• Өнөөдөр 2024-03-29

Л.МӨНХЗАЯА: Хэний ч төсөөлөөгүй “тансагхан” амьдрал Монголд оршдог

2022-04-17,   960

      Эргэлт.мн мэдээллийн сайт “Өөрөөс нь” булангийнхаа энэ удаагийн дугаарт Италид сурсан мэдлэгээ эх орондоо үндэслүүлэхээр зорьж буй уран бүтээлч Л.Мөнхзаяаг онцолсон юм. Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд тууштай, үнэнч байж чадвал төсөөлснөөс ч илүү боломж эргэн тойронд байдаг гэдгийг  батлан, харуулсан хэрсүү нэгэн юм. Ингээд элдэв маяггүй, энгийн хэрнэ даруухан түүний чамин яриаг уншигч таны өмнө дэлгэе.
 
-Сайн байна уу. Сайхан хаваржиж  байна уу. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
 
               -Сайн байна уу. Намайг Л.Мөнхзаяа гэдэг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн багш, зураач мэргэжилтэй. 2014 онд Итали улс руу сурахаар явсан. 2021 оны найман сард эх орондоо ирсэн. Сурч байх хугацаандаа “Эх орондоо очоод гоё байгальтай газар, дуртай зүйлээ хийж амьдарна” гэж ярьдаг байлаа. Тэр хүслээ одоо биелүүлээд амьдарч байна.
 
-Та бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?
 
           -Би айлын долоон хүүхдийн, зургаа дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Архангай хангай аймагт төрж, өссөн. Ерөнхий боловсролын сургуулиа  Эрдэнэтэд төгссөн. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд МУБИС-ийн Дүрслэх урлаг дизайны ангид зураач мэргэжлээр суралцаж, төгсөөд хэсэг хугацаанд дизайнераар ажилласан. Бага байхын л биеийн тамир, зургийн хичээлдээ сайн хүүхэд байсан. Аав минь барилгын салбарт ажилладаг хүн байсан юм. ОХУ-д мэргэжил эзэмшсэн хүн учир орос хэлтэй, хүүхдүүддээ дэлхийн улс орнуудын талаар олон сонирхолтой зүйлийг ярьдаг гайхалтай хүн байсан. Харин ээжий минь эмнэлгийн сувилагч хийдэг байлаа. Намайг багад аав минь хүний зураг зурдаг байсан. Би хэзээнээс ч юм бүү мэд хажууд нь суугаад гар, хөл, гутлыг нь зурдаг болчихсон. Эд хөрөнгөөр баян биш амьдралыг туулсан ч сэтгэлээр дутаж байсан удаагүй. Олуулаа ч гэсэн халуун, дотно. Нэг нэгэндээ амь. Гэрээсээ хамгийн муу сурлагатай нь би байсан. Ах, эгч нар маань бүгд онц авдаг байсансан.
 
-Дотооддоо их сургуульд сурчхаад яагаад гадагшаа сурахаар болсон юм бэ?
 
           -Өмнө нь огт гадагшаа сурна, явна гэж боддоггүй байсан. Их сонирхолтой, бүх зүйл нь цаанаасаа бүтээд байсан л даа. Би Монголд мэргэжил эзэмшчихээд яагаад ч юм бүү мэд, дутуу сурчихсан юм санагддаг байсан. Их сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд  мэргэжлээрээ ажилласан. Одоо хэрнэ тасралтгүй график дизайнераар ажилладаг. Олон ч хүмүүстэй хамтарч ажиллаж үзсэн. Тэдний итгэлийг алдалгүй түншлэл бий болгосон.  Яахав, тухайн үеийн нөхцөл байдал  гадагшаа сурна гэхэд хэн ч итгэмээргүй байсан. Олон хүүхэдтэй айлын хүүхэд, сургалтын төлбөрөө төлөх боломж ховор гэх мэт олон шалтгаан байсан. АНУ-руу явж сурна гэж бодоод, хэлний шалгалт хэд хэдэн удаа өгөөд дундаж байгаа гэдгээ мэдчихээд  урсгалаараа яваад л байсан. Тэгсэн хөөцөлдөж явсан сургуулийн маань төлбөр нь 36000 ам.доллар гэхийг сонсоод, энэ мөнгийг би өөрөө л олох ёстой яах вэ гэж зөндөө бодсон. Тэгээд, миний давуу тал юу байна. Яаж ашиглах вэ гээд. Ерөөсөө л өөрийн үзэсгэлэнгээ гаргая. Үзэсгэлэндээ зориулаад 36 зураг зураад, нэгийг нь 1000 ам.доллароор худалдана гэж тооцоолоод үзэсгэлэнгээ гаргасан. Хөөцөлдөөд явж байхад хүмүүс “Чиний зураг хэзээ ч ийм өндөр үнээр борлогдохгүй ээ, боль” гэх зэрэг үг хэлж сэтгэл гонсойлгосон үеүд зөндөө байсан. Тэгсэн ч бууж өгөлгүй өөрийнхөөрөө зүтгээд 2013 оны гурван сараас бэлдээд, аравдугаар сард үзэсгэлэнгээ гаргасан. Хамгийн гайхамшигтай нь гэвэл 12 зураг маань зарагдчихсан. Төлөвлөснөөс бага  зарагдсан ч гэсэн, бүтэж буйд нь баяртай байсан. Гадагшаа л явж сурахын мөрөөдөл болчихсон бичиг баримтаа хөөцөлдөөд явж байхад хамт ажилладаг байсан охин маань Италид сурахаар явсан гэдгийг мэдсэн. Надтай холбогдож, мэдээлэл өгөөд, би ч гэсэн “Очоод, уулзаад үзье” гэж шийдээд Монгол Италийн төвийг мэддэг болсон. Өмнө нь огт тооцоолоогүй байсан, Италийг судлах шаардлагатай болов. Үнэ, тэтгэлэг зэргийг АНУ-тай харьцуулбал илүү боломжийн санагдаад явахаар шийдсэн түүхтэй. Яагаад ч юм бүх цанаасаа бүтээд байсан./Инээв/
Үзэсгэлэндээ зориулаад 36 зураг зураад, нэгийг нь 1000 ам.доллароор худалдана гэж тооцоолоод үзэсгэлэнгээ гаргасан. Хөөцөлдөөд явж байхад хүмүүс “Чиний зураг хэзээ ч ийм өндөр үнээр борлогдохгүй ээ, боль” гэх зэрэг үг хэлж сэтгэл гонсойлгосон үеүд зөндөө байсан. Тэгсэн ч бууж өгөлгүй өөрийнхөөрөө зүтгээд 2013 оны гурван сараас бэлдээд, аравдугаар сард үзэсгэлэнгээ гаргасан. Хамгийн гайхамшигтай нь гэвэл 12 зураг маань зарагдчихсан.
 
-Италид очсон анхны сэтгэгдлээс хуваалцвал?

 -Чамд хүсэл мөрөөдөл байдаг бол түүнийгээ биелүүлэхэд заавал баян байх шаардлага байхгүй-

            -Монголд олон ажил хийсэн болохоор гадаадад очоод алзахгүй байх гэж дотроо бодож байсан. Бодит байвал дээр миний өмнө нь туулж өнгөрүүлсэн зүйл юу ч биш байсан юм билээ. Италид ирээд л жинхэнэ амьдралтай нүүр тулсан. Эх орондоо ямар жаргалтай амьдардаг байсан юм бэ гэж бодох үе байсан. Анх ирчхээд үнэрт нь дасахгүй, ерөөсөө л болохгүй байгаа юм шиг мэдрэмжтэй өдрүүд байсан. Эхний хоёр жил хэлний асуудалтай нүүр тулсан. Хичээлээ хагас, дутуу ойлгож, илэрхийлэх чадамж муу байгаагаа мэдэрсэн. Харин дараагийн жилээс нь багш нарын яриа, ойлгогдоод, дасаад эхэлдэг юм билээ. Би одоо ч хүүхдүүдэд хэлдэг “Боломж олдвол гадагшаа яваад, ямар байдгийг мэдрээд сураад ирээ” гэж. Хүн тав тухтай бүлээсээ гарч байж л илүү олон боломж байдгийг мэдэх учраас, өөрийгөө одоо байгаа шигээ үргэлж ийм байхаар төсөөлөлгүй, ирээдүйд өөр байхаар харах хэрэгтэй. Миний хувь хүний үзэл бодол “Бусдад төвөг болчихгүй, өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг”  байхыг хичээдэг. Тийм болохоор би Италид сурахдаа  гэрийнхнээсээ болон эргэн тойрны хүмүүсээсээ тусламж аваагүй. Өөрийнхөө ажиллаж олсон мөнгөөрөө ирж байсан. Энэ нь яг юу гэх гээд байна вэ гэвэл. Чамд хүсэл мөрөөдөл байдаг бол түүнийгээ биелүүлэхэд заавал баян байх шаардлага байхгүй. Надад ямар боломж байна гэдгээ олчихвол, бүх зүйлийг даван гарч чаддаг гэдгийг би ойлгосон.
 
-Таны сурсан сургуулийн онцлох зүйл нь юу байв?
 
       -Итали, Перужиа хотын Дүрслэх урлагийн академид суралцсан. Монгол оюутнууд ховорхон байсан. Итали бол урлагийн их өвийг тээгч, бүтээгч улс. Энэ улсад суралцаад, олон зүйлийг өөртөө шингээгээд, өөрийгөө сорих боломж олдсонд баярладаг. Монголд сурч байхад миний хийсэн зүйл багшид таалагдаж байвал сайн гэсэн үнэлгээ авдаг. Харин Италид Мөнхзаяа гэдэг хүн ямар зүйл зурахыг хүсэж байна гэдгийг анзаардаг. Энэ хоёрын хооронд маш том ялгаа байгаа юм л даа.
 
-Гадаадад боловсрол эзэмшсэн хүн хөдөөгийн буйдхан суманд ирж багшаар ажиллана гэдэг гайхмаар сонголт шиг санагдаж байна. Яагаад заавал хөдөө багшлахыг хүссэн юм бэ?
 
        -Италид сурч байхын л эх орондоо очоод сайхан байгальтай газар очоод, сурсан зүйлсээ хүүхдүүдэд заана гэж боддог байсан. Хүмүүс гадаадад сураад, эх орондоо ирэхээрээ эрс өөрчлөгддөг. Түүний нэгэн жишээ нь  тав тухтай оффис, өндөр цалин, нэр хүндийг хүсээд байх шиг санагддаг. Харин миний хувьд өөрийн мэдсэн зүйлсээ бусдад хэлж, заахыг хүссэн. Нийгмийн нийтлэг зүйлээс ялгаатай болохоор гайхаж байж магадгүй юм. Гэхдээ сайн бодоод үзвэл би энд хүссэнээрээ амьдрах бүх боломжийг хангалттай бүрдүүлж чадаж байгаа. Хаана ч байхгүй үзэсгэлэнтэй байгаль, сурсан зүйлсээ хуваалцах сурагчид, ажлын зав чөлөөгөөр урлах бүтээлүүд гээд хэний ч төсөөлөөгүй орчинд нууцхан “тансагхан” амьдрал энд оршиж байгаа юм. Би олон хүнд танигдахыг хүсдэггүй. Зүгээр л төлөвлөсөн зорилгуудаа биелүүлэхийг хичээдэг хүн л дээ. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг дэндүү сайхан.  Анх намайг багшилж байхад “Багшаа та хэзээ явах вэ” гэдэг байсан. “Би явахгүй ээ” гэж хэлэхээр нэг л итгэлгүй харцаар хардаг байсан. Одоо л тэд минь  намайг явахгүй гэдэгт итгэж байх шиг байгаа юм.  Бас нэгэн сонирхолтой зүйл нь гадагшаа сурахаар явж байхад нэг хүн ч санаа зовоогүй хэрнэ эх орондоо ирээд суманд амьдарч байхад “Хөдөө хэцүү шүү дээ” гэх зэргээр санаа зовсон хүн олон байсан. Үнэхээр гайхмаар санагдсан шүү. /Инээв/
-“Италид сурахаар ирсэн залууст сайн дураараа туслахаар, энэ хүн яг ямар бодолтой байна гэсэн хандлагатай байдаг” гэж ярьж байсан. Энэ талаар тодруулбал?
 
          -Монгол хүний сэтгэхүйд өөрт нь заавал ашигтай байж бусдад тусалдаг гэсэн ойлголт суусан байдаг юм шиг санагдсан. Энэ бол зөвхөн нэг удаагийн үйлдлээр дүгнэсэн зүйл биш. Италид байхад, Монголд ирсэн ч гэсэн ийм хандлага ажиглагдаж байна. Заавал надад ашигтай байж бусдад тусалдаг байх ёстой юм шиг ханддаг. Үнэндээ бол ямар нэгэн бодолгүйгээр сайн санаагаар тусалж байдаг. Италид би эхний жил хэл мэдэхгүй, зөвлөгөө өгөх хүн байхгүй учраас хүндрэлтэй зүйлс их байсан. Тэгээд дараа жилээс нь ирсэн оюутнуудад тусалдаг байсан. Эхэндээ гайхна, “Яагаад надад ингэж сайн хандаад байна” гэж боддог байх. Сүүлдээ ямар ч мөнгө төгрөг, ашиг харалгүй тусалж байгааг ойлгодог. Гадаад хүмүүст тусалбал баярладаг. Гэтэл монгол хүн “Энэ яг яах гээд байгаа юм болоо гэсэн” байр суурьтай байдаг. Энэ бол илт мэддэгдэг юм билээ.
 
-Хэрэв нууц биш бол та ойрын зорилгоосоо хуваалцвал?
 
        -Миний бүх зүйл төлөвлөгдсөн байдаг. Ер нь бүх зүйлээ маш сайн төлөвлөсөн, түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж амьдардаг. Төлөвлөсөн зорилго гэвэл нэр алдартай болох, баян болох гэх зэрэг зүйлс огт байхгүй. Урт хугацаандаа хийж болох уран бүтээлчийн болон хувь хүний амьдралыг энгийн хэрнэ аз жаргалтай болгох зүйлсийг төлөвлөдөг. Хамгийн ойрын зорилго гэвэл зарим сумдаас “Манай сургуулийн хүүхдүүдтэй уулзаж үзээч” гэсэн газрууд цөөнгүй байгаа. Ажлаа хийнгээ хажуугаар нь сумуудын хүүхдүүдтэй уулзах хүсэлтэй байгаа. Мөн би таван жилийн дараа өөрийн үзэсгэлэнг гаргана, одооноос бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Ном бичнэ гээд төлөвлөсөн, зорьсон зүйл их бий. Энэ бүхнийгээ л бодит болгох нь миний хамгийн чухал зүйл. Миний эргэн тойрны хүмүүс миний хэлсэндээ хүрдэг занг андахгүй шүү дээ. “За би хийнэ” гэвэл яг л хийдэг төрлийн хүн л дээ. Тэр зан минь ч намайг өөрийнхөө зорьсон зүйлдээ хүрэхэд нөлөөлдөг байх гэж боддог.
 
-Италид долоон жил сураад, эх орондоо ирээд удалгүй Булган аймгийн Хутаг-Өндөр суманд багшлахаар болсон гэсэн. Гэр бүлийнхэн тань ямар байр суурьтай байдаг вэ?
 
           -Манай гэр бүлийнхэн  намайг дэмждэг. Яагаад энд ирэхээр болсон бэ гэвэл байгаль нь таалагдаад ирсэн. Тэгээд л сургуулийн захиргаатай холбогдоод багшилж болох эсэхээ асуусан. Бүх зүйл маш хурдан бүтчихсэн. Энд ирж амьдарч, сурагчдад багшлахыг хүссэн минь зөвхөн миний шийдвэр байсан. Манай ээж Эрдэнэтэд амьдардаг. Ажлын таван өдөр ажлуудаа амжуулчхаад, амралтын өдрөөр ээж дээрээ очиж охины үүргээ биелүүлчихдэг. Ер нь бүх зүйлийг стрессгүй, хялбархан шийдвэрлэчихдэг зантай. Тэр нь ч амар байдаг.
 
-Тантай ярилцаж байхдаа би нэг зүйлийг анзаарлаа. Та өөрийн зорилгодоо тууштай тэмүүлдэг хэрсүү нэгэн бололтой. Яаж ийм хүчирхэг, хэрсүү байна вэ?
 
          -Хувь хүний хандлага байх. Би чинь сайхан инээгээд л асуудал тулгарвал бүтэх талаас шийдвэрлэх гэж зорьдог. Ер нь бүтэхгүй нь , чадахгүй нь гэж боддоггүй. Сайн анзаарвал асуудлын гарц шийдэл байж л байдаг. Бид л заримдаа яарч сонголоо хийдэг болов уу гэж боддог. Яг үнэнийг хэлэхэд надад бусдаас ялгараад байх зүйл ховорхон. Гадаадад боловсрол эзэмшсэн, мундаг хүн гэхээс илүүтэй зүгээр л тууштай байж чадсан хүн гэж харвал амьдралд ойрхон. Хүмүүс дийлэнхдээ боломж бүрдэхийг хүлээдэг. Харин би эсрэгээрээ. Миний гадагшаа явсан түүх ч гэсэн надад ямар ч боломж байхгүй байхад давуу талаа ашигласан болохоор л явсан. Одоо миний хэрэглэж буй компьютерыг  зургаа дахь жилдээ ашиглаж байна. Энэ нь, хийхийг хүссэн зүйлээ хийхэд хангалттай байгаа учраас надад өөр шинэ зүйл хэрэггүй. Үүнтэй адил заавал нэг зүйлийг хийхийн тулд баян айлын хүүхэд байх албагүй. Зүгээр л хийе, бүтээе гэсэн хандлагатай байвал бүтэхгүй зүйл байхгүй байх.
 
-Сүүлийн үед залуус гадаадад амьдрахыг илүүд үзэх болсон. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
 
       -Хэрэв явахыг хүсэж байвал, явж үзээд жинхэнэ амьдралтай нүүр тулсан нь дээр гэж хэлнэ. Энд залуус амьдрахад хэцүү байна, боломжгүй гэж ойлгоод гадагшаа явдаг. Гэтэл очоод үзтэл тэнд нь Монголд байснаас хэцүү байхыг үгүйсгэхгүй. Тиймээс залуу байгаа дээрээ сурах зүйлээ хангалттай сурах нь чухал. Харин сураад болчихвол, тэндээ үлдэх бус эх орондоо ирж сурсан зүйлийнхээ үр дүнг гаргаасай гэж би хүсдэг. Гаднын улсад боловсрол эзэмших нь олон давуу талтай ч сул тал байдаг. Тиймээс хэрвээ сурах зорилго тээж, алс холын газрыг зорьж байвал умартаж болохгүй шүү гэдгийг хэлмээр байдаг. Сурахад  хэзээ ч оройтдоггүй юм билээ.
 
-Үнэт цагаа зарцуулан, бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
 
         -Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.
 
 

Л.МӨНХЗАЯА: Хэний ч төсөөлөөгүй “тансагхан” амьдрал Монголд оршдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-17 21:49:07
    Малчин: Ёстой мундаг. Амжилт хүсье. Монголчууд энэ охин шиг л байвал болчихно. Хий хоосон од болохыг мөрөөдөхийн оронд өөрөө өөрийгөө болгоод сэтгэл хангалуун амьдрах.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-12 22:34:35
    Зочин: Зорилготой тууштай бүтээлч Хамгиин чухал нь амьдралыг зөв таньсан Маш зөв хандлагатай энэ цаг үед ховордсон бүсгүй бна МНВ р нэвтрүүлэг нь гарсан Мундаг шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188