• Өнөөдөр 2024-04-18

Л.МАЖАА: Түүх судлал бол миний орхиж болдоггүй зүйл

2022-07-27,   629

          Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгаас энэ удаагийн томилолтоо бэлтгэн хүргэж байна. Бидний онцлох зочин бол Өмнөговь аймгийн төв номын сангийн ахмад уншигчдын нэг, түүх сонирхогч, судлаач гэж нутагтаа хэдийн танигдсан Лхан-Аагийн Мажаа гуйа юм. Тэрбээр нутагтаа хийж бүтээсэн зүйл арвинтай бөгөөд түүх судлаачийн хувьд олсон, олз баялагтай хүн билээ. Өдгөө 90 нас дөхөж буй түүнийг Өмнөговь аймагт мэдэхгүй хүн ховор. Бага балчир байхаасаа номонд дурлаж, хорхойссон түүнийг Ардын боловсролын тэргүүний ажилтнаас Чингис Хааны Дэлхийн Академийн жинхэнэ гишүүн, түүх судлаач болох замд хөтөлжээ. Ингээд уншигч таны өмнө өөрийн ахуй амьдралынхаа ихэнх хугацааг түүх судлахад зориулсан нэгэн эрхмийн ярилцлагыг хүргэе. 
 
-Юун түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг Өмнөговь аймгийн нутгийн иргэд түүх судлаач Л.Мажаа гэдгээр нь андахгүй юм билээ. Хоёулаа яриагаа таны хүүхэд наснаас эхлэбэл ямар вэ?
            -Баярлалаа. Намайг Лхан-Аагийн Мажаа гэдэг. Одоо 87 настай, багш мэргэжилтэй. Өмнөговь аймгийн Луус сумын нутагт төрсөн. Өсөж хүмүүжихдээ Дундговь аймагт байсан. Элбэг хангалуун биш ч эгэл жирийн сайхан амьдралаар өссөн гэж боддог. Намайг ухаан орохоос өмнө ижий, аав минь өнгөрсөн юм билээ. Би гэдэг хүн, бүтэн өнчин. Хамаатан, садангийн хааяа түшиж сайн хүн болж хүмүүжсэн. Бага байхын л зураг зурах дуртай хүүхэд байсан гэдэг. Би өөрөө сандаггүй юм. Хонины бэлчээрт очоод, шилбүүрний урд талын уяаны үзүүрээр элдэв, янзын амьтан зурдаг байсан гэж өсгөсөн хүмүүс тэгж хэлдэг байсан. Одоо бодоод байхад ээж, аавын минь гарын болон ухааны дүй надад ирсэн юм шиг санагддаг. Ер нь манай удамд зохиолч, судлаач гээд тухайн үедээ өндөр боловсролтойд тооцогдох хүн олонтой  юм билээ. Миний багад одоогийнх шиг ухаалаг төхөөрөмж байхгүй. Том болоод ямар хүн болно гэсэн мөрөөдөл гэж ч мэдэхгүй, хөдөөд өнгөрүүлсэн. Зурах, сийлэх дуртай болохоор эрдмийн мөр хөөлгөсөн байх гэж боддог доо.
 
-Та эрдэм номын мөр хөөсөн гэж хэллээ. Энэ тухайгаа дэлгэрүүлэн ярьж болох уу?
            -1959 онд Дундговь аймгийн арван жилийг төгссөн. ЕБС-аа төгсөөд тухайн үеийн Багшийн дээд сургуульд Зураг, хөдөлмөрийн ангид элссэн суралцсан. Их сургуулаа төгсөөд Дундговь аймагтаа ирж хоёр жил багшилсан. Тэгээд Өмнөговь аймагт 20 хэдэн жил багшаар ажиллаж, Соёлын байгууллагад зургаан жил ажилласан. Оюутан байхдаа Пеонарын үнэн сонинд улс төрийн шог зураачаар ажилласан. Багшийн дээд сургуульд сурч оюутан байхдаа эхнэртэйгээ танилцаж хүүхэдтэй болж байлаа. Оюутан байсан болохоор амьдралын төлөө, эхнэр хүүхдээ тэжээх шаардлагатай болсон юм. Тэгээд сонины үйл ажиллагааг судалж, ажиллах боломж хайж эхэлсэн.Тэгж явсаар чөлөөт цагаараа улс төрийн цог, материалууд бичиж, зурж нийтлүүлдэг боллоо. Тухайн үеийн “Намын үнэн сонин” “Улаан од сонин”-д улс төрийн шог зураг хэвлүүлдэг байсан. Оросоос хуулбарлаж зурдаг байсан сан.Нарийндаа бол надад судалгаа, шинжилгээ хийх арга зүйг зааж өгсөн хүн бол Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуйа юм. 
-Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуйатай анх хэрхэн танилцсан, түүхээсээ  хуваалцаач?
            -Ц.Дамдинсүрэн гуйатай танилцсан түүх их онцгой. Миний амьдардаг газрын ойролцоо, Ц.Дамдинсүрэн гуйа ирдэг нэг айл байсан юм билээ. Тухайн үед би хэвлэгдэх зураг болон сонин бариад гүйдэг байлаа. Тэгж явахдаа л танилцаж, зүс авалцсан хэрэг. Тэр үед сонинд өгсөн юм өдөртөө гардаг байсан. Өглөө 7:00 цагтай уралдаж, хурдан гэгч нь цайгаа уучхаад, 8:00 цагийн үед хэвлүүлэх газраа очдог. Ажил тараад буцаад ирэхэд тухайн сонин гарчихсан, хэвлүүлсэн материалынхаа урамшууллыг авчихдаг байсан. Оюутан байх хугацаандаа ингэж л амьдардаг байлаа шүү дээ. Хөгжим бүжгийн дунд сургуулиас өмнөхөн ногоочдын гуравдугаар гудам гэж байлаа. Тэр гудамжаар би өдөр бүр гэрүүгээ харина. Харих гээд явж байхад Ц.Дамдинсүрэн гуйа өөдөөс явж таарна. Энэ мэт нэлээн хэдэн удаа тааралдаж, нэг удаа Ц.Дамдинсүрэн гуйа “Хүү, юу хийж яваа юм” гэсэн. Хариуд нь би жигтэйхэн их юм хэвлүүлсэн хүн болоод бичсэн, зурсан материалаа харуулахад “Заа хүү минь, чиний хийсэн наад юмнууд чинь нэг ёсондоо хүний юм байгаа юм. Хэрэв чи сонин хэвлэлтэй нөхөрлөе гэж бодож байгаа бол өөрийн чадвараа ашиглаж, өөрөө юм хийж бай” гээд надад тэмдэглэл хөтлөх арга зүйг зааж өгсөн. Үүнээс үүдэлтэй бичих чадвараа нэмэгдүүлж, шүлэг, ном зохиолтой холбогдсон доо. Багаасаа өнчин байсан учраас настай хүний хэлсэн үгийг сонсож сурсан надад Ц.Дамдинсүрэн гуйан хэлсэн үг эрдэм шиг санагдаж билээ. Дипломын ажлаа зураг судлалын чиглэлээр хамгаалсан. Ингэж явсаар их сургуулаа төгссөн. Төгсөөд Дундговь аймагтаа хоёр жил багшаар ажилласан. Дараагаар нь Өмнөговь аймагт 20 гаруй жил ажиллаж, боловсролын салбарт хүчин зүтгэсэн. Түүний дараагаар зургаан жил соёлын байгууллагад ажилласан. Дээд сургуулиас сурсан, мэдсэн зүйлсээ өнөөдрийг хүртэл хөгжүүлж, суралцахыг зорьж байна.
-Та эхнэртэйгээ хэзээ танилцсан юм бэ?
            -Манай эхнэрийг Н.Дуламжав гэдэг. Өмнөговь аймагт төрсөн хэрнэ Дорноговь аймагт арван жилээ төгссөн. Сургуульд байхдаа л танилцсан хоёр байгаа юм. Миний хань Монгол Улсын анхны “Багшийн ур чадварын уралдаан”-д 1989 онд Өмнөговь аймгаа төлөөлөн оролцож, дэд байрыг эзэлсэн багш хүн. Ханьтайгаа нийлээд гурван хүү, гурван охиныг өсгөж хүмүүжүүлсэн. Бага наснаасаа зан, зангаа авалцаж амьдралаа босгосон. Манай хүн миний сонирхлыг их дэмжинэ. Ямар сайндаа л хүнээс сонссон зүйлээ үнэн эсэхийг тодорхой болгох гээд эрэл, хайгуул болж байхад надад “Тусалчих юм сан” гээд хамт судлах үе ч байсан. 
-Таныг Өмнөговь аймгийн түүхийг судалж, мартсан өв соёлыг сэргээж таниулж буй цөөн хэдэн хүний нэг бодож байна. Яагаад түүх судлах болсон юм бэ?
          -Хүнд чинь нэг газраас нөгөө газар руу очих нь их сонин байдаг шүү дээ. Сонирхох зүйл их бий. Өмнөговь аймагт ирээд  шууд л Гурван сайхан ууланд очсон. Энэ уул нь манай гэр бүлийн хүний өвөг дээдсийн амьдарч байсан нутаг. Би оюутан байхаасаа чулуун сийлбэр хийж байсныг нутгийн ахмадууд их дуртай хүлээж авсан. Тэгээд ахмадуудаар Гурван хааныг заалгаж байлаа. Сонссон мэдсэн зүйлийнхээ баримтыг хайгаад, цааш хөгжүүлэх зэргээр түүх судлах арга барил тавигдсан гэж боддог. Өмнөговь аймгийн олон сумдаар багш, захирлын ажил хийж явахдаа тухайн газрын түүх онцлог байдлыг судалдаг байв. Тэмдэглэл хийж явсан хөдөөгийн н.Пэрэнлээ, Ц. Дамдинсүрэн, н.Сэр-Оджав зэрэг эдгээр томчууд надад түүхийг судлах, судалсан мэдээллээ өвлүүлэх, зохих хэмжээний үүрэг даалгавар өгсөн. Мөн түүхийг судалж, мэдэх чиг шугамыг зааж өгч байсан. Эдгээр сайхан хүмүүсийн өгсөн үүрэг даалгавар “Захиалга”-ын дагуу өнөөдрийг хүртэл түүх судлалаар арав гаруй ном бичжээ.
-Түүх судлах сонирхолдоо хөтлөгдөн хийсэн судалгааг ном болгосон гэж ойлголоо?
            -Өмнөговь  аймгийн сум орон нутгийн түүх соёлын холбогдолтой зүйлсийг илүү сонирхож явсаар соёлын байгууллагад музейд ажилд орсон. Тус музейд “Далан уулын бичээс” гэж цаасан дээр хэдэн тамга, янз бүрийн зүйл бичсэн зүйл байсан.  Түүнийг харсан манай нэг ажилтан “Энэ Номгон сумын нутагт Далан уулын бичээс гэж байдаг. Би үзээгүй, хүмүүс тэгж ярьдаг байсан” гэсэн юм. Тэгэхээр нь миний сонирхол төрөөд “Тэрийг хэн мэдэх вэ” гэхэд “Номгон сумын Сосор өвгөн мэдэх ёстой” гэж хэлсэн юм даг. Тэрнээс хойш тэр н.Сосор гэх өвгөнийг сураглаж байгаад  нэлээн хэд хоногийн дараагаар уулзахад “Хулгарыг унаж, хулгай дээрмийг даруулж, Далан түмэн цэргээр, Давхар сүрэг байгуулав. Даллаж ирсэн Далан уул минь гэж хүмүүс тэгж хэлдэг байсан. Би үзээгүй. Чингисийн дууны үг” гэж  надад хэлсэн. Түүний дараагаар н.Санжмядав гээд шинжлэх ухааны архелогич хүн байсан. н.Сэр-Оджав гуйа болон н.Санжмядав гуйатай хүрээд ирсэн. Тэр үеэр нь би н.Сэр-Оджав гуйад “Чингисийн дууны үг гэж ийм үг байна. Энэ яг Чингисийн дууны үг мөн үү” гэхэд хариуд нь надад “Энэ чинь биш. Батмөнх Даяан аваргынх байх ёстой. Тийм учраас үүнийг сонирхож байвал Батмөнх даян хааны үйл амьдралыг судлах хэрэгтэй. Чи “Эрдэнийн эрх” зохиолын унш” гэсэн юм. 

        Тэгж хэлсний дагуу түүнийг уншиж Батмөнх даян хааных гэдгийг мэдсэн юм. Хутаг цагаан дэрх гэдэг газар төрсөн. Долоон настайдаа Хулгарын гол гэдэг газар усанд нь живж, Тангуудын Ай Төсөр гэдэг хүн аварсан юм байна. Энэ мөчөөс бүхнийг мэдээд, тэр газрыг сурвалжилсан чинь Өмнөговь аймгийн Хүрмэн суманд байдаг юм гэдгийг тодорхой болгож баталж байлаа. 

-Батмөнх даян хааны тухай ямар бүтээлүүд туурвисан бэ?
           -Батмөнх Даян хааны тухай хоёр ном бичсэн. Мөн дараа нь бага насныхан тухай “Алтан ургийн хүү” гэж жүжиг бичсэн. Батмөнх Даян хаан гэдэг дууны үг бичсэн. Одоо хамгийн сүүлд Батмөнх даян хаантай холбоотой “Үхэрт хайрхны сахиул” гэсэн Батмөнх даян хааны бага насандаа сууж явсан “Үхэрт хайрхан”-д өргөсөн байсныг тэнд үеийн үе дамжиж хамгаалж байсныг богино өгүүллэг болгон бичсэн дээ. Энэ мэт Өмнөговь аймагт олон хаадтай холбоотой баримтууд байдаг гэдгийг судалгаа хийх явдаа олж, илрүүлж улмаар хаадын тухай баримтад тулгуурласан ном бичсэн.
 
-Хувь хүний зүгээс сонирхлоороо түүх судална гэдэг нөр их хөдөлмөр шиг санагдаж байна. Та хэрхэн өөрийгөө дайчилдаг байсан бэ?
             -Түүх судлал бол миний орхиж болдоггүй зүйл байгаа юм. Судалсан, хийсэн зүйлээ эргээд бодохоор орон нутгийн настнуудын хэлсэн зүйлс түүхийг ухах, шинжих түлхүүр болсон. Мөн Соёлын байгууллагад ажилласан хугацаанд миний олж мэдсэн ардын ёс, уламжлал талаар сонссон судалсан зүйлс болон өвгөдийн хэлсэн үг, их зүйлд хөтөлсөн санагддаг юм. Одоо эргээд харвал надад ярьсан шиг тэр үеийн түүхийг хэлэх, ярих хүнгүй болчихжээ. Мэддэг хэд нь байгалийн жамаар насан өөд болцгоож дээ. Тийм л учраас “Өөрийн судалсан, олсон түүхийг хүүхэд залуучуудад хүргэж үлдээх юм сан” гэсэн үүднээс ном болгон олонд хүргэхийг зорьдог. Өдгөө би 87 настай ч номноос холдож, хөндийрсөн өдөр гэж үгүй. Залуу үеийнхэн минь үгүйдээ ядаж зөв зүйлээс нь суралцаж, түүхийг суралцаасай гэж хүсэх юм.
-Өмнөговь аймагт дэлхийн жишигт нийцсэн “Байгаль, түүхийн музей” нээлтээ хийлээ. Түүх судлаач, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
             -Өмнөговь аймагт соёлын өвийг хадгалахтай холбогдуулан өөрийгөө хуучин уламжлалыг сэргээх талаар хоёр чухал зүйл хийсэн хүн гэж боддог. Тухайлбал, шинээр  ашиглалтад орсон “Зоос ширээ” гэж байгаа. Энэ нь өөрөө говьчуудын дээр үеийн уламжлал, нэг ёсондоо дүрслэх урлаг байсан. Үүнтэй холбоотойгоор 1985-1991 оныг хүртэлх хугацаанд түүхийн музейд ажиллахдаа “Зоос ширээ”-г сэргээсэн. Улс орон даяар “Зоос ширээ”ний урлаг гэдгийг нэвтрүүлсэн дээ. Музейд огт хэрэглэгдэхгүй байсан “Зоос ширээг” настнуудыг дунд хайж явж байгаад н.Чулуунбаатар гэдэг өндөр настан арван хэдэн настай байхдаа эдэлж хэрэглэж байсан гэдгийг тэр хүнээс сонсож байсан. Түүнийг мэдсэнийхээ дараа бүх хүмүүст зориулан дугуйлан ажиллуулсан. Тус дугуйланд Улаанбаатар, Хөвсгөл, Дорноговиос гээд олон аймгуудаас хүмүүс ирж, суралцсан. Суралцсан хүн маань өөрийн амьдарч буй газраа очиж дугуйлан ажиллуулсан.
             Тэр үеийн “Эмэгтэйчүүд сэтгүүл” дээр миний гаргасан бүх материалууд хэвлэгдсэн. Түүнээс гадна Өмнөговь аймагт байдаг бас нэг орхигдсон,  онцлог зүйл нь юу байсан бэ гэхээр “Чулуун сийлбэр” байсан юм.  1930-аад оны үеэс лам нарыг татаад, лам нар нь ажилгүй болсон. Тэгээд орон нутгийн байгалийн онцлог нь зөөлөн чулуу байсан. Ажилгүй болсон лам нараар сийлбэр хийлгэж байсан. Түүний дараагаар 1940-1950-аад оны үед устаж үгүй болж, ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энийг сэргээж дахин чулууны үйлдвэр байгуулсан. Мөн илүү орчинд үед нийцүүлэхийн тулд Дүрслэх урлагийн салбартай хамтраад сургалт явуулж байсан түүхтэй. Ингэж хуучны соёлыг сэргээж, аймаг орон нутгийн иргэдэд таниулах ажлыг эхлүүлснээр “Чулуун сийлбэр” нь Өмнөговь аймгийн урчуудын бүтээл болсон түүхтэй. Шинээр нээгдэж буй музейд миний олон бүтээлүүд байршсан байгаа.
       Монгол улсын галлерэйд ч миний арав гаруй бүтээл бий. Энэ мэт түүхэн олон дурсгалт зүйлс бий. Үүнийг зориулалтын аргаар хадгалах газар хязгаарлагдмал байсан. “Байгаль түүхийн музей” бол соёлын түүхэн өвийг хадгалахад хамгийн их үнэ цэн болж байна гэж судлаачдын зүгээс бодож байна.

     Бид яахав түүхээ судлаад, бичээд явчихна. Харин биднээс үлдсэн зүйлсийг ирээдүй цагийн хойч үед, зуучлах газар маань музей юм. Иймд ганцхан Өмнөговь гэлтгүй түүхийн өвөө хадгалан хамгаалахад чиглэж дорвитой ажил хийгээсэй гэж хүсэж байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
            -Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.


Л.МАЖАА: Түүх судлал бол миний орхиж болдоггүй зүйл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188