• Өнөөдөр 2024-04-23

Шагай харваач Б.ХУВЬТӨГӨЛДӨР: Улсын наадамдаа түрүүлэх мэдрэмж үгээр илэрхийлж барамгүй сайхан байсан

2022-07-18,   2533

      Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд түрүүлсэн Монгол Улсын үлэмж дархан мэргэн Баярхүүгийн Хувьтөгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр хүүхэд наснаасаа харваж эхэлсэн удам дамжсан харваачдын нэг билээ.

-Сайхан наадсан уу. Улсын наадамдаа түрүүлсэнд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэл хөдлөл ямар байсан бэ?

      -Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж өндөрлөлөө. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн баяр наадамдаа түрүүллээ маш их баяртай байна. Харваачид бид бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг шалгадаг том зүйл бол улсын наадам байдаг. Тэр ч  утгаараа жил болгоны наадмыг догдлон хүлээдэг дээ.

  Энэ жил анх удаа улсын наадмаас шагнал хүртлээ. Хүртэх хүртэхдээ тэргүүн байр эзлээд төв цэнгэлдэх хүрээлэнг тойрох мэдрэмж үгээр илэрхийлж барамгүй сайхан байсан.

-Наадмын бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?

            -Манай баг тамирчид зургадугаар сарын 24-нөөс эхлэн Ар гүнтэд бэлтгэлээ базааж улсын баяр наадамдаа оролцлоо.

-Хэзээнээс шагайн харваагаар хичээллэж эхэлсэн бэ?

       -Анх өвөө, аав хоёрыгоо дагаж харваж сурч байлаа. Манай өвөө Монгол Улсын хүндэт харваач н.Жамьяансүрэн гэх олон шавь төрүүлсэн мундаг харваач хүн байсан. Өвөөгийн дөрвөн хүү шагай харвадаг болохоор бага наснаасаа л шагайн харваатай ойр дотно өссөн. Хүүхэд байхаасаа тоглож байгаад 2010 оноос мэргэжлийн тамирчин болж тэмцээнд оролцож эхэлсэн. 2013 оноос хойш үндэсний их баяр наадамдаа харваж байна даа.

-Шагайнхарвааны юу нь таныг хамгийн их татсан бэ?

            -Анх зүгээр л удмаа дагаж шагай харваж эхэлсэн ч тоглох тусам энэ спортод дурлаж, амьдарлаа холбосон доо. Шагайн харваагаар хичээллэснээр хүрээллээ тэлж хаана ч хэзээд зориод очиход нөхөрсөг халуун дулаан хүлээж авах олон сайхан найз нөхөд, ах дүү нартай болсон.  Дээрээс нь үндэсний өв уламжлалаа цааш өвлүүлэн авч явч байгаа даа баяртай байдаг. Мөн ахмад настнаа хүндлэх, хүнтэй зөв боловсон харьцах, төвлөрч сууж сурах зэрэг олон зүйлийг энэ спортоос сурч өдөр бүр дурласаар байна.

-Өвөө, аав хоёрынхоо тухай дурсамжаас хуваалцаач?        

            -Манай өвөө Хэнтий аймгийн Биндэр сумандаа ажиллаж амьдардаг жирийн л нэг жолооч хүн байсан. Тухайн үеийхээ хамгийн сайн харвадаг хүмүүсийн нэг гэлцдэг. Харин аав маань шагайн харваан спортын багш хүн байсан. Аавын маань шавь нар одоо ч харвасаар байгаа.

-Таны хүүхэд ахуй нас хэрхэн өнгөрөв?

            -Миний хүүхэд нас өвөө, аав хоёрынхоо адил Хэнтий аймгийн Биндэр суманд өнгөрсөн дөө. Би сагсан бөмбөг, воллейбол, шагайн харваагаар хичээллэдэг спортлог хүүхэд байсан.

- Арав гаруй жил баяр наадамд харвахад аль наадам хамгийн их сэтгэлд тань тод үлдсэн бэ?

            -Хамгийн анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг шүү дээ. Үүний адил 2013 онд улсын баяр наадамдаа анх харваж байсан үе минь хамгийн сайхан санагддаг.

-Танд өөрийн залгамж халаа болсон шавь бэлтгэх бодол байдаг уу?

       -Дүүдээ зааж өгч дүү маань харвадаг. Гэхдээ воллейболд илүү сонирхолтой болохоор тогтмол харваад байдаггүй. Хүүгээ том болохоор зааж сургана гэж бодож явдаг даа.

-Харваачид, хасаа, хашлага сумандаа ихээхэн анхаарал хандуулдаг юм шиг санагддаг.Та хашлага, сумаа хэрхэн сонгодог вэ?

              - Хашлага, хасаа, сумаа өөртөө тохируулаад  гараар хийдэг хүмүүсээс худалдаж авдаг.

-Танай баг хамт олонд мэргэжлийн сэтгэл зүйч байдаг уу?

            -Бидэнд мэргэжлийн сэтгэл зүйч байдаггүй. Хэрвээ байсан бол сайхан л байна. Бид өөрсдөө сэтгэл зүйгээ бэлддэг. Тэмцээний шөвгийн найман  баг үлдэхээр жинхэнэ өрсөлдөөн эхэлж, тамирчдын сэтгэл зүй  өөрчлөгдөж эхэлдэг. Тэр үед нь хэрхэн тайван байж, сум алдалгүй тавих гэх тал дээр зөвлөөд өгөх хүн байдаггүй нь бага зэрэг харамсалтай. Бусад спортуудад мэргэжлийн спортын сэтгэл зүйчтэй байдаг шүү. Хэрэв шагай харваа сэтгэл зүйчтэй байсан бол илүү хурдацтай хөгжих байсан байх гэж би хувьдаа боддог.

-Шагайн харвааны тамирчдад үзүүлэх дэмжлэг, санхүүжүүлэлт хэр байдаг вэ?          

            -Тийм хангалттай биш ээ. Бусадтай спортуудтай харьцуулахад бага байдаг. Багийн дарга нь бүх зардлыг хариуцдаг. Эсвэл ямар нэгэн компаны нэр дээр тоглодог.

 -Шагайн харвааны өнөөгийн байдал цаашдын хөгжил таны бодлоор ямар байна вэ?

            -Сүүлийн үед  шагай харваан спорт нэг үеэ бодоход сайн хөгжиж, залуу харваачид ихээр нэмэгдэж байна. Бид бусад төрлүүдийн адил цолоо ерөнхийлөгчийн зарлигаар авдаг болсон.  Мөн Европ, Америк, Солонгост шагай харвадаг хүмүүс ихсэж байна. Цаашдаа илүү өргөжин тэлэх байх гэж бодож, хувь нэмрээ оруулж явна даа.

-Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад болон шагай харваа сонирхогчдод хандаж үг хэлэх үү?

            -Юун түрүүнд намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн ээж, аавдаа маш баярлаж явдагаа хэлмээр байна. Мөн үргэлж дэмжиж байдаг нутгийн зон олон, ах дүү, хамаатан садандаа баярлалаа. Харваачдын маань сум нь мэргэн, уухай нь хурц, цээл байх болтугай. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

Б.Хонгорзул


Шагай харваач Б.ХУВЬТӨГӨЛДӨР: Улсын наадамдаа түрүүлэх мэдрэмж үгээр илэрхийлж барамгүй сайхан байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-18 13:34:52
    Дашсайхан агм: Дүү гайхалтай сайн байлаа баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-18 10:26:30
    Амар жаргал: сайхан ярилцлга болсон байна Хувь төгөлдөр ҮЛЭМЖ бол орчин цагын залуу үеийн харваачдийг бүрэн төлөөлж чадаж яваа ҮЛЖМЖгэдгийг цөөнгүй хзн хүлээн зөвшөөрөх байхаа гэж бодож явдаг да
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188