• Өнөөдөр 2024-04-24

Н.НАРАНТУЯА: Энэ дэлхийн эмэгтэй хүн бүр хүчирхэг гэдгээ мэддэг байгаасай

2022-03-18,   2376

            Эргэлт.мн мэдээллийн сайт "Өөрөөс нь" булангийнхаа энэ удаагийн дугаарт амьдралаасаа суралцсан зүйлээ бусдад зааж, гэрэл гэгээ нэмж яваа SUNSHINE CRAFT SHOP-ын үүсгэн байгуулагч Н.Нарантуяатай ярилцсан юм. Түүнийг тодотгох зүйл нь нээлттэй зан, бусдад чинь сэтгэлээсээ туслах хүсэл нь аж.  Ингээд түүнтэй ярилцсан, ярилцлагыг уншигч танд хүргэе.

 
- Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
 
             -Намайг Найдансүрэнгийн Нарантуяа гэдэг. Аав минь инженер, ээж минь уран зохиолын багш мэргэжилтэй. Айлын таван хүүхдийн ганц охин нь болж төрсөн. Би өөрөө дөрвөн сайхан хүүхдийн ээж. Мөн эдийн засагч мэргэжилтэй, SUNSHINE CRAFT SHOP-ын үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч эмэгтэй.
 
- Бага насандаа ямар хүүхэд байсан, юу хүсэж мөрөөддөг байсан талаараа яриа дэлгэвэл?
 
           -Ах, эрэгтэй дүү олонтой болохоор их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ахынхаа багадсан хувцсыг өмсөөд, эрэгтэйчүүдтэй тоглодог, сэргэлэн, юм юмыг хийж үзэх хүсэлтэй бяцхан охин байлаа даа. Харин мөрөөдлийн тухайд зураач болохыг хүсдэг байсан. Ээж, аав минь миний алсыг харж “Эдийн засагчаар сурвал ирээдүйд чинь хэрэгтэй” гэж хэлсэн учир эдийн засагч болсон. Хааяа зураач болсон бол би ямар байх байсан бол гэх бодол зурвасхан орж ирдэг. Мөрөөдлөө орхилгүйгээр зургийн  сургалтад суусан. Тэгээд би сайн зураач болохгүй ч байх магадлалтай юм байна даа гэж бодож байсан. /Инээв/
 
 
- Бизнесээ хэрхэн эхлүүлж байсан бэ?
 
       - Би дөрвөн хүүхэдтэй. Тэд нарыгаа өсгөж, хүмүүжүүлж 16 жилийг ажил хийлгүйгээр гэртээ өнгөрөөсөн хүн л дээ. Гэхдээ би бусад шиг харамсаж, хүүхдүүдээ буруутгаад байдаггүй. Учир нь, гэртээ байж хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх боломжийг бий болгож чадсандаа баяртай байдаг. Бизнес эхлэх санааг ярихаас өмнө бага насны хүмүүжил надад хэрхэн нөлөөлснийг дурдах ёстой байх. Социализмын үед одоогийнх шиг юм элбэг, дэлбэг байсангүй. Картын бараагаар ойр зуурын хэрэгцээгээ хангадаг тийм л амьдралд өссөн. Манай ээж юмхнаар юм хийчихдэг, хэдэн хүүхдүүдээ байгаа даавуугаараа хувцас оёод өгчихдөг. Утас нь байвал, малгай бээлий зэргийг нэхээд суудаг тийм л уран, оёх дуртай хүн байсан юм. Би ч багаасаа дэргэд нь байсан болохоор оёж, хатгахдаа дуртай болсон. Хүүхдүүдээ хараад гэртээ байх хугацаандаа огт орхиогүй зүйл бол оёх, нэхэх.
 
Хүүхдэдээ оёсон хувцсаа өмсгөөд салхилуулаад явж байхад, хүмүүс хараад “Хүүе ээ, ямар хөөрхөн юм бэ, хүүхдэдээ захиалж оёулмаар байна” гэж хэлээд, захиалгаар оёулдаг байсан.
Тухайн үедээ зүгээр л сонирхлоороо хийдэг байлаа. Одоо бол миний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Дэлгүүрээ байгуулаад хэдийнэ найман жил болсон байна.
 
 
- Ээжийнхээ урлаж буйг харж, сурсан арга барилаа хэрхэн хөгжүүлсэн бэ?
 
        - Би хүүхдүүдээ гэртээ хардаг байх хугацаандаа Японы телевизийн нэвтрүүлгүүдийг байнга үздэг байсан. Тэр нь өглөөнөөс орой болтол хоол хийх, хувцас эвхэх, юм нэхэх, гар урлал гээд 30 гаран минутаар залгуулан гардаг. Өглөө хүүхэд сэрээд л миний ажил эхэлнэ. Тэр үетэй зэрэгцэн нэвтрүүлгээ үзнэ шүү дээ. Хамгийн их шимтэж үздэг байсан нь гар урлал тэр дундаа утсаар чамин, тансаг болгох олон зүйлийг гарвал хүүхдээ дэргэдээ авч суулгаад үздэг байсан. Энэ нь багаас минь өгөгдсөн ур чадварыг илүү сайжруулсан гэж би боддог. Хүний сонирхол гэдэг гайхамшигтай юм байдаг юм билээ. Би Японы нэвтрүүлгүүдийг үзчихээд "Заавал биеэр очиж харж сурна даа" гэж боддог байсан. Тэр бодол минь  биелсэн. Анх Япон руу явахдаа ганц улаан цүнхтэй явсан ч буцаж ирэхдээ агуулахаас ч том санаатай ирсэн дээ. /Инээв/
 
 
- 16 жилийн турш, хүүхдээ хараад гэртээ байна гэдэг хэцүү шүү дээ. Энэ бүхнийг хэрхэн даван туулсан бэ?
 
        - Миний хувьд хүүхдүүдээ өөрөө л харах ёстой, өөр сонголт байхгүй. Шинэ хүн мэндлэх бүрд суралцах үе байдаг юм билээ. Зарим хүн “Пөөх чи 16 жил яаж тэсэж чаддаг байна аа” гэх зэргээр хэлж, ойлгуулдаг. Гэтэл бодит байдал дээр би гэртээ, хүүхдүүдээ өсгөж, аз жаргалтай сайхан байсан. Хүн, хүний хандлага чухал байх. Би ер нь гэртээ хүүхдээ хардагтаа эсвэл ажил хийхгүй байгаадаа огт сэтгэлээр унаж байгаагүй. Гэртээ байх хугацаандаа юмаа оёж, түүнийгээ илүү сайжруулж, шинэ зүйлийг суралцахад цаг гаргаж чадсандаа одоо баярладаг. Нийгэмд гэртээ хүүхдээ хардаг ээж нарыг ажилгүй, зүгээр л сууж байдаг хэн ч биш юм шиг үнэлдэг гэтэл маш их ачааг үүрч явдаг гэдгийг огт анзаардаггүй. Яг л байх ёстой юм шиг ханддаг.  Мөн ээжүүд ямар байхаа өөрөө тодорхойлдог гэж би боддог. Учир нь хүүхдээ харж байх хугацаандаа өөрийн сонирхлоо илүү сайжруулах боломжийг бүтээж болдог гэдгийг олон ээжүүдэд, ойлгуулахыг хүсдэг.
 
-Таны ажиллуулж буй дэлгүүр зөвхөн бараа, бүтээгдэхүүн борлуулах бус давхар сургалт явуулдаг гэсэн. Энэ талаар тодруулбал?
 
          - Манайх ээжүүд, эмэгтэйчүүд, охидод чиглэсэн утсаар нэхэх, оёх гар урлалын сургалтыг зохион байгуулдаг. Анх би ганцаараа эхэлж байсан бизнес маань одоо олон эмэгтэй хамтран ажиллах хэмжээнд ирсэн байгаад би баяртай байдаг. Мөн сургалт орж буй багш нар маань бүгд хүүхэдтэй ээжүүд. Би сургалтаа зохион байгуулж байхдаа бусдад ойлгуулж чадах ээжүүдэд санал тавьсан. Тэр нь сургалтын төлбөрөөс би нэг ч төгрөг авахгүй. Тэр 100 хувь таных, харин сургалтад шаардлагатай материалуудаа манай дэлгүүрээс худалдаж авахад хангалттай гэж зөвшилцдөг. Энэ нь яг л над шиг гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд дэм болох гэсэн санаа юм. Хүүхдийн мөнгөнөөс өөр дэмжлэггүй ээжид боломж болоосой гэсэн үүднээс сургалтуудаа зохион байгуулдаг.
 
 
- Гар урлалын юм нэхдэг хүмүүс бусдад заахаас илүүтэйгээр захиалгаар оёдог. Харин таны хувьд өөрийн сурсан зүйлсээ бусдад зааж байгаа нь сонирхолтой санагдаж байна.
 
         - Би анх бизнесээ эхлүүлэхдээ "Орой хүүхдүүддээ нэг Мишээл талхтай орчихвол болно доо" гэж боддог байсан. Тухайн үед миний хүүхдүүддээ өгч чадах амттай зүйл нь Мишээл талх байлаа. Яагаад гэвэл хүүхдээ хардаг ээжүүдэд бүхнийг зохицуулдаг ч заримдаа үнэхээр хэцүү байдаг. Тийм болохоор ганцаараа чадаж, амжилтад хүрэхээс илүү чаддаг зүйлээ ээжүүдэд зааж амьдралд нь багахан ч гэсэн тус болохыг хүсдэг болохоор гар урлалын сургалт зохион байгуулдаг.
 
 
-Өнөөдрийн Нарантуяа гэдэг хүнийг бүтээсэн зүйл нь  юу гэж боддог вэ?
 
          - Багаас минь амьдрах зөв ухааныг сургасан ээж аав, их сургуульд надад  хэрэггүйдээ гэж бодож анхаардаггүй байсан лекцүүд, үргэлж урагш тэмүүлэх хүч болдог хүүхдүүд минь намайг бүтээсэн, бүтээсээр ч байх болно гэж бодож байна. Миний амьдралын гол зарчим бол, чадах хэмжээндээ бусдад тусалж, сайн сайхан руу урагшлахад нь түлхэц болох. Хүний амьдрал үнэхээр баялаг гэдгийг мэдэрч яваа хүний хувьд "Өнөөдөр чи хэн ч байж болно харин маргааш өнөөдрийн байрандаа байж болохгүй шүү" гэж ойлгуулмаар санагддаг. Манай сургалтад суралцаж буй эмэгтэйчүүд зарим нь өөртөө итгэх итгэлээ алдчихсан, урмаар дутаж сэтгэлээр унасан байх нь түгээмэл. Тэр бүрд нь өөрийн чадлаараа урмын үг хэлж “Чи үнэхээр авьяастай юм байна. Чиний нүд бусдаас өвөрмөц гайхалтай” гэх зэргээр тухайн хүнийг хүчтэй болгож, би ч гэсэн чадна гэсэн бодол төрүүлэхийг хичээдэг.
 
 
-Та дэлгүүрийн нэрнийхээ утгыг тайлбарлавал?
 
            - SUNSHINE CRAFT SHOP гэдэг нэрний утга миний нэр орсон. Мөн энэ дэлхийн ургамал, амьтан бүгд нарны дулаан цацраг хэрэгтэй байдаг шиг бусдад хэрэгтэй нар нь байх юм сан гэсэн утга агуулсан.
 
-Энэ нийтлэлийг уншиж буй эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
 
Энэ дэлхийн эмэгтэй хүн бүр хүчирхэг гэдгээ мэддэг байгаасай
-Энэ дэлхийн эмэгтэй хүн бүр хүчирхэг гэдгээ мэддэг байгаасай. Хэрвээ чи чадна гэж боддог бол хойшлуулалгүйгээр ажил болгоод, алдаж оноод суралцах нь чухал. Түрээсийн төлбөрөө яаж төлнө дөө гэж бодож байсан үе надад ч байдаг. Яг юу гэх гээд байна вэ гэвэл хүн өөрөө бүтээж, нэгийг хоёр болгож, хоёрыг дөрөв болгож чадна. Бусдад биш, өөртөө итгэж, дотроо мөрөөдөөд мартаж орхилгүйгээр зорьсон бол хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна.
 
 
- Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
           -Баярлалаа

Н.НАРАНТУЯА: Энэ дэлхийн эмэгтэй хүн бүр хүчирхэг гэдгээ мэддэг байгаасай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-25 13:33:56
    Tumenjargal: Bayarlalaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-25 08:07:45
    Отгон: Хөөрхөн дайчин гээд хэлэх сайхан үг зөндөө бнаа хөөрхөнөөдөө зориулж... Гэртээ хүүхдээ харахдаа аз жаргалтай байсан... Энэ их гоё дулаан, энерги сайтай, бусад ээжүүдэд санаж сэдэх үг шүү. Хүн тэтгэвэрт гараад уйддаг уймардаг гээд бсан. Надад ганц охиныхоо ганц охиныг харах аз жаргал, бас өөрийн хэрээр юм нэхэх аз жаргал, сурах юм зөндөө байна. Өдөр богино байна. Амьдрал богино байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-21 09:25:24
    Гансмаа: Мундаг, хөгжилтэй, эелдэг эмэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-18 22:48:15
    Хишигжаргал : Таниар бахархаж байна... Таниас суралцахыг хүсэж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188