• Өнөөдөр 2024-03-29

Б.ГОМБО-ОЧИР: ДУУЛАХ БОЛ МИНИЙ УХААН БОДОЛ, ЗҮРХ СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ

2022-05-12,   959

       Сайхан юм аа, Дуурь бүжгийн эрдмийн театр гэх сонгодог урлагийн энэ их айл өдгөө өөрт нь ихэд үнэнч, хамаг зүрх сэтгэлээ өгсөн, хэзээ ч урвахааргүй ийм сайхан өв тэгш уран бүтээлчтэй юм гэж түүнтэй ярилцахад хэдэнтээ бодогдож, битүүхэндээ баяр төрж байв.

       Хүн байх ёстой газраа олох шиг сайхан зүйл үгүй болов уу. Тэр үнэхээр Дуурь бүжгийн эрдмийн театрт л байх хүн юм. Тэр дундаа дуурийн гайхам урлагийг түүнгүйгээр хэрхэн төсөөлөх. Ийн бодож, сэтгэл хөглөсөн уран бүтээлч бол Дуурь бүжгийн эрдмийн театр хэмээх буйдхан айлын тайзан дээр өдгөө арав гаруй жил дуулж, Монгол болон дэлхийн сонгодог дуурийн дүрд хувирч, тайзнаа амилуулж, дуурийн урлагийн төлөө ухаан бодол, сэтгэл, хөдөлмөр, зүтгэлээ зориулж яваа ДБЭТ-ийн гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Бямбажавын Гомбо-Очир.

Буржгар үстэй, шавилхан биетэй эл эрхэм ихэд даруу нэгэн бөгөөд харин тайзан дээр дуулахаараа “асаж”, өөрийгөө “ноцоодог” сонгодог уран бүтээлч.

       Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Ж.Вердигийн “Аида” дуурийн Радамес, В.А.Моцартын  “Увидаст лимбэ” дуурийн Тамино, Г.Доницеттигийн “Лучиа ди ламмемур” дуурийн Эдгардо, Норманно, Ж.Пуччинигийн “Чио Чио сан”-гийн Пинкертон, Горо, Ж.Вердийн “Реголлето” дуурийн Дука, Борса, П.И  “Евгений Онегин”-ий Трике, В.А.Моцарт “ДОН Жуан”-ий Дон Оттавиа, В.А.Моцартын “Реквием” дуурийн гоцлол тенор, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн тэнүүлч, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн замын тосуул, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн хятад зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 10 гаруй дуурийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна.

 Тэгвэл Монголын болон дэлхийн сонгодгуудыг сорчлон амилуулдаг эл эрхэм 2016 онд анхны бие даасан “Өвөрмөц” нэртэй тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан бол өдгөө зургаан жилийн дараа ийнхүү “Өвөрмөц-2” тоглолтоо хийхээр товоо зарлаж, хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Түүнийг тоглолтын бэлтгэлтэй ид завгүй үед нь бид ийн ярилцлаа. 

         Бидний яриа түүний бага нас, хэрхэн урлагт дурлах болсон түүхээс эхэлсэн юм. Тэрбээр “Аавын талын ихэнх хүн урлагийнхан. Нэг айлаас таван СТА, нэг МУГЖ цолтой хүн бий гэхээр урлагийн удамтай байгаа биз. Аав минь намайг багад Ховд аймгийн 123 дугаар ангид Хөгжмийн салааны дарга хийдэг, хөгжимчин, удирдаачаар ажилладаг байсан. Намайг сургуульд байхад Ховд аймгийн арван жилийн хоёрдугаар дунд сургуульд Дуу хөгжмийн хичээлийн багшаар ажиллаж эхэлсэн. Аав өөрөө үлээвэр, найрал хөгжмийн талын хүн болохоор, Ховд аймагтаа анхны үлээвэр найрал хөгжмийн хамтлаг байгуулсан байдаг. Мөн хөгжмийн багш болохоор манай гэрт олон төрлийн хөгжмийн зэмсэг байдаг байсан. Мэдээж хүүхэд болохоор бүгдийг нь сонирхож, оролдож үзнэ. Ингэсээр нэг мэдэхэд урлагт хайртай болж, урлагийн замыг сонгосон. Тухайн үед би дуулдаггүй, бүх хөгжмийг тоглочихдог байв. Хамгийн анхны тайлан тоглолтоо сургуулийнхаа урлагийн танхимд хийж, МУГЖ П.Ганбат агсны “Ус мөрөн олон чиг” дууг өөрийнхөө хоолойд тааруулан дуулснаар анх дуулж эхэлсэн” хэмээн урлагт орох болсон эхлэлээ тэр өгүүлж байв. 

  Аав нь түүнийг урлагт хөтөлсөн ч жинхэнэ урлагийн хүн, мэргэжлийн дуучин болгох гарааг МУГЖ Б.Банди,  МУАБ О.Ичинхорлоо нар нь тавьсан гэнэ. Энэ тухай тэр "Анх би СУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа МУГЖ С.Жавхлангийн "Нутгийн салхи" дууны тэмцээнд түрүүлсэн юм. Тэр үед намайг СУИС-ийн багш маань "Б.Банди багшаас зөвлөгөө аваарай" гэсэн. Ингэж л би тэр гайхамшигтай дуурийн том эрхэмтэй багшийн шавь болж, эрдмээс нь суралцаж, дуулах эрдэмд шамдсан" гэлээ. 

-Ж.ВЕРДИГИЙН "АИДА" ДУУРИЙГ ТАВЬСНААР АНХ УДЭТ-Т ОРЖ БАЙВ-  

      Дуурь хэмээх хүний сэтгэлийн утсыг хөндөж, мөнхүү хоолойны чадал чансааг шалгасан эл урлагийг өөрийнхөө өмнө нээхээс өмнө тэрбээр тэр үеийн уран бүтээлчдийн адил нийтийн дуучин болохоор СУИС-ийн босгыг алхаж байснаа нуугаагүй юм. Энэ тухай тэр “Анх Б.Банди багшийгаа ч танидаггүй байв. Тэгээд багш минь надад дуурийн урлаг гэж ямар урлаг байдаг, сонгодог урлаг гэж ямар гайхалтай зүйл болохыг мэдрүүлж, түүнд дуртай, хайртай болгож байсан. Багшийгаа дагаж хичээллэж, дуурийн театраар явж жүжиг хүртэл үзэж явсны эцэст жаахан дөр суусан. Б.Банди багш маань тайзан дээр тоглогдож байсан тенор хоолойтны бүх л дүрд дуулдаг байсан. Тийм гайхалтай хүний удирдлагад суралцсандаа баярладаг” гэв.

       Дуурийн дуучин гэхээр ганцхан тайзан дээр дуулаад л орчихдог хүнийг хэлдэг гэж хэлэх тал бий. Гэтэл тайзан дээр дуурийн дүрийг бүтээдэг юм билээ. Түүнээс "Таны хувьд хамгийн их сэтгэлд хоногшсон дүр аль нь байв" гэж асуухад “Ж.Вердигийн “Аида” дуурийг хамгийн анх СУИС-ийг төгсөөд дипломын ажил болгон Дуурийн театрт тавьснаар Дуурийн театр гэх энэ их айлын гишүүн болж байв. Энэ ч утгаараа эл дуурийн дүрдээ их хайртай байдаг. Дуурь гэдэг олон хүний хөдөлмөр, мөрөөдөл, хүчээр бий болдог бүтээл” гэв.

   Тоглолтын бэлтгэлийнхээ тухай тэрбээр "Нэг тоглолт гаргахын тулд эхлээд би концерт мистер багштайгаа бэлдэнэ. Болжээ гэвэл бусад уран бүтээлчтэйгээ нэгдэн, бэлтгэлээ хийнэ. Түүний дараа удирдаач маань концерт мистертэй хамт бэлтгэлдээ оруулна. Ингээд найруулагч, төгөлдөр хуурчтайгаа өрөлт явна. Дараа нь 50-60 хүнтэй удирдаачтайгаа хамт бэлтгэлээ хийнэ. Хамгийн сүүлд бүх уран бүтээлчтэйгээ хамт тайзан дээр нэгдсэн бэлтгэл хийх гэх мэтээр олон шат дамжлага давж, их цаг, хөдөлмөр, дэг зарцуулж байж дуурийн тоглолт бүтдэг. Нэг тоглолт болоход хоёр, гурван сар ийм маягаар бэлтгэл хийдэг.

       Түүнээс энэ урлагийн чухам юунд дуртай байдаг талаар сонирхохоор “Өдөр бүр ийм давтамжтай байхаар залхмаар санагдаж байсан болов уу” гэж асуухад “Өөрөө дурлаж, хайрласан мэргэжлээрээ, хамгийн хайртай театртаа ажиллаж байгаа болохоор дандаа л баяртай байдаг. Дуурийн театр бол миний хоёр дахь гэр бүл. Дуурийн театраа орхино гэдэг бодол надад хэзээ ч төрж байгаагүй. Харин ч энд байгаа уран бүтээлчдийн хэрхэн хөгжүүлж, үзэгчдийг дуурьт хэрхэн татах вэ гэдгийг бодож, өдөр бүр улам шаргуугаар хичээллэдэг” гэж тэр итгэл төгс хариулна.

        Тэр үнэхээр тоглолтынхоо нэр шигээ өвөрмөц нэгэн юм. Урлаг гэдэг, тэр дундаа сонгодог урлаг гэдэг хүссэн аавын хүүгийн мацах оргил биш. Тэгээд бүр дуурийн дуучин байна гэдэг ховор хувь тавилан. Тэр ийм сонин содон хувь тавилангийн эзэн байж, Монгол болон дэлхийн сонгодогийг сорчлон тайзнаа амилуулж, Дуурь бүжгийн эрдмийн театрт амьдарч, буй биеэрээ дуурийн урлагт шингэсэн нэгэн гэлтэй. Тэр хамгийн анх өөрийг нь урлагт хөтөлсөн, сонгодог урлагт амь амьдралаа өгөх “Аида” дуурийн Радамес шигээ үргэлж цойлж, дотроо, Монголдоо, эх орондоо дуурийн урлагийг хөгжүүлэхээр зүтгэж яваа түүчээлэгч.

    Тэрбээр тун удахгүй тоглогдох “Өвөрмөц-2” тоглолтоороо тэр дэлхийн болон Монгол сонгодог дуунуудыг үзэгчидтэйгээ дуулж, хүмүүсийн хамгийн сайн мэдэх “Аав ээж хоёр минь”, “Жаргаах зүрхэн”, “Ус мөрөн олон чиг”, “Хүний заяа” зэрэг алдартай бүтээлүүдийг нэгэн үдэш жарган дуулна гэж онцлон хэлж байв. Түүний ертөнцөөр аялж, түүнтэй хамт Монгол болон дэлхийн сонгодогийн ай савд автахыг хүссэн нэгэнд түүний өвөрмөц тоглолт өндөр үүдээ нээх гэж байгааг энд дурдъя.

         Түүнээс ханийнх нь тухай асуухад “Манай аав, ээж, ханийн маань аав, ээж найзууд. Тэр ч үүднээс бид биенийгээ олсон. Манай хүн хууль эрхзүй, хүний нөөцийн мэргэжилтэй. За бол за, үгүй бол үгүй гэдэг журамтай. Шударга хэлэхэд, муухан эр хүнээс дээр бүсгүй бий. Миний байнгын зөвлөгч, хамгийн ойрын шүүмжлэгч сайхан эмэгтэй. Бид гурван сайхан хүүхэдтэй. Бага маань ирэх жил сургуульд орно. Анх хотод оюутан болж ирээд л бид хоёр амьдралаа холбосон. Анх бид дуурь үзтэл эхнэр маань хажууд унтаад л, тэгж л дуурийн уур амьсгалыг мэдэрч, дуртай болсон доо" хэмээгээд инээв. Түүнээс "Дуу хуур таны хувьд ямар зүйл вэ" гэхэд “Дуу хуур гэдэг тухайн дуучныг илэрхийлж чадаж байвал тэр дуу хуур юм болов уу гэж боддог" гэв. Амьдралынхаа бүх зорилго, амьсгалах агаар, ухаан бодол, сэтгэл зүрх нь болсон дуу хуурыг тэр ингэж өгүүлж байв. Ярианыхаа төгсгөлд түүнээс “Аав, ээж хоёр минь” гэх гайхалтай уран бүтээлийн бадгаас дуулах санал тавихад тэрбээр тун дуртай хүлээж авч,

Эрдэнээр эрдэнээр уйлаад ч

Эргээд олдохгүй ээж минь

Алтаар алтаар хайлаад ч

Ахиад заяахгүй аав минь гэж дуулснаар бидний яриа өндөрлөсөн юм.

          Тийм ээ, тэр бол үнэхээр сонгодог урлагийн төлөө шатаж яваа залуу уран бүтээлч юм билээ. Түүний дуу хоолойг сонсож, Б.Гомбо-Очир гэж дуурийн нэгэн өвөрмөц уран бүтээлчийн дотоод ертөнц, асан гэрэлтэж, үргэлж унтрахгүй урагшлах хүсэл мөрөөдөлд нь тухлан саатаарай, уншигчдаа. Тэр биднийг "Жаргаах зүрхэн" дуугаар хөглөж, "Хүний заяа"-гаар хөтөлж, дэлхийн дуурийн домогуудтай уулзуулах нь гарцаагүй. Түүний "Өвөрмөц-2" тоглолт дээр бүгдээрээ уулзъя. 


Б.ГОМБО-ОЧИР: ДУУЛАХ БОЛ МИНИЙ УХААН БОДОЛ, ЗҮРХ СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-28 21:43:55
    Зочин: Амжилт!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-12 14:34:42
    Ганаа: Дуурийн сайхан дуучин шүү дуулсан дуурийн болон зохиолын дуу бүгдийг нь сонсох дуртай уран бүтээлийн өндөр амжилт хүсч гавьяат болохыг eрөөe одоо болох тоглолтод нь амжилт хүсьe
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188