• Өнөөдөр 2024-04-26

ГАНГСТЕРУУД: Хүүхэд, багачуудын мөрөөдлийн ертөнцөд гангстерууд нь "Үзэсгэлэнгоо бас Жонон" жүжгээр очиж байгаадаа баяртай байна

2022-05-18,   974

             “Гангстерууд нэгнийгээ хэзээ ч хаядаггүй юм аа” тэргүүтэй богино дүрс бичлэгээрээ олны анхаарлыг татаж, бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа олон трэнд үгийг сэтгэж, гаргасан жүжигчин Э.Дорждэрэм, Т.Нямдаваа, Ц.Энхтулга нартай ярилцлаа. Тэдний хувьд бяцхан үзэгчдэдээ зориулан “Үзэсгэлэнгоо ба Жонон” хүүхдийн жүжгийг толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

-Гангстеруудад энэ өдрийн мэнд  хүргэе. Шинэхэн уран бүтээлийн ажилтай, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байх шиг байна.  Анх жүжигчин мэргэжлийн хэрхэн сонгож, урлагт хөл тавьж байсан тухайгаа ярьж өгөөч?

    -Э.Дорждэрэм: Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би Кино Урлагийн дээд сургуулийг 2010 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. Миний хувьд жүжигчин мэргэжил сонгоход ойр дотнын хүмүүс их нөлөөлжээ. Би Сүхбаатар аймагт төрж өссөн. Мэргэжлээ сонгох үед найзууд, гэр бүлийн гишүүд “Чи жүжигчин болбол ямар вэ” гэж их хэлдэг байсан. Гэхдээ би арван жилдээ урлагийн үзлэгт ч ордоггүй идэвх муутай хүүхэд байлаа. 

    -Т.Нямдаваа: Жүжигчин болохыг хүүхэд байхаасаа мөрөөдсөн. Хошин урлагийн тоглолт үзэж өссөн учир урлагт хайртай болсон доо. Тавдугаар ангиасаа л урлагийн хүн болно гэж шийдсэн, түүнийхээ төлөө тасралтгүй зүтгэж, мөрөөдөж, хүсэж явсаар “Х-Түц” продакшнд орж байлаа.

    -Ц.Энхтулга: Багаасаа жүжигчин болохыг хүссэн, тэр хүсэл, мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантралгүй, замаас нь өөр зүйлд урвалгүй явсаар жүжигчин мэргэжилтэй болсон. Гэхдээ одоо ч жүжигчин гэдэг нэрэндээ багтсан уран бүтээл хийхийн төлөө суралцсаар л явна даа.

-Гурвуулаа хамтрах болсон нь санаандгүй тохиолдол байв уу, төлөвлөсөн маркетинг уу?

    - Ц.Энхтулга: Бид гурав  анх “Аглуу” энтертайнментад танилцаж  байлаа. Тэгээд  “Ер нь  өөрсдийн гэсэн хуудастай болж, хийхийг хүссэн, санаж явдаг зүйлсээ хийцгээе” гэж ярилцаад өнөөдрийн өөрсдийгөө "эхлүүлж" байсан. Тэрнээс хойш хамтдаа унаж босоод, алдаж оноод, инээж баярлаад л явж байна даа. 

    -Э.Дорждэрэм: Цахим орчин энэ цаг үед залуу хүн бүрийн хувьд тэр дундаа залуу жүжигчдийн олон нийтэд өөрийгөө танилцуулах тавцан, онлайн тайз болж байгаа. Ах нар “Цахим орчин хөгжөөгүй үед тайзан дээр гараад микрофоноор үзэгчдэд хандаад ганцхан үг хэлчих юм сан гэж боддог байсан" гэж ярьдаг байсан. Одоо бол энэ бүхэн нээлттэй болж, залуу жүжигчид өөрийгөө илэрхийлж, таниулахын тулд хийж чадаж л байвал бүх зүйл нь нээлттэй болчихлоо. Гол нь юу хийх вэ, олон нийтийн үзэх, сонсох, мэдрэх таашаал, хүслийг яаж мэдрэх вэ, түүнийг нь бид хэрхэн зөвөөр илэрхийлэх вэ гэдэгт л бүх зүйл төвлөрч байна даа. Нэг талаар интертайнмент мөртлөө ухаан маш их шаарддаг ажил шүү. 

-Хамтдаа нэгдэж хийсэн анхны дүрс бичлэгээ цахим орчинд тавихдаа ямар мэдрэмж авч байсан бэ. Одоо байгаа шиг шууд хэдэн мянган хүн үзээгүй байх?

    -Э.Дорждэрэм: Хамгийн анх дүрс бичлэг хийж эхлэх үед манай хуудасны хандалт тэгээс эхэлсэн. Өөрсдийн гэсэн үзэгчтэй болж, чадлаараа дээшээ гарч ирэхийг зорьсон. Анхны дүрс бичлэг орсны дараах мэдрэмж нэг өөр, хэд хэд дүрс бичлэгийн дараа хамгийн их хандалт авсан бичлэгээ хараад авах мэдрэмж бас өөр байсан. Бидний хамгийн их хандалт авсан бичлэг "Гангстерууд" зохиомж маань юм шүү дээ. Цахим орчинд оруулаад 24 цагийн дотор нэг сая үзэлт, 10000 хүн хуваалцаж, 10000 сэтгэгдэлтэй байхыг хараад гайхширсан, баярласан. Гэхдээ бид түүнийг л зорьж байсан учраас маш их урам авсан.  Анхны дүрс ойр дотын хүмүүсийн дарсан 100 хэдэн дагагчтай хуудсан дээр тавигдаж байлаа.

    -Т.Нямдаваа: Тэгээд таван хүн хуваалцаж, таван хүнд талагдсан ороод харахаар тэр тав нь бид л байсан даа./инээв/

    - Ц.Энхтулга: Зургаа дахь хүнд таалагдахад ороод харвал манай эхнэр.

    -Э.Дорждэрэм: Долоо дахь хандалт нь ирэхэд ахиад  “Гаднын хүн ороод ирлээ” гэтэл манай эхнэр байх жишээтэй.

   -Т.Нямдаваа: Ингэж тэгээс эхэлж байсан. Одоо бол хүмүүс биднийг дэмждэг болсонд их баяртай байгаа. Биднийг дэмжиж магтаал, зэмлэл хоёрыг харамгүй өгдөг бүх үзэгчдэдээ баярлалаа. Та бүхэн үздэг учир бид шинэ зүйл хийх хүсэл тэмүүлэлтэй, өдий зэрэгтэй явж байгаа шүү.

-Жүжигчин мэргэжлийг эзэмшээд хамгийн анх ямар бүтээлд дүр бүтээж байв?

     -Э.Дорждэрэм: Миний хувьд төгсөлтийн дипломын ажлаар “Ёсгүй хатан хаан” гэдэг XV зууны үеийн түүхэн жүжигт тоглож байсан.  Оюутан, дөнгөж 20 настай хүү 65 настай хүний дүр бүтээж байжээ. /Инээв/

    -Т.Нямдаваа: Хамгийн анх “Ахан дүүс” киноны олны хэсгийн зураг авалтад орж үзсэн. Би дүрс авч байгаа камер руу нь харсаар байгаа дуусгасан. Тэгсэн дараа нь эвлүүлэг дээр камер руу байнга харж, авсан бүх дүрс балласан хэрэгт орсон.

     -Э.Дорждэрэм: Чи тэгээд камер руу хараад л байсан юм уу?

    -Т.Нямдаваа: Тиймээ, дараа нь эвлүүлэг хийх болсон чинь урд нь хүмүүс жүжиглээд байдаг, ард нь нэг хүн камер руу нь байнга цоо ширтээд байсан байгаа юм. Тэгээд тэр киноны  ганц, хоёр том дүрсийг “алсан” хэрэгт орсон шүү дээ. 

    -Э.Дорждэрэм: Би тэгвэл “Үхэж үл болно Чингис хаан” киноны үхдэг цэргүүдийн олны хэсэгт тоглож байсан. Тухайн үедээ кинонд тоглоно гэж хөл хөөрцөг болж яваад, халуун наранд сайн зогссон доо.

-Гангстерууд одоо хүмүүсийн яриандаа хэрэглэж байгаа олон трэнд үгийг гаргасан шүү дээ. Олон нийтийн газраар явж байхдаа трэнд үгсээ сонсох ямар байдаг вэ?

   -Ц.Энхтулга: Гоё шүү, бидний хэлж ярьсан зүйлс энэ тэнд сонсогдоод, утасны цаанаас “Ээе” гээд л ороод ирэх бас гоё мэдрэмж шүү дээ. 

    -Э.Дорждэрэм: Хүмүүс хэлж, ярьж байна гэдэг бидний хийсэн зүйл хүнд хүрч байгаагийн шинж учир сэтгэл ханамжтай байдаг.

    -Ц.Энхтулга: Одоо бараг миний нэр байхаа больсон, таньдаг таньдаггүй бүгд л “Ээе, Хоомий” л гэдэг болсон.

   -Т.Нямдаваа:Тэр мэдрэмжүүд хамгийн гоё. Заримдаа такси барих үед жолооч нар “Ээе, манай гангстерууд байна” гээд л зарим нь уран бүтээлийн амжилт хүсээд үнэгүй хүргэж өгнө. Энэ бүгд урлагийн буян юм даа. Бидний сэтгэл зүрхээ зориулж хийсэн бүтээл олон хүнд хүрч байна гэдэг баяр баяслаас олон хүний хөдөлмөр талаар өнгөрөөгүй, бодож, төлөвлөж байгаа зүйл минь байгаа онож байна гэсэн л үг. Одоо өмнөхөөсөө илүү гоё, зөв үлгэр дууриалал болсон, хоногшиж үлдэхээр сайн контент хэрхэн хийх вэ, юуг илүү судлах вэ, ажиглах вэ гээд л уран бүтээлийн байнгын эрэл хайгуул дунд явна даа. 

ГАНГСТЕРУУД БИЧЛЭГИЙН АРД ҮРГЭЛЖ ЭЕРЭГ АГУУЛГА БАЙДАГ

-Та бүхний контентуудыг дэмжиж байгаа ч ёс бус үг хэллэг, буруу үлгэр дууриалал үзүүлж байна гэх шүүмжлэл бас байдаг. Энэ шүүмжлэлд ямар байр суурьтай байдаг вэ?

    -Т.Нямдаваа: Бид хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлэх үйлдэл сурталчилдаггүй, хийдэггүй гэж боддог. Яах вэ, дунд нь гангстеруудын ёс бус цөөхөн хэллэг байгаа. Гэхдээ тэр нь хэтрүүлэгтэй биш. Бид тэр үгсийг хэлж байгаа ч ард нь маш том зөв уриалгыг үлдээдэг. “Хамтдаа хөгжье”, “Гангстерууд хэзээ ч хогоо хаядаггүй юм аа”, “Гангстерууд хэзээ ч нэгнээ ялгаварлан гадуурхдаггүй” гэх мэтчилэн эерэг санаа өгөхийг хичээдэг, зорьдог учир жаахан дүү нартаа муу үлгэр дууриалал үзүүлсэн гэж боддоггүй. Гэхдээ бас олон нийтийн зөв шүүмжлэлийг хүлээн авч, үг хэллэг дээрээ анхаардаг болсон.

-Жүжигчний ажил цаг наргүй байдаг шүү дээ. Тийм учраас эхнэрүүд нь бат арыг нь даадаг байх. Гэр бүлийн гишүүд нь хэр дэмждэг вэ?

    -Т.Нямдаваа: Маш сайн дэмждэг учраас өдий зэрэгтэй явж байна гэж дандаа бодож, баярлаж явдаг.

      -Ц.Энхтулга: Биднийг ингэж зүтгэх боломжоор хангаж, арыг минь бат дааж, санаа зоволтгүй ажлаа хийх цаг хугацаа олгож байгаа аав ээж, эхнэр хүүхдэдээ маш их баярлаж явдаг,  хайртай шүү.

     -Э.Дорждэрэм: Дүрс бичлэг, киноны ажилтай үеүдэд жинхэнэ завгүй байна. Бусад үед нь амарна, бас тэгж байнга завгүй яваад байвал өөрсдөө унана шүү дээ.

    - Ц.Энхтулга: Гэхдээ хааяа завгүй үедээ өглөө хүүхдээ унтаж байхад нь гарч яваад, унтаж байхад нь орж ирдэг. Нэг мэдэхэд хүүхэд том болчихсон байдаг. /Инээв/

-Жүжигчин хүний хувьд бүтээхийг хүсдэг дүр байгаа юу?

    - Т.Нямдаваа: Жүжигчин хүн бүрд хувь хүний амбиц байгаа байх. Миний хувьд өөрт оноогдсон дүрийг сайн аваад гарахыг боддог. Авсан дүрээ сайн гаргахыг хичээдэг. Бидний ах эгч нар “Энэ дүрийг хэрхэн гаргах вэ” гээд одоо ч суралцаж байгаа нь анзаарагддаг. Туршлагатай, том уран бүтээлчид авсан дүрээсээ тэгж сүрдэж байна шүү дээ. Тиймээс бидэнд маш их хөдөлмөр, судалгаа чухал гэдэг нь тодорхой. 

-Ихэвчлэн сошиал трэнд хийдэг хүмүүс хүүхдийг жүжигт дүр бүтээж, ажиллах ямар байгаа вэ?

    -Э.Дорждэрэм: Хэцүү ажил юм байна, том хүн залхсан ч үзээд л байна харин хүүхдүүд залхах юм бол тэгээд үзэх хүнгүй болно. Хүүхдүүдийн анхаарлыг алдуулахгүй татаж, ажиллана гэдэг хэцүү юм байна.

     -Т.Нямдаваа: Бид жүжгээ чанартай болгохын тулд хичээж байна. Нийт 200-400 хүүхдийн анхаарал нэг л төвлөрөхөө больвол  шаагилдаж эхэлнэ. Тэр үед бид жүжгээ тоглох уу, хүүхдүүд шаагилдаад байх уу гэдэг хэцүү болно. Тиймээс жүжигчид, найруулагч гээд олон хүний бэлтгэл, хөдөлмөр маш зөв байх хэрэгтэйг л мэдэрч байна даа. Бас хүүхэд, багачууддаа зориулан дэлхийн сонгодог бүтээлийг бүтээлцэх гэж байгаадаа баяртай байна. Энэ нь бидний мэргэжлийн хувьд хийж чадах зүйл ч манай продакшны хувьд шинэ сорилт байлаа.

-Нэг дүрс бичлэг хэдий хэр хугацаанд бүтэх вэ. Хийгдэж байх явцад болсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал ?

     - Ц.Энхтулга: Санаа нь ч, ер нь бүх юм нь маш богино хугацаанд гарч, хийгдэх дүрс бичлэг байхад яагаад ч болдоггүй бичлэгүүд ч байдаг.

     -Т.Нямдаваа: Дүрс бичлэг хийнэ нэг продакшн, багийн үйл ажиллагаа. Хэд ч хонож болно. Гол нь сайн бүтээл олон нийтэд хүрэх ёстой. 

    -Э.Дорждэрэм: Хүмүүст амархан харагддаг юм билээ. Бид 160 гаруй дүрс бичлэг хийжээ. Олон дүрс бичлэг хийхэд ард нь их юм болсон. Санаанд орж байгаа нь гэвэл Туул голд орж байгаа дүрс авсан. Тэр дүрс бичлэгт аравдугаар сарын эхээр голын хүйтэн усад орсон л доо. Үзэгчдэдээ зориулж байгаа учраас ямар ч бэрхшээлийг давах ёстой, тэр үед бие мэдээгээ алдаад л ирсэн дээ. 

    -Ц.Энхтулга: Эхэндээ орилж байгаад удаан хугацаанд байхаар бие мэдээгээ алдаад ирнэ.

    -Т.Нямдаваа: Уснаас гарах гэтэл хөл хөлдчихсөн хөдөлгөж болдоггүй. 

    -Ц.Энхтулга: Тэр голын усанд байгаа бичлэг дээр энэ хоёрын хөл хэсэг усан дотор байгаа. Тэгсэн би бүтэн усан дотор байж байгаад дээшээ гарна. Нэг яваад болчихгүй дахиад дүрсээ бичүүлнэ гээд тэсвэр тэвчээр шаардсан юм болсон доо. Энэ бол хөгжилтэй гэхээсээ илүү хөдөлмөр, золиосны асуудал юм даа.

-Жүжигчин  мэргэжлийг сонгох гэж байгаа, сонгоод суралцаж яваа дүү нартаа хандаж юу хэлэх вэ?

      -Т.Нямдаваа: Бидний хувьд “Та нар тэгээрэй” гэж хэлэх хэмжээнд хүрээгүй байна. Бид өөрсдөө алдаж, онож яваа залуу уран бүтээлчид. Урлаг гэдэг хатуу хариуцлагатай байж л цааш явдаг нэг талаар хүнд салбар. Арын хаалгаар хүнд таалагдаж, хандалт авах боломжгүй. Үнэхээр урлагт хайртай, дуртай түүнийхээ төлөө явж чадвал урлаг чамд өгөх ёстой бүх зүйлээ өгнө.

      -Ц.Энхтулга: Товчоор бол тууштай, хөдөлмөрч байх хэрэгтэй.

     -Э.Дорждэрэм: Миний хувьд өөр олон ажил хийж үзсэн. Саяхнаас энэ хоёртойгоо нэгдэж ажиллаж байна. Өнгөцхөн бодоод урлагийн сургуульд орох гэж байгаа бол урлаг хатуу шүү гэж л хэлье дээ. 

-Цаг гарган ярилцлага өгсөн та гуравтаа баярлалаа. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

        -Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье.

        Тэд хийж байгаа контент бүрийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, нэг жижигхэн зүйлийг ч төгс байлгахыг хичээж, зорьж яваа зорилготой, мөрөөдөлтэй залуу жүжигчид. Үргэлж гэгээлэг, зөв үлгэр дууриалал үзүүлсэн, хүүхэд, залуусыг байлдан дагуулсан олон сайн уран бүтээлийн эзэд нь, бүтээгч нь байхыг хүсье.   


ГАНГСТЕРУУД: Хүүхэд, багачуудын мөрөөдлийн ертөнцөд гангстерууд нь "Үзэсгэлэнгоо бас Жонон" жүжгээр очиж байгаадаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188