• Өнөөдөр 2024-04-26

Ш.АНУДАРЬ: Алдахаас айж, үнэ цэнтэй цаг хугацаагаа дэмий зүйлд битгий үрээрэй

2022-04-02,   1353

          Эргэлт.мн мэдээллийн сайт "Өөрөөс нь" булангийнхаа энэ удаагийн дугаарт их сургуулийн ширээнээс бизнесээ эхлүүлж, хүсэл мөрөөдөл, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж яваа "YUDENGOO" брэндийг үүсгэн байгуулагч Ш.Анударьтай ярилцлаа. Түүний бусдаас ялгарах зүйл нь тууштай хөдөлмөрлөдөг, хэрсүү зан нь гэдэгтэй найзууд, ойр дотнынхон нь дуу нэгтэй санал нийлэх биз ээ. Ингээд түүний ярилцлагыг уншигч танд хүргэе.

 
- Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
 
          -Намайг Ш.Анударь гэдэг. “Yudengoo” брэндийг үүсгэн байгуулагч. Мөн СЭЗИС-д Олон улсын эдийн засагч мэргэжлийн дөрөвдүгээр курсэд суралцдаг. Залуухан бизнес эрхлэгч гэх юм уу даа. 
 
- Анх “Yudengoo” брэндийг яагаад үүсгэн байгуулсан бэ?
 
      -Үнэндээ ийм брэндтэй болно гэж төлөвлөж байгаагүй. Учир нь, хоёрдугаар курсэд сурч байхад мэргэжлийн хичээлийн даалгаварт бизнес төлөвлөгөө боловсруулаад, түүнийгээ хэрэгжүүлэх ёстой байсан. Надаас гадна манай ангийн дөрвөн охин нийлээд  “Хэдүүлээ байдаг л нэг цамц биш, хатгамалтай өөрийн хүссэн зүйлээ урлуулж болдог, гоё материалтай цамцны төлөвлөгөө хийцгээе” гээд анх энэ ажлаа эхэлж байсан. Тухайн үедээ өнөөдрийг хүртэлх бизнес болон өргөжнө гэж бодож байгаагүй. Ямартай ч бие даалтаа яриад өнгөрөх биш, бодит зүйл болгохын тулд багаараа нийлж байгаад доод курсынхээ 87 хүүхдээс цамцны захиалга аваад хийж эхэлсэн. Төсөөлснийг бодвол ажиллагаа ихтэй байсан ч бодсон зүйл нь бодит болохоор үнэхээр баярладаг юм билээ. Зүгээр л даалгавраа хийгээд өнгөрөх биш сэтгэлээсээ хандсан. Цамцны материал, хэмжээ, хатгамал гээд бүх зүйлд нухацтай хандаж, ард нь амжилттай гарсан. Эхний захиалга ингэж бүтсэн түүхтэй. Харин дараа дараагийн захиалгууд нь хүмүүст чанар нь таалагдаад, танигдаад ирэхээр “Би найз залуудаа оёулмаар байна”, “Манайх клубээрээ ижилсэж хийлгэмээр байна” гэх мэтээр хандах захиалагч цөөнгүй болсон. Багийн даалгавар дууссан болохоор хамт эхэлж байсан ангийн хүүхдүүд маань хасагдаад, сүүлдээ хоёулаа үлдсэн. Тэгээд нэгэнт л эхэлсэн учраас хүмүүсээс захиалга авч үргэлжлүүлж цамцаа хийхээс өөр аргагүй нөхцөл үүссэн. Хамтрагчтайгаа маш сайн ярилцаад, хийх ажлуудаа төлөвлөөд, хичээлийнхээ хажуугаар бизнесээ үргэлжлүүлсэн. Одоо бол би нөхөртэйгөө хамтарч зохион байгуулалтаа хийдэг.
 
 
- “Yudengoo” гэдэг нэр түгээмэл бус, содон санагдаж байна. Нэрний утга санаа нь юү вэ?
 
  Юүдэн гэдэг бол монголчуудын хувьд малгай гэсэн утгыг илэрхийлдэг. Гоо гэдэг нь гоо зүйн мэдрэмжтэй гэсэн утгатай. Нийлээд “Yudengoo” гэдгээ латинаар буулгаад, монголчуудын үеийн үед хэрэглээ болсон малгайтай цамцыг орчин үеийн загвараар, биед эвтэйхэн чанартай материалаар хийж байгаа гэсэн том санааг агуулж байгаа юм.
 
           - Дээр дурдсанчлан анх бизнесийн төлөвлөгөө хэрэгжүүлж эхлэхээс өмнө багаараа ярилцаад энэхүү нэрийг өгч байсан түүхтэй. Нэрний утга нь гэвэл юүдэн гэдэг бол монголчуудын хувьд малгай гэсэн утгыг илэрхийлсээр ирсэн. Гоо гэдэг нь гоо зүйн мэдрэмжтэй гэсэн утгатай. Нийлээд “Yudengoo” гэдгээ латинаар буулгаад, монголчуудын үеийн үед хэрэглээ болсон малгайтай цамцыг орчин үеийн загвараар, биед эвтэйхэн чанартай материалаар хийж байгаа гэсэн том санааг агуулж байгаа юм. Би одоо ч энэ нэрийг бодож олсон хамтрагч охиндоо “Баярладаг шүү” гэдгээ илэрхийлдэг. Манайх үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Харин албан ёсны хуулийн этгээд болоод сар гаруй л болж байна. Нэртэй холбоотой нэг сонирхолтой зүйл ярихад, Улсын бүртгэлийн газарт очоод бүртгүүлсэн чинь ажилтан нь “Хөөх танайх ямар сонин юм бэ, огт давхацсангүй. Бусад газар дандаа давхардаж, нэрээ өөрчилдөг" гэсэн. Тухайн үед нь би дотроо “Нээрээ л гоё, өвөрмөц нэртэй шүү" гэж бодож, баярласан./Инээв/
 
- Сурахын хажуугаар бизнес эрхэлнэ гэдэг ямар ч хүнээс чамгүй, хүч хөдөлмөр шаарддаг байх. Та энэ бүхнийг хэрхэн зохицуулж байна вэ?
 
         - Мэдээж робот биш учраас ядрах, өвдөх үе байдаг. Тэглээ гээд захиалагчдын бүтээгдэхүүнийг хоцроож, итгэл найдварыг нь алдалгүй хариуцлагатай байхыг хичээдэг.  Би хичээлдээ яваад, ажлаа хийгээд байх боломжгүй. Хажуугаар нийгмийн, эрүүл мэндийн гээд олон асуудал хөндөгддөг. Гэсэн ч бүхнийг даваад гарна, “Би чадах ёстой” гэж боддог болохоор бууж өгдөггүй. Бас залуу хүн учраас алдаж, онож байна. Тэр бүрээсээ л суралцаж, цаашид сургамж болгон хөгжихийг эрмэлздэг. Хоёр жил гаруйн хугацаанд суралцсан зүйл гэвэл маш их байна. Жишээлбэл: Би өөрөө эсгэх, оёх талын ямар ч мэдлэггүй байсан бол ядаж л хэмжээ зөв авч сурах, харилцаа хандлагын хувьд олон янзын хүмүүстэй эв эеэ олох гэх мэт өдөр бүр л шинэ зүйлд суралцаж байна. Бас хамгийн чухал ур чадвар бол цаг төлөвлөлт гэдгийг маш сайн ойлгосон.
 
 
- Танай бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг вэ?
 

          - Манайхаас гаргадаг бүтээгдэхүүнүүд бол малгайтай, малгайгүй цамц, өмд, фудволк, ажлын хувцас, монгол хувцас зэргийг үйлдвэрлэдэг. Хүмүүс төсөөлөхдөө том үйлдвэртэй, олон ажилтан ажилладаг зэргээр гоёор бодож байж магад. Бодит байдал дээр хүүхдээ хараад гэртээ байдаг өрх толгойлсон нэг эмэгтэй манай оёдлыг хариуцдаг. Харин эсгүүр, хатгамлыг бол хамтарч ажилладаг нэг гэр бүлийн ах, эгч хоёр хийдэг. Бүтээгдэхүүний маркетинг борлуулалт хүргэлтээ би нөхөртэйгөө хамтраад ажил, хичээлийнхээ хажуугаар бүгдийг нь амжуулдаг. Ингээд харвал “Yudengoo” брэндийн ард цөөхөн ч гэсэн сэтгэлээсээ чанартай ажилладаг хамтрагчид минь байгаа юм. Би хамтарч ажилладаг хүмүүстээ чадлаараа тусалж, дэм  болохыг хичээдэг. Ингэснээр илүү үр дүнтэй ажиллах, цаашдын олон ажлын ард амжилттай гарахад нөлөөлөх байх гэж боддог.

 
 
 
- Залуу хүний хувьд суралцангаа, бизнес эрхлэх нь ямар санагддаг вэ?
 
          - Мэдээж хэрэг сайхан санагддаг. Би тууштай байсныхаа үр  шимийг хүртэж байна. Анх хамтдаа эхэлж байсан найзуудаас одоо дэргэд минь байхгүй ч тэдэнтэйгээ хамтарч босгосон суурин дээрээ бизнесээ өргөжүүлж яваа. Ачаалал ер нь бол их байдаг. Би одоо 20 настай. Миний үеийн залуус “Эх орондоо ажиллаж амьдрахад хэцүү байна” гэцгээдэг. Үнэхээр хийе, бүтээе гэсэн сэтгэл байвал ямар ч саад бэрхшээлийг даван гарч болохоор юм шиг санагддаг. "Зүгээр л жаахан сэтгэл дутдаг юм болов уу даа" гэж хардаг. Миний хувьд их сургуулиа төгсөөд бизнесээ илүү өргөжүүлж авч явна гэсэн төлөвлөгөөтэй ажилладаг. Яг үнэнийг хэлэхэд гарааны санхүүжилт, дэмжлэг бизнесээ эхлүүлэхэд тийм чухал зүйл биш байх. Хэрвээ “Би чадна, надад боломж байгаа шүү” гэж харвал бидний төсөөлөөгүй олон боломж байдаг юм билээ.
 
 
- Гэр бүлийнхэн тань таныг хэрхэн дэмждэг вэ?
 
          - Би айлын бага. Ээж, аав хоёроосоо бүх зүйлээрээ хараат бус, биеэ авч явахыг хичээдэг. Миний эргэн тойрны хүмүүс үргэлж намайг дэмжиж, урам хайрладаг. Би тэр урмаар нь тэтгэгдэж өдий зэрэгт хүрсэн болов уу гэж боддог. Хэрэв санаагаар болдог бол хамгийн сайхан бүхнийг тэдэндээ зориулахыг хүсдэг дээ.
 
 
- Шантрах, урам хугарах үе тулгарч байв уу?
 
          - Цаг агаартай зүйрлэвэл нар гарах үе байхад салхи шуургатай үе ч олон байдаг. Хамгийн тод санаж байгаа нэг зүйл нь 10 гаруй хүний цамцны захиалга аваад тэдний хүссэн өнгө хэмжээгээр хийгээд, хүлээлгэж өгөх гэтэл “Бидний захиалсан өнгө биш байна, авахгүй ээ” гэсэн. Тэгээд л би “Заа уучлаарай, миний буруу, төлбөрийг нь буцаая” гэж хэлсэн. Энэ мэт алдагдалтай үед ямар ч ашиг харахгүйгээр ажиллаж, том зүйл мөрөөдөж явахад жаахан шантрах мэдрэмж төрүүлдэг. Тэр болгонд хайртай хүмүүсийн минь урам  хүч өгдөг.
 
 
- Бизнесээ эрхэлж байхад нь тохиолдсон дурсамжтай зүйл бий юү?
 
          - Байлгүй яахав. Олон л дурсамж байна. Гэхдээ миний хувьд хамгийн нандин нь бизнесээрээ дамжуулж нөхөртэйгөө танилцаж байсан. 2021 онд Монголд ковидын хөл хорио чанга үед яахын аргагүй хүргэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Тухайн үед нөхөр маань манай захиалагч байж таарсан. "Захиалсан бараагаа товлосон хугацаанаас нь хоцроож байгаад уучлаарай" гэх утгатай мэдээллийг захиалагч бүрдээ илгээсэн. Тэгсэн манай нөхөр нөхөрсөгөөр ойлгож, эелдэг зан гаргасан юм. Тэр үедээ тоосонгүй, яг нүүр тулаад уулзтал намайг халуун кофегоор дайлж,  ажил, амьдралын талаар яриа өрнүүлж байсан. Түүнээс хойш олон ч сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн байна. Одоо бид хоёр “Yudengoo” –г өөрсдийн хүүхэд мэт хайрладаг. Учир нь, энэ бүхэн бид хоёрыг учруулсан болохоор яагаад ч юм хэзээ ч орхиж болохгүй эрдэнэ мэт санагддаг. 
 
 
- Үе тэнгийн залуустаа хандаж хэлэх зүйл байна уу?
 
          -Нийгэмд асуудал олон байгаа. Үүнийг шийдвэрлэгдэхийг хүлээх биш, шийдвэрлэхэд бид оролцдог байх ёстой. Аливаа зүйлийн сөрөг бүхнийг нь түрүүлж хараад, гутраад байж болохгүй. "Бид үргэлжлэл" гэдгээ ямагт мэддэг, зорилготой, тууштай байж чадвал амьдрал биднийг урамшуулдаг юм шиг санагддаг.  Мөн "Алдахаас айж үнэ цэнтэй цаг хугацаагаа дэмий зүйл битгий үрээрэй" гэж хэлмээр байна.
 
- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
 
          - Баярлалаа.
 

Ш.АНУДАРЬ: Алдахаас айж, үнэ цэнтэй цаг хугацаагаа дэмий зүйлд битгий үрээрэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-04 01:54:56
    Ш.Пунсалдулам: Хайртай шавиараа бахархаж байна. Үнэхээр сэтгэл зүтгэл байхад бүх юм бүтнэ дээ. Эргэж буцалтгүй урагшаа хараад зүтгээд байгаарай. Илүү их амжилт аз жаргал өмнө тань байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-03 22:10:08
    Энхбилэг: Мундаг охиндоо амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-03 02:21:05
    Enkhtuya Natsagdorj: Duudee bayar hurgie. Baharhaj bnaa. Ireeduin amjilttai mundag businesswomen bolno gej itgej bnaa. Take care!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-02 23:20:20
    Амжилт хүсье: Мундаг тууштай охин байна. Амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188