• Өнөөдөр 2024-04-20

СУВИЛАГЧ Б.ҮҮРИЙНТУЯА: Ямагт бусдын төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг

2022-07-28,   1427

                    Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж,  эрүүл мэндийн байгууллагын нэгэн хэсэг болсон Б.Үүрийнтуяаг “Өөрөөс нь” буландаа онцолж байна. Тэрбээр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасагт мэдээгүйжүүлгийн сувилагчаар 17 дахь ажиллаж буй туршлагатай нэгэн. Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан анхны мэс засалд биечлэн оролцсон туршлага, сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
                 -Сайн байна уу, намайг Буянжаргалын Үүрийнтуяа гэдэг. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасагт мэдээгүйжүүлгийн сувилагчаар 17 дахь жилдээ ажиллаж байна.
-Анх яагаад сувилагч болохоор шийдсэн юм бэ?
             -Би айлын том хүүхэд. Манай аав, ээж хоёр Өмнөговь аймгийн боловсролын салбарт насаараа ажилласан сайхан хүмүүс бий. Өмнөговь аймаг түүх, соёлын олдвор арвинтай учир багадаа археологич болоод, судалгаа хийдэг хүн болно гэж боддог байлаа. Энэ нь бага насны минь мөрөөдөл байсан гэх үү дээ. Арван жилээ төгсөхөөс өмнө хамаатны эгчийнхээ ажилладаг эмийн санд очиж, баглаа боодол боох ажилд тусалдаг байсан. Нэг мэдсэн чинь л эмийн сангийн үнэр, ажиллах орчинд татагдаж эм зүйч болно гэж шийдсэн. Намайг арван жилээ төгсдөг жил Анагаахын сургуулиас манай аймагт найман хуваарь ирсэн. Тухайн үед би тэр хуваарьт багтаж чадаагүй. Гэсэн ч эмнэлгийн салбарын мэргэжил эзэмших хүслийг минь ээж, аав хоёр минь дэмжиж Улаанбаатар хот руу явуулсан.Элсэн суралцсан сургууль АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль юм. Ингэж л би төөрсөөр, төрөлдөө гэдэг шиг эрүүл мэндийн байгууллагатай холбогдох үндэс тавигдсан. /Инээв/
 
-Таны ажлын гараа  ЭХЭМҮТ-өөс эхэлсэн байх тийм үү?
            -Тийм ээ. Сургуулиа төгсөж ирээд ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний төвд сувилагчаар ажилласан. 2009 оны тавдугаар сард мэдээгүйжүүлгийн сувилагчаар мэргэшин суралцсан. Түүнээс хойш Хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасагт ажилласаар байна. Миний ажлын гараагаа эхлүүлсэн байгууллага минь өргөжин тэлж, олон гэр бүлд амьдрал бэлэглэхийн тулд цаг наргүй, өөрсдийгөө умартан ажилладаг цагаан нөмрөгт баатруудаар гоёдог. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн сонголтууд дундаас хамгийн зөв нь миний мэргэжил сонголт гэж боддог. Мөн сайхан хамт олон байдаг учраас олон жил гар нийлэн ажиллаж, өдөр бүр шинээр суралцах боломж бүрддэг байх гэж боддог доо. 
-Ямар ч ажлын байранд хамт олон хамгийн чухал шүү дээ. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?
                 -Эрүүл мэндийн салбар тэр дундаа мэдээгүйжүүлэлтийн тасагт багийн үйл ажиллагаа хамгаас чухал байдаг.17 жилийн турш тууштай ажиллах болсон нь хамт олонтой минь холбоотой. Үргэлж, нэгнийгээ дэмжиж байдаг болохоор ажил минь миний гэр шиг халуун дотно санагддаг. Яг л нэг гэр бүл шиг. Мэдээгүйжүүлгийн тасагт хамтрах гэдэг зүйл маш чухал. Эмч сувилагчаа мэдрэх, хамтран ажиллахад уур амьсгал болон ойлголцол их нөлөөлдөг. Гарын таван хуруу шиг мэс заслын үед ч эмч, сувилагч, асрагч гээд бүгд л хамтран ажиллаж байж аливаа зүйлийн ард амжилттай гарна.  Би өөрийгөө зөв газарт байгаа эсэхдээ эргэлзэж байгаагүй. Үргэлж л би биш “Бид”гэх үзлээр ханддаг болохоор ажлаасаа урам авч, улам их хичээхийг зорьдог. Цаашдаа ч энэ хэвээрээ илүү туршлагажиж ажиллах хүсэлтэй байдаг. 
-Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан анхны мэс засалд биечлэн оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
                    -Энэ мэс заслыг 2020 онд хийх байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил хойшлсон. Энэ жил цар тахлын нөхцөл байдал гайгүй болсон учраас хийсэн. Өмнө нь ямар нэгэн судалгаагүй шууд мэс засал хийсэн зүйл огтхон ч биш. Олон жилийн үр дүнг, судалгаа шинжилгээний үндсэн дээр тулгуурлан хийсэн. Манай эмч нарын ур чадвар ямар түвшинд байгааг баталж, эрүүл мэндийн салбар хөгжиж байгааг олон хүнд ойлгуулж чадсан байх. Харин миний хувьд өмнө нь Монгол Улсад хийсэн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаануудад оролцож байсан. Энэ удаагийнх ЭХЭМҮТ-д хийгдэж байгаа гэдгээрээ онцлог. 13 цаг үргэлжилж, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Жилд энэ төрлийн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай хүүхэд олон байдаг. Эх орондоо эрүүл болох эхний алхам 2015 онд тавигдаж байсан бол өнөөдөр улам л өргөжин тэлж байна. Энэ хэрээрээ олон хүүхдэд үйлчлэх, амьдрал бэлгэлэх боломж бүрдэж байгаад хамгийн их баярлаж байгаа даа. Хагалгаанд орсон Н.Энхжаргал охины биеийн байдал сайжирч, гэрийн нөхцөлд шилжсэн. Цаашдаа гам барьж,биеийн байдал нь илүү сайжирна байх гэсэн хүлээлттэй байгаа. 
 
-Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд ачаалал ихтэй байх болсон. Мэргэжлийн байгууллагад ажилладаг хүнийхээ хувьд энэ асуудалд байр сууриа хуваалцахгүй юу?
               -Улсын хэмжээнд хүүхдийн нарийн мэргэжлийн нэг л эмнэлэг байдаг. Тэр нь ЭХЭМҮТ. Хүн ам өсөхийн хэрээр өвчлөлд өртөх магадлал ч нэмэгддэг. 2010 оны хэмжээнд жилд 6000 орчим хүүхэд нарийн мэргэжлийн хагалгаанд орж байсан бол одоо 13 мянган хүүхэд болж өссөн. Тэгсэн ч ажиллах хүчний тоо огтхон ч нэмэгдээгүй. Харин эмч, эмнэлгийн байгууллагын ачаалал ихэссэн. Энэ бол цаашид анхаарах ёстой зүйл юм. Мөн эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж харамсалтайгаар бэртэж, гэмтэх хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Тогтолцоо талаасаа, гэр бүл асран хамгаалагч  талаасаа хараа хяналтаа сайжруулах нь аливаа эрсдэлээс сэргийлэх хамгийн зөв арга. 
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
                 -Ажлын өдөр 08:30 - 17:30 цаг хүртэл ажилладаг. Зөвхөн энэ цаг л ажилладаг гэвэл өрөөсгөл ойлголт. Эмнэлгийн байгууллагын ажилчид илүү цагаар ажиллах тохиолдол байдаг.  Тухайн өдөрт хэдэн мэс засалд орох, хэдий хугацаа зарцуулах зэрэг тодорхойлох боломжгүй. Ямар мэс засал хийхээс хамаараад цаг хугацааны хувьд харилцан адилгүй байдаг.  Нэгэнт л миний ажил учраас хойш  суух учиргүй. Чаддаг зүйлээ сайн хийж, үр дүнтэй ажиллахыг илүүд үздэг. Энэ зарчмыг баримтлан ажиллах дуртай гэх юм уу. Ажиллаад байх тусам л мэргэжилдээ дурладаг. Нэг ч гэсэн гэр бүл элэг, бүтэн эрүүл саруул байгааг харах нь эмнэлгийн байгууллагын ажилчдад юутай ч зүйрлэшгүй сайхан зүйл шүү дээ. /Инээв/

-Хамт олондоо хандаж хэлэх зүйл байвал бидэнтэй хуваалцахгүй юу?

                 -ЭХЭМҮТ-ийн хамт олондоо үргэлж талархаж явдаг. Нэг баг болж хамтран ажиллахад урамтай байдаг. Ямагт хүний төлөө гэсэн сэтгэлээр бялхаж, ядарсан ч инээж хүчирхэг байдаг та нар энх цагийн баатрууд юм.  Тэр дундаа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасгийн эрхлэгч М.Ариунтунгалаг, эмч А.Цэнджав, Л.Ганбаяр нартаа дэмждэг үнэхээр их баярладаг. Мөн Мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасагт мэдээгүйжүүлгийн эмч Б.Одгэрэл-д баярлалаа. Нэгэн бие  мэт санаа нийлж ажиллахад суралцах, хөгжих хүсэл тэмүүллээр хөтлөгддөг шүү гэж хэлмээр байна. 

 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажил тань амжилт хүсье.
               -Баярлалаа.
 
 
 

СУВИЛАГЧ Б.ҮҮРИЙНТУЯА: Ямагт бусдын төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-08 09:57:12
    Otto: Minii egch chin mundag shuu. Unench tuushtai engiineer helbel ih ajliin henhegtei hun shuudee. Tsaashdiin ajil hudulmurt ni undur amjilt husie.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-02 14:36:16
    Batdelger: Tsaashdiin ajild ni iluu ih amjiltiig husie mundag bn nutgiin duugees
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-28 15:35:17
    Мөнхтуяа: Үүрээ маань эзэмшисэн мэргэжилдээ үнэнч чадварлаг нухацтай охин шдээ.дүүдээ хайртай шүү.хамт аж.сан он жилүүдэд чи шилдэг нь байлаа.хайртай шүү дүүдээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188