• Өнөөдөр 2024-05-02

Ц.ЦЭРЭНЛХАМ: ЭМЧ НАРЫН БУРУУГААС БОЛЖ ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ БОЛСОН ХҮҮГЭЭ АСРАХЫН ТУЛД ӨВДСӨН Ч ИНЭЭЖ АМЬДАРЧ БАЙНА

2022-06-16,   656

                Эмч нарын буруутай үйлдлээс болоод арван сар хэвлийдээ эрүүл саруул бойжуулсан хүүгээ “Тархины саажилт, дөрвөн мөчний чангарал”-тай болсонд үнэхээр харамсаж явдаг гэх Ц.Цэрэнлхамыг энэ удаагийн “Өөрөөс нь” буландаа онцоллоо. Хүүгээ л эрүүл болгох хүсэлтэй түүнийг нийгмийн зүгээс “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж” гэж гадуурхах нь элбэг. Хүсэж ирээгүй, хүний амьдралд тохиолдох сорилт бүрд унаж, бүдрэлгүй гал мэт дүрэлзэх сэтгэлийн тэнхээгээр, даван гарч буй хүчирхэг ээжийн ярилцлагыг уншигч танд хүргэе.
 
-Сайн байна уу. Юун түрүүнд бидний ярилцлагын саналыг хүлээн авсанд баярлалаа. Та өөрийгөө болон хүүгээ танилцуулаач?
                           -Сайн байна уу. Намайг Цэгмидийн Цэрэнлхам гэдэг. Би гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Хүүг минь Э.Эрхэсбаяр гэдэг. Одоо есөн настай. Манай хүү эмч нарын буруутай үйлдлээс болж, “Тархины саажилт, дөрвөн мөчний чангарал”-тай болсон. Манай хүүгийн оюун ухаан нь 100 хувь эрүүл. Бидний хэлж, ярьж буйг бүгдийг нь ойлгоно.  Харин хариу үйлдлээ яриа болон биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж чаддаггүй. Тиймээс нүүрний хувирлаараа инээх, баярлах, гомдох зэргээр илэрхийлдэг. Тархины харвалтаас болж, таталт өгч хөгжлийн бэрхшээлтэй болсон. Таталт өгдөг хүүхдүүдийг хүнд, хөнгөн зэргээр ангилдаг. Харин манай хүү хүнд хэлбэрийн таталттай.
-Хүү тань яагаад хөгжлийн бэрхшээлтэй болсон юм бэ?                              
          -Жирэмсэн байхдаа хүүтэйгээ уулзах гэж их хүлээдэг байлаа. 2012 оны есдүгээр сарын 17-ны өдөр өвдөж, Эх нялхаст төрсөн. Уг нь бол Нэгдүгээр эмнэлэгт хийсвэрээр буюу хагалгаагаар төрөх ёстой байсан. Тухайн үед Эх нялхсын эмч нар нь “Зүгээр ээ, та өөрөөрөө төрчихнө. Санаа зоволтгүй дээ. Манайхаар төрж байгаа ээжүүд ихэнх нь өөрөөрөө төрдөг” гэж хэлсэн. Надад ямар ч сонголт байхгүй. Мэргэжлийн эмч нар нь мэдэж байгаа гэж итгэсэндээ одоо ч харамсаж явдаг. Үүнээс үүдэн төрөлтийн явцад өөрөөрөө төрөх боломжгүй болж, 3-4 удаа вакум болон төмөр хавчуургаар хүүг минь татсан юм билээ. Энэ үйл явцтай зэрэгцэн би их хэмжээний бус алдаж, ухаан балартсан. Төрөхийн үүдэнд өглөөний 07:00 цагаас 11:00 цаг хүртэл зогссон дүү нар маань тэсгэл алдаж эмнэлгийн коридороор явж буй эмч, сувилагчдад хандаж “Манай эгч юу болов оо, яагаад ингэж удаад байгаа юм бэ” гэхэд нэг ч хариу өгөөгүй гэсэн. Төрөх өрөөний хаалгаар орсноо санаж байгаа ч, яаж гарч ирсэн, юу болсныг бүрэн санадаггүй. Эсэн мэнд хүүтэйгээ уулзана гэсэн итгэл минь худлаа болсон. Би их хэмжээний цус алдсан учраас “Яаралтай амь аврах” гэдэг заалтаар надад хагалгаа хийсэн. Хагалгааны явцад эмч нар миний шээсний сүвийг давхар оёсноос болж төрсний дараах хоёр сар орчим хэвтрийн байдалтай эмнэлэгт, хүүгээсээ тусдаа байсан. Хөл дээрээ алхдаг болох гэж дахин хоёр сар болсон. Ярих бодох, бүрд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж, гомдол төрдөг хэцүү дурсамжуудын нэг. Хүү минь ийм болсонд эмч нар 100 хувь буруутай. 
 
-Хэдийд хүүтэйгээ уулзаж, “Тархины саажилт, дөрвөн мөчний чангарал”-тай гэдгийг нь мэдсэн бэ?
               -Манай хүү төрөхдөө бараг ухаангүй, зүрх нь зогсчихсон байсан. Эхний хоёр сар сэхээн, амьдруулах тасагт хүү минь надаас тусдаа байсан. Эмнэлгийн орноос салахгүй, миний биеийн байдал дээрдэхгүй болохоор хүүгээ  улсын харьяа “Нярайн асрах төв”-д өгсөн. Тасгаас, тасаг дамжиж явсан болохоор эхний дөрвөн сар огт мэдэгдээгүй. Миний биеийн байдал дээрдээгүй байтал “Нярайн асрах төв”-өөс надтай холбогдож “Хүүгээ аваарай. Ямар нэгэн зүйл бодвол бид хариуцахгүй шүү” гэсэн. Би бие сайжраагүй ч хүүгээ дэргэдээ авъя, дүү нар маань хажууд байгаа юм чинь туслах байх гэж бодоод гэртээ авчирсан. Гэтэл анх төрөхдөө 5.2 киллограм байсан хүү минь асрах төвөөс ирэхдээ турж, үс нь маш их унаж, халцарсан байсан. Тийм зүйлийг харна гэдэг ээж хүний хувьд өр, эмтэрмээр юм билээ. Хүү минь 6-7 сар хүрээд  сууж чадахгүй, толгойгоо ч даахгүй унаад байсан. Гар нь байнга атгаатай гэх мэт зүйлс ажиглагдаж эхэлсэн. Тэгж анзаарсан үеэс хойш шаардлагатай эм эмчилгээг хийлгээд л явсан. Тэгсэн үзлэгээр үзүүлээд явж байтал эмч “Тархинд нь харвалт гэдэг зүйл үүссэн. Цаашид ямар ч арга байхгүй. Зөвхөн физик эмчилгээ л хийлгэх нь” гэсэн. Тэр үгийг сонссоноос хойш би ЭМЯ-нд хандаж “Гадагшаа эмчилгээнд явах боломж, гарц гаргалгаа байна уу” гээд хүсэлт гаргасан. Ирсэн хариу нь “Бусад орны л адил, эмчилгээ байхгүй. Хүүхдээ сайхан асрах л хэрэгтэй. Хэд наслах хүртэл нь асраад бай. Харин таныг бид дотооддоо бүрэн эмчлэх боломжтой” гэсэн хариу өгсөн.
-Ээж хүний хувьд ямар байсан бэ?
               -Тэгэлгүй яахав. Хүүгээ өвчтэй гэдгийг сонсоод үнэхээр хэцүү, яахаа мэдэхгүй их шаналж амьдрал утгагүй санагддаг байсан. Өмнө нь огт төсөөлж байгаагүй том сорилттой тулгарахад амьдрах итгэл, хүч өгсөн зүйл нь хүү минь өөрөө байсан. Одоо эргээд тэр үеэ бодвол маш их туршлага хуримтлуулж, магадгүй амьдралын үнэ цэнийг мэдэрч, илүү их хичээх болсон.
 
-Тухайн үед таны биеийн байдал ямар байсан бэ?
               -Хүнд гэж хэлэхэд ч багадмаар. Бие нэг л сайжрахгүй, хоёр бөөрөндөө гуурстай. Гуурсаа салгачихвал эргээд хийлгэх гэж бөөн юм болно. Биеэс гадагшлах шээсээ хэвийн гадагшлуулж чадахгүй хэмжээнд хүрсэн. Гэсэн ч хүүгээ бодож, үнэхээр их хичээсэн. Бүтэн нойртой хонох нь битгий хэл хоёрхон цаг л унтчихвал амарсан мэт санагдах үе байсан. Энэ мэт сорилтууд надтай нэлээн хэдэн удаа учирсан.
 
-Хүүгээ эрүүл болгох гэж өнөөдрийг хүртэл үнэхээр их хичээсэн байх?
              -Хүү минь миний амьдралд ирсэн бэлэг. Хүүгээ эрүүл болгочих юм сан гэж Монголд байгаа сайн гэсэн эм, тариа, сүлжээний бүтээгдэхүүн гээд бүхнийг хэрэглэсэн. Хэрэглээгүй зүйл байхгүй. Элдэв янзын бүтээгдэхүүн хэрэглээд үр дүн гарсан зүйл нэг ч байхгүй. Одоо ч гэсэн “Алхдаг болчих ч юм бил үү” гэж итгэсээр, найдсаар байдаг. Ер нь үхтлээ хүүгээ эрүүл болгочих юм сан гэсэн горьдлогоо тээсээр байна байх.
 
-Арван жил гэдэг бага хугацаа биш. Өнгөрсөн жилүүдэд та хүүгээ өөрөө асарч байв уу?
           -Би өрх толгойлсон, гурван хүүхдийн ээж. Хүүхдүүдийг минь надаас өөр асрах хүн байхгүй ээ. Өвдсөн тэсэж, өлссөн ч гүрийдэг хүмүүс бол эмэгтэйчүүд. Надад бүхнийг өөрөө хийнэ гэдэг зан бий. Яаж ч байсан, юу ч болсон бусдаас тусламж хүсээд байдаггүй. Миний хувьд өнгөрсөн арван жилийг дүгнэвэл амьдрахын төлөө, өөрөө өвдсөн ч өөдрөг байж, хүүхдүүдээ асарч хүмүүжүүлжээ. Магадгүй хэн нэгний хувьд хялбархан харагдавч миний туулсан, мэдэрсэн зүйлсийг мэдрэх боломжгүй. Арван жилийн хугацаанд хүүгээсээ нэг ч өдөр холдож үзээгүй. Хаана ч явсан хамтдаа. Өөрөө л асарч байж санаа амарна. Ах, эгч хоёр нь заримдаа харж өгөх үед нь гэр орны үлдсэн ажлуудаа амжуулдаг.
-Эдийн засгийн хувьд хүүхдийн сургалтын төлбөр болон хоол хүнс гээд олон асуудал тулгарсан байх. Ажил хийе гэхээр хүүхдээ харахаас өөр аргагүй байжээ. Та яаж зохицуулж ирсэн юм бэ?
         -Мөнгөний асуудал үнэхээр их байсан. Төрөөс өгч буй тэтгэмж яг үнэндээ хаанаа ч хүрдэггүй. Эмчийн буруутай үйлдлээс болж ямар нөхцөл байдал үүссэнийг бичиж, ЭМЯ-нд хүргүүлсэн хүсэлтийн дагуу Шүүх хурал болсон. Би огт хууль, цагдаагийн байгууллагаар явахыг мэдээгүй. Гэтэл ЭМЯ-нд өгсөн хүсэлтийн дагуу хуулийн байгууллагад өргөдөл гаргасан байсан. Тэгээд буруутай эмч нарт хариуцлага тооцох талаар яригдаж, ял оноох тухай хэлэлцсэн. Тэр үед нь би “Ял авах эмч нарын гэр бүлийнхэн нь буруу өнцгөөс харж, хүүд минь ил болон далд байдлаар сөрөг нөлөө үзүүлэх байх. Насаараа ажилласан эмч нарыг 1.6-2 жилийн хугацаанд шоронд суулгаад миний хүү эрүүл болчихгүйгээс хойш дэмий байх” гэж бусдыг өрөвдөж, өөрийнхөө амьдралыг сүйрүүлсэн дээ. Тэгж шийдсэнээс болж эмч нар нь надад, нөхөн төлбөр болгож найман сая төгрөг өгсөн. Шүүх хурал чинь нэлээн олон жил болдог юм билээ. 2015 онд эцэслэгдэж дууссан. Өгсөн нөхөн төлбөрийг нь машин болгож, амьжиргаагаа залгуулсан. Түүнийхээ ачаар том хүүгээ их сургуульд сургасан. Одоо бага хүүгээ хажуудаа суулгаад, таксинд явж байрны түрээс болон хэрэглээний мөнгөө олж, хоногийн хоолтойгоо залгаж байна.
 
-Та бага хүүгээ төрүүлэхээс өмнө ямар ажил хийж байсан юм бэ?
               -Би арван жилээ төгсөөд одоогийн Урлах эрдэм дээд сургуульд “Загвар зохион бүтээгч”-ээр эхний нэг жил сурсан. Айлын том охин, доороо долоон дүүтэй учраас тэднийгээ өсгөж хүмүүжүүлэх гээд сургуульдаа бүрэн сурч, төгсөж чадаагүй. Тэгж явсаар тогоочоор сурч, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг томоохон зоогийн газруудад ажилладаг байлаа. Бага хүүгээ өсгөхийн хажуугаар ажил хийх гэж оролдсон ч үнэхээр хэцүү байсан. Хүнд үлдээгээд орой ирэхээр ядарчихсан эсвэл таталт өгчихдөг болохоор хоёр гурав хоноод л эмнэлэгт хэвтэх хэрэг гардаг. Ингэж явсаар одоо таксины жолооч л болж байна даа. /Инээв/
 
-Таталттай хүүхдүүд ямар эм хэрэглэдэг вэ?
                    -Манай хүүхэд таталтын эсрэг булчин суллах эмийг арван жил ууж байна. Өгч буй таталтууд нь дохидог, унтаагаараа, муужирдаг зэрэг дотроо маш олон төрөл бий. Тэрнээсээ хамаарч хэрэглэх эм нь ялгаатай. Тэгэхээр нэг л эм хэрэглэх боломжгүй. Одоо манай хүү гэхэд л арав гаруй эм хэрэглэж байж таталтаа намжаадаг. 
 
-Эмийн олдоц, үнэ өртөг ямар байдаг бол?
              -Миний эмзэглэдэг нэг зүйл бий. Манай улсад байгаа хувийн мэдрэлийн эмнэлгүүд, эмч нар тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан, тохирсон үнэтэй эмнүүдийг оруулж ирж болж байхад Монгол Улсын ЭМЯ яагаад тэр эмийг оруулж ирж болдоггүй юм бэ гэдэгт үнэхээр харамсаж явдаг. Таталтын эм нэг ширхэг нь 1000-2500 төгрөгийн хооронд байдаг. Өдөрт  2-4 ширхэг гэхээр зөвхөн нэг эмэндээ 10 мянган төгрөг зарцуулдаг. Эмийн олдоц маш муу. Таталтын эмгүй л бол хэцүүднэ. 
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд  Төрийн ордны баруун хаалган дээр жагсаал зарлаж, хоносон. Үүний үр дүнд ЭМЯ-ны сайд болон Ерөнхий сайдтай уулзсан шүү дээ. Ямар үр дүнд хүрсэн бэ?
                -Монгол Улсад тархины саажилттай 13 мянган хүүхэд байдаг. Намайг хүүгээ оношлуулаад тархины саажилттай гэдгийг мэдэх үед 11 мянга орчим байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо буурах биш, өсөөд байгаад гайхаж байна. Яагаад энэ асуудлыг анхаарахгүй байна вэ. Жагсаалын нэн түрүүний зорилго бол тархины саажилттай хүүхдүүдийн эмийн хүртээмжийн асуудлыг хөндсөн. Саяхан Энэтхэг, Турк Улсаас эмч нар ирээд хэд хоног ажилласан. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд “Хүүхдээ, зүгээр болгочих юм сан” гэсэн горьдлого тээж очиж үзүүлсэн. Тэгэхэд ихэнх хүүхдийг эмчлэгдэх боломжтой, очиж үзүүл гэсэн эерэг хариу өгсөн. Тэгэхээр бидний хөндсөн дараагийн асуудал бол чадвартай улсаас мэргэжлийн эмч нарыг эх орондоо авчирч эмчилгээ, хагалгааг хийлгэе гэсэн санааг хэлсэн. Мөн гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардлын 30-50 хувийг улсаас гаргаач гэсэн хүсэлтийг илэрхийлсэн. Дараагийн хөндөх зүйл бол нийгмийн асуудал байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, аав олон байна. Учир нь, хүүхдээ өөрөө харж, асрахаас өөр арга байхгүй. Тиймээс дэмжлэг хэрэгтэй байна. Хүүхдээ харсан тэтгэмж сарын 123 мянган төгрөг ирдэг. Хүүхдэд олгох мөнгөтэй нийлээд төрөөс сардаа 300 орчим мянган төгрөг ирдэг. Гэтэл тэр мөнгө хаанаа ч хүрдэггүй. Дөрөв дэх хүргүүлсэн асуудал нь боловсролын асуудал юм. 
 
 -Тэгэхээр танай хүү Э.Эрхэсбаяр шиг “Тархины саажилт, дөрвөн мөчний чангарал” гэсэн оноштой хүүхдүүд бүгд эдгэрэх боломжтой гэсэн үг үү?
                  -Эрүүл хүн шиг болохгүй ч одоогийн байдлаасаа илүү сайжрах боломжтой гээд байгаа. Тархины саажилттай хүүхдүүд таталт их өгнө. Биеийн бүх  булчингаа чангалахаар зориулалтын эм уугаад хэвийн болохгүй бол эмнэлгийн тусламж авч байж л дээрддэг. Ядаж өөрийгөө илэрхийлээд ярьж, алхдаг болчихоосой гэсэн найдлагыг тээж байна. 
-Танд болон хүүд тань тохиолдсон зүйлс харамсалтай бөгөөд даван туулахад хэцүү санагдаж байна. Тулгарч буй зүйлсэд шаналалгүй яаж ийм хүчирхэгээр өнөөдрийг хүрсэн юм бэ?
                  -Хүний  амьдралд юу ч тохиолдож болно гэдэг том сургамжийг би ойлгосон. Хүүг минь эрүүл мэндийн асуудалтай болгосон эмч нарт маш их гомддог байлаа. Харин одоо уучилсан. Эргээд надтай харилцаагүй ч, би тэднийг уучилж, өөртөө энэ их сэтгэлийг зовлонг дааж явахыг хүссэнгүй. Амьдрал минь учирч сайн, муу бүх зүйлийг мэдрүүлсэн хүмүүст талархдаг. Нэг ийм үг байдаг даа “Бурхан хүнд даах ачааг нь үүрүүлдэг” гэж. Үүний адил энэ олон сорилтуудыг даван гарч чадах хүч байгааг мэдсэн болохоор над руу илгээсэн байх. Төрсний дараа хагалгааны орон дээр ухаан балартаад, дахин хагалгаанд орох гэж байхдаа ч, хөл дээрээ удаан зогсож чадахгүй ч нэг л зүйл рүү тэмүүлж, зорьсон. Тэр нь хүүхдүүд минь байсан. Хэрвээ намайг байхгүй болчихвол тэд минь яана даа гэж бодож, өвдсөн ч хүүхдүүдийнхээ дэргэд инээж, сэтгэл зүйгээрээ хүчирхэг байдаг. Ер нь миний өнөөдрийг хүрсэн, саад бэрхшээлийг даван туулахад нөлөөлсөн хамгийн чухал зүйл нь сэтгэлийн тэнхээ гэж боддог. 
 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд болон таны хүүд эрүүл энхийг хүсье.
 
                   -Баярлалаа.
 

Ц.ЦЭРЭНЛХАМ: ЭМЧ НАРЫН БУРУУГААС БОЛЖ ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ БОЛСОН ХҮҮГЭЭ АСРАХЫН ТУЛД ӨВДСӨН Ч ИНЭЭЖ АМЬДАРЧ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188