• Өнөөдөр 2024-04-30

А.МӨНГӨНЧИМЭГ: Бид балетаар дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгаагаа мэдэрдэг

2022-06-06,   1575

-БАЛЕТ БОЛ ГУРВАН НАСТНУУДЫН ХУВЬД АЗ ЖАРГАЛ, БАЯР ХӨӨР, БҮХНЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ТАЛБАР НЬ-

          Эрхэмсэг байдал, уян налархай хөдөлгөөнөөр дамжуулан бусдад сэтгэлийн тайвшрал өгдөг урлаг бол яах аргагүй балет. Уянгалаг хөгжмийн аянд чин сэтгэлээсээ бүжиглэх бяцхан балетчидын багш өөрийгөө бүтээж, урлаж чадсан залуу бүжигчин, Сөүл балетын сургуулийн багш А.Мөнгөнчимэгтэй бид ярилцлаа. Тэрбээр анх бүжиглэж эхлэхдээ өөртөө итгэлгүй, сулбагар, байсхийгээд л өвддөг охин байжээ. Харин балет түүнд эрүүл мэнд, биеийн эмх цэгц, эмэгтэйлэг байдал, өөртөө итгэх итгэлийг өгсөн хэмээн ярьсан юм. Шавь нарынхаа тухай ярихдаа нүд нь гэрэлтэн, үнэн сэтгэлээсээ догдлох нь ажилдаа үнэхээр дуртайг нь илүү тайлбаргүйгээр илтгэнэ. 

-Сайн  байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

        -Сайн байцгаана уу.  Намайг А.Мөнгөнчимэг гэдэг. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Консерватори буюу Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн бүжгийн жүжигчнээр төгссөн.  Монгол Улсын Үндэсний Урлагийн их театр болон, Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын театрт бүжигчнээр ажиллаж байсан. Одоогоор Сөүл бүжгийн студид баллет, Монгол бүжгийн багшаар ажиллаж байна.

-Балет, Монгол бүжгээр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?

         -Долоон жил болж байна даа.

-Анх хэрхэн энэ урлагт хэрхэн дурлаж байсан талаараа ярихгүй юу?

       -Сургуулийн урлагийн үзлэгээр  анх удаа бүжиглэж, тэр өдөр гэр бүлийнхэн маань үзсэн юм. Үйл ажиллагаа дуусаад гэрийн зүг алхаж явахдаа бид тоглолтын талаар  хоорондоо ярилцаж байлаа. Гэр бүл минь миний тухай ярьж, надаар бахархаж байсныг одоо ч тод санадаг. Ах минь "Миний дүү их мундаг бүжиглэж байгаа биз дээ. Та нар харсан уу. Ангийнхнаасаа  хамгийн сайн байсан шүү" гээд л сэтгэлийн гүнээсээ надаар бахархаж байгаа нь мэдрэгдсэн. Тэр  мэдрэмжээр хөглөгдөж, бүжиглэж чадах юм байна гэж бодсон. Өдийг хүртэл улам илүү хичээх урам зоригийг тэр өдөр надад өгсөн гэж болно.

- Урлагийн чиглэлээр харсан алсын хараа тань юу вэ. Энэ л амжилт гэж боддог зүйл байдаг уу?

  -Энэ амьдралаасаа хүсэж байгаа хүсэл, алсын хараа минь нийгэмд өөртөө итгэлтэй, аз жаргалтайгаар амьдарч сурах, эрүүл хэвшлийн сайхныг мэдрүүлэх, эрхэмсэг байдал хийгээд дотроосоо гэрэлтэх хүчийг бусдад  өгөх нь миний чин хүсэл болоод байна. Мөн "Хүмүүсийг сайн яваасай, гэрэлтээсэй аз жаргалтай байгаасай" гэж хүсдэг. Өөрийн карьерын хувьд тодорхой хэмжээний амжилтуудыг хүсэж байгаач үүнийгээ хүнд хэлэхгүй, нууц хэвээр үлдээе. 

-Таны цахим хаягт шавь нартайгаа авахуулсан зураг, тэднийгээ өхөөрдсөн пост, бичлэг олон бий. Хүүхдүүдтэй ажиллах ямар байдаг вэ?

      -Анхандаа учрыг нь олохгүй хэцүү байсан. "Яаж заах вэ, юу хийвэл болох бол" гэх түмэн асуулт толгойд минь эргэлдэж байлаа. Тэгээд тэднийг хараад хөл гараа ч бүрэн ялгаж чадахгүй байгааг нь ойлгосон. Энгийнээс эхлэх нь зөв гэж бодсон. Мэддэг зүйлсээр нь бүжгийн хөдөлгөөнүүдийг зүйрлэж туулай, муур, нар, сар гэх мэтээр адилтган зааж эхэлсэн минь зөв байсан байх гэж боддог. Сүүлдээ хүүхдүүдээ харах бүрд улам л хайр хүрдэг болж байлаа. "Хүүхдийн энерги маш гоё" гэж зүгээр ч нэг хүмүүс хэлээгүй гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Бас нэг л мэдэхэд дандаа тэврээд, үнсээд баймаар л байдаг болчихсон. Тэдэнтэй учирснаас хойш амьдралын минь бүхий л зүйл эерэг, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байгаа. Гурван настай хүүхэдтэй ажиллана гэдэг мэдээж амаргүй. Юу хийх гэж ирснээ ч ойлгодоггүй хүмүүс бол жинхэнэ тэд юм. Аргадаад л, арга эвийг нь олоод л үзнэ дээ.

- Шавь нарынхаа тухай яривал, ямар зүйл нь илүү хайр хүрмээр бахархмаар байдаг вэ?

     - "Алив багшаа үнсье, багшаа, би чадчихлаа" гэдэг үгнүүд нь хайр хүргэж намайг усалж байдаг. Тэд бүжгийн аяыг мэдрээд ирэхээрээ нүднийх нь харц гэрэлтдэг юм. Бүжгээ мэдэрч, гоё харагдъя гэсэн хүсэлтэйгээр бус сэтгэлээсээ бүжиглэж байгаа нь бахархмаар. Тэр үед бид бүжгээр дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгааг мэдэрдэг. Энгийн хийгээд сэтгэлээсээ бүжиглэж байгаа хүүхдийг харах хэчнээн сайхан гээч.

-Хэзээнээс багшлах болсон бэ. Анх багш болж байсан мэдрэмж, дурсамжаасаа хуваалцаач?

   -Багшаар ажиллаад удаагүй ч богино хугацаанд олон сайхан зүйлсийг мэдрээд явж байна. Өмнө нь зав чөлөөтэй үедээ багшлаад туршлага хуримтлуулаад явж байсан. Яг одоогийнх шигээ төвлөрч удаанаар багшилж байгаагүй ээ. Өөрийгөө шинээр сорьж үзэхийг хүсэж, тууштай багшлахаар шийдсэн.

-Балетын урлагаар дамжуулан олж авсан ололт, өөрчлөлт тань юу вэ?

    -Балет хүнийг эмэгтэйлэг, уян налархай болгохоос гадна маш олон чадварыг суулгаж өгдөг гэж би боддог. Балетаас би тэсвэр хатуужил,  бүжиглэх ур чадвар, тууштайгаар аливаа зүйлийг даван туулах гээд маш олон зүйл сурсан. Мөн өөртөө итгэх итгэлтэй болж, биеийн цэгцтэй байдал гээд ач тусыг нь дурдаад дуусашгүй юм.

-Балетаар хичээллэхээс өмнөх ба одоогийн Мөнгөнчимэг хоёрын ялгаа, өөрчлөлт юу вэ. Шантрах үе байсан уу?

     -Би багадаа ойр ойрхон өвддөг, их сулбагар биетэй хүүхэд байсан. Хувцсаа ч өөрийн гараараа угааж, оёж чаддаггүй. Ер нь л товчхондоо бие даан амьдрах чадвар муутай нэгэн байсан гэх үү дээ. Харин балетаар хичээллээд бага багаар бие даах чадвартай болж, өөрийгөө хариуцан амьдрах чадамжтай болж байгаагаа анзаарсан. Өөрийгөө дайчин болгож бүтээж, тууштай байхаа харж чадсан. Бүрэг ичимхий сулбагар бус чаддаг юмтай өөртөө итгэлтэй хүн болж өөрчлөгдсөн байх. Өмнөх үеийн өөрөөсөө тэс өөр хүнийг урлажээ. Балетаар хичээллэж эхэлсэн эхний хоёр жилдээ бол дандаа уйлж унжсан. Гэхдээ бууж өгөөгүй ээ.

-Балетаар хүн бүр хичээллэж болох уу?

         -Хүн бүр хичээллэж болно. Гэхдээ насанд хүрэгчид  мэргэжлийн хэмжээнд очиж чадахгүй ч олон өөрчлөлтийг олж авна.

-Хүүхэд байхаасаа балетаар хичээллэснээр ямар үр дүнд хүрэх вэ?

  • Шөрмөсний ажиллагаа сайжирна.
  • Тэсвэр хатуужилтай аливаа зүйлийг тууштайгаар хийж чаддаг зан чанартай болно.
  • Мөн бүжгийн хувцас, ээмэг зүүлтээ хэлхэх, хувцасаа засаж янзлах оёх гэх мэт зүйлсээ өөрөө хийж сурна.
  • Багаар ажиллах чадварт суралцаж, илүү нийтэч болно. 
  • Бусдыг хүндэлж сурдаг.
  • Мөн өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. 

Ер нь урлагаар хичээллэсэн хүүхдүүд хошин шогийн мэдрэмжтэй, өөрсдийгөө болон бусдыг хөгжөөх чадвартай болдог. Зэмлэл магтаалын үнэ цэнийг илүүтэйгээр ойлгож чаддаг болж хүмүүждэг юм шиг санагддаг.

-Ярилцлагын төгсгөлд ялангуяа балет сонирхогч хүүхэд, багачуудад хандан зөвлөгөө өгөх үү?

       -Аливаа зүйлд цаг хугацаагаа зарцуулаад, тууштай байж, дурлаж чадах юм бол хүссэндээ хүрдэг. Тууштай байгаарай хичээгээрэй амжилт гэж хэлмээр байна. 

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

         -Баярлалаа.

 

                                                                          Б.Хонгорзул


А.МӨНГӨНЧИМЭГ: Бид балетаар дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгаагаа мэдэрдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-06 13:45:20
    zochin: Baletiin urlag emegtei xuniig goo uzesgelen daichin shurguu shantardaggui ur chadvar es surtxuunii soyol geed buxii l zuileer chimj baidag shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188