• Өнөөдөр 2024-05-03

Мисс Б.СУВДАНЗАЯА: Би дэлхийн тайзан дээр алхахыг хүсдэг

2022-06-11,   844

    "Miss Mongolia-2022” тэмцээний дэд байрын шагналт, мисс Б.Сувданзаяатай ярилцлаа.

       Тэрбээр тэнгэрт байгаа аавынхаа хүслийг биелүүлж, миссийн тэмцээнд оролцсон гэнэ. Түүнийг төрсөн цагаас нь л ээж, аав нь загварын хүн болгохоор гоо сайханд нь анхаарч, бэлтгэж байжээ.

-Сайн байна уу. Тэмцээндээ амжилттай оролцож дэд миссээр шалгарсанд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач ?

            -Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баянмөнхийн Сувданзаяа гэдэг. МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. “Miss Mongolia-2022” тэмцээний дэд байр, Бикини миссээр шалгарсан. Мөн Дэлхийн оюутны миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болоод байна. Миний энэ тэмцээнд орох болсон шалтгаан аав минь байсан. Намайг дөнгөж хөлд орж байхад “Миний охин Монголын сайхан бүсгүй болно" гэж ярьдаг” байсан гэсэн. Одоо тэнгэрийн орноос хараад, баярлаж байгаа байх гэж итгэдэг.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Загварт анх хэрхэн дурлаж байсан бэ?

      -Би говь нутгийн охин л доо. Зуны улиралд ээж минь намайг гадаа бага тоглуулдаг байсан. Учир нь, жигд бус борлочих байх гэж боддог байсан гэсэн. Ээжийн маань залуугийн мөрөөдөл загвар өмсөгч болох байсан юм л даа. Тийм ч учраас манай ээж, аав хоёр намайг загварт бэлтгэж, дурлуулсан.

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллана гэж боддог уу ?

       -Би багаасаа телевизийн сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан. Зурагтаар гарч байгаа нэвтрүүлэгч эгч нарыг хараад "Хөөх, ямар гоё юм бэ, ийм болох юмсан" гэж боддог байлаа. Төгсөөд телевизийн салбарт мэргэжлээрээ ажиллана-

-Тэмцээн хэд хоног үргэлжилсэн бэ. Хүчтэй өрсөлдөгч нь хэн байв ?

         -Тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилж, зургадугаар сарын дөрөвний өдөр шилдгүүдээ тодруулсан. Бүх оролцогчидоо өрсөлдөгч гэж харахаасаа илүү найзалж, тэднээс маш их зүйлийг сурч авсан.

-Тэмцээний үеэр үзүүлсэн элсэн зургийн үзүүлбэрийнхээ тухай ярьвал. Хэр хугацаанд зурж сурсан бэ?

       -Нутгийнхаа онцлогийг харуулах гэж элсэн зураг зурсан. Зургийг харвал тэмээ гэр зэргийг зэрэглээтэж буйгаар харуулж зурсан. Зургаа зурахдаа миний ээж тэмээчин дууг эгшиглүүлж дотроо төсөөлж зурсан. Тэмцээний өмнөх өдөр хоёр цагийн дотор сурсан.

-Одоо ямар агентлагт харьяалагдаж байна вэ. Загварын гараагаа хэрхэн эхлэж байсан бэ?

        -Манайх Өмнөговь аймгийн Ноён суманд байдаг. Ээж бид хоёр анх залуу хатагтай ноёдын сургалтанд суухын тулд  хотод ирээд 14 хоног ойролцоох буудалд амьдарч байлаа. Манай өрөө жижигхэн орноос өөр юм  байхгүй.  Өдөр нь би сургалтандаа сууна, орой ирээд хоолны газраас хоол авч идчихээд, бид хоёр утсаараа "F4 ба Хэрсүү охин" гэх солонгос киног үздэг байлаа. Одоо бодоход хамгийн гоё дурсамжтай, нандин үе минь тэр байсан. Дараа зунаас нь Андра академийнхаа анхан, гүнзгий шатны сургалтад суусан. Оюутан болсон цагаасаа хойш Андра академидаа гэрээт моделиор ажиллаж байна.

-Гэр бүлийнхээ тухай яривал?

       -Ээж минь ах бид хоёрыг "Мундаг нэр алдартай гэхээсээ илүү хүнд тусархуу сайн хүн болоорой" гэж үргэлж захидаг. Өөрөөсөө илүү биднийг хайрладагт нь баярладаг. Миний оролцож байсан бүх тэмцээний ард ээж минь байдаг. Анх сургуулийн "Үнсгэлжин" тэмцээнд орсон цагаас эхлэн “Miss Mongolia”-ийн тайзан дээр гарахад хүртэл ээж минь хамт байсан. Надтай хамт бэлтгэл хийнэ, тэмцээнд орох явцад зоригжуулж, "Миний охин чадна" гээд л хажууд зогсож байдаг. Тэмцээний дараа алдааг минь хэлж зөвлөдөг. Харин аав минь намайг дөрвөн настай байхад нас барсан ч үргэлж дэргэд минь байгаа юм шиг санагддаг.

-Үе үеийн шилдэг миссүүдтэй тайзан дээр зэрэгцэж зогсох мэдрэмж ямар байсан бэ. Үлгэр жишээ авдаг хүн байгаа юу?

       -Миний хувьд үе үеийн миссүүдээс Бадамгэрэл багшаасаа үлгэр дуурайлал авч, багаасаа түүн шиг болохыг мөрөөдсөөр ирсэн. Үндсэн ажлынхаа хажуугаар маш олон ажил амжуулж чаддаг, хөдөлмөрч, хүчирхэг зан чанар нь таалагддаг.

-Загварын чиглэлээр харж буй алсын хараа тань юу вэ?

       -Ойрын зорилго бол Дэлхийн оюутны миссийн тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргах болоод байна. Дэлхийн хэмжээний модель болох, тодорхой хугацааны дараа загварын салбартаа багш болж, шавь нараа бэлдэнэ гэж бодож байгаа.

-Баярлалаа.

Б.Хонгорзул


Мисс Б.СУВДАНЗАЯА: Би дэлхийн тайзан дээр алхахыг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-12 08:24:54
    t: baidag l neg ohin bn
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188