• Өнөөдөр 2024-04-24

Гавьяат тамирчин Б.ОДОНЧИМЭГ: Би дэлхийн шилдэг тамирчид болох хүүхдүүдийг дасгалжуулж байгаадаа баяртай байдаг

2022-08-09,   1751

       Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Одончимэгийг урьж ярилцлаа. Тэрбээр Монголын эмэгтэй хүнд жингийн тамирчдын нэр хүндийг дэлхийн дэвжээнд төлөөлөн олон жил амжилттай барилдаж явсан тамирчдын нэг. Түүний үзүүлсэн амжилтуудыг тоочоод баршгүй.  Б.Одончимэг Гавьяат Хернингийн 2009 оны дэлхийн аваргын хүрэл, Чэжү 2008, Куми 2012 оны Азийн аваргын мөнгө, Бишкек 2007, Паттая 2009,Ташкент 2011 оны Азийн аваргын хүрэл, Доха 2006 Азийн наадмын хүрэл, И.Ярыгиний “Алтан гран при” олон улсын тэмцээний аварга, Монгол Улсын 11 удаагийн аварга тамирчин юм.

-Та ид амжилттай яваа тамирчин байхдаа дасгалжуулагчийн албанд шилжсэн шүү дээ. Одоо дасгалжуулагчаар ажиллаад цөөнгүй жил болжээ. Дасгалжуулагчаар ажиллах ямар байдаг юм байна вэ? 
 
        -Би 2016 онд тамирчин байх үедээ 2-3 охиныг авч, хамтдаа  бэлтгэл хийж, бэлдэж эхэлсэн. 2017 онд давхар биетэй болсон үедээ ч хүүхдүүдийн бэлтгэлийг тасалдуулалгүй хийлгэсэн. Тэгээд төрсний дараа үеэс багшийн албанд шилжсэн. “Алдар” спорт хороонд албан ёсоор 2020 онд туслах дасгалжуулагчаар орсон. Түүнээс өмнө Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажиллаж байлаа. 
 
-Анх танд Ц.Хосбаяр багш дасгалжуулагч болох санал тавьж байв уу?
 
          -Ц.Цогтбаяр багш намайг тамирчин байхад л дасгалжуулагч болгоно гэж ярьдаг байв. Ц.Хосбаяр багш ч дэмжсэн. 
 
-Чөлөөт бөхийн 2020 оны УАШТ-ий алтан медалийн төлөө О.Бурмаатай барилдсан бил үү. О.Бурмаатай таарч барилдаж байсан дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
 
          -2020 оны УАШТ шиг санагдаж байна. Тэр тэмцээнээс хойш барилдаагүй.
 
-2020 оны улсын аваргад О.Бурмаа Гавьяат түрүүлснийхээ дараа “Б.Одончимэг, Г.Наранчимэг бид гурав хоорондоо өрсөлдөж, гурван биенийгээ ирлэж, хурцалж явдаг учраас өдий зэрэгтэй, олон жил тогтвортой барилдаж байгаа. Доороос бид гурвын залгамж халаа, залуу тамирчид гарч ирэхгүй байна. Хэрэв залуу тамирчид хүч түрэн гараад ирвэл бид гуравт барилдах шаардлага байхгүй ээ” гэж ярьж байсан.  Гэтэл та өнөөдөр дасгалжуулагчийн албанд шилжээд, хүнд жинд дэлхийд өрсөлдөх охидыг бэлтгэж, гаргах мэдрэмж үгээр хэлшгүй юү?
 
           -Тамирчин байхдаа 2016 онд бэлтгэж байсан охидоос Э.Даваанасан, Г.Ариунжаргал хоёр маань одоо улсын аварга болчихоод байна л даа. Надтай адил нэг жингийн охид, нуруу, жин ойролцоо, барьц байрлал, мэх, техник зааж, бэлтгэл сургуулилалт хийхэд ойр, дөхөм байдаг юм. Жингийнхээ залгамж халааг гаргаж ирсэндээ баяртай байгаа. О.Бурмаагийн ярьдаг үнэн л дээ. Үнэхээр бид гурав нэгнээ хурцалж, чамлахааргүй амжилт гаргасан шүү. Сайн өрсөлдөгч л байж гэмээн бие, биенээ хурцалж, бэлтгэлээ өрсөлдөөнтэй, чанартай хийж чадна. Өрсөлдөгчгүй хүн яаж амжилт гаргах билээ. Манай О.Бурмаа 2020 оны Токиогийн олимпын наадамд орлоо. О.Бурмаа 2021 он хүртэл барилдсан гэдэг том амжилт шүү. 
 
-Таныг анх чөлөөт бөхөөр барилдахдаа 63 кг-аас эхэлсэн гэж сонсож байсан. Үнэн үү?
 
         -Би 59, 62 кг-аас эхэлсэн. Бага жинд гэвэл 2004 оны МБАТ-ийн их наадамд 59 кг-ын жинд барилдаж түрүүлж байсан. Дараа нь 62 кг-д УАШТ-нд түрүүлсэн. Би О.Бурмаа, Г.Наранчимэг хоёр шиг анхнаасаа хүнд жинд барилдаагүй. Доороос дээшээ өгссөн. Эхний хэдэн жил 63 кг-д барилдсан. Харин 67 кг-д нэг жил барилдаад л дээшээ 72 кг руу өгссөн. 
 
-Яагаад жүдогоос чөлөөт бөх рүү орох болов. Өөрийн тань бие, барилдааны арга барилд илүү зохисон нь чөлөөт бөх байв уу?
 
           -Намайг УБИС-д сурч байхад манай дотуур байрны өрөөнд чөлөөт бөхийн охид хамт амьдарч байсан юм. Тэдний УАШТ болно гэхээр нь сонирхож дагаж яваад 1999 оны УАШТ-д орох гэсэн чинь жүдогийн хүүхэд оруулахгүй гээд бүртгэж аваагүй. Дараа жил нь  2000 оны УАШТ ороод, эхний тойрогт ялагдсан. Чөлөөтийн дүрмийг сайн мэдэхгүй будилж яваад л хожигдсон. Түүний дараа жилийн УАШТ-д түрүүлж чадсан. Хажуугаар нь жүдо бөхөө хаялгүй УАШТ-д оролцоод л яваад байлаа. Чөлөөтийн 2005 оны УАШТ-д орох гэсэн чинь жүдогийн хүүхэд гэдэг шалтгаанаар хассан. “Чамайг чөлөөт бөхөөр дагнаж хичээллэнэ гээд гарын үсэг зурах юм бол сорил тэмцээнд оруулж болно” гэв. Манай “Алдар”-ын Цогоо, Хосоо хоёр багш чөлөөт бөхөөр барилд “Чи илүү амжилт гаргаж чадна шүү” гэж толгой эргүүлсэн л дээ. 
 
-Чөлөөт бөхийн тамирчин байх үедээ жүдо бөхийн “Чингис хаан” дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж байлаа?
 
           -Тэр тэмцээн дэлхийн цом биш байх аа. Бөхийн өргөөнд болсон олон улсын тэмцээн санагдаж байна. Хятадын бөхийг ялаад зооны аваргын төлөөх барилдаанд ОУХМ Ц.Наранжаргалтай таарч, ялагдал хүлээсэн.
 
-Жүдо бөхөөр хэдэн настайгаасаа эхэлж барилдав аа?
 
          -Ер нь бөхийн спортоор оройтож хичээллэсэн. Эрдэнэтэд дунд сургууль төгсөх жилээ анх барилдаж үзсэн. Манай  хажуу хашааны хөршийн болон хамаатны хүүхдүүд бөхийн секц, дугуйланд явдаг байв. Харин би хөнгөн аталетик, цанын спортоор хичээллэдэг байсан юм. Тэд нарыг дагаж арваад хоног хичээллэсэн болоод л  юу ч мэдэхгүй хүүхэд 1998 оны хавар өсвөр үеийн УАШТ-д ороод хүрэл медаль хүртсэн. Намар нь хотод ирээд УБИС-д орсон. Оюутаны эхний 2-3 жилд олигтой бэлтгэл сургуулилалт хийж чадахгүй байж, ганц нэг тэмцээнд орсон болоод учир зүйгээ олохгүй урсгалаараа яваад байлаа. Өсвөр үе, залуучуудын тэмцээнээс медаль хүртээд л байдаг. Харин насанд хүрэгчдийн УАШТ-д анх орохдоо дүрмээ мэдэхгүй будилж, мунгинасан. Хүрэл медалийн төлөө Мөнгөнтуяа эгчтэй таардаг байгаа. Барилдаан эхлэнгүүт дайраад ирэхээр нь дагуулаад шидсэн чинь надад юко үнэлгээ заалаа. Тэгээд барилдааны явцад хоёр удаа даралтанд орж хоёр коко үнэлгээ алдчихваа. Би нэг оноотой, энэ эгч хоёр оноогоор намайг хожиж яваа юм байна гээд ойлгочихсон. Нөгөө эгч орилоод над руу дайраад байдаг. Энэ эгч хожиж яваа байж, яагаад дайраад байгаа юм бол гээд гайхаад. Цагийн төгсгөлд ахиад даралтанд орчихлоо. Би хожигдож яваа юм чинь эсэргүүцээд яахав гээд бодоод цагаа дуусгасан. Дэвжээнээс бууж ирээд өөрийгөө юко үнэлгээгээр хожиж явснаа мэдэж билээ.
 
-Жүдо бөхийн анхны багш тань гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багш мөн үү?
 
        -Би Эрдэнэт хотод анх Дэлгэрбаяр багшийн шавь болсон. Манай Эрдэнэтээс гаралтай самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Батхишиг эгч намайг хотод ирэх үед “Чи сайн бөх болж чадна. Хөнгөн аталетик, цанаар хичээллээд олимп, дэлхийгээс медаль авна гэж байхгүй. Барилдвал илүү амжилт гарна шүү” гэж ятгасан. Тэгээд намайг дагуулан явж бэлтгэл хийлгэдэг байв. Тэгэж яваад намайг “Женко”-гийн Ш.Цэвэлмаа багшийн шавь болгож өгсөн юм. Х.Батхишиг эгчийн үгээр яваагүй бол өнөөдрийн энэ түвшинд хүрээгүй байх байлаа.
 
-Ш.Цэвэлмаа багш өөрийг тань чөлөөт рүү явахад тийм ч дуртай байгаагүй байх даа?
 
         -Тухайн үед би юу  ч бодоогүй. Дасгалжуулагч болсны дараа л Ш.Цэвэлмаа багшийгаа ойлгосон. Өөрийн хөдөлмөр зүтгэл гаргаж бэлдсэн тамирчнаа алдах хэцүү байсан байх. Тэрийг би одоо л ойлгож байна. 
 
-Чөлөөтийн тэмцээн дээр бүхэл онооны мэх хийж, олон өрсөлдөгчөө ялж байсан. Энэ жүдогоор барилдаж байсны үр дүн байх даа?
 
         -Хүн ер нь  анхны сууриа яаж тавина, яг тэрүүгээрээ явдаг юм билээ. Би анх сурсан суурь дээрээ тулгуурлан, түүнийгээ улам хөгжүүлэхийг хичээсэн. Гэхдээ би чөлөөтийн хөл мэхийг төгс сурч чадаагүй. 
 
-Олон улс, тив дэлхийн тэмцээнд хэдий үеэс орж эхлэв? 
 
           -Би 2005 оны УАШТ-ээс хасагдаад, өргөдөл бичиж, гарын үсэг зурж байж гавьяат О.Насанбурмаатай сорил хийж байсан. Тэгээд анх удаа 2005 онд чөлөөтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Японы олимп, дэлхийн аварга, алдарт Ичо Каори болон Хятадын бөхөд ялагдаад мултарсан. Тэр хоёр маань тэр жилээ 63 кг, 67 кг-ын жинд дэлхийн аварга болж байлаа. 
 
-Та Ази тивийн аваргаас хэдэн медаль хүртсэн бэ?
 
         -Азийн аваргаас би чинь долоон медаль хүртсэн. Хоёр ч удаа түрүүлж боломжийг ашиглаж чадаагүй. Нэг тэмцээн дээр бүр шоодож хөл аваад алдсан. Тэр миний хөл авч барилдаггүй байсны дутагдалтай сул тал байв. Би хөл авахдаа айгаад, хөл алдахдаа айдаггүй байсан. Жийж хамгаалаад оноо авчихдаг талдаа байлаа. 
 
-Азийн наадамд оролцож байв уу?
 
           -Би 2006 оны Дохагийн Азийн наадамд 63 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан. 
 
-Аан нөгөө дэвжээний захад шидэж ялалт авдаг барилдаан мөн үү?
             
              -Тийм ээ, тийм мөн. Дэвжээний захын барилдаанд хөл авч шидээд ялж байсан.
 
-Дэлхийн аваргын хүрэл медалийг хэдэн онд хүртэв?
 
            -О.Бурмаа бид хоёр 2009 оны Хернингийн дэлхийн аваргаас эмэгтэйчүүдийн хамгийн анхны хос медалийг авсан. О.Бурмаа 72 кг-д мөнгөн медаль хүртээд, би 63 кг-д хүрэл медаль авч байв. Тэр дэлхийн аваргад явах үед цас бороо ороод нислэг хойшлогдоод манай эрэгтэй бөхчүүд их ядарч, тэмцээнийг цагийг тулгаж очсон. Уг нь бэлтгэл сургуулилалт тохирсон ид сайн байсан үе л дээ. Азаар О.Бурмаа бид хоёрын барилдаан тэмцээний сүүлийн өдөр таарсан болохоор хоёр хоног амарч, сэргэлт аваад орсон. Бэлтгэл таарч тохирсон, бие сайн үед хүн өөрийн хүчиндээ итгэлтэй байдаг юм билээ. Би тэр үед медаль хүртэнэ гэсэн зорилго тавьсан, өөртөө ч итгэлтэй байсан. Харин тэмцээний сугалаа хүнд таарсан шүү. Сүүлийн жилүүдэд 65 кг- д 5-6 удаа түрүүлсэн Канадын бөх жин хасан бууж ирсэн. Би түүнд ялагдсан. Украин, Европын нэг улсын нэг улсын бөх манай хэсэгт байсан санагдана. Би  Японы бөхийг хожиж хүрэл медаль хүртсэн. 
 
-Олимпын наадамд хэдэн удаа орсон бэ?
 
          -Бээжингийн 2008 оны олимпын наадамд 63 кг-ын жинд ороод эхний тойрогт Хятадын бөхтэй таараад хожигдсон. Барилдааны эхэнд хөмөрч бүхэл дөрвөн оноо аваад ялагдсан. Хятадын охидууд их хүчтэй. Гэхдээ Европын бөхчүүдтэй сайн барилдаж чаддаггүй юм. Хүнд жингийн охидууд нь илүү сайн шүү.
 
-Багштайгаа цуг дасгалжуулагч хийх нь түшиг, тулгууртай амар байдаг биз?
 
           -Тэгэлгүй яахав. Багшаас их зүйлийг сурч байна. Тамирчин байх үедээ их зүйлийг сурсан гэж боддог байлаа. Одоо тамирчин байхдаа сураагүй зүйлээ багшаар заалгаад суралцаж л явна. Багш хийх үедээ хүн үүнийг илүү ихээр мэдэрдэг юм байна. Яагаад багшийн энэ зүйлийг сураагүй юм бол гэх жишээтэй. Багштайгаа цуг ажиллаж байгаадаа баярладаг. Хосоо багшид их баярлаж явдаг. Сайхан тамирчин болгож өгсөн, одоо сайн дасгалжуулагч болгох гээд багш маань зүтгэж явна. Багш өөрийн мэддэг, чаддаг бүх зүйлээ харамгүй зааж өгч байгаа. Багш шавийн харилцаатай олон жил явсан болохоор ойлголцох тал дээр амар байдаг. Хэн хэнийнхээ зан аашийг сайн мэднэ. Энэ нь хамтарч ажиллахад давуу тал болдог.
 
-Тамирчин байх үед зөвхөн өөртөө анхаарч өөрийгөө бэлдэнэ. Дасгалжуулагч хүн  жин тус бүрийн хүүхэд, нэг бүрийг бэлдэх гээд санаа тавих хэцүү биз?
 
            -Дасгалжуулагч болоод л багшийнхаа зовлонг ойлгож байна. Тамирчин байх үе хамгийн амар байжээ. Хувь хүн зөвхөн өөрийгөө л боддог. Багш хүн олон хүүхдэд санаа зовж, бодно. Энэ хүүхдээ яаж сайн болгох вэ. Бэртэл, гэмтэл авчихгүй байгаа. Хоол, унд, ар гэрийн амьдрал нь юу болж байгаа бол. Ажил, орлоготой, амьдралын захад түүнийгээ хүргэчих юмсан гэх жишээний. 
Бүх хүүхэд сайн тамирчин болох албагүй. Хүүхдүүдээ энэ нийгэмдээ хэрэгтэй. Сайн, зөв хүн болгон төлөвшүүлэх юмсан гэж боддог. Хамгийн наад зах нь бусдыг хүндэлдэг ёс зүйтэй, хүнтэй зөв мэндэлж сургах ёстой. Энэ нийгэмдээ оруулж буй миний чадах өчүүхэн хувь нэмэр энэ болов уу. Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийг харахад хот, хөдөөгийн хүүхдүүдийн бие бялдрын ялгаа асар их зөрүүтэй харагддаг. Хотын хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орчихсон, илүүдэл жин ихтэй байна. Үгүй ядаж л гар утас, комьпютер, зурагтнаас хол байлгах шаардлагатай. 
 
-Сүүлийн жилүүдэд хүйсийн тэгш байдал жендэр гэж ярих боллоо.  Чөлөөт бөхөд эмэгтэй дасгалжуулагчид байдаг хэдий ч улсын шигшээ багт нэг ч эмэгтэй дасгалжуулагч байхгүй. “Алдар” спорт хороонд та байгаа учраас танайд охид олон байна уу?
 
         -Тэмцээн дээр очоод харах үед өсвөр үе, залуучуудтай ажиллаж байгаа эмэгтэй дасгалжуулагч бараг л байхгүй. Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өөр багш ховор байгаа. Залуучууд насан хүрэгчидтэй амжллаж байгаа эмэгтэй дасгалжуулагчид бий. Эмэгтэй багш олон болоосой гэж боддог шүү. Манай  “Алдар” спорт хороо бааз суурь сайтай. Хоёр эмэгтэй дэлхийн аваргатай болохоор охид их ирдэг байх. 
 
-Та дэлхийн аваргаас медаль аваад хэдэн жилийн дараа Монгол Улсын гавьяат тамирчин болов. Хүмүүс яагаад ч юм таныг ОУХМ гэхгүй, гавьяат Одноо гэдэн байсан даа?
 
         - Харин тийм ээ. Бүр миний ойр тойрны хүмүүс хүртэл намайг гавьяат гээд дуудаад байдаг байлаа. Эхний үед гавьяат гээд дуудах  үед нь их санаа зовдог байв. Би гавьяат биш шүү дээ гээд хэлчихдэг. Сүүлдээ ч бүр тоохоо больсон. Би ямар өөрийгөө гавьяат гээд хэлчихсэн биш гэж бодно. Хүмүүс намайг хүндэтгээд л гавьяат гэж дуудаж байгаа байлгүй гээд санаа зовохгүй орхино. Чухам яагаад ийм олон жил болсныг мэдэхгүй. Сая оны өмнө авсан гэхээр 12 жилийн дараа гавьяат тамирчин болжээ. Гэхдээ миний зорилго гавьяат тамирчин болох биш байсан болохоор тоодоггүй байлаа. Амжилт гаргаж сайн тамирчин болох зорилгоо умарталгүй зүтгэсэн. Би ч гайгүй. Одоо хүртэл Б.Шоовдор маань гавьяат тамирчин болоогүй л явна. Б.Шоовдор дэлхийн аваргын гурван хүрэл медальтай хэрнээ гавьяат болоогүй байна. Ид барилдаж байгаа үед нь өгчихвөл илүү урам ороод өндөр амжилт үзүүлнэ шүү дээ. Манай чөлөөт бөхөд одоо барилдаж байгаа гавьяат тамирчны болзол хангасан олон бөх бий. Ид  барилдаж байгаа үед нь өгчихвөл их л урам дэм, хөшүүрэг болох л байх. 
 
-Өнгөрсөн Токиогийн олимпын циклд дэлхийн аварга С.Цэрэнчимэд  хүссэн хэмжээнд барилдаж чадаагүй. “Алдар” дээр ирж бэлтгэл хийсний дараа илүү өндөр амжилт гаргаад байх шиг ажиллагдсан. Хосоо багш бэлтгэлийг нь зөв тохируулаад байна уу?
 
          -Тэгэлгүй яах вэ. Хүүхэд байхаас нь Цогоо, Хосоо хоёр багш хоёр дэлхийн аварга охидыг бэлтгэн гаргаж ирсэн шүү дээ. Чимдээ, Орхон хоёр дээр би багшийн хувиар ордоггүй. Эгч хүний хувьд хэлэх зүйлээ хэлж зөвлөнө. Яагаад гэхээр бид гурвын барилдаан тэс өөр байхгүй юу. Хүнд, хөнгөн жингийн бөхчүүдийн барилдааны арга барил, онцлог өөр. Анхнаасаа Хосоо багшийн гараар явсан. Багшийн гарын бүтээгдэхүүн. Би багшийн өмнүүр ороод байдаггүй. Цогоо, Хосоо хоёр багш л бүх бэлтгэлийг нь тааруулан, бэлтгэдэг. Хоёр багш хичээж, чармааж түлхүү ажилласны хэрээр Орхон, Чимдээ хоёр илүү өндөр амжилт гаргах болов уу. Хоёр багшийн маань ажлын үр дүн, тэр хоёрын гарын бүтээгдэхүүн л дээ.
 
-За уучлаарай би арай буруу ойлгуулчихлаа. Улсын шигшээ багт эмэгтэй дасгалжуулагч байвал эмэгтэй тамирчид илүү өндөр амжилт гаргах болов уу гэж бодоод?
 
         -Сая шигшээ багийн сонгон шалгаруулалтад О.Бурмаа, О.Насанбурмаа, Г.Наранчимэг нар оролцсон. Эмэгтэй дасгалжуулагч байвал охидыг илүү ихээр ойлгож мэдрэх байх. Дараагийн олимпын циклээс эмэгтэй дасгалжуулагчид улсын шигшээ багт орох байх. Би улсын шигшээгийн сонгон шалгаруулалтад ороогүй. Надад өөрийн гэсэн бодол мөрөөдөл бий. Өсвөр үеийн хүүхдийн суурийг зөв тавих тал дээр илүү анхаарч хичээж ажиллана. Би өөрийн арга барил, өөрийн гараар хүүхдүүдийг бэлтгэхийг хүсэж байгаа. Багш болоод л би өсвөр үеийн хүүхдүүдтэй ажиллах хамгийн хэцүү юм байна гэдгийг мэдэрсэн. Шигшээ багийн дасгалжуулагчид яах вэ, бусдын бэлтгэсэн бэлэн бүтээгдэхүүнтэй ажиллаж байна шүү дээ. Хүүхдийн суурийг зөв тавихад асар их  цаг хугацаа, хичээл, зүтгэл хөдөлмөр ордог юм байна. Хүүхэдтэй ажиллахад олон зүйлийг сурч мэдэж авдаг. Хүүхдүүд гэгээлэг хөөрхөн, цагаахан. Надад үргэлж баяр хөөр, сэтгэлийн аз жаргал бэлэглэдэг. Их гоё шүү. Тийм болохоор би хүүхдүүдтэй ажиллах илүү дуртай. 
 
Н.ОТГОНБААТАР

Гавьяат тамирчин Б.ОДОНЧИМЭГ: Би дэлхийн шилдэг тамирчид болох хүүхдүүдийг дасгалжуулж байгаадаа баяртай байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188