• Өнөөдөр 2024-03-29

У.ЭЛБЭГЗАЯА: “Би ертөнц” сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд оролцсноор шинэ зүйл сурч, өөрийгөө сорих боломж бүрдсэн

2022-05-15,   901

              “Отгонтэнгэр” их сургуулийн Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимээс Монгол Улсад сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа нийт оюутны авьяас, чадварыг нээн илрүүлэх, уран бүтээлч хандлагыг төлөвшүүлэх, онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай холбох зорилгоор “БИ ЕРТӨНЦ” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ хичээлийн жилд “Тогтвортой хөгжлийн 17-р зорилтын “Ээлтэй хот, иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд бүтээлийн уралдаан зарласан юм.

              Тус уралдааны Фото зургийг төрөлд “Тэргүүн байр” эзэлсэн У. Элбэгзаяатай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн сэтгүүл зүйн гуравдугаар ангийн оюутан юм.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
 
               -Намайг Ууганбаярын Элбэгзаяа гэдэг. МУИС-ийн СЗОНХТ-ийн гуравдугаар курсийн оюутан. Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулсан “Би ертөнц” сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд гэрэл зургийн төрөлд тэргүүн байр эзэлсэн. Уралдаан зарлагдаж эхэлсэн үеэс нь бүх төрлөөр нь оролцъё гэж бодоод ангийн хүүхдүүдтэйгээ баг бүрдүүлж, оролцох болсон. Би телевизийн нэвтрүүлэг, нийгмийн реклам, гэрэл зураг гэсэн төрлүүдэд бүтээлээ хүргүүлсэн. Гэрэл зургийн төрөлд ганцаараа, телевизийн нэвтрүүлэг болон нийгмийн рекламыг хийхээр багаараа ажилласан. Гэрэл зургийн төрөлд нийтдээ 70 гаруй зураг ирсэн юм билээ.
 
-“Би ертөнц” тэмцээний бүх төрөлд, бүтээлээ хүргүүлсэн байна шүү дээ. Хэрхэн амжуулж, ард нь амжилттай гарч чадсан бэ?
                 -Тэмцээн зарлагдсан байхыг хараад багаа бүрдүүлээд, төлөвлөөд эхэлсэн. Яг ямар төрлүүдэд нь орох вэ гэдгээ тодорхой болгоод, оролцсон. Нэг их хэцүү зүйл байгаагүй. Мэргэжлийн хичээлүүд дээр өмнө нь сурсан зүйлүүд их нөлөөлсөн. Мөн хичээлийн хүрээнд бодсон сэдэв, агуулгаа улам сайжруулан оролцох боломжийг бүрдсэн. Анхнаасаа нэгэнт л оролцох төрлүүдээ тодорхойлсон учир ухрах гэсэн ойлголт байхгүй. Бүгдийг зохицуулаад оролцоно гэсэн бодолдоо тууштай байж чадсан.
-Өмнө нь мэргэжлийн чиглэлээр зохион байгуулсан тэмцээн, уралдаануудад орж байв уу. Энэ удаагийн тэмцээн юугаараа онцлог байсан бэ?
               -“Алтан үзэг” гээд сэтгүүл зүйн мэргэжлээр суралцагсдын дунд зохион байгуулагддаг шилдэг бүтээл шалгаруулах том арга хэмжээнд орж байсан. Нийтлэлээс бусад төрөлд бүтээлээ хүргүүлсэн. Мөн л ангийнхаа хүүхдүүдтэй баг болж оролцсон. Тэгээд мультимедиа, нийгмийн рекламын төрлүүдэд амжилттай оролцож чадсан. Мөн телевизийн нэвтрүүлэг маань үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр шалгарсан. “Алтан үзэг” тэмцээнд орсон туршлагаа ашиглаж, “Би ертөнц”-д бүтээл хийж, оролцохоор шийдсэн. Миний бодлоор  өөрийгөө дахин нэг сорих боломжийг өгсөн. Мэргэжлийн хичээлээ үзээд, сонссон зүйлээ бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжийг оюутнуудад олгосонд таатай байгаа. Ямар ч тэмцээнд оролцоод түрүүлэх нь чухал биш. Харин бүтээл хийх явцдаа нэг зүйл шинээр сурах нь чухал гэж би боддог. Цаашдын ажиллах чиг баримжаагаа олж, өөрийнхөө юуг чадаж байгаагаа харах, дүгнэх зэрэг олон давуу талтай санагдсан. Мөн шалгарсан оюутнуудад мэргэжлийн байгууллагуудад ажиллах санал өгсөн нь маш том урам болсон гэж бодож байна.
-Чиний хувьд гэрэл зургийн төрөлд “Тэргүүн” байр эзэлж, МРА агентлагаас ажлын байрны санал авсан. Оюутнууд суралцангаа мэргэжлээрээ ажиллахыг юу гэж боддог вэ?
                  -Ер нь орчин үеийн сэтгүүлчид олон төрлийн ур чадвартай байх ёстой болоод байгаа. Тэмцээнд оролцох нь эдгээр ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой байх. Хичээлээ зүгээр сонсоод суух биш сонссон, мэдсэн шинэ зүйлүүдээ бодитоор хэрэгжүүлэх боломж олдож байгаа юм. Суралцангаа давхар ажиллана гэдэг олон давуу талтай. Үеийн хүүхдүүдээс илүү ур чадвартай болохын сацуу, мэргэжлийн үнэ цэн, ажлын байран ямар байдаг гэх мэт зүйлийг өөрийн биеэр үзэх, мэдрэх нь ирээдүйд илүү сайн сэтгүүлч болох бат бөх суурь болж байгаа юм. Надад гэрэл зургийн MPA агентлагт ажиллах санал тавьсан. Одоогоор хичээл амрах дөхөөд ачаалал ихтэй болохоор уулзаагүй. Амралт эхлээд, дүнгээ гаргуулчихаад ажиллах бодолтой байгаа. Оюутнууд зун болохоор цагийн ажил, зөөгч, туслах гэх мэт олон ажил хийдэг. Мэргэжлийн хүрээнд ажиллах нь тун ховор. Учир нь их сургуулиа төгсөөгүй болохоор хүлээж авах газар байдаггүй. Суралцах хугацаандаа ажиллах боломж олдоно гэхэд ховорхон тохиох зүйл гэж бодож байна.
-Тэргүүн байрт шалгарсан гэрэл зургийнхаа талаар яриа дэлгээч?
            -Түрүүлсэн зургийг "Чөлөөт цаг” гэж нэрлэсэн. Телевизийн нэвтрүүлэг хийх гээд Шаргаморьт руу явсан юм. Аль болох явган хүний замгүй газарт очих төлөвлөгөөтэй байсан. Тэгсэн бараг машины зам байхгүй, шороон зам байсан. Тэнд явган хүн, хүүхдүүд, машин гээд бүгд нэг замаар явж байгаа нь анзаарагдсан. Зам дээр яваа жаахан хүүхдүүд дайруулчих гээд, маш эрсдэлтэй харагдсан. Тэр үеийн дүрслэлийн өөртөө хадгалж үлдсэн байсан. Тэр зургаараа тэргүүн байр эзэлсэн.
 
-Шилдэг бүтээлээр шалгарсан гэдгийг хэрхэн мэдэв. Хэр догдолсон бэ?
             -Шалгарсан бүтээлийг хийсэн оюутнуудад шагнал гардуулахын өмнөх өдөр ОТИС-аас надтай утсаар холбогдсон. Тэгээд “Маргааш, өөрийн биеэр ирээрэй” гэсэн. Тухайн үедээ яг баттай хариу өгөөгүй. Ямартай ч  ирээрэй гэсэн болохоор тусгай байрт шалгарсан юм болов уу гэж бодож байсан. Өмнө нь ямар нэгэн байр эзэлсэн гэх мэдээлэл огт байгаагүй. Шалгарсан эсэхээ мэдэхгүй яваад очсон л доо. Очоод л гэрэл зургийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан гэдгээ мэдсэн. Өөр оролцсон төрлүүд нь байр эзлээгүй. Зөвхөн гэрэл зураг маань түрүүлчихсэн байсан. Тэгээд цаашдаа энэ чиглэлээ хөгжүүлбэл чадах юм байнадаа гэсэн урам авсан.
 
-Өмнө нь гэрэл зураг авдаг байсан уу?
             -Ер нь зураг дарах сонирхолтой байсан. Фото сэтгүүл зүй гэдэг хичээл үзээд, мэдэхгүй зүйлсээ мэдэж авсан. Өмнө нь ихэвчлэн зохиомжит зураг авдаг байсан. Харин сэтгүүл зүйд бодит байдлыг гэрэл зургаар дамжуулах ёстой байдаг учраас  эрс өөр байсан. Өөрийгөө чадахгүй байна гэж гололгүйгээр хичээвэл болохгүй зүйл байхгүй юм байна гэдгийг ойлгосон доо.
-Яагаад сэтгүүлч болохыг хүссэн юм бэ?
                   -Арван жилд сурдаг байхдаа л сэтгүүлч болно гээд шийдчихсэн байсан. МҮОНРТ-ийн хүүхдийн редакцын сургалтад сууж байсан. Үүнээс үүдэлтэй хүүхдийн нэвтрүүлэг хөтлөх дуртай болчихсон байсан. Тэгээд л энэ чиглэлийн хүн болох ёстой юм байна гээд судлаад сэтгүүлчийн мэргэжлийг сонгосон. Өнгөрсөн зун анхны дадлагаа хийсэн. Өөрийнхөө сайжруулах шаардлагатай сул талуудаа анзаарсан. Илүү хурдтай, үр дүнтэй, бусдаас хамааралтай биш хийх зүйлсээ бүгдийг нь өөрөө хийчихдэг бие даасан сэтгүүлч болохыг хүссэн.
 
-Дадлага хийгээд мэргэжлээрээ ажиллахад ямар байсан бэ?
             -Цаашид ажиллах өөрийн чигийг илүү тодорхой болгож чадсан. Миний хувьд сонины хүн биш гэдгээ мэдэрсэн. Өөрийн хүсэл, сонирхол ур чадвараа өдөр тутамдаа хөгжүүлэх газарт ажиллана гэсэн бодол төрсөн шүү. Спортын сэтгүүлч болохыг битүүхэн хүсдэг. Манай үеийн залуус  ихэнх нь видео сайтад ажиллахыг зорих болсон. Энэ нь цаг үе, хурд зэргээс хамаарах байх. Харин миний хувьд телевиз эсвэл видео сайтад ажиллах бодолтой байдаг. Хамгийн гол шалгуур нь гэвэл уламжлалт тогтсон хандлагаа тулгадаг биш чөлөөтэй ажиллах боломжоор хангаж, шинэ зүйл санаачлахад дэмждэг тийм л газар ажиллана даа.
-Таван жилийн дараах Монголын сэтгүүл зүй ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

              -Барууны сэтгүүл зүй гэдэг шиг Монголын сэтгүүл зүй өөрийн гэсэн өнгө, төрхийг бүтээчихвэл гоё. Сэтгүүлчид нь зөвхөн бичдэг биш хөрвөж ажилладаг. Шаардлагатай бүх ур чадварыг эзэмшсэн супер хариуцлагатай, Оюуны өмчийн тухай хуультай эсвэл, мэдээллийг хуулбарлах тал дээр илүү тодорхой системтэй болчихвол зүгээр. Бичсэн мэдээгээр нь сэтгүүлчийг дүгнэдэг биш бүтээмжээр нь тодорхойлдог байгаасай гэж хүсдэг. Эдгээрийг богино хугацаанд төгс шийдвэрлэх боломжгүй, магадгүй таван жил ч багадах байх. Гэхдээ одоо үеийн залуус сэтгэлгээнд ч тэр, ажлын байран дээр ч тэр олон зүйлд эерэг өөрчлөлт хийж чадна гэж бодож байна.

 
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье. 
 
       -Баярлалаа.
 
 


У.ЭЛБЭГЗАЯА: “Би ертөнц” сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд оролцсноор шинэ зүйл сурч, өөрийгөө сорих боломж бүрдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-15 12:14:45
    Irgen: Us turj yavaa zaluugaas zovshoorol avn bzde. Ugui bol evgui shde. Ene zurag tegd Chuluut tsag gdg nettei yumuu, yaagaad?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-15 12:14:44
    Irgen: Us turj yavaa zaluugaas zovshoorol avn bzde. Ugui bol evgui shde. Ene zurag tegd Chuluut tsag gdg nettei yumuu, yaagaad?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188