• Өнөөдөр 2024-04-24

А.БЯМБАБАЯР: "Ихэр тавилан" кино намайг сорьж, сайн аавын дүр бүтээхийг шаардсан

2022-08-17,   2965

    “Ихэр тавилан” кинонд Тайвнаа гэх хөдөөгийн олон хүүхэдтэй аавын дүрийг чадварлагаар бүтээж, үзэгчдийн сэтгэлийг гэгэлзүүлж, баяр, гунигийн нулимсыг нь унагаж чадсан залуу жүжигчин А.Бямбабаяртай ярилцлаа. Тэрбээр кинонд дүр бүтээхийн хажуугаар арав гаруй жил хамгийн хариуцлагатай арын албанд ажилласан байна. Анх арван долоон настай хүү уртасгагч хурааж, гэрэл зөөж кино урлагт хөл тавьж байсан. Өдгөө кино урлагийн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгож, бие даан уран бүтээл туурвиж яваа юм.

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач, багадаа ямар хүүхэд байсан бэ?

     -Намайг Анд-Очирын Бямбабаяр гэдэг айлын дунд хүү, нэг ах, нэг дүүтэй. СУИС-ийг 2015 онд жүжигчин, кино найруулагч мэргэжлээр төгссөн. Миний бага нас Яармагийн гэр хороололд  ах, дүү хоёртойгоо ус зөөж, түлээ хагалж, гудамжинд тоглож өнгөрсөн дөө. Намайг бага байхад  зурагт ховор, үзэх юм хомс байлаа. Нэг өдөр аав, ээж хоёр  маань одоогийн “Шинэ үе” продакшн, Д.Сосорбарам гуайн тоглолтын дүрс бичлэг, гадаад,  монгол кинотой таван төрлийн “CD”-тэй “VCD” авчирч байсан нь хүүхэд насны минь хамгийн тод дурсамжуудын нэг. Тэр дундаас хошин урлагийн бичлэгүүд нь эрэгтэй хүн эмэгтэй болж жүжиглээд их сонирхолтой санагдаж байсан.

- Хэзээнээс кино урлагт дурлаж эхэлсэн бэ?

            -Намайг кино урлагт дурлаж, жүжигчин гэх гайхалтай мэргэжлээр суралцах эхлэлийг ээж маань тавьж байлаа. Тухайн үед би хаалттай сэтгэлгээтэй, бүрэг ичимхий, цөөхөн найзтай байсан юм. Тэгээд наймдугаар ангид  орох жил ээж маань намайг нээж, найз нөхөдтэй болгох зорилгоор 25-р эмийн сангийн ойролцоох “Art academy”-ийн жүжигчний дугуйланд дагуулж очиж байсан. Анх зүгээр л гэрийн ажлаас зугтаах зорилготой очиж байлаа. Манай сургалтад  яг л  СУИС шиг этюд, дуу, шүлэг, бүжиг, тайзны хөдөлгөөн зэрэг хичээлүүд ордог байсан юм. Энэ нь өдөр ирэх тусам сонирхолтой санагдаж, энэ мэргэжилд дурлаж эхэлсэн. Тэгж явсаар арван жилээ төгсөх боллоо. Ээж, аав маань намайг уул уурхайн инженер болгохоор шийдсэн. Миний чин хүсэл урлагийн хүн болох байсан болохоор зориглоод ээж аав хоёртоо “Би СУИС-д шалгалт өгч үзмээр байна. Хэрвээ тэнцэхгүй бол инженер больё” гэж хэлсэн. Тэр үед намайг сонсож, үзэл бодлыг минь хүндэтгэж дэмжсэн ээж, аав хоёртоо одоо талархаж явдаг даа.

-Таны оюутан нас хэрхэн өнгөрсөн бэ?

            -СУИС-д их сургуульд суралцсан дөрвөн жил миний амьдралын хамгийн дурсамжтай он жилүүд байсан. Би оюутан болоод өөрийгөө нээж чадахгүй, зүгээр л ирцээ бүртгүүлж явсаар нэгдүгээр  дамжаагаа төгсөж байлаа. Ганц ч удаа этюд хийхгүй төгссөн гээд л бод. Тэгээд хоёрдугаар дамжаанд орох зунаа “Тагтаа” буюу СТА Р.Сүхболд найзтайгаа бүрэн хэмжээний киноны туслах гэрэлтүүлэгчээр ажилласан юм.  Тэр кинон дээр ажиллах явцдаа дээд үеийн мундаг ах эгч нараа,  дэргэдээс нь харж, яг яагаад энэ мэргэжлийг дурлаж сонгосон билээ гэж бодож өөртөөгөө ярилцаад тэр цагаас хойш өөрийгөө илүү нээж, хичээж эхэлсэн дээ. Түүнээс хойш цалинтай, цалингүй хамаагүй кинонд явж л байвал сайхан байдаг байж билээ. Миний бодлоор СУИС-ийг төгссөн хүн болгон жүжигчин болдоггүй. Туслахын ажлаас эхлээд л хийж явсаар сая нэг уран бүтээлч болдог байх. Би яг тийм замаар  л явж байна даа.

-Багш нарынхаа тухай яривал. Танд юуг илүүтэйгээр зааж зөвлөдөг байсан бэ?

            -Би СУИС-ийг МУАЖ найруулагч Б.Мөнхдорж, Д.Гантулга, СТА Л.Энхбаяр  нарынхаа удирдлага дор төгссөн.  Багш нар маань бид нарт "Хэрвээ би ийм байсан бол гэж дүр болгон дээрээ бодож, тухайн дүрдээ орж, хамгийн сайнаараа тэр дүрийг амилуул" гэж хэлдэг байсан. Одоо ч тэр үгнүүдийг нь үргэлж санаж хичээж явдаг даа.

-“АЗ ЖАРГАЛЫН ШОК” КИНОН ДЭЭР АЖИЛЛАЖ АНХНЫ ЦАЛИНГАА АВЧ БАЙЛАА-

-Мөрөөдлийнхөө мэргэжлээрээ ажиллаж анхны цалингаа авах мэдрэмж ямар байсан бэ?

            -“Аз жаргалын шок” кинон дээр ажиллаж анхны цалингаа авч байлаа. Тэр үеийн мэдрэмж одоо хүртэл өчигдөрхөн мэт сэтгэлд тод байдаг. Кино зураг авалт дуусаад сууж байсан чинь “Фантастик”  продакшны Б.Тамир ах маань орж ирээд заа бүгдээрээ цалингийнхаа дүнг явуулаарай гээд л гараад явсан. Анх удаа цалингийн дүн хэлэх гэж байгаа болохоор хэд гэж хэлэхээ мэдэхгүй сандарч сандарч явуулж билээ. Хэзээ ч зарцуулж дуусахгүй мэт олон сая төгрөг авсан юм шиг санагдаад л илүү их урам авч билээ. Тэгээд гэртээ тор дүүрэн хүнс аваад л орж байлаа. Тэр үед ээж, аав минь намайг энэ мэргэжлээр ажиллаад хүнээс дутахгүй амьдарч чадахаар юм байна гэж харж бага ч гэсэн бахархсан байх гэж боддог.

- “For you” уран сайхны киноны зохиолыг бичиж, өөрөө хийсэн гэж сонссон. Энэ кино хэрхэн бүтсэн бэ?

            -Оюутан ахуй цагаасаа найзалж байгаа “Мааз” хамтлагийн дуучин, “ID Film”-ийн үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Г.Жанчив найзтайгаа хамтарч энэхүү киноны зохиолыг бичсэн. Зүгээр л нэг орой хамт хоол идэж байхдаа хэрвээ ийм зүйл тохиолдвол яах уу гэж ярьж байгаад л санаагаа олж байлаа.

-Киноныхоо тухай товчхон ярьж болох уу?

            -Болно оо. Манай кино улс орон даяар гэнэт гурав хоногийн хөл хорио тогтоосноор эхэлдэг.  Их дэлгүүр дотор нэгнээ үзэн яддаг хоёр хүн  гарах боломжгүйгээр цоожлогддог. Хэрвээ уншигч та ийм зүйлтэй таарвал яах бол гэж нэг бодоод үзээрэй.  Хөнгөхөн, хөгжилтэй, сэтгэл догдлуулсан тийм кино гэж би хэлмээр байна.

 

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

            -Саяхан “Ихэр тавилан”  уран сайхны кинонд таван хүүхэдтэй аавын дүрийг бүтээлээ. Энэ кино намайг жүжигчний уран чадварын хувьд нэлээн сорьсон.  Учир нь би амьдрал дээрээ эхнэр хүүхэдгүй унаган хотын хүн. Гэтэл кинон дээрээ олон хүүхэдтэй, хөдөөгийн залуугийн дүрийг бүтээсэн. Надаас тэс ондоо мэдрэмжийг шаардаж байсан. Киногоо нээчхээд үзэх гэхээр нэг л айгаад, би аав хүний сайхан дүрийг бүтээж чадаагүй бол яана аа гэхээс л зүрх үхээд л нэг тийм сонин мэдрэмж авсан даа.  Гэхдээ ард нь гарсан даа баяртай байгаа.

-Цаашид ямар дүр дээр ажиллахыг хүсэж байна вэ?

            -Миний жүжигчний замнал одоо л эрчимтэй эхэлж байна. Анх киноны  туслахаар ажиллаж уртасгагч гэрэл зөөж эхлээд бүхий л арын албаны ажлыг хийж үзсэн дээ. Цаашид камерын урд илүү байж дүрээ дэлгэцнээ мөнхлөхийг хүсэж байна даа. Өөрийгөө жүжигчний хувьд илүү сорьсон дүрүүд дээр ажилламаар байна.

-Ярилцлагын төгсгөлд жүжигчний мэргэжлээр суралцахыг хүсэж байгаа хүүхдүүд зориулж зөвлөгөө өгөөч?

            -Чи хэрвээ бусад мэргэжлээс илүүтэй энэ мэргэжлээр ажиллаж чадна гэж өөртөө итгэж бодол сэтгэлд чинь багтаж байвал хийгээд үз. Жүжигчний мэргэжил сайхан гэхдээ бас  хатуу чи энэ салбарт хичээж, хөдөлмөрлөж, үргэлж өөрийгөө сайжруулж л байхгүй бол энэ салбараас арчигдана гэдгийг битгий мартаарай.

 

 


А.БЯМБАБАЯР: "Ихэр тавилан" кино намайг сорьж, сайн аавын дүр бүтээхийг шаардсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-17 18:05:20
    Одбаяр: Сайн жүжигчин олон кино нь дээр жижиг дүрээр харж байлаа удахгүй СТА болохыг ерөөе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188