• Өнөөдөр 2024-04-25

Б.ХАЛИУН: Бүжиг бол миний амьдралын салшгүй хэсэг

2022-04-05,   1628

        Эргэлт.мн мэдээллийн сайт "Өөрөөс нь" булангийнхаа энэ удаагийн дугаарт “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагч, бүжигчин Б.Халиуныг урьж оролцуулсан юм. Тэрбээр ур чадвараа бусадтай хуваалцаж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, залуу хүн хичээвэл боломж үргэлж байдгийг батлан харуулж буй уран бүтээлч билээ. Ингээд түүний ярилцлагыг уншигч танд хүргэе.
 
-Сайн байна уу, та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
 
           -Сайн байна уу. Намайг Б.Халиун гэдэг. СУИС-ийг бүжигчний мэргэжлээр төгссөн. "Moon dance" хамтлагийн бүжигчин, "Royal dance" бүжгийн клубийн багш, залуу уран бүтээлч.
 
-Нөхөртэйгөө танилцсан мөчөө дурсвал?
 
          - Бид хоёр бүжгээр холбогдож танилцсан. Манай нөхрийг Эрдэнэ гэдэг. 2014 онд би "Moon dance" хамтлагийн анхны бэлтгэл дээр очоод, танилцаж байсан. Тэрнээс хойш дэлхийн аваргын тэмцээнд яваад, нэгнээ илүү сайн таних боломж олдсон. Манай хүн олон төрлийн авьяастай, маш хариуцлагатай. Нөхрийн маань үндсэн мэргэжил нь эрх зүйч, сонирхол, ур чадвараа хөгжүүлээд одоо бүжгийн спортоор хичээллэдэг. Эрх зүйч мэргэжилтэй ч гэр бүлийнхэн нь урлагийн хүмүүс учраас дуулж, бүжиглэх сонирхолтой. Харин манай гэр бүлийнхний хувьд урлагийн салбарт ажилладаггүй ч, урлагийн авьяастай хүмүүс байдаг. Анх нөхрийгөө хараад төрсөн сэтгэгдэл гэвэл нүдэнд дулаахан, даруухан залуу гэж харж байсан. Одоо бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Өдөр тутамдаа хамтдаа суралцаж, хөгжиж, мөрөөдөж, хөдөлмөрлөж, амьдралын үнэ цэнийг бүтээлцэж байгаадаа баяртай байдаг.
 
-  Та хоёр саяхан “Хавар ирлээ” гэсэн анхны клипээ гаргасан шүү дээ. Дуу бүтсэн түүхээс хуваалцвал?
 
       - Бид өмнө нь өөр дуунуудыг коверлож дуулж байсан. “Хавар ирлээ” дуу бол манай нөхрийн зохиосон дуу. Өмнө нь дуулдаг байсан юм билээ. Би мэддэггүй байсан. Оюутан болохоосоо өмнө хип поп төрлийн стильтэй, дуучин байж. Тэр чадвараас нь үүдэлтэй энэ дуу бүтсэн. Аяыг нь сэргээж, өөрчилсөн. Үгийг нь манай нөхөр бичсэн. Дууны утга санаа гэвэл хавар болж, хайр ирлээ  гэх санааг илэрхийлэхийг хүссэн. Энэ бол бид хоёрын анхны уран бүтээл, тэр ч утгаараа маш нандин санагдаж байгаа. Нэг хоногийн дотор 100 гаруй мянга давсан үзэлттэй байсан. Хүмүүс урмын үгээр мялааж байгаад баяртай байна.
 
-Бүжигчний мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?
 
         - Арван жилд охид “Эмч, хуульч болно” гэдэг байсан. Харин миний хувьд эгчийгээ дууриадаг байсан. Манай эгч байгаль, экологийн чиглэлийн мэргэжилтэй хүн байдаг. Би ЭЕШ-аа өгчихөөд эгчтэй адилхан мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан. Тэгсэн манай эгч “Чамд бүжигчний мэргэжил илүү тохирох байх, шалгуулаад үз” гэж хэлсэн. Би ч шалгалтаа өгөөд тэнцсэн. Давхар ШУТИС-д хүсэлтээ илгээчихсэн байсан. Тэгээд шалгуулах өдрөө андуурч очоод орж чадаагүй.  Тэгээд “Би угаасаа л бүжигчин болох юм байна“ гэж бодсон. Одоо бодоход хөгжилтэй санагддаг юм. /Инээв/
 
 
-Бүжигчнээс өөр мэргэжил эзэмшсэн бол гэж боддог уу?
 
           -Хувь хүний онцлог байгаад байх шиг санагддаг. Миний хувьд өөрийгөө бүжигчнээс өөр мэргэжил эзэмшээд явж байна гэж огт бодож байгаагүй. Яагаад гэвэл би бүжиглэх дуртай. Энэ спортод чинь сэтгэлээсээ дурласан хүн болохоор ухарч, няцах боломжгүй. Зөвхөн урагшаа л зүтгэх зам бий. Энэ бодлыг батлах нэг зүйл бол манай нөхөр. Зөв үед намайг хурцалж, алдаа дутагдлыг минь ойлгуулж, хүчирхэг болгодог тэр хүн байгаа учраас өнөөдөр би энд байгаа болов уу гэж боддог. Монголчууд “Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй” гэдэг шиг би ганцаараа байсан бол энд байх эсэхдээ ч эргэлзэж байна. Өнөөдрийн миний хүчирхэг, зоригтой, өөрийнхөөрөө байх бүх боломжийг миний хайр надад бий болгож өгдөг. Тийм ч болохоор надад хичээхээс өөр сонголт байхгүй. Бүжиг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг.
 
- Бүжгийн спорт хүнээс олон зүйлийг шаарддаг байх?
 
       - Тэгэлгүй яахав. Би өөрөө мэргэжлийн сургуульд сураад төгссөн учраас хүндрэлтэй, хэцүү санагдаж, шантрах үе байгаагүй. Харин бүжигчнээс олон зүйлийг шаарддаг гэдэг нь үнэн.  Бэлтгэл сургуулилт, ачаалал, тэвчээр гээд бүх зүйлийг тэнцвэртэйгээр авч явах ур чадварыг шаарддаг. Миний бодлоор хувь хүнээс олон зүйл хамаарах байх гэж хардаг. Үнэхээр сэтгэл гаргаж хөдөлмөрлөж чадвал энэ салбар олон боломжийг бий болгож өгдөг.
 
-  Урлагийн салбар хэцүү гэдэг. Танай гэр бүлийнхэн  хэрхэн хүлээж авсан бэ?
 
       -  Манай гэрийнхэн миний хамгийн том урам болж өгдөг. Юу ч хийж байсан охиноо үргэлж дэмждэг. Би дээр дурдсандаа “Бүх зүйлийг тэнцвэртэй зохицуулах чадварыг шаарддаг” гэж. Миний хувьд оюутан байхдаа гэр бүлийнхэндээ хангалттай цаг гаргаж чаддаггүй байлаа. Одоо ч гэсэн хичээгээд бүх зүйлээ зохицуулаад байхад хангалттай уулзаж, цаг гаргах боломж хязгаарлагдмал байдаг. Энэ ярилцлагаар дамжуулж  нөхөр бид хоёрыг ойлгож дэмждэг аав ээж нар болон, гэр бүлийнхэндээ “Үргэлж баярлаж явдаг шүү, хайртай шүү” гэж хэлмээр байна.
 
- Хамгийн анх орж байсан тэмцээний түүхээс хуваалцвал?
 
        - "Moon dance" хамтлагийн бүжигчин “Хамтдаа хосын тэмцээнд оръё” гээд оролцож байлаа. Тэр өдөр би дадлагатай байж таараад, эхний шатандаа тэнцсэн ч дараагийн шатандаа орж чадаагүй. Нөгөө хамтрагч залуу маань өөр нэг бүжигчинтэй орсон гээд хөгтэй л зүйл болж байсан. Одоо бодоход хөөрхөн санагдаад байдаг юм. /Инээв/
 
- Олон хүн таныг “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгээр таньдаг болсон шүү дээ. Анхны  ялагч болсон сэтгэгдлээс хуваалцвал ?
 
         - Миний хувьд амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлт. Анх тэмцээнд орохдоо бүжгийн спортыг олон нийтэд түгээж, нэгэн түүхийг бүтээлцэх байх гэсэн хүлээлттэй эхэлж байсан. Маш олон зүйл сурч, хөгжих боломжийг тэр шоу бүрдүүлсэн. Олон хүн “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ачаар бүжгийн спортыг мэдэж, суралцах хүслийг төрүүлсэн. Энэ нь бүжигчдийн хувьд өөрийн ур чадвараа батлан харуулах ховорхон олдох аз байсан. Намайг өмнө нь "Moon dance" хамтлагийн бүжигчин гэж цөөн хүн мэддэг байсан. Харин тэмцээний дараа эрс өөрчлөлтүүд гарсан. Жишээлбэл, сошиал хаягуудад дагах хүмүүсийн тоо нэмэгдэж, хамтран ажиллах байгууллагууд гарч ирсэн гэх мэт. Ялагч болох тэр мэдрэмж бол гайхамшигтай. Үүний ард олон хүний хөдөлмөр шингэсэн.
 
 
-Энэхүү ярилцлагыг уншиж буй залууст хандаж хэлэх зүйл байна уу?
 
         -Эерэг байх нь залуус бидний ялгарах зүйл. Тиймээс цахим ертөнцөд болон бодит байдал дээр бүх зүйл эерэг байгаарай. Мөн нөхөр бид хоёр бүжгийн спортоор хичээллэхийн эерэг талыг олон хүнд ойлгуулахыг зорьж яваа. Залуучууд бид өөрсдийгөө гололгүйгээр байгаагаа хүлээн зөвшөөрч, алдаа дутагдлаасаа суралцах нь цаашид хөгжих гүүр нь болох юм шиг санагддаг. Хамгийн гол нь "Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэдэг, хөдөлмөрч нэгэн байгаарай" гэж хэлмээр байна.
 
- Цаг гарган ярилцсанд баярлалаа.
 
          - Баярлалаа.
 

Б.ХАЛИУН: Бүжиг бол миний амьдралын салшгүй хэсэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188