• Өнөөдөр 2024-05-02

Сэтгэл зүйч Г.МАРАЛГУА: Хөгшрөлт нь сэтгэл хямрал, гэмшил, түгшүүр төрүүлдэг

2022-06-14,   729

         Сэтгэл зүйч, зурган сэтгэл засалч “Сайн сонсогч” сэтгэл зүйн зөвлөгөө, заслын төвийн үүсгэн байгуулагч Г.Маралгуатай 45-аас дээш насныхны сэтгэл зүйн онцлог, сэтгэл хямралын талаар ярилцлаа.

    Ихэнх хүний хувьд дунд нас бол харилцаа холбоо, үүрэг өөрчлөгдөж байдаг үе юм. Мөн дунд насандаа өндөр настай эцэг, эхээ асрах шаардлагатай болдог. Зарим хүний хувьд дунд нас нь асар их эргэцүүлэн бодох үе байж болно. Тэд өнгөрсөн жилүүдээ эргэн харж, хүсээгүй өөр амьдралын замаар хангалттай аз жаргалгүй явсан бол гутардаг. Зарим нь өөрийн хүссэн мэргэжлээ сонгоогүй эсвэл урьд өмнө мөрөөдөж байсан амьдралаа бүтээгээгүйдээ харамсдаг. Харин үлдсэн хэсэг нь амьдралынхаа аз жаргалтай өдрүүдийн талаар бодож байдаг аж.

-Сэтгэл зүйн хямрал, сэтгэл гутрал хоёрыг ялгаа нь юу вэ. Хэрхэн энэ байдлаас гарах  вэ?

       -Сэтгэл хямрал нь хэвийн зүйл бөгөөд түр зуурынх байдаг. Гэсэн ч сэтгэлийн хямралаа даван туулж чадахгүй явсаар байвал энэ нь сэтгэл гутрал буюу сэтгэл зүйн эмгэг болж хувирдаг.

-Энэ насанд дийлэнх хүмүүст ажил олдохгүй байх тохиолдол байдаг. Үүнээсээ болж өөрийгөө хэрэггүй мэтээр мэдрэх тохиолдол гарвал яах ёстой вэ?

        -Амжилттай ажиллаж байсан хүн хижээл насанд хүрэхээрээ тэтгэвэрт гарч, бие махбодын хүч шаардсан ажлууд хийж чадахаа больж эхэлдэг. Амьдралын идэвхгүй болж ажил, амжилт нь байхгүй болоод ирэх үедээ хямралд ордог.

- Хижээл нас буюу 45-аас дээш насны эрчүүдийн амиа хорлолт их байна. Энэ нь юунаас үүдэж байна вэ?

        -Дийлэнх эрэгтэйчүүд удаан хугацаанд асуудлаа нээж ярьдаггүй, сэтгэлийн хөдлөлөө илэрхийлдэггүй. Залуу насандаа сэтгэл зүйн асуудлаа архи, тамхи зугаа цэнгэлээр орлуулж болдог байсан бол хижээл насанд эдгээр арга нь үйлчлэхгүй болж эхэлдэг. Үүнээс болж бухимдал нь хуралдсаар амиа хорлох сонголтыг хийхэд хүрдэг.

-Дунд насандаа хосын харилцаандаа юуг анхаарах хэрэгтэй вэ ?

        -Энэ үедээ ихэнх хосууд хамтдаа амьдраад 15-аас дээш жил болсон байдаг. Мөн гал халуун хосууд гэхээсээ илүү найз нөхөд шиг болсон байх нь элбэг. Тэгэхээр нэгнийхээ болж бүтэхгүй бүхий л зан чанар, сайн муу талуудыг нь хүлээн зөвшөөрсөн байдаг учраас хосын харилцааных нь хамгийн сайхан үе. Гэхдээ нэгнийхээ сэтгэл зүйн өөрчлөлтийг ойлгож, ярилцахгүй байх нь хямралтай давхцаж, эхнэр нөхрийн харилцааны хөрөлт зэрэг сэтгэцийн эмгэгийн улмаас үүссэн өөрчлөлтүүд нь салалтад хүргэх аюултай.

-Энэ насандаа хүүхэд төрүүлэх нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

        -Эмнэлгийн хувьд нас оройтсон эрсдэлтэй жирэмслэлт гэж үздэг. Мөн хүүхдийнхээ хувьд хангалттай ээж байж чадахгүй байх вий гэсэн дутуугийн мэдрэмжүүдийг авч байдаг. Насны хөгшрөлтөөс үүдэлтэй айдсууд илэрдэг. Мөн дэргэдэх хүмүүсийн зөвлөгөө ихээхэн нөлөөлж зохиомол сэтгэл хямралыг өөртөө үүсгэж байдаг. Хүүхдээ тээж байх үедээ эрүүл хүүхэд төрөх болов уу гэх мэт сэтгэл түгшилтэй болдог. Харин төрснийхөө дараа хэт их анхаарал тавих, эрхлүүлэх зан төлөвүүд илэрдэг.

-Сэтгэл зүйн хямралд орсон үедээ хажуудах хүмүүстэйгээ хэрхэн харилцаж өөрийгөө ойлгуулах вэ?

        -Сайн сонсогч байх хэрэгтэй бусдад зовлон зүдгүүрийнхээ талаар ярихыг зөвшөөр. Шүүмжлэлгүйгээр сонс.

Дунд насны хямралын эерэг тал байгаа юу?

        -Олон улсын зан үйлийн хөгжлийн сэтгүүлд 2016 онд хэвлэгдсэн судалгаагаар дунд насны хямралын эерэг талыг олж мэдсэн нь сониуч занг минь өдөөсөн юм. Тэд энэ насандаа өөрсдийнхөө тухай болон эргэн тойрныхоо ертөнцийн талаарх сониуч зан нь нэмэгддэг болохыг олж мэдсэн. Туулсан зовлон бэрхшээл, туршлага нь шинэ санаануудад нээлттэй байдлыг бий болгодог. Энэхүү сониуч зан нь шинэ нээлт эсвэл шинэ боломжуудыг авчрах үе ч байдаг. Энэ нь хямралын дундах эерэг тал юм.

-Энэ насны хүмүүс сэтгэл зүйчид хандах нь хэр байдаг вэ?

        -Манай үйлчлүүлэгчдийн 20-30 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байдаг. Энэ насны хүмүүсийн голчлон зөвлөгөө авахаар ирдэг шалтгаан нь амьдралын утга учиргүй болсон, оршихуйн хямралд орсон байдаг. Мөн амьдралын хэв маягаасаа залхаж, нөгөө л нэг байдаг гэр бүлийн харилцаа, ажлын орчин нь нэгэн хэвийн уйтгартай санагдах болж амьдралаас авах сэтгэл ханамжгүй болчихсон. Амьдралаас авч болох олон төрлийн аз жаргалын дааврууд нь ялгарахгүй гэх мэт асуулдалтай нүүр тулчихсан хүмүүс зөвлөгөө өгөөч гэж ирдэг. Бид тулгарсан асуудлыг нь сонсож, заримд нь зөвлөгөө өгч, зарим нь ярих явцдаа өөрийнхөө алдааг олж харах гэх мэтээр сэтгэл зүйн асуудлуудыг даван туулахад нь тусладаг. 


Сэтгэл зүйч Г.МАРАЛГУА: Хөгшрөлт нь сэтгэл хямрал, гэмшил, түгшүүр төрүүлдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188