• Өнөөдөр 2024-04-30

Х.БАЯСМАА: 95 кг жинтэй байхдаа фитнесийн тамирчин болохыг мөрөөдөж, түүндээ хүрч чадсан

2022-05-31,   1313

   Тэрбээр дөрвөн хүүхдээ хайр халамжаар дутаалгүй өсгөж, ээж, эхнэр байх үүргээ сайн биелүүлэхийн хажуугаар банк санхүүгийн салбарт ажилладаг. Мөн өөрийгөө дайчлан тууштай хөдөлмөрлөж, 95 кг-аас фитнесийн тамирчин болж чадсан бүсгүйг “Түүчээ” булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. Тэр бол “Гуалиг төлөвлөлт” номын зохиолч  Х.Баясмаа юм. 

Эхлэх амархан урам зориг дүүрэн байдаг, харин үр дүн харъя гэвэл шазруун бай, тууштай бай. 

Х.Баясмаа

-Сайн байна уу. Та өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулна уу?

       -Намайг Хатанбаатарын Баясмаа гэдэг. Банк, санхүүгийн салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа жирийн нэгэн эмэгтэй. Дөрвөн хүүхдийн ээж байна.Үүнээс гадна цахим орчинд 70000 гишүүнтэй “Гуалиг биеийг бүтээх-Миний 100 өдрийн өөрчлөлт” группыг ажиллуулж, өөрийн сурсан мэдсэнээ үнэгүй хуваалцдаг. Мөн бүсгүйчүүдэд турах, эрүүл зөв хооллох амархан гэдгийг ойлгуулж,  урам зориг өгөхийг хичээж явдаг даа.

-Номоо гаргасанд тань баяр хүргэе. Энэхүү номыг яагаад гаргах болсон бэ?

     -Баярлалаа. Хүн тодорхой нэг зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хамгийн чухал нь тууштай байх ёстойг ойлгосон. Мөн зорилгынхоо төлөө ямар нэгэн юм заавал хийдэг байх ёстой. Өөрийн турах явцдаа олж авсан мэдлэгээ бичиж тэмдэглэсээр байгаад үүнийгээ ном болгож гаргасан. Энэ нь бусдад хэрэг болох болов уу гэж бодсон.

-Танаас хүмүүс урам зориг авдаг байх. Турахаар эхлэхдээ хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх хэрэгтэй вэ ?

      -Маш олон төрлийн хоолны дэглэм байдаг. Өндөг, лууван, будааны гэх мэт бий. Дасгал хөдөлгөөн хийж сураагүй хүмүүс огцом хоолоо сойх, дэглэм барьж өөрийн биеийн нүүрс усыг багасгадаг. Эсвэл гэнэт хурдтай хөдөлгөөн хийж эхлээд хэд хоноод л шантрах тохиолдол гардаг. Бие нь дасаагүй байхад хурдтай, огцом хөдөлгөөн хийх нь зохиомжгүй гэсэн үг л дээ. Тиймээс л би хэрхэн бага багаар биеэ дасгаж, өөрийгөө зовоохгүйгээр турахад туслахын тулд “Гуалиг төлөвлөлт” номоо гаргасан. Номонд маань 100 өдрийн дасгал хөдөлгөөн, хооллолтын хичээл орсон байгаа.

-Та хэзээнээс жингээ хасаж, тамирчин болохоор шийдсэн бэ?

      -Миний хувьд  төрөхдөө 95 кг болтлоо жин нэмсэн. Тиймээс хүүхдээ дөрвөн сар хүрэхээр нь жингээ хасахаар шийдсэн. Гэхдээ зүгээр л жин хаях бус эрүүл чийрэг булчинлаг болох зорилго тавьсан даа. Яг л фитнесийн мэргэжлийн тамирчид шиг хооллож, дасгал хийж тэсвэр тэвчээртэй болохыг хүссэн. Тухайн үед 95 кг-аас өөрийн хүссэн шигээ биетэй болох нь бүтэшгүй санагдаж байсан. Хүн зорилгодоо гэнэт л хүрдэггүй шүү дээ. Эхний 100 өдрийн өөрчлөлтөөр 35 кг хассан. Удаах 100 өдөр 15кг хасаж булчингийн масстай болж анхны фитнесийн тэмцээндээ орсон. Харин дараагийн 100 өдөрт булчингийн массаа илүү сайжруулж мэргэжлийн тамирчидтай бэлтгэл хийж хүсэлдээ хүрсэн.

-Хэдэн сарын хугацаанд хүссэн жиндээ хүрсэн бэ?

     -Жин хасахын тулд хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Би бүсгүйчүүддээ гурван зөвлөгөө өгдөг. Нэгдүгээрт, яарахгүй байх. Хүн дэглэм бариад ирэхээрээ жин дээр ойр ойрхон гарч зогсдог. Эхний тав хоногт хурдан жин хасагддаг. Яагаад гэвэл биед хуримтласан илүүдэл нүүрс ус, хаван нь гадагшилдаг юм л даа. Үүний дараа өөх шатах үйл явц  эхэлсэнээр турах нь удааширдаг. Энэ үед хүн шантарч өөрийгөө турахгүй юм байна гэсэн ойлголттой болдог. Тэгэхээр яарахгүй тууштай байх хэрэгтэй. Хоёрдугаарт хоол, хүнсийг зөв бэлтгэж идэх нь чухал. Мөн нойроо сайн авах шаардлагатай.

-Турна гэдэг их тэвчээр шаардахаас гадна фитнесийн тамирчин болох хүн бүрийн хийж чаддаг зүйл биш шиг санагдаж байна?

      -Мэдээж фитнесийн тамирчин болох хүнээс сэтгэлзүйн тэвчээр шаарддаг. Тиймдээ ч би тамирчин найзууд, багшаараа бахархдаг. Хүнд бэлтгэл, чанга хоолны дэглэм удаан хугацаанд, нарийн системээр хийхийн хажуугаар ажил амьдралаа зохицуулж явдаг хүмүүс үнэхээр гайхалтай санагддаг.

-Ойрын үед тэмцээнд оролцох уу ?

       -Одоохондоо тэмцээнд орохгүй. Саяхан хотын аваргад оролцсон. 30 гарсан дөрвөн хүүхдийн ээж болохоор хорин настай охидтой зэрэгцэж зогсох л мөрөөдөл минь байсан. Үүнийгээ ч биелүүлсэн учир нэг хэсэгтээ завсарлаж байгаад дахин бэлтгэлээ сайн хийж  байгаад оролцоно.

-Дөрвөн хүүхдэдтэй гэхээр та алдарт эхийн одонтой ээж байна шүү дээ. Үүнээс гадна хүүхдүүдээ харахын хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг тийм ч амаргүй байх. Тэгэхээр цагийг хэрхэн зөв ашигладаг вэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

      -Бага хоёр хүүхэд маань ойрхон зайтай төрсөн. Ер нь ээж байна гэдэг маш ачаалалтай ажил шүү. Үр хүүхдүүдээ харж хандаад хоол хийж, тоглож, хайр халамжаа харамгүй хүртээх нь эх хүний үүрэг. Тиймээс тэр үүргийг хүлээж аваад даван туулах ёстой. Зарим тохиолдолд хүүхдүүдээ унтуулж, гэр бүлийнхэндээ харуулаад бэлтгэлээ хийдэг байсан даа. Хөдөлгөөн хийх бүх боломжийг ашигладаг байсан гэх юм уу даа.

-Жингээ хасахыг хүсэж байгаа завгүй ээжүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцаж болох уу?

     -Жин хасахын 90 хувийг хооллолт эзэлдэг. Тиймээс өөртөө эрүүл хоол бэлтгэн идэж байгаарай. Мөн урин дулааны үед алхаж байхыг зөвлөж байна.

-Та турах явцдаа ямар хоол хүнс хэрэглэдэг байсан бэ.  Дасгалтай хэрхэн хослуулж байв?

       -Эрүүл, шим тэжээлтэй, чанартай хүнс сонгож хэрэглэхийг илүүд үздэг байсан. Мөн аль болох их хөдөлгөөн хийхийг хичээдэг. Фитнесдээ явна. Үүнээс гадна гэртээ шалаа мөлхөж угаах нь нэг төрлийн дасгал болдог.

-Хурдан турахын тулд тураах цай, кофе  хэрэглэдэг хүмүүс их байдаг шүү дээ. Иймэрхүү бүтээгдэхүүн хэрэглэх нь хэр зохимжтой вэ?

     -Би ч мөн турж эхлэхдээ хэрэглэж байлаа. Хурдан жин хасдаг ч хүний бие суларч булчингийн массаа алдаж, ядарсан биетэй болдог. Харин зөв хооллолт дасгал хөдөлгөөний үр дүнд жингээ хасвал эрүүл галбирлаг биетэй, гэрэлтсэн царайтай, эрч хүчтэй байдаг даа.

Хоолны дэглэмийн талаар та юу хэлэх вэ?

     -Хоолны дэглэм барина гэхээр хүмүүс амтгүй хоол идээд явна гэж боддог юм шиг байна лээ. Мөн хүн өлссөн үедээ гарт таарсан хоолоо идэх магадлал өндөр байдаг. Тийм учраас хоолоо бэлдэж авч явах нь чухал гэж хэлмээр байна.

Баярлалаа.

      -Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Б.Хонгорзул

 

 


Х.БАЯСМАА: 95 кг жинтэй байхдаа фитнесийн тамирчин болохыг мөрөөдөж, түүндээ хүрч чадсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188