• Өнөөдөр 2024-05-03

С.МӨНХЖАРГАЛ: ӨРГӨЖ АВСАН ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЕРӨӨЛЧ БОЛОХ ЗАМД ХӨТӨЛСӨН

2022-06-21,   747

Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч  С.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрбээр морь болон үндэсний бөх цоллодог юм. Одоогоор Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт ажиллаж байна.

  -Сайн байна уу. Сайхан зусаж байна уу, та. Өмнөговь аймагт зуншлага сайхан болж байна уу?

     -Сайн, сайн байна уу. Сайхан зусаж байна. Та бүхэн сайхан зусаж байна уу. Өмнөговь аймагт алаг цогтой зун болж байна.

-Та Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч гэх сайхан шагналыг хүртсэн. Хэзээнээс та ерөөл хэлэх болсон юм бэ?

    -1996 онд ерөөлч, магтаалчдын улсын анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлж, Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч гэдэг цолыг хүртэж байлаа. 14 настай байхдаа л хүний бичсэн ерөөл, магтаалыг цээжилж, уншдаг байв. Аав, ээжийн минь удамд ерөөл, магтаал хэлдэг хүн байхгүй. Би төрөөд гурван сар болоод айлд өргүүлсэн юм билээ. Намайг өргөж авсан аав, ээж минь сайхан эрдэм номтой хүмүүс байсан. Тэр дундаа өргөж авсан ээж минь их зүйр цэцэн үгтэй, олон төрлийн дууны сантай, оньсого таавар мэддэг буурал байсан. Хүн ороод ирэхэд л хүнтэй зүйрлүүлж ярьж, цаг үргэлж л бүх зүйлийг зүйрлүүлж, адилтгаж ярьдаг хүн байсан юм. Ээжийн минь энэ зан чанар, эрдэм мэдлэг, авьяас билиг намайг хөтөлж, ерөөл магтаал хэлэх сонирхолтой болгосон. Үндсэндээ өргөж авсан ээж минь намайг ерөөлч гэх энэ эрхэм хүндтэй ажилд орох замыг минь нээж өгсөн.

    -Анхлан хүмүүст хүрч эхэлсэн ерөөл тань аль нь байв. Таны ерөөл, магтаалын бусдаас ялгарах онцлог тань юу бол?

      -Анх айлын гүүний үрс гаргах ёслол дээр ерөөл хэлж хүмүүст танил болж эхэлсэн. Тэгээд цэрэгт яваад, цэрэгт мөн ерөөл хэлдэг байв. Ер тэгээд хаана л явна ерөөл хэлж явсаар, нэг мэдэхэд ерөөлч, магтаал гэх эрхэм хүндтэй нэр алдрыг хүртсэн байлаа. Миний хувьд удаж, бичиж ерөөл хэлдэггүй. Тухайн байгаа газар дээр нь шууд ерөөж хэлдгээрээ өвөрмөц онцлогтой. Нэг хэлсэн ерөөлөө дахиад хэлэх нь тун ховор. Үг хэллэг хурц, уянгалаг гэж ерөөлч магтаалч судлаач хүмүүс хэлдэг юм билээ. Өөрийнхөө хувьд сурах зүйл их л гэж боддог доо.

-Тун удахгүй баяр наадмын сар эхэллээ. Таны хувьд бол ид эрэлттэй, завгүй өдрүүд байдаг болов уу?

    -Тэгэлгүй яах вэ. Жилийн дөрвөн улиралд балжинням, дашнямтай өдөр бүр л завгүй байдаг. Шинэ гэр, хүүхдийн даахь үргээх, гүүний үрс гаргах ёслол, байшингийн ерөөл, алдар цол, хүлээн авалт зэрэг бүх л зүйл дээр ерөөл хэлж, их л завгүй явдаг. Ерөөл хэлж сурч байгаа хүн ёс заншлаа нарийн мэддэг байх ёстой. Юмны утга чанарыг нарийн мэдэж байж, ерөөхгүй бол буруу хэлэх буюу ёс заншлыг нь зөрүүлж хэлэх юм бол монгол ерөөлийн утга соёлын өв уламжлалт зан заншил алдагдана. Иймээс ерөөлч юун түрүүнд өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн үзсэн, харсан зүйлийнхээ онцлогийг нарийн хардаг байх учиртай.

-Ерөөл бол Монгол ардын аман зохиолын нэгэн төрөл зүйл. Тэгэхээр утга, бэлгэдэл, ёс заншлын хувьд тусгайлан заасан дүрэм журамтай байдаг байх?

-Ерөөлийн утга учир бол айлд хамгийн эхлээд очоод, ерөөл хэлэх болоход ерөөлч дээлнийхээ энгэр замаа бүрэн товчилсон, малгай хувцсаа бүрэн өмссөн байхаас эхэлдэг. Энэ нь тухайн айлыг бүрэн бүтэн сайн сайхан байх гэдэг утгыг давхар илэрхийлнэ. Нөгөө талаар би бүрэн бүтэн, дүүрэн байж танай ерөөлөө айлдаж байна гэх утгыг мөн гаргаж байгаа юм. Ингэж гэмээнэ ерөөлчин хэлсэн үгс биелэлээ олж, тогтоно.

-Ерөөл ер биелэлээ олдог болов уу. Таны хувьд олон жил ерөөж байгаа хүний хувьд мэдэрсэн зүйл бий болов уу?

-Ерөөл биелэлээ олдог. Тэр тусмаа ерөөлч хүний үг ортой, суурьтай л байдаг. Манай зарим дүү нар “Мөнхжаргал ахын хэлсэн ерөөл биелэлээ оллоо” гэж хэлдэг юм. Мэдээж сайн сайхан зүйлийг бэлгэдэж, ярихад биелэнэ шүү дээ.

-Таны үр хүүхэд, ач, зээ нараас ерөөл, магтаалд дуртай, авьяас билэгтэй хүн бий болов уу. Таны хувьд ажиглаж байгаа зүйл байна уу?

 -Одоогоор үр хүүхдүүдээс маань ил гарсан ерөөлч бол хараахан алга байна. Зээ хүү Мөнгөнбаатар маань шинэ гэрийн ерөөл, Чингис хааны ерөөл, даахины ерөөл гэх зэрэг ерөөл сураад, Хэнтий аймагт болсон 7-12 насны хүүхдийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж ирлээ. Бусад зээ нарт минь ерөөлийн анх мэдэгдэхүүн бий.

-Сайхан ерөөл хэлээд гарахад сайхан мэдрэмж авч, өөрөө мөн ерөөгдсөн мэт болдог болов уу?

-Мэдээж аливаа нэгэн газар очоод дотор агуулгад нь нийцүүлэн, ерөөл, магтаалаа олонд хүргэж, хурайлт авах сайхан мэдрэмж. Энэ мэдрэмж, хүмүүсийн хайр хүндлэл эргээд  гэр бүл, ойр тодны хүмүүст минь хүрч байдаг гэдэгт итгэдэг. Мөн энэ ташрамд өгүүлэхэд, ерөөл хэлснийхээ дараа ерөөлч хүмүүстэйгээ хамт хурайлдаг. Энэ их буруу зүйл юм билээ. Ерөөл хэлээд өөрөө хурайлахаар ерөөлөө буцаагаад авчихдаг гэж ерөөл, магтаал судлаачид үздэг юм билээ. Энэ үнэний ортой байх. Хурайлна гэдэг тухайн зүйлийг авч, тогтоох утга шүү дээ. Тэгэхээр ерөөлч ерөөлийнхөө дараа битгий хурайлж байгаарай гэж хэлмээр байна.

-Та мөн морь, бөх цоллодог юм билээ. Улсын баяр наадамд их оролцох уу?

-Аймагт болон хаана л явна морь болон бөхөө цоллож, наадмынхаа нээлтийг хийнэ. Мөн найрын газар ерөөлөө хэлнэ. Хаана л баяр наадам, найр болж байна, тэнд байж байдаг. Харин улсын баяр наадамд тэр бүр очиж, морь, бөх цоллоод байдаггүй. Ихэнхдээ аймгийн наадам давхцдаг учир төдийлөн оролцож амждаггүй. Одоогоор би морь, бөхийн цолд 200 гаруй шавьтай.

   -Одоо бол харьцангуй алдах нь бага байгаа  болов уу. Залуу байхдаа найр наадамд ерөөл хэлж байхад түгдрэх, үгээ мартах зүйл бишгүй тохиолдож байсан болов уу?

-Нэг эхэлбэл алдаж байсан удаа байхгүй дээ.

  -Амьдралынхаа 30 гаруй жилд та ерөөл, магтаал хэлж явжээ. Таны хувьд ерөөл, магтаалын ир орсон, хамгийн оргил үе нь аль үе байсан бол?

-Насны хувьд онцолж хэлээд байх үе байхгүй. Ерөөл, магтаал хэж байх үе бүр минь иртэй, оргил үе байдаг.

-Танай манай сайтын уншигч олонд ерөөл хэлж болох уу?

Зээ, эргэх дөрвөн цаг дор

Иргэд олонтойгоо холбогдож

Ил тодыг эрхэмлэж

Ирж, очих бололцоогүй

Интернэт цахимаар холбоо хэлээ авч,

Хотол Монгол олныхоо

Ховор нандин бүхнийг

Хосгүй олон алдартай

Түмэн олондоо

Түгээн дэлгэрүүлж

Түүнээ мөн баталгаажуулж явдаг

Эрхэм сайтын хамт олонд

Ээлтэй зуны алаг цэцэгс дэлгэрсэн

Эрхэс номин тэнгэрээс хур бороо шаагисан

Эрхэм энэ сайхан өдөр

Иргэн надтай холбогдож

Ирж, оч гэж шаардалгүй

Ажил төрлөө зохицуулж

Амьдрал ахуйг маань судалж

Авьяас билгийн минь хөгжилтийг дахин нэг судалж үзсэнээрээ

Ард олондоо хүргэх

Ашдын заяатай ерөөл айлдаж хэлнэ үү гэсэн юм байна.

Ертөнц даяараа алдартай

Монгол сайхан орныхоо

Есөн эрдэнийн өлгий болсон

Өмнийн сайхан говийнхоо иргэн болон төрж

Эцэг, өвгөдөөс уламжлагдсан

Эрт эдүгээ цагийн язгуур сайхан урлаг

Яриа хэлийн их баялаг болсон

Их сайхан урлагийг

Эгнэгт дандаа хөгжүүлж явсныг минь

Эргэлт.мн сайтын эрхэм олон та бүхэн

Хүлээж нэгийг аваад

Хүндэтгэж нэг үзээд

Хүргэж нэг нэвтрүүлье гэсэн

Хүсэл зорилгоо нэгтгэсэн

Та бүхний зорьсон зорилго сэтгэгчлэн бүтэж

Золбоо хийморь чинь бадамлаж

Хамт олон нөхдөөрөө нэгдэж

Та бүхний минь ажил үйлс өөдрөг

Амжилт бүтээл нь түвшин сайхан

Аз жаргалдаа халгин бялхацгааж

Аливаа бүгдэд сааталгүйгээр

Албан тушаалтанд долигнохгүйгээр

Ард иргэдээ доош нь хийлгүйгээр

Зөв мэргэний төлөө

Зөөлөн сэтгэлээ гаргаж

Зөв буруугийн төлөө хатуу сэтгэлийг гаргаж

Хамаг олондоо үйлчилж явахын

Хангалуун чинээлэг амжилтыг

Дээш нь дэвшүүлэн өргөе.

-Тэр ерөөл бат сайхан оршиг ээ. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. 

 


С.МӨНХЖАРГАЛ: ӨРГӨЖ АВСАН ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЕРӨӨЛЧ БОЛОХ ЗАМД ХӨТӨЛСӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188