• Өнөөдөр 2024-03-29

Ц.АРИУНЗАЯА: Мэргэжил минь надад "Хүн өөрийнхөө чаддаг зүйлд бардам байх хэрэгтэй" гэдгийг ойлгуулсан

2022-08-02,   705

"АРИ ИОГ" студийн захирал, "DIVA beauty academy"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяатай ярилцлаа.  Тэрбээр нүүр будалтын дэлхийн аваргын  “Neon Makeup” төрөлд алтан медаль хүртсэн чадварлаг нэгэн билээ. 

-Сайн байна уу.Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгуй юу?

           -Сайн байна уу. Намайг Ц.Ариунзаяа гэдэг. Би геологич мэргэжилтэй. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд нүүр будалтын мэргэжлээр ажиллаж байгаа. Анх нүүр будалтаар ажиллаж эхлэхдээ “Diva Beauty Academy”-г найзуудтайгаа үүсгэн байгуулж байсан. Мөн 2016 оноос хойш “Монголын Агаарын Иога ТББ”-аа үүсгэн байгуулаад, агаарын иогийн багшаар ажиллаад таван жилийн хугацаа өнгөрч байна.

-Та геологич мэргэжилтэй гэж хэлсэн шүү дээ. Яагаад нүүр будалтын мэргэжлийг сонгох болсон бэ?

         -Миний үеийнхэнд хамгийн их тулгардаг асуудал бол мэргэжил сонголтыг эцэг, эх нь сонгож өгдөг цаг үе байсан. Цалин өндөр гэдэг шалтгаанаар геологийн мэргэжлийг ээж маань сонгож өгч байсан. Суралцаж байх хугацаандаа дур сонирхол гэхээсээ илүү хамт олныхоо уур амьсгал дунд хөтлөгдөөд төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж эхлээд “Энэ мэргэжил надад тохирохгүй юм байна. Би энэ мэргэжлээр насан туршдаа ажиллаж чадахгүй” гэдгээ мэдсэн. Ер нь багаасаа гоо сайхны мэдрэмж өндөр байсан юм шиг санагддаг. Тухайлбал, нүүр будалтын талаар ямар ч мэдлэггүй байсан хэрнээ гэрэл сүүдэр тавьчихсан байдаг байсан. Тэр мэдрэмжиндээ хөтлөгдөөд нүүр будалтын мэргэжилтэй болохоор шийдсэн.

-Нүүр будалтын мэргэжлийг хэрхэн эзэмшиж байсан бэ?

         -Нүүр будалтын мэргэжлээр сурах гэж хайж эхлэхэд хүндрэлтэй зүйл олон байсан. Учир  нь, тухайн үед нүүр будалтын сургалт болон мэдээлэл авах эх сурвалж олон байгаагүй. Хаанаас, яаж, хэрхэн эхлэхээ мэдэхгүй олон саад бэрхшээлтэй тулгарсан. Youtube бол миний анхны багш байсан. Тэгээд гоо сайхны салонд дадлагажиж, нүүр будалтын сургалтад сууж байгаад энэ мэргэжлийг эзэмшсэн. Нүүр будалт нь дотроо олон төрөл байдаг гэдгийг мэдээд, мэргэжлээ дээшлүүлж сурахыг хүссэн. Театр, кино, тайз, дэлгэцийн будалт чиглэлийг сонгож, Солонгосын MC телевизийн дэргэдэх “MC Beauty Academy”-д сурсан. Мөн Тайвань Улсад зураглалтай будаглал чиглэлээр сурсан.

Хүн өөртөө итгэлтэй байвал бусад хүн чамд итгэдэг.  Хүсвэл хэн, юуг ч мэргэжил болгоод авч явах боломжтой. 

-Геологич мэргэжлээрээ ажиллахгүй нүүр будалтаар ажиллана гэхээр гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

       -Би “Дөрвөн жил сурсан мэргэжлээрээ 40 жил ажилладаг” гэсэн сэтгэлгээтэй өссөн. Ийм болохоор геологич мэргэжлээр баклавр, магистрын зэрэгтэй болсон. Түүнчлэн хоёр жилийн хугацаанд ажилласан. Мэргэжлээ солих болоход гэр бүлийнхэн болон найзууд маань “Яагаад” гэж хүлээж авсан. Тухайн үед нүүр будалт мэргэжил гэж тооцогддоггүй байсан л даа. Эргэн тойрны хүмүүсээсээ “Захын гоо сайханд хүний батга шахах ажил хийх гэж байгаа юм уу. Чи дээд боловсролтой хүн шүү дээ” гэж их сонссон. Тэр үед ганцхан төрсөн дүү минь намайг ойлгосон. Надад “Би таныг гоо сайхан талдаа илүү мэдрэмжтэй гэж боддог. Үнэхээр дургүй байгаа бол геологич мэргэжлээрээ ажиллаад яах юм бэ. Өөрийн хүссэн замаараа яваад үзэхгүй юү” гэж хэлсэн. Ганцхан хүн дэмжихэд хүн шийдвэр гаргаж чаддаг юм байлээ. Хүн өөртөө итгэлтэй байх нь чухал санагдсан. Хүн өөртөө итгэлтэй байвал бусад хүн чамд итгэдэг.  Хүсвэл хэн, юуг ч мэргэжил болгоод авч явах боломжтой. Тиймээс нүүр будалтын мэргэжил эзэмшихийг хүсэж байгаа ч гэр бүлийнхэн нь дэмжихгүй байгаа дүү нартаа “Өөртөө итгэлтэй байгаарай” гэж хэлэхийг хүсэж байна.

-Нүүр будалтын мэргэжил эзэмшсэнээр таны амьдралд ямар өөрчлөлт бий болсон бэ?

         -Нүүр будалтын мэргэжил эзэмшсэнээр олон өөрчлөлт бий болсон. Би маш ичимхий, өөртөө итгэлгүй байсан. Тухайлбал, өөрийнхөө чаддаг зүйлээ чаддаг гэдгээ илэрхийлэхээсээ ичдэг байлаа. Нүүр будалтын мэргэжил “Хүн өөрийнхөө чаддаг зүйлд бардам байх хэрэгтэй” гэдгийг надад сургасан. Мөн “Хэн нэгэн чиний чаддаг зүйлийг магтахад хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй” гэдгийг ойлгуулсан. Маш олон талын нөхцөлд олон нийттэй харилцахад сургасан даа. Би том тайзан дээрээс өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээ бусадтай хуваалцах хэмжээний өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон. Нүүр будалтын мэргэжлийн хамгийн гоё санагддаг зүйл нь өнөөдөр хийсэн ажлынхаа үр дүнг маргааш нь дэлгэцнээс, гудамжнаас, театрын тайзнаас харах мэдрэмж байдаг. Би алдаа, оноо, зэмлэл, магтаалаа маш хурдан олж хардаг. Өмнө нь би монгол эмэгтэйчүүдийгээ үзэсгэлэнтэй болгох зорилготой байсан. Харин дэлхийн аваргын тэмцээнд тэргүүн байр эзэлснээс хойш дэлхийн нүүр будалтын мэргэжилтнүүд миний хийсэн будалтаас үлгэр жишээ аваад, суралцаад явж байгаа. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн зоригтой алхмуудын нэг. Би “Хүн өөртөө итгэснээр дэлхийн хэмжээний нөлөөлөлд хүрэх боложтой юм байна” гэдгийг олж харсан.

Миний амжилт бүрийн ард надад итгэдэг хүмүүс минь байдаг. Урам зориг гэдэг хүнийг их хөглөдөг санагддаг даа.

-Та нүүр будалтын дэлхийн аваргын шагнал хүртсэн юм билээ. Энэ талаарх дурсамжаасаа хуваалцвал?

            -Анх “OMC Hair World” гоо сайхны олимп гэж нэрлэгдэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нь миний мөрөөдөл байсан. Учир нь, нэгдүгээрт, нүүр будалтын маш их чадвартай байх ёстой, хоёрдугаарт, зардал мөнгө их гардаг тул түүнийгээ даах шаардлагатай байсан. 2019 онд мөрөөдлөө биелүүлж, Францын Парис хотод уг тэмцээнд гурван төрлөөр оролцсон. Үүнээс хуримын нүүр будалтаар аравдугаар байрт орсон. 2020 онд амжилтаа ахиулан наймдугаар байр эзэлсэн. 2021 онд энэхүү тэмцээн ковидын нөхцөл байдлын улмаас онлайнаар зохион байгуулагдсан. Онлайнаар зохион байгуулагдах нь зардал бага тул дэлхийн өнцөг булан бүрээс оролцдог хүмүүс хоёр дахин нэмэгдсэн. Үүнд шинээр нэмэгдсэн "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга болсон. Тэмцээнд түрүүлээд арав хоног уйлсан. Тэр үед бол үгээр илэрхийлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж төрсөн. Аавынхаа, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзан дээр дуудуулах маш гайхалтай байж билээ. Олон тэмцээнд оролцох тусмаа туршлагатай болж, амжилтууд минь ахиж байна. Миний амжилт бүрийн ард надад итгэдэг хүмүүс минь байдаг. Урам зориг гэдэг хүнийг их хөглөдөг.

-Хоббигоо ажил болгохын давуу болон сул тал нь юу вэ?

        -“Дуртай зүйлээ хийж байгаа үед та хэзээ ч ажил хийхгүй” гэдэг үг байдаг. Нөгөө талаараа дуртай зүйлээ хийж байгаа үед хүн цагийг умартдаг юм билээ. Тухайлбал, би өглөөний дөрвөн цагаас эхлээд шөнийн 24 цаг хүртэл нэг удаа ч ариун цэврийн өрөө орохгүй, юм идэхгүй, байрнаасаа хөдлөхгүйгээр нэг дор олон хүн будсан байдаг. Тэр нь миний хувьд хоёрхон цаг өнгөрсөн юм шиг санагддаг. Өөрийн биеэ умартаж, цаг наргүй ажилласнаас болоод миний бие өвдөж байсан. Эрүүл болохын тулд эмнэлэг, бариа засал гээд олон төрлийн аргаар явсан. Энэ бүхний эцэст өөрийнхөө биеийг өвтгөхгүйгээр, удаан хугацаанд дуртай зүйлээ хийхийн тулд иог гэдэг зүйлтэй учирсан.

Эхний 40 жил яаж амьдарна. Түүнээс дараагийн 40 жил хэрхэн амьдрах нь шийдэгддэг

-Иогаар хичээллэснээр таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?

             -Эрүүл зөв амьдралын хэвшил залуу, хөгшин ялгалгүй хүн бүрд байх ёстой. Би 20-26 нас хүртлээ ажлаас өөр зүйл байхгүй юм шиг амьдардаг байсан. “Ажил, ажил гэж явсаар байгаад үнэ цэнтэй олон зүйлээ золиосложээ” гэдгээ ойлгосон. Иогаар хичээллэснээр миний амьдралд зөв, тэнцвэр хууваарилалт гэдэг зүйл бий болсон. Жишээ нь, өөртөө, гэр бүлдээ, найздаа, ажилдаа цаг зав гаргаж чаддаг болсон байна. Иог, нүүр будалт хоёрыг хослуулснаар өдий зэргийн амжилтууд миний амьдралд гарсан гэж боддог. Тиймээс “Өөрийгөө хайрлах чадвар хүнд хэрэгтэй” гэдгийг иогоор хичээллээд сурсан. Залуусдаа “Өөрийгөө битгий их хүчлээрэй. Эхний 40 жил яаж амьдарна. Түүнээс дараагийн 40 жил хэрхэн амьдрах нь шийдэгддэг” гэж хэлмээр байна. Амьдралын тэнцвэрээ бий болгож чадсанаар харамсах зүйлгүй амьдрах боломжтой. Үүнийг илүү олон хүнд хүргэхийн тулд “Ари-Иог” студиэ байгуулаад, ажиллаж байна.

-Та өдөр тутмын ажлаа хэрхэн амжуулдаг вэ?

        -Би багаасаа тэмдэглэлийн дэвтэр их хөтөлдөг байсан. Миний ажлын ихэнх хэсэг нь сошиалаар явагддаг. Иймээс олон зүйл амжуулахын тулд нэгдүгээрт, төлөвлөлт маш чухал. Хоёрдугаарт, цагийг үр бүтээлтэй ашиглаж сурах хэрэгтэй. Би “Зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр” гэсэн уриатай. Иймээс өөртөө хамгийн хүнд гэсэн ажлуудаа долоо хоногийн эхэнд эсвэл өдөр эхлэхэд хуваариладаг. Дэвтэртээ “Хийхэд юу хэцүү байна вэ” гэдгээ бичихэд шийдвэр гаргахад илүү хурдан байдаг. Төвлөлт замбараагүй байвал ажил замбараагүй байна. Ажил замбараагүй байвал ахиц муу гардаг. Би бүтэнсайны орой бүх төлөвлөгөөгөө гаргадаг. Үдийн өмнө ачаалал ихтэй ажлаа, үдээс хойш хүч бага шаардах ажлуудаа хийж, маргаашийн эрч хүчтэй байх эхлэлийг бий болгодог. Өдөр болгон өөр өөр цагийн хуваарьтай байдаг. Хувиараа бизнес эрхлэхийн давуу тал нь бүх цагийн хувиараа өөрөө гаргадаг байх юм болов уу даа.

-Та сошиал хаягтаа нөхөрлөлийг их эрхэмлэдэг хүн шиг харагддаг. Энэ тухайд?

          -Цаг хугацаа бол нөхөрлөлийн хамгийн үнэн шүүлтүүр гэж ойлгодог. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл нь танигддаг. Одоо миний хажууд байгаа хүмүүс шүлтүүрийг даваад гарч ирсэн хүмүүс. Би “Жинхэнэ найз гэдэг бол миний хоёр дахь би” гэдэг үгэнд  дуртай. Яагаад гэвэл, өнөөдөр надад хэцүү байхад хэлэхгүй байсан ч тэр хүн мэдэрчихсэн байдаг. Ямар ч баг зүүхгүйгээр харилцдаг харилцаа бол хамгийн гоё, үнэ цэнтэй, нандин санагддаг. Миний муухай, сайхан бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, дэргэд байгаа хүмүүс бол найзууд минь юм.

-Хүн будаггүй байхдаа үзэсгэлэнтэй. Харин нүүрээ будахаараа илүү хүчирхэг болдог гэдэг үг бий. Энэ тал дээ та юу гэж боддог бэ?

         -Нүүр будалт хийдэг болсноос хойш будагтай, будаггүй ч өөртөө итгэлтэй явдаг болсон. Чи өөрийнхөө царайнд итгэлтэй байхад бусад хүн чамайг хараад өөлөхгүй. Яг үүн шиг хүн өөртөө итгэлтэй байдлаараа өөрийгөө хүчирхэгжүүлэх ёстой. Түүн дээр бага зэргийн тодотгож өгдөг зэвсэг бол нүүр будалт юм. Нүүр будалтын мэргэжлийн хамгийн сайхан нь нүүрээ будуулсан хүн болгон өөрийгөө хараад инээмсэглэдэг. Үүнээс олон зүйлийг бүтээх цэнэг авдаг. Мөн орчин үед нүүр будалт гэдэг эмэгтэй хүнтэй салшгүй холбоотой зүйл. Нүүрээ будах чадвар эмэгтэй хүн бүрд тодорхой хэмжээнд заавал байх хэрэгтэй. Иог хийснээр би “Дотоод гоо сайхан, гадаад гоо сайхан гэсэн хоёр зүйлээс эмэгтэй хүн бүтдэг. Дотоод гоо сайхан нь өөртөө итгэлтэй, хайртай байхыг хэлдэг" гэдгийг ойлгосон.

-Та сэтгэлээр унах, бууж өгмөөр санагдах үедээ яаж давж гарч байсан бэ?

            -Би сэтгэлээр их унадаг ч тэр нь богино хугацаанд үргэлжилдэг. Иймээс өөрийгөө харьцангуй өөдрөг хүн гэж боддог. Ямар нэгэн бэрхшээл тулгарахад боломжтой нэг зүйлийг нь олж харах чадвар байх юм бол хувиараа бизнес хийх бололцоотой байдаг байх. Эхний жилүүдэд шантардаг үе цөөнгүй байсан. Эргээд харахад тэр үед сэтгэлийн хүч дутмаг байсан юм болов уу. Үнэндээ бэрхшээлийг яаж харж байгаа өнцгөөс их шалтгаалдаг юм билээ. Үйлчилгээний байгууллага болохоор бухимдалтай хүмүүс нэлээд ирдэг. Урьд нь бол бүх хүнд үйлчлэх гэж хичээж өөрийгөө их сэтгэлээр унагадаг байсан. Одоо бол заавал бүх хүнд биш хэнд нь миний үйлчилгээ хэрэгтэй байна вэ тэр хүмүүст илүү хүрч ажиллахыг хичээдэг. Үйлчилгээний байгууллагад ажиллах гэж байгаа бол зорьж ирсэн нэг л хүнд өөрийн чадах бүхнээрээ туславал дараа дараагийн хүмүүс хүрээд ирдэг.

-Та цаашдын зорилгоосоо хуваалцвал?

           -Дэлхийн аваргын тэмцээндээ ахин оролцсон байгаа. Үүний дараагийн тэмцээнээс залуу үеийн нүүр будалтын мэргэжилтнүүдээ оруулахыг хичээж байна. Мөн монголчууд хэрхэн бие биенээ дэмжих, олон хүнд хүргэх вэ гэдэг тал дээр юу хийх талаараа бодож байна. Нүүр будалт ч гэсэн спортын төрлүүдтэй ижил  дэлхийн тавцанд эх орныхоо нэрээр гардаг. Манай салбарынхан ихэвчлэн бор зүрхээрээ хувь хувьдаа хэний ч дэмжлэггүйгээр хичээдэг. Тиймээс энэ тал дээр цаашдаа чадах бүхнээ хийнэ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

 -Баярлалаа.

 

Г.Хэрлэн


Ц.АРИУНЗАЯА: Мэргэжил минь надад "Хүн өөрийнхөө чаддаг зүйлд бардам байх хэрэгтэй" гэдгийг ойлгуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188