэг нь өвчний оношийг тодорхойлно гэсэн үг. Мөн домноно гэдэг нь юугаар хэрхэн тан хийж, эмчлэхээ мэддэг байхыг хэлнэ. Харин ээжийн талаасаа бариа хийх арван хурууны мэдрэмжийг өвлөсөн.

-Та бага наснаасаа бариа хийж эхэлсэн болохоор шүүмж, магтаал их л сонсож байсан байх. Таныг бариа засал хийж эхлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

       -Би 43 жилийн хугацаанд бариа засал хийж байна. Анх бариа хийхэд “Чи жаахан хүүхэд байж хүн барьж эмчилнэ гэж юу байдаг юм” гэдгээс эхлээд олон ч шүүмж сонссон. Гэхдээ би шүүмжлэлд гутарч, гундаж яваагүй ээ. Хүн, амьтан гээд чадах бүхий л зүйлдээ тусалж, бариа заслын эрдэмд шамдаж байсан даа.

-Таныг танай нутгийнхнаар тогтохгүй тал талаас л хүмүүс зорьж очдог гэх юм билээ. Ямар хүнд бариа хийх хамгийн хэцүү санагддаг вэ?

    -Манайх ч хөл хөдөлгөөн тасардаггүй айл. Зорьж ирсэн хүмүүст чадах зүйлээрээ туслах гээд хичээж л явна. Шаналж, зовж барьдаг зүйл бол эх хүн төрүүлэх юм. Би өдийг хүртэл 270 гаруй хүнийг эх барьж авсан. Мөн хүнд бариа гэвэл хэлгүй, хараагүй, татаж унадаг, автомашины хүнд осолд орсон хүмүүсийг барих юм. Олон жил хүн бариад ирэхээр аяндаа дасаад ирдэг юм билээ.

-Энэ олон жилийн хугацаанд бариа засал хийхэд дурсамжтай зүйл цөөнгүй тохиолдож байсан байх. Тэр дундаас таны сэтгэлд үлдсэн дурсамжаасаа манай уншигчдад хуваалцаж болох уу?

      -Мэдээж дурсамжтай зүйл олон тохиолдолгүй яах вэ. Онцолж хуваалцвал 50 нас хүртлээ 24 жилийн хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй байсан эмэгтэйн судсыг нь барьж, бариа засал хийгээд хүүхэдтэй болгосон. Мөн автомашины осолд орж цочирдсоны улмаас нүд нь хараагүй болсоныг хараа оруулсан.

-Орчин үеийн анагаах ухааны салбар маш хурдацтай хөгжиж байгаа шүү дээ. Энэ тал дээр та юу гэж боддог вэ. Бусад төрлийн эмчилгээнээс бариа засал юугаараа ялгардаг бэ?

   -Орчин үеийн анагаах ухааны салбар бол техник технологийн хөгжилд суурилсан том зүйл. Үүнийг багшаар заалгаад сурч болдог мэргэжил шүү дээ. Тэд нүдээр харж байж эмчилдэг бол би гараараа мэдэрч эмчилдэг. Надад анагаах болон төрөл бүрийн шашин хамааралгүй. Өөрийн мэдрэмждээ тулгуурлан хичээл зүтгэлээрээ өөрийгөө бүтээсэндээ.

-Бариа засалд итгэдэг ба итгэдэггүй хүмүүс байна. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

   -Намайг зорьж ирсэн хүмүүс дунд зарга хийсэн хүн байснаас итгэдэггүй хүн байгаагүй. Яагаад зарга хийсэн гэвэл бариа хийлгээд эхний хэд хоногт өвчин орж хөндүүрлэдэг. Өргөс авч байгаа юм шиг шууд зүгээр болохгүй давтамжтай барьж байж эдгэрдэг. Монголчуудад өвчнийг хүндрүүлж байж эмчлэх ая тал бодох гээд байдаг араншинтай. Үүнээс болоод жаахан буруудчихвал нас барчих гээд байдаг.

-Та 43 жилийн хугацаанд бариа хийхдээ өөрийн эмчилгээнд үргэлж итгэлтэй байв уу?

    -Би өөрийнхөө мэдрэмжид бүрэн итгэлтэй байсан. Алдаж байсан удаагүй болохоор айж байгаагүй. Хэрвээ үнэхээр тусалж чадахааргүй бол “Анагаах эсвэл шашин шүтлэгээ дагаад яваарай” гэж хэлдэг. Ер нь “Чадах зүйлээ чадна, чадахгүй зүйлээ чадахгүй” гээд хэлэх шиг сайхан юм байхгүй. Хүн шударга л байх хэрэгтэй юм шиг санагддаг. “Чадахгүй зүйлээ чадна” гэж хэлж том амлаж, ард түмнээсээ муу үг сонсож байсангүй.

-Таны хувьд бариач байхын сайхан болон хэцүү тал нь юу байдаг вэ?

   -Бусдын өвчнийг анагаах чадвартай байна гэдэг сайхан. Чадахынхаа хэрээр хүмүүст туслаад эргээд талархсан сэтгэлийн үгийг сонсох их урам зориг өгдөг. Ард түмний хүч оломгүй далай юм. Олон жил хүн бариад ирэхээр бариа хийхдээ дуртай болдог гэж жигтэйхэн. Гэхдээ хүн болгон бариач болох боломжгүй. Бариач болохын тулд  төрөлхийн мэдрэмж, авьяас байх хэрэгтэй байдаг. Учир нь хүний амь хэрхэхийг шийддэг мэргэжил шүү дээ. Тухайлбал менингит, бөөрний дутагдал, нойр булчирхай, элэгний вирус, хорт хавдар зэрэг өвчнийг барьж эдгээх боломжгүй байдаг. Хүнээс сурч, хүнд зааж болдоггүй зүйл. Бариач хүнд цагийн хязгаар байдаггүй. Өвчтэй хүн хэзээ ирнэ тэгээд л барина. Өвчин ямар хэлж ирэх биш. Мөн хэцүү тал нь гэвэл хэчнээн мундаг бариач байгаад өөрийнх нь бие өвдвөл барьж эдгээх боломжгүй шүү дээ. Би л гэхэд нэг удаа шагайгаа мулталчхаад сар гаруй явж байсан удаатай.

-Бариа заслаар явж буй эсвэл бариа заслаар явах гэж байгаа хүмүүст хүргэх зөвлөгөө бий болов уу?

    -“Бариа хийдэг чадвартай хүмүүс олон болоосой” л гэж хүсэж байна. Би удам дамжсан өв уламжлалаа бусаддаа түгээж байна. Бусад бариа хийдэг хүмүүс маань ч гэсэн “Өөрийн мэргэжлийн онцлог талыг залуу хүмүүст таниулж мэдүүлээсэй” гэж боддог. Тэгэхгүй бол залуу хүмүүс тэр бүр мэдэхгүй шүү дээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

   -Баярлалаа.

 

                                                                                                                         Г.Хэрлэн


УДАМ ДАМЖСАН БАРИАЧ Г.ШОМБО: Тугалын нэг хөл нь хэвлийдээ гацчихсан татаж гаргахаас өөр арга байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-06 13:20:04
    SEKSY: SEXSDNE80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-06 13:19:27
    SEXSY: 80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-05 17:46:56
    дашзэвэг утас 89853798.: энэ хүн аль аймаг сумын хүн бэ сайн сайхан билэглэе уламжлалт өв удамтай хүн юм.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188