• Өнөөдөр 2024-05-01

АЙ ТӨМӨР-ОЧИР: Монгол, эрлийз адууг хамт уралдуулна гэдэг vндэсний өв соёл устахын эхлэл

2022-06-09,   546

Олны дунд Дарьгангын “Хар азарга” гэж номынхоо нэрээр нэршсэн яруу найрагч Ай.Төмөр-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймгийн Алдарт уяач бөгөөд соёл өв, үндэсний бахархалыг  түгээн дэлгэрүүлэхийг зорьж яваа юм. Тиймээс Баяр наадмын шинэчлэгдсэн хуулиар монгол, эрлийз адууг ялгахын тулд сэрвээний өндөр, намаар хэмжинэ гэдгийн эсрэг байр суурьтай байгаа юм.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Баяр наадмын шинэчлэгдсэн хуульнд тусгасан монгол морийг эрлийз мориноос ялгахын тулд сэрвээний өндрийг хэмжинэ гэсний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ер нь сэрвээний өндрөөр монгол, эрлийз адууг ялгах боломжгүй гэж үзэж байгаа шүү дээ. Та энэ талаар яриа дэлгээч?

                  -Сайн, сайн байна уу. Би нэгэнт танай сайтыг зорьж ирснийх нам эсвэл, холбоо гэхгүйгээр иргэн Ай.Төмөр-очирын хувьд үзэл бодлоо чөлөөтэй ярьмаар байна. Би багаар бодоход 50 жил морь зурж, 40 гаруй жил шүлэг бичлээ. Үүнийг Монголын ард түмэн мэднэ. Би гарцаагүй морьтой холбоотой хүн л дээ. Нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Хулгайн морь унажээ” гэхэд Би Н.Энхбаяртаа биш, морины асуудал байсан учраас хулгайн морь унаагүй юм байна гэдгийг шийдвэрлэж байсан. Үүний дараа 2008 онд “Э.Эрдэнэчулууны шарга азарга засаатай, засаагүй” гээд  маргаан гарсан. Тэр үед би уяачдын хурал дээр “Сүү гардагийг нь гүү, гүү гишгэдгийг нь азарга, гүү гишгэхгүйг нь морь гэдэг юм гээд бас л асуудлыг шийдвэрлэж байлаа. Энэ утгаараа би өөрийгөө морины хүн гэж хэлэх дуртай. Тиймээс морины тухай уран бүтээл туурвидаг. Өнөөдөр төрийн наадамд  морьдыг өндөр, намаар нь уралдуулах асуудал дээр маргаж байна. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй хагарал, хагацал юм. Тиймээс үүнийг төр, засаг их ухаантай шийдэх ёстой л доо. Би олон жилийн өмнө “Салбар хороод салаа замтай” гэж нийтлэл бичиж байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол морин спорт уяачдын холбоо /ММСУХ/ бол спортлог шоу талаа хөөгөөд тэр тойруулгаа бариад дэлхийн жишигт монгол уяачдын эд хавыг дөхөөсэй. Харин Монголын үндэсний морин спорт уяачдын холбоо /МҮМСУХ/ гэж бий. Энэ тал нь монгол морио уяад үндэсний уламжлал, өв соёлыг илүү хадгалаасай гэсэн санаа. Баяр наадмын хууль шинэчлэгдэхтэй холбогдуулаад энэ асуудал ойрын үед хурцадлаа. Ер нь 2016 онд Баяр наадмын хуулийг шинэчлэх нэрийн доор муутгасан. Зургаан насны морьд дээр эрлийз гурван насны морь нэмж уралдуулах болсон. Энэ нь өв соёлыг томоохон бантантай хутгасан явдал юм. Үүн дээр ямар нэгэн байдлаар харийн хүний санаа, үг орсон байх. Тиймээс ч хэдэн жил Монгол Улсыг хэрүүл тэмцлээс салгасангүй.

Би олон жилийн өмнө “Салбар хороод салаа замтай” гэж нийтлэл бичиж байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол морин спорт уяачдын холбоо /ММСУХ/ бол спортлог шоу талаа хөөгөөд тэр тойруулгаа бариад дэлхийн жишигт монгол уяачдын эд хавыг дөхөөсэй. Харин Монголын үндэсний морин спорт уяачдын холбоо /МҮМСУХ/ гэж бий. Энэ тал нь монгол морио уяад үндэсний уламжлал, өв соёлыг илүү хадгалаасай гэсэн санаа

Өндөр морины асуудал дээр сэрвээдэх гэж нэг зүйл яриад байгаа юм. Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт л үйлчилнэ. Уг нь  манайхан үүлдэрлэг байдал гадна төрх гэж ярьдаг байсан одоо болилоо. Монгол, эрлийз адуу хоёрыг нийлүүлээд уралдуулна гэдэг зохимжгүй. Яагаад гэхээр хоёр өөр төрлийн амьтан юм л даа.

-Монгол, эрлийз морийг хамт нь уралдуулахаар яг ямар учраас зохимжгүй, болохгүйг та тодорхой хэлж өгч чадах уу?

           -Тоо чанараасаа илүү Монголын өв соёл устах аюулд хүрнэ. Эрлийз адуу төрийн наадамд уралдаад ирэхээр монгол уяачид буюу ард түмэн үндсэн утгаараа наадаж чадахаа болиход ойрхон гэдгийг ойлгох хэцүү байна уу. Тиймээс баяр наадмын хууль буруу тал руугаа гарвал Монголын нийгэмд аюултай. 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Төрийн ордонд 800 уяач цуглуулж Монголын үндэсний спортын анхдугаар чуулган хийсэн. Чуулган амжилттай сайхан бүтлээ гэж байсан. Гэтэл хэсэг бүлэг эрх мэдэлтэн Ерөнхийлөгчийн гаргасан саналын эсрэг тэмцээд явдаг юм. Монгол оршин тогтнож байгаагийн нэг шалтгаан бол үндэсний өв соёл шүү дээ. Өв соёл гэдэг өнөөдрийн махны хэрүүл, банкны дээрэм, булхай луйвар шиг жижиг асуудал биш.

       Зургаан насны морьд дээр эрлийз гурван насны морь нэмж уралдуулах болсон. Энэ нь өв соёлыг томоохон бантантай хутгасан явдал юм   

   Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал эрлийз морьдын л уралдаан болно. Сумын наадамдаа ч монгол морьдоо уралдуулж чадахааргүй болоод байгаа нь нууц биш л дээ. Үндэсний баяр наадам бол соёлын өв мөнөөс мөн. Тиймээс Засгийн газар энэ өвөө хамгаалах ёстой. Баяр наадмын шинэчилсэн хуулийн төслийг бид тохуурхал, тодорхой албан тушаалтны ашиг сонирхлын явуулга гэж үзэж байна. 

-Жижиг биетэй монгол гүүг том биетэй эрлийз азаргатай эвцэлдүүлээд жижиг биетэй эрлийз адуу гаргаж байгааг уяачид ярих буруутган болсон. Та аймгийн алдарт уяач хүний хувьд энэ талаар сонссон байх. Ер нь ийм тохиолдол байдаг юм уу?

                -Иймэрхүү тохиолдол Монгол Улсад хэдийнэ газар авсан. Би одоо тэр, энэ гэж хэлэх муухай. Жижиг биетэй монгол гүү эрлийз азарганы дундаас ямааны шагай шиг жижигхэн адуу гардаг. Тэр нь хурдан ч байдаг. Тиймээс сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулна гэдэг байж болохгүй. Жижиг биетэй эрлийз адуу төрийн наадамд уралдах бүрэн боломж байна. Өмнө нь уралдсаар ирсэн л дээ хөөрхий. Тиймээс би үүний эсрэг хатуу байр суурьтай байгаа. Ер нь адууны эмч нараас асууж үзэхэд эрлийз адуу ямар ч адууны үүлдэрт хамаардаггүй юм билээ. Би монгол адуу монголоороо байх ёстой гэж боддог. Энэ адууныхаа гавьяаг бид мартаж болохгүй. Хайрлаж, хүндлэх хэрэгтэй. Монгол адуу гэдэг бол бурхны бэлэг. Тэр адууг сайжруулна, чанаржуулна гэдэг тэнэг хэрэг юм даа. Үүнээс гадна эрлийз морьдоос элдэв төрлийн өвчин илэрдэг нь баримттай үнэн зүйл. Монгол адуугаа эрлийзжүүлэх, хүч тамиртай болгох нэрийдлээр удмын сангаа устгаж дуусахад ойрхон байна.

-Сүүлийн үед бас туршуул азарга гэх асуудал гарч ирсэн. Энэ талаар яриа дэлгээч?

               -Монгол азарганы сэлдийг тайрч туршуул азарга болгож байгаа энэ явдал цоо шинэ асуудал биш юм билээ. 2013, 2014 оны үед эхлээд долоо, найман жил болчихсон юм байна. Энэ талаар би саяхан мэдсэн. Амьтны тухай хууль, Мал сүрэг төрийн хамгаалтад байх ёстой гэдэг Монгол Улсын Үндсэн хууль, амьтны жам ёсны эрх гэж байна. Гэтэл энэ явдлыг Монгол Улс өнөөдөр гэмт хэрэг биш гэж үзэж байгаа нь дэлхийн тавцанд шившгээ тарьж байгаа юм.

Импортын азарга нь Монгол азарга шиг сүргээ хурааж, бэлчээрээр идээшилж чаддаггүй. Мөн гүүнийхээ ороог тодорхойлох байгалийн төрөлх чанар байхгүй

Төрийнхөө сүлдэд залсан адууныхаа сэлдийг тайрдаг болсон нь монгол хүний жудаг үгүй болсныг харуулж байгаа юм л даа. Бид эрт дээр үеэс наадмаар морио уралдуулж, дээлээ тайлж, бөх барилдаж ирсэн уламжлалтай. Морины уралдаанд морины шүдийг харж уралдуулдаг. Хэзээ ч сэрвээний өндөр харж уралдуулж байгаагүй.

Уяачид гадаадаас импортоор цэвэр цусны азарга оруулж ирэн Монгол адууны удмын санд ноцтой нөлөөлөөд зогсохгүй адуун сүргийн манлай, үржлийн эцэг монгол азаргыг амьдаар нь, ес бусаар эд эрхтнийг таслан, зэрэмдэглэж байгаад үнэхээр эмзэглэж байна. Импортын азарга нь Монгол азарга шиг сүргээ хурааж, бэлчээрээр идээшилж чаддаггүй. Мөн гүүнийхээ ороог тодорхойлох байгалийн төрөлх чанар байхгүй. Тиймээс импортын азаргандаа гишгүүлж, хээлтүүлэг хийсэн гүүнийхээ хээлийг хамгаалах зорилгоор Монгол азарганы үржлийн эрхтэн буюу сэлдийг нь таслан туршуул нэртэй азаргыг бий болгоод байгаа юм. Ингэж монгол адууг амьдаар зэрэмдэглэж амьтны жам ёсны эрхийг ноцтой зөрчиж байгаатай хатуу тэмцэх болно гэдгээ хэлмээр байна.

-Нууц биш бол ямар хүмүүс ийм төрлийн зүйл хийгээд байгаа юм бол?

           -Туршуул азарга авна, зарна гэх нэрийн доор далд бизнес, мөнгө төгрөгөөр зогсохгүй олон нууц зүйл болж байгаа нь ойлгомжтой. Үүнд нэр бүхий том уяачид холбогдох л байх. Би азарганы сэлдийг тайрч байгааг яг өөрөө бол хараагүй. Зураг л харсан өрөвдмөөр харагддаг юм билээ. Эдгээрийг Наранбаатар, Түвшинбаяр, Энхбаатар гэх мэт хэд хэдэн малын эмч хийдэг тухай мэдээлэл бий.

Жижиг биетэй эрлийз адуу төрийн наадамд уралдах бүрэн боломж байна. Өмнө нь уралдсаар ирсэн л дээ хөөрхий. Тиймээс би үүний эсрэг хатуу байр суурьтай байгаа

-Хэн гэдэг нэр, алдар цолтой уяачид туршуул азаргатай вэ?

             -Яг хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Мэдээж ерөнхий ойлголтоор хөрөнгөтэй хүн байж таарна. Түүнээс биш, жирийн нэг малчин, уяач бол тэгэхгүй.  Тэр эрх мэдэл хөрөнгө мөнгөтэй хүмүүс алдар нэр, албан тушаалын төлөө монгол адууг устгах хэмжээнд хүрээд байгаа нь тодорхой. Үүнээс гадна морио хүнээр уяулаад намар нь морио танихгүй л  нөхдүүд наадмыг наадам биш болгоход хүрээд байна. Үүгээр зогсохгүй өөрсдийгөө өв соёл түгээгч гэж яриад байгаа нь том эмгэнэл. Тэднийг Монголын өв соёл, үндэсний дархлааг үнэгүйдүүлэхийг хараад сууж чадахгүй байгаа учир ярилцлага өгч байна.


АЙ ТӨМӨР-ОЧИР: Монгол, эрлийз адууг хамт уралдуулна гэдэг vндэсний өв соёл устахын эхлэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-18 15:49:37
    Морьны уралдаан узэгч: Гэхдээ одоо бол шинэ цагийн монгол адууны хурдныг гуйцэхгуй болчоо л эд нар боож ухчих гээд бна ш дээ ! Монгол морь хуучнаасаа арай хурдан болчвол монгол ов соел мохчих гээд байгаамуу, чиний морь суулдчих гээд байгаамуу, эрхэм ээ !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-18 15:42:49
    Морьны уралдаан узэгч: Сухбаатарын морь хурбдан л даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-09 13:17:31
    Зочин: Нэр усгүй бол худлаа худлаа шааж байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-09 09:48:58
    Иргэн: Юм яривал тодорхой нэр устай нь хэлвэл дээр дээ,бөөрөнхийлөөд байхаар буруу юм хийж байгаа хүмүүс чинь цочроо юу,ичээ юу,ухаарах уу,болих уу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188